Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Д.*******, П.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Боржигон ургийн овогт *******гийн *******, Буянт ургийн овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2136000000136 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон ургийн овогт *******гийн *******, 1978 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Бичигт багийн задгайд оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пв*******.

Монгол Улсын иргэн, Буянт ургийн овогт *******ын *******, 1966 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Бичигт багийн задгайд оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.*******, Д.******* нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сард  Ховд аймгийн Жаргалант сум, Алагтолгой багийн 8 дугаар гудамжны 20 тоот хашаанд байрлах амбаарт буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн орж хохирогч Х.*******ийн өмчлөлийн улаан өнгийн “Супер вени” загварын 2 дугуйгүй мотоциклыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу цагаан өнгийн Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2136000000136 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хохирогч Х.*******ээс мэдүүлэг авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54 дүгээр дугаар хуудас);

- Гэрч С.Төмөрбатаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 10 дугаар дугаар хуудас);

- Хулгайлагдсан эд хөрөнгөд үнэлгээ хийсэн тайланг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас);

- Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн тайланг (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.*******гаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 47-48, 86 дугаар хуудас);

- Шүүгдэгч П.*******гээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 38-39, 83 дугаар хуудас);

- Хохирогч Х.*******ийн хүсэлтийг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 67 дугаар хуудас);

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: - Хохирогч Х.*******ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******, П.******* нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй, мөн мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч Х.*******ийн “2021 оны 03 дугаар сараас мал төллөх гээд Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ баг руу гараад мал дээрээ 3 сар болоод 6 дугаар сарын 20-ны үед Ховд аймгийн төвд байрлах Алагтолгой багийн 8-20 тоот хашаандаа ирэхэд амбаарт байсан 2 дугуйгүй миний хуучин унаж байсан “Супер вени” загварын улаан өнгийн хятад мотоцикл алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдчихээд байж байтал манай төрсөн эгч Д.*******, миний утас холбогдохгүй болохоор манай ойролцоо байдаг малчин айлын хүн Оюундэлгэр гэдэг хүнд “манай дүү Х.*******эд таны мотоциклийг аваад сэлбээд мотоцикл босгож авна мөнгийг нь өгнө, дүүгийн утас нь холбогдохгүй байна та хэлээдэх” гэж хэлүүлсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас);

Хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 558’000₮ /таван зуун тавин найман мянга/-р үнэлэгдлээ” гэх тайлан (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас);

- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч Д.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2021 оны 05 дугаар сарын дундуур би хамтран амьдрагч П.*******гийн хамт Х.*******ийн хашаанд байх амбаараас 2 дугуй байхгүй мотоциклийн рам, мотор, шар өнгийн банк, хар өнгийн суудал хамтран амьдрагч П.*******тэй өргөөд өөрийн цагаан өнгийн верна загварын автомашиндаа ачаад П.*******гийн ээж Уртнасангийн хашаанд тавьсан. Би дүү Х.*******эд хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй болохоор ирэхээр нь хэлье гэж бодоод амбаараас авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас);

- Шүүгдэгч П.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2021 оны 05 дугаар сарын дундуур эхнэр Д.*******гийн хамт Х.*******ийн хашаанд байх амбаараас 2 дугуй байхгүй шар өнгийн “супер вени” загварын мотоцикл эхнэртэйгээ өргөөд өөрийн цагаан өнгийн верна загварын автомашинд ачаад ээж Уртнасангийн хашаанд тавьчихаад явсан. Би утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Урьд нь эгч Оюунаад “энэ мотоцикл авмаар байна та Х.*******эд хэлээд өгөөч” гэж хэлж байсан. Би иргэн Х.*******ийн хохирол мөнгө бүрэн барагдуулж өгсөн байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.*******, Д.******* нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сум, Алагтолгой багийн 8 дугаар гудамжны 20 тоот хашаанд байрлах хохирогч Х.*******ийн амбаарт буюу тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтрэн орж түүний өмчлөлийн улаан өнгийн “Супер вени” загварын 2 дугуйгүй мотоциклыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу цагаан өнгийн Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг. Хохирогч Х.*******ийн амбаарт орж эд зүйл хулгайлсан шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг хангаж байна.

Мөн хэрэгт тогтоогдсон үйл баримтын хүрээнд шүүгдэгч нар нь Супер вени загварын мотоциклыг биеэр авч явах боломжгүй тул Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч П.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 558’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас)-аар тогтоогдож байна.

Хохирогч Х.*******ийн “...Хандаа овогтой ******* миний бие нь Д.******* П.******* нараас нэхэмжлэх зүйл алга байна. Би мотоциклээ буцааж авсан надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ хохирогчид буцаан өгсөн буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч П.*******, Д.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч П.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу цагаан өнгийн Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан тул тэврийн хэрэгслийн үнэлгээтэй тэнцэх хэмжээний буюу 733’416 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авах санал тус тус гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүгдэгч Д.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), шүүгдэгч П.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, шүүгдэгч П.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай автомашин ашигласан нь тогтоогджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн болох нь нотлогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай автомашины үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг 2021 оны 05 дугаар сард үйлдсэн буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч нар нь Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, байнга оршин суух хаягтай зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангаж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд ял дүйцүүлэн солих аргачлалыг тодорхойлоогүй ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...зорчих эрх эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ... дүйцүүлэн хасна” гэж ял дүйцүүлэн хасах аргачлалыг тодорхойлсон тул энэхүү аргачлалаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаартай  прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч П.*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон ургийн овогт *******гийн *******, Буянт ургийн овогт *******ын ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч П.*******, Д.******* нарыг тус бүр  1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг  1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч П.*******гээс 366708, шүүгдэгч Д.*******гаас  366708 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

9. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Верна аксент (Verna accent) загварын 36-24 ХОА улсын дугаартай  автомашиныг битүүмжилсэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА