Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000199 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Элбэг ширээний теннисний клубийн багш дасгалжуулагч ажилтай, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн 48 айлын 1-10 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.*******ийн Хаан банк дахь 5862053046 дугаар дансанд нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч М.*******аас андуурч шилжүүлсэн 3’240’000 төгрөгийг завшсан үйлдлийг Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Хохирогч М.*******ын Хас банк дахь 5004083373 дугаартай дансны “огноо: 2022-05-27, Гүйлгээний утга: Чипс үнэ Со, Харьцсан данс: Хаан банк-******* *******-5862053046, Зарлага: 3’240’000.00” гэх хуулга (хавтаст хэргийн 5 дугаар хуудас);

- Хохирогч М.*******ын “Би Ховд аймагт Тэсо ХХК-ийн худалдааны биет төлөөлөгчийн ажил хийдэг юм. ...Би 2022 оны 05 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос ...Хаан нэртэй 40 граммын савлагаатай чипс 100 боодол авахуулсан. Тухайн чипсийг таньдаг хүнээр дамжуулан авахуулсан ба над руу нэг данс явуулсан. Би тэр данс руу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр чипсийн үнэ болох 3’240’000 төгрөгийг ...Хас банкны интернэт банкаар 5862053046 дугаарын ******* гэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ц.*******ийн Хаан банк дахь 5862053046 дугаарын дансанд үзлэг хийсэн “Хаан банкны 5862053046 тоот дансны хуулга нь заагдсан хугацааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөөний 06 цаг 42 минутаас эхлэх бөгөөд гомдол мэдээлэл гаргагч М.*******ын эзэмшлийн Хас банкны 005004083373 тоот данснаас Ц.*******ийн 5862053046 тоот дансанд “Чипс үнэ Со” гэх утгатай 3’240’000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн орлого 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 14 минутад орсон” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр чипсийн үнэ төлөх зорилгоор Хас банк дахь өөрийн эзэмшлийн 5004083373 дугаарын данснаас 3’240’000 төгрөгийг андуурч шүүгдэгч Ц.*******ийн Хаан банк дахь 5862053046 дугаарын данс руу шилжүүлсэн нь нотлогдож байна.

2. Хаан банк дахь шүүгдэгч Ц.*******ийн эзэмшлийн 5862053046 дугаарын дансны “...Гүйлгээний огноо: 27/05/2022, Цаг: 20:55, Хуулгын агуулга: U, Зарлага: 1’150’000; ...Гүйлгээний огноо: 28/05/2022, Цаг: 11:23, Хуулгын агуулга: Ulemj, Зарлага: 2’000’000, Үлдэгдэл: 248’342.66” гэх дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 05 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ц.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн, мөн дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн үед /цагийг нь сайн санахгүй байна/ би Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт байх өөрийн ажил буюу Элбэг ширээний теннисний клубийн байранд байтал миний Хаан банкны 5862053046 тоот дансанд эзэмшигчийн мэдэхгүй нэг дансаар 3’240’000 төгрөг, гүйлгээний утга нь “Чипс үнэ Со” гэж орж ирсэн. Би тухайн дансыг өөрийнхөө интернэт банкаар тохиргоог нь бүх банк руу нэг нэгээр нь хийж шалгаж үзэхэд данс эзэмшигчийн нэр нь гарч ирэхгүй байсан. Тухайн үед хэн нэгэн андуурч хийсэн байж магадгүй гэж бодсон. ...500’000 төгрөгийг байрны түрээсэнд, 500’000 төгрөгийг шүдний эмнэлэгт, 1’000’000 төгрөгийг автомашины зээлд, 960’000 төгрөгийг нөхрийнхөө сургалтын төлбөрт, нийт 2’960’000 төгрөгийг үрсэн. Бас бус, жижиг сажиг юманд тухайн мөнгийг зарцуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Хаан банк дахь өөрийн 5862053046 дугаарын дансанд орсон 3’240’000 төгрөгийг андуурсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж, хувийн хэрэгцээнд зарцуулсан байна. Мөн хохирогч нь гэрээ болон хэлцлээр шүүгдэгчид мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. 

Тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хохирогч М.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр чипсийн үнэ төлөхөөр Хас банк дахь өөрийн эзэмшлийн 5004083373 дугаарын данснаас 3’240’000 төгрөгийг андуурч шүүгдэгч Ц.*******ийн Хаан банк дахь 5862053046 дугаарын данс руу шилжүүлсэн. Шүүгдэгч нь Хаан банк дахь өөрийн 5862053046 дугаарын дансанд орсон 3’240’000 төгрөгийг андуурсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж, хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй эд хөрөнгө байдаг. Алдаатай гүйлгээг завшсаны улмаас хохирогч эд хөрөнгийн хохирол хүлээгээд зогсохгүй, бусад этгээдийн өмнө гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэх боломжгүй болох зэрэг хор уршиг учирдаг тул тухайн үйлдлийг нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байдаг. Шүүгдэгч Ц.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Уг гэмт хэргийн улмаас 3’240’000 төгрөгийн хохирол учирчээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч М.*******ын “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 650’000 төгрөг төлсөн, тэрнээс хойш цувуулж өгсөөр байгаад бүрэн дуусгасан. Сүүлд 200’000 төгрөг үлдсэн байсан. Гэхдээ Ц.*******ийн ажиллуулдаг ширээний теннисийн клубт манай хүү С.Баяржаргал суралцдаг тул түүний сургалтын төлбөр болгож тохиролцсон. Одоо авах ёстой ямар нэгэн мөнгө төгрөг байхгүй” гэх (хавтаст хэргийн 103 дугаар хуудас) мэдүүлгээр шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь нотлогджээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч “...шүүгдэгч Ц.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал гаргасан ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, мөн хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг багасгаж, шүүгдэгч Ц.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж шүүхэд эрх олгосон диспозитив хэм хэмжээг хуульчилсан. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн “...Сард хэдэн төгрөгийн орлого олдог вэ?” гэх асуултад шүүгдэгч “Манайх сард 2,5-4 сая төгрөгийн орлого олдог. Зардлаас хасаад цэвэр ашиг 1,5-2 сая төгрөг олдог” гэж хариулжээ.

Сарын 2 сая төгрөгийн орлоготой шүүгдэгчид оногдуулсан 450’000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй төдийгүй, уг ялыг үр нөлөөгүй болгохоор байна. Иймд Улсын яллагчийн “...уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА