Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ургийн овогт *******н *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2236001980209 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******н *******, 1977 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 09 дүгээр багт /Хөшөөт/  оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пв*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******ын зүүн хөмсөгний орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2236001980209 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Зөрчлийн талаар гомдол мэдээлэл шалгах ажиллагааны шатанд Б.*******аас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Зөрчлийн талаар гомдол мэдээлэл шалгах ажиллагааны шатанд Ө.Оюунчимэгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);

- Зөрчлийн талаар гомдол мэдээлэл шалгах ажиллагааны шатанд Ө.Одонтуяагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас);

- Прокуророос зөвшөөрөл авах тухай эрх бүхий албан тушаалтны саналыг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

- Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай прокурорын зөвшөөрлийг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);

- Хохирогч Б.*******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 624 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас);

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас);

- Б.*******аас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Д.*******өөс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.*******ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч Б.*******ын “Тухайн өдрийн 22.00 цагийн үед Д.******* ах манай хашаанд ирсэн. Ирэхдээ согтуу байсан. Тэгээд гэрээс 10 метр орчим зайд автомашин дотроо байж байгаад унтчихсан. Тэр үед хотоос манай ээжийн дүү болох Ө.Оюунчимэг ирчихсэн байсан. Тэр хүн “наад хүн чинь автомашин дотроо бүтээд үхчхэж магадгүй цонхыг нь онгойлгочих” гэж хэлэхээр нь би очоод машины хаалгыг нь татаад үзсэн чинь цоожтой байсан. Тэгээд онгойлгохгүй болохоор нь тэр хавьд байсан 7-8 хүн автомашиныг нь хөдөлгөсөн. Тэгсэн нь Д.******* ах сэрээд автомашиныхаа хаалгыг онгойлгосон. Би Д.******* ахын түлхүүрийг авах гэсэн чинь надад өгөөгүй. Манай ах Гантогтохтой маргалдаад байхаар нь миний том ах Б.Ганзориг хашааны гадна тал руу Д.******* ахыг гаргах гээд аваад гарсан. Би тэгэхэд машиныг нь гэрээс холдуулах гээд түлхүүрийг нь авах гээд Д.******* ах руу ойртоод очсон чинь баруун гартаа барьж байсан түлхүүрээрээ миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

- Хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч Д.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2022 оны 07 сарын 25-ны өдрийн орой би хэдэн найзуудтайгаа хамт бага зэрэг архи уусан. Тэгээд би өөрөө архи уусан байсан болохоор найз болох Баатаржав гэдэг найзыгаа дуудаж өөрийн автомашинаа бариулаад 21:00 цагийн үед талийгаач ах Батнасангийн гэрт /Б.*******ынд/ очоод найзыгаа явуулчихаад амарч байсан. Автомашин дотроо унтаж байтал автомашины цонх цохихоор нь сэрээд хартал хоёр гурван хүн миний автомашины цонх цохиж байсан. Автомашиныхаа хаалгыг нээсэн чинь тэд нар гэнэт намайг цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би түлхүүртэй байсан гараараа Б.*******ын зүүн талын хөмсөг рүү хатгачихсан чинь тэд нар цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39  дүгээр хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт хохирогч Б.*******ын хашаанд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохисон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн зүүн хөмсөгт шарх, зулгаралт гэмтлүүд учирчээ. Хохирогчийн биед учирсан уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болох нь шинжээчийн 624 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 10-11дүгээр хуудас)-ээр нотлогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хохирогч Б.*******ын “...Д.******* миний хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас) нотлогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), шүүгдэгч Д.*******ийн яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг зургаа сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА