Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 20227/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, хохирогч Ш.*******, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ургийн овогт Уранчимэгийн *******д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ургийн овогт Пилдэнгийн *******, *******ууд ургийн овогт Алтаннисгэгчийн ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2236000780201 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Пилдэнгийн *******, 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алтайн зам ХХК-д нярав ажилтай, ам бүл долоо, эцэг эх, ах, эгч нарын хамт Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрхан багийн 9-4 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю*******.

Монгол Улсын иргэн *******ууд ургийн овогт Алтаннисгэгчийн *******, 2000 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, таеквондогийн багш мэргэжилтэй, таеквондогийн багшаар ажилладаг, ам бүл зургаа, эцэг эх, гурван дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Цамбагарав багийн 10-14 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пг*******.

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Уранчимэгийн *******, 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн эрх зүйн гуравдугаар курсийн оюутан, ам бүл хоёр, эхийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны 7б-57 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: уп*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.*******, П.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ш.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт;

Шүүгдэгч У.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний найз охиныг зүй бус үгээр гутаан доромжилсон гэх шалтгаанаар хохирогч А.*******тэй маргалдах явцдаа түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2236000780201 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад Ш.*******ээс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас);

- Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад Б.Энхтүвшингээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);

- Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад А.Мөнхтуяагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад Д.Наранцэцэгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 14 дүгээр хуудас);

- Прокуророос зөвшөөрөл авах тухай эрх бүхий албан тушаалтны саналуудыг (1 дэх хавтаст хэргийн 15, 23 дугаар хуудас);

- Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай прокурорын зөвшөөрлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 16, 24 дүгээр хуудас);

- Хохирогч А.*******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 321 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас);

- Хохирогч Ш.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 318 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас);

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлийн хуулбаруудыг (1 дэх хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас);

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);

- Хохирогч Ш.*******ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 67-68, 221 дүгээр хуудас);

- Хохирогч А.*******ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 72, 219 дүгээр хуудас);

- Хохирогч А.*******гийн биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 19 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 99-102 дугаар хуудас);

- Хохирогч Ш.*******ийн биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 21 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас);

- Гэрч Б.Энхтүвшинээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 148 дугаар хуудас);

- Гэрч Г.Гансүхээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас);

- Шинжээч Б.Батбулганаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолуудыг (1 дэх хавтаст хэргийн 174-178, 186-190, 198-201 дүгээр хуудас);

- Шүүгдэгч П.*******аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас);

- Шүүгдэгч А.*******ээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас);

- Шүүгдэгч А.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас);

- Шүүгдэгч П.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 232, 234 дүгээр хуудас);

- Шүүгдэгч У.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 233, 235 дугаар хуудас);

Шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч: - Гэрч Н.Энхцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас);

 - Шүүгдэгч П.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 224 дүгээр хуудас);

Шүүгдэгч А.*******гийн өмгөөлөгч: - Хохирогч А.*******гийн биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 19 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 99-102 дугаар хуудас);

- Дүрс оношилгоо илгээх бичгийг (1 дэх хавтаст хэргийн 103 дугаар хуудас);

- Гэрч Б.Мөнхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас);

- Шүүгдэгч А.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 222 дугаар хуудас);

- Шүүгдэгч А.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас);

Шүүгдэгч У.*******гийн өмгөөлөгч: - Шүүгдэгч У.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 226 дугаар хуудас);

Хохирогч Ш.*******: - Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад Б.Энхтүвшинээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);

- Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад А.Мөнхтуяагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад Д.Наранцэцэгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 14 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч Ш.*******ийн “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай ангийн охин Энхболор “банштай цай хийчихлээ ирж хоол ид” гэж ангийнхаа хүүхдүүдийг дуудахаар нь бид нар гэрт нь очиж хоол идчихээд Сангира гэх дарс манай ангийнхан хувааж уусан. Дахиж нэмж уугаад тухайн үед манай ангийнхан нэлээн халчихсан байна. Манай ангийн Б.Энхтүвшин “би согтуу байна, намайг хүргээд өгөх юм уу?” гэхээр нь У.*******, А.Мөнхтуяа, бид гурав түүнийг хүргэж өгөхөөр гарсан чинь Б.Энхтүвшин “Bell зочид буудал руу очоод зогсчих, би тэнд буучихъя” гэхээр нь хүргэж өгсөн.  Б.Энхтүвшин У.*******г хамт оръё гээд тэр хоёр “удахгүй гараад ирье” гэж хэлээд хамт буудал руу орчихоод гарч ирэхгүй удаад байхаар нь би найз залуу болох У.*******г авах гээд А.Мөнхтуяатай хамт буудал руу ороод ...өрөөнийх нь хаалгыг цохисон чинь А.******* гэх охин хаалга онгойлгохоор нь манай найз А.Мөнхтуяа “У.******* байна уу?” гэж асуусан чинь “байхгүй гичий минь” гэж хэлсэн. Энэ яахаараа гичий болчихдог юм бэ энэ гичий бол чи өөрөө гичий гэж би хэлсэн. Тэгтэл миний найз залуу У.******* цаанаас гарч ирэхээр нь авч явах гээд эргэсэн чинь миний хойноос янхан минь гэж хэлэхээр нь юм хэлэлгүй бид нар гараад явсан. Надтай хамт явж байсан А.Мөнхтуяа “Б.Энхтүвшин ямар бүтэхгүй хүмүүстэй үлдчихэв, яваад аваад ирье” гээд Б.Энхтүвшин руу залгасан чинь тэр “та хэд юу болсон бэ?” гэж асуусан. А.Мөнхтуяа “наад охин чинь намайг эхлээд гичий гэж хэлсэн, чи гараад ир явах юм уу?” гэж асууж байсан. Тэр хоёр утсаар ярьж байхад цаанаас нь хоёр эмэгтэй “та нар хүрээд ир, уулзъя” гээд дуудаад байхаар нь буцаж очих хооронд Б.Энхтүвшин гараад ирсэн. Удалгүй нөгөө хоёр эмэгтэй Б.Энхтүвшиний араас гарч ирэхээр нь миний найз залуу У.*******  А.******* гэх эмэгтэйгээс “чи яагаад миний найз охиныг янхан гэж хэлсэн юм” гэхэд “тэгж хэлүүлж байгаа бол хохь чинь” гэж хэлэхээр нь “давраад бай, яахаараа” гэхэд А.******* миний найз залуугийн нүүр лүү нь алгадаад, хөл рүү өшиглөсөн. Би боль гэсэн чинь А.*******тэй хамт явж байсан П.******* ойртож ирээд баруун талын хацар луу алгадахад хамар янгинаад өвдөхөөр нь хамраа дараад уйлаад газар сууж байсан чинь П.******* миний дээрээс өшиглөөд газар унагаасан. П.*******, А.******* хоёр цаашаа эргээд миний найз залуу У.*******гийн толгой болон бие хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь би газраас шороо атгаж аваад нөгөө хоёр охин руу больцгоо гээд шидсэн. Тэгэхэд А.******* гэх эмэгтэй над руу ирээд миний үснээс үсдэж аваад 4-5 метр газар чирсэн. Миний үснүүд угаараа тасарсан чинь дахиад үсний өөр хэсгээс татаад чирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас);

- Хохирогч А.*******гийн “...Тухайн үед Ш.*******, П.******* хоёр хоорондоо маргалдаж байх явцад Ш.*******ийн найз залуу болох У.******* гэх залуу намайг үснээс татаж газар унагаасан ...би арай гэж салаад босож ирээд У.*******д “чи яаж байгаа юм бэ” гээд гэдэс рүү нь өшиглөх гэсэн боловч өшиглөж чадаагүй. Тэгтэл буцаагаад У.******* намайг жийж унагаагаад нэг мэдэхэд хамраас цус гарсан. ...Миний биед үүссэн гэмтлүүд нь энэ үйл явдлаас болж үүссэн гэмтэл” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас);

- Гэрч Б.Энхтүвшиний “Тухайн өдөр манай ангийнхан ангийнхаа хүүхдийнд очоод байж байтал А.******* над руу залгаад “П.******* бид хоёр ирчихсэн байна. Маргааш хот руу буцаад явах гэж байна, явахаасаа өмнө уулзъя чи Bell зочид буудалд хүрээд ир” гэхээр нь Ш.******* автомашин жолоод У.*******, А.Мөнхтуяа нар намайг Bell зочид буудалд хүргэж өгсөн. Би У.*******г хамт орчихоод гараад ирье гэж хэлээд хамт буудал орсон. Буудал ороод нөгөө хоёртой уулзаад сууж байтал 5 минут орчмын дараа хаалга цохихоор нь А.******* очоод хаалга онгойлгосон чинь “У.******* байна уу” гэж Ш.******* асуусан. А.******* тухайн үед У.*******г танихгүй болохоор байхгүй гэж хэлэхэд А.Мөнхтуяа, Ш.******* хоёрын нэг нь А.*******г янхан гээд хэлчихсэн. Тэгсэн чинь У.******* би байна гээд босоод тэр гурав явсан. А.*******, П.*******, түүний найз залуу бид дөрөв сууж байсан чинь А.Мөнхтуяа над руу залгаад гараад ир гэхээр нь би нөгөө гурваас түрүүлж гараад та гурав одоо явж бай гээд зогсож байсан чинь П.*******, А.******* хоёр араас гараад ирсэн. Янхан гэдэг үгнээс болоод П.******* Ш.******* хоёр, У.******* А.******* хоёр хоорондоо маргалдаж байгаад П.******* Ш.*******ийн нүүр хэсэгт нь нэг удаа мангасдсан чинь хажуугаас А.******* ирээд Ш.*******ийг үсдэж аваад газарт уначихсан. Ш.******* босож ирээд П.******* руу шороо цацаад, гэдэс рүү нь өшиглөөд авахаар нь би дундуур нь орж салгасан. Нөгөө талд А.******* У.******* хоёр маргалдаад барилцаад зодолдож байхад П.*******ын найз залуу Г.Гансүх гараад ирчихсэн тэр хоёрыг салгаад зогсож байсан. Би очоод А.*******г татаж авсан чинь хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 148 дугаар хуудас);

- Гэрч Г.Гансүхийн “...Буудлын гадна, үүдэн дээр У.******* нь А.*******г үсдэж аваад газарт толгой дээр нь дараад унагаачихсан байхаар нь би очоод “эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд У.*******гийн цамцнаас хойш татсан чинь А.*******гийн хамраас цус гарчихсан босож ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас);

- Хохирогч А.*******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 321 дугаартай “...А.*******гийн биед баруун нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний урд дээд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. ...А.Имүүжийнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас);

- Хохирогч А.*******гийн биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 19 дугаартай “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхтэй холбогдож Teamviever программ ашиглан А.*******гийн толгойн CD-г илгээх бичгээр дамжуулан уншуулж, хариуг буцаан авч дүгнэлтэд тусгалаа. ...2022.04.12-ны толгойн томограммуудад ...баруун нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн шинэ хугаралтай ...Дүгнэлт бичсэн эмч: С.Чулуунсүх гэжээ. ...Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 321 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 99-102 дугаар хуудас);

- Хохирогч Ш.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 318 дугаартай “...Ш.*******ийн биед духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун дээд хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дээд хэсгийн цус хуралд, зүүн далны зүүн хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Ш.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ш.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас);

- Хохирогч Ш.*******ийн биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 21 дугаартай “...Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас) зэрэг болно.

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцад болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хүнээс хохирогч, гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл нь хууль зүйн үр дагавар бий болгодоггүй тул нотлох баримтаар үнэлэх боломж хязгаарлагдмал байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт мэдүүлэг авах журмыг тусгайлан хуульчилсан бөгөөд уг журамд заасны дагуу гэрчид тус хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлаж, худал мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулаагүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж тооцдоггүй. Иймд улсын яллагчийн шинжлэн судалсан зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад Ш.*******ээс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), Б.Энхтүвшинээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), А.Мөнхтуяагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), Д.Наранцэцэгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), хохирогч Ш.*******ийн шинжлэн судалсан зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад Б.Энхтүвшинээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), А.Мөнхтуяагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), Д.Наранцэцэгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 14 дүгээр хуудас) тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээр дурдсан нотлох баримтуудаар Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт хохирогч Ш.*******, шүүгдэгч/хохирогч А.******* нар нь үл ялих зүйлийн улмаас маргалдах явцад шүүгдэгч П.*******, У.******* нар уг маргаан оролцсон байна. Улмаар шүүгдэгч П.*******, А.******* нар үйлдлээрээ нэгдэн хохирогч Ш.*******ийг үсдэх цохих зэргээр биед нь халдсан. Мөн хохирогч Ш.******* нь шүүгдэгчийн биед халдсан, хохирогч/шүүгдэгч А.******* шүүгдэгч У.*******гийн биед халдсан, У.******* нь хохирогч/шүүгдэгч А.*******гийн биед халдаж харилцан зодолдсон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Тодруулбал шүүгдэгч А.*******, П.******* нарын үйлдлийн улмаас хохирогч Ш.*******ийн биед духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун дээд хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн далны зүүн хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт гэмтлүүд учирсан болох нь хохирогч Ш.*******ийн “...П.******* ойртож ирээд баруун талын хацар луу алгадахад хамар янгинаад өвдөхөөр нь хамраа дараад уйлаад газар сууж байсан чинь П.******* миний дээрээс өшиглөөд газар унагаасан. ... Тэгэхэд А.******* гэх эмэгтэй над руу ирээд миний үснээс үсдэж аваад 4-5 метр газар чирсэн. Миний үснүүд угаараа тасарсан чинь дахиад үсний өөр хэсгээс татаад чирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас), гэрч Б.Энхтүвшиний “...П.******* Ш.*******ийн нүүр хэсэгт нь нэг удаа мангасдсан чинь хажуугаас А.******* ирээд Ш.*******ийг үсдэж аваад газарт уначихсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 148 дугаар хуудас), хохирогч Ш.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 318 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас), дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 21 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас) зэргээр нотлогджээ.

Шүүгдэгч А.*******, П.******* нар нь хохирогч Ш.*******ийн биед учирсан дээрх олон тооны гэмтлүүдийг учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, прокурорын хууль зүйн дүгнэлтийг буюу тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрчээ.

Харин шүүгдэгч У.******* “би өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогч А.*******г нэг удаа түлхсэн” гэж, түүний өмгөөлөгч “шүүгдэгчийн үйлдлийн улмаас уг гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байна” гэж тус тус гэм буруугийн талаар маргажээ.

Хохирогч А.*******д худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж хохирогчоор авсан “...Тухайн үед Ш.*******, П.******* хоёр хоорондоо маргалдаж байх явцад Ш.*******ийн найз залуу болох У.******* гэх залуу намайг үснээс татаж газар унагаасан ...би арай гэж салаад босож ирээд У.*******д “чи яаж байгаа юм бэ” гээд гэдэс рүү нь өшиглөх гэсэн боловч өшиглөж чадаагүй. Тэгтэл буцаагаад У.******* намайг жийж унагаагаад нэг мэдэхэд хамраас цус гарсан. ...Миний биед үүссэн гэмтлүүд нь энэ үйл явдлаас болж үүссэн гэмтэл” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас)-ийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Хохирогч А.*******гийн дээрх мэдүүлэг нь гэрч Б.Энхтүвшиний “...Нөгөө талд А.******* У.******* хоёр маргалдаад барилцаад зодолдож байхад П.*******ын найз залуу Г.Гансүх гараад ирчихсэн тэр хоёрыг салгаад зогсож байсан. Би очоод А.*******г татаж авсан чинь хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 148 дугаар хуудас), гэрч Г.Гансүхийн “...Буудлын гадна, үүдэн дээр У.******* нь А.*******г үсдэж аваад газарт толгой дээр нь дараад унагаачихсан байхаар нь би очоод “эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд У.*******гийн цамцнаас хойш татсан чинь А.*******гийн хамраас цус гарчихсан босож ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас) зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна. Иймд хохирогч А.*******гийн дээрх мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөн тухайн үед хохирогч А.*******гийн биед өөр этгээд халдсан гэх үйл баримт хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч А.*******гийн биед учирсан баруун нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний урд дээд хэсгийн зулгаралтууд гэмтлүүдийг шүүгдэгч У.******* учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.*******, П.******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогч Ш.*******ийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж үйлдлээрээ нэгдэн хохирогчтой харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Мөн шүүгдэгч У.******* нь хохирогч А.*******тэй харилцан зодолдох явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, П.*******, У.******* нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Хохирогч Ш.*******ийг шүүгдэгч П.*******ын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд нь эрх бүхий албан тушаалтан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0235653 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 238 дугаар хуудас)-аар, мөн хохирогч А.*******г шүүгдэгч У.*******гийн биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд нь эрх бүхий албан тушаалтан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0235654 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 239 дугаар хуудас)-аар тус тус Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100’000 төгрөгөөр торгосон, хохирогч Ш.*******, А.******* нар гомдол гаргаагүй учир уг шийтгэлийн хуудаснууд хүчин төгөлдөр болсон байна. Тодруулбал хохирогч нарын хууль бус үйлдэл уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж” гэж заажээ. Тодруулбал шүүгдэгч А.*******, П.******* нарын үйлдэл дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.*******гийн биед баруун нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх тул шүүгдэгч У.*******г хохирогчийн биед хэд хэдэн удаагийн үйлдлээр халдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэрч Б.Энхтүвшиний “...Янхан гэдэг үгнээс болоод П.******* Ш.******* хоёр, У.******* А.******* хоёр хоорондоо маргалдаж байгаад ... Нөгөө талд А.******* У.******* хоёр маргалдаад барилцаад зодолдож байхад П.*******ын найз залуу Г.Гансүх гараад ирчихсэн тэр хоёрыг салгаад зогсож байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 148 дугаар хуудас), гэрч Г.Гансүхийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас) зэргээс дүгнэвэл шүүгдэгч У.******* нь хохирогчийн хууль бус халдлагыг таслан зогсоох санаа зорилготой байсан, биеэ хамгаалах үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч У.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Дээрх гэмт хэргүүдийн улмаас хохирогч Ш.*******, А.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. Хохирогч Ш.******* “...Миний бие гомдолтой байна эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 500’000 төгрөгийг А.*******, П.******* хоёроос нэхэмжилж байна” гэж (1 дэх хавтаст хэргийн 221 дүгээр хуудас), хохирогч А.******* “...Миний бие эмчилгээний зардал болон авч хэрэглэсэн эм тарианы мөнгө олгож 500’000 төгрөгийг У.*******гээр гаргуулмаар байна” гэж (1 дэх хавтаст хэргийн 219 дүгээр хуудас) тус тус мэдүүлжээ.

Хохирогч нарын нэхэмжлэл нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй тул уг нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Шүүгдэгч П.*******, А.*******, У.******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 230, 232, 235 дугаар хуудас)-аар нотлогдсон байна.

Улсын яллагч “...шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш гаргахгүй байх хязгаарлалт тогтоох, шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш гаргахгүй байх хязгаарлалт тогтоох, шүүгдэгч У.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш гаргахгүй байх хязгаарлалт тогтоох” саналыг;

Шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч “...Шүүгдэгч П.******* нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байх тул 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн хэмжээнд тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг;

Шүүгдэгч А.*******гийн өмгөөлөгч “...зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Улаанбаатар хотын хэмжээнд хязгаарлалт тогтоож шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна” гэх саналыг;

Шүүгдэгч У.*******гийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн хэмжээнд тогтоож өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч П.*******ын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 224 дүгээр хуудас), шүүгдэгч П.*******ын яллагдагчаар өгсөн “...Миний бие энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар болон түүний өмгөөлөгчийн тайлбараар шүүгдэгч П.******* нь эцэг эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Алтайн зам ХХК-д няравын ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч А.*******гийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 222 дугаар хуудас), шүүгдэгч А.*******гийн яллагдагчаар өгсөн “...Миний бие энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, таеквондогийн багшаар ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч П.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.*******, А.******* нар нь хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул энэхүү нөхцөл байдлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарт хамааруулан үзнэ.

Шүүгдэгч У.*******гийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 226 дугаар хуудас), шүүгдэгч П.*******ын яллагдагчаар өгсөн “...Миний бие энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлгээр шүүгдэгч У.******* нь эхийн хамт амьдардаг, Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн эрх зүйн гуравдугаар курст суралцдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаагүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, мөн хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.*******, А.******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч У.*******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.*******гийн Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн эрх зүйн гуравдугаар курст суралцдаг гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 9 (ес) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт Пилдэнгийн *******, *******ууд ургийн овогт Алтаннисгэгчийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч ******* ургийн овогт Уранчимэгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.*******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялыг 9 (ес) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогч Ш.*******, А.******* нарын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА