Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болдцэрэн, шүүгдэгч Х.Баярхишиг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000216 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Эмчийнхэн ургийн овогт Хадцоожийн Баярхишиг, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд лаборант ажилтай, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-39 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пд92112703.

                                                                                           Холбогдсон хэргийн талаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч Х.Баярхишигийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт Тоёота приус-20 (Toyota prius20) загварын, 00-17 ХОҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.3 гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг автомашинд зорчиж явсан Б.Ану-Үжиний амь насыг хохироосон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. 2 Хэргийн газар үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутаг дэвсгэр Ховд аймгаас Увс аймаг руу явах сайжруулсан шороон зам дээр болсон байна байв. ...мянгад сумын цементэн гүүрнээс 800 метрийн зайд Увс аймаг руу явах сайжруулсан шороон зам дээр далан руу 00-17 ХОҮ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэл унаж эд зүйл цацарч, тээврийн хэрэгсэл хорчийж, хонхойж хэлбэр дүрсээ алдсан байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-19 дүгээр хуудас); - Зам тээврийн осол дээр тогтоосон “...Ховд аймгийн Мянгад сумын ...нутаг дэвсгэрт 00-17 ХОҮ улсын дугаартай Toyota prius-20 загварын автомашин онхолдож хүний амь нас хохирсон гэх зам тээврийн осолд жолооч ...нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс үүдэн зам тээврийн осол гарсан байна” гэх акт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) зэргээр 2022 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт Тоёота приус-20 (Toyota prius-20) загварын, 00-17 ХОҮ улсын дугаартай автомашин онхолдож зам тээврийн осол гарсан нь тогтоогджээ. Зам тээврийн осол гарах үед Тоёота приус-20 (Toyota prius-20) загварын, 00- 17 ХОҮ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Х.Баярхишиг жолоодож явсан болох нь: - Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болдцэрэнгийн “...00-17 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг осол болох үед миний эхнэр болох Х.Баярхишиг жолоод явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас), мөн түүний гэрчээр өгсөн “...миний эхнэр Х.Баярхишиг жолоочийн суудал дээр хүүхэд тэвэрсэн сууж байхаар нь хүүхдээ аваад жолоочийн ар талын суудал дээр суугаад эхнэр автомашин бариад хөдөлсөн. Тэгээд сайжруулсан шороон зам дээр гараад явж байтал гэнэт автомашин шарваад дахин нэг шарваад өнхөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас); - Гэрч Б.Ганбаатарын “...Г.Болдцэрэнгийн эхнэр нь автомашин бариад хөдөлсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас); - Гэрч Ц.Мягмардашийн “...Г.Болдцэрэнгийн эхнэр Х.Баярхишиг бариад хөдөлсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас) зэргээр нотлогдож байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 50 дугаартай “...Амь хохирогч Б.Ану-Үжин нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд дээрх хүнд зэргийн гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэх дүгнэлтээр уг зам тээврийн ослын улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон болох нь нотлогджээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөр өгсөн шүүгдэгч Х.Баярхишигийн “...Мянгад сум гэх нэртэй цагаан хаалгаар гараад шороогоор бууж замгүй газар очиж зогсоод Б.Ганбаатар ах, нэг танихгүй хүн нэрийн мэдэхгүй, манай нөхөр гурвуулаа Б.Ганбаатар ахын явж байсан фургон автомашин дотор ороод сууцгаасан. Би хэсэг хүлээж байгаад хүүгээ явуултал манай хүү очоод аавыгаа явъя гээд дуудахад миний нөхөр за гээд цонхоор хэлж байсан. Удалгүй миний нөхөр архи үнэртүүлчихсэн автомашинд орж ирэхээр нь би “миний хайр охиноо тэврээд ард суучих” гэж хэлсэн. Манай бага охин ар талын суудал дээр унтаж байсан. ...Тэндээс хөдлөөд явж байтал гэнэт зам дээр том хар чулуу шиг юм харагдахаар 3 нь би чулуу юм байна гэж бодоод тоормосоо гишгэх гээд хаазаа андуурч гишгэсэн. Тэгтэл автомашин улмаа хурдаа авч 2-3 удаа рулиа дартал замын хажуу тал руу очоод унасан юм” гэх мэдүүлэг нь (хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас) дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгчийн “...зам дээр том хар чулуу шиг юм харагдахаар нь би чулуу юм байна гэж бодоод тоормосоо гишгэх гээд хаазаа андуурч гишгэсэн. Тэгтэл автомашин улмаа хурдаа авч 2-3 удаа рулиа дартал замын хажуу тал руу очоод унасан юм” гэх мэдүүлгийг бусад баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байна. Дээр тогтоогдсон үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт 2022 оны 08 дугаар сарын 19-ний шөнө шүүгдэгч Х.Баярхишиг Тоёота приус-20 (Toyota prius-20) загварын, 00-17 ХОҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан автомашин онхолдсон. Уг зам тээврийн ослын улмаас шүүгдэгч төрсөн охин Б.Ану-Үжингийн амь нас хохирсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. Шүүгдэгчийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь хохироосон” гэх шинжийг хангаж байна. Шүүгдэгч Х.Баярхишигийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Х.Баярхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болдцэрэн “...Надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) байна. Шүүгдэгчийн жолоодож явсан Тоёота приус-20 (Toyota prius-20) загварын, 00- 17 ХОҮ улсын дугаартай автомашин нь Транскапитал ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байх ба иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бүрэнзэвсэг “Иргэн Г.Болдцэрэн, Х.Баярхишиг нар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 00-17 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаалж 5’400’000 төгрөгийн зээл авч ...манай Транскапитал ББСБ-ын нэр дээр шилжсэн байгаа. ...Үлдэгдэл 2’830’092 төгрөгөө төлчихвөл ямар нэгэн гомдол санал алга байна” гэх (хавтаст хэргийн 46- 47 дугаар хуудас) мэдүүлэг өгчээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болдцэрэнгийн Хаан банк дахь 5845393888 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгаар (хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас) иргэний нэхэмжлэгч Транскапитал ББСБ-д 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2’951’000 төгрөг шилжүүлж, иргэний нэхэмжлэлийг хангасан болох нь нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж 4 үзнэ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Баярхишиг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч “...шүүгдэгч Х.Баярхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” гэх санал; Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Х.Баярхишигийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй бөгөөд урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй нь тогтоогддог. ... Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ял оногдуулаад, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 132 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 136 дугаар хуудас), Б.Билэгт, Б.Оюунсувд нарын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 163,164 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Баярхишиг нь нөхөр, бага насны буюу 5 настай хүү Б.Билэгт, 1 настай охин Б.Оюунсувд нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Баярхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн 5 хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заажээ. Шүүгдэгч Х.Баярхишигийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч нь 1 настай хүүхэдтэй болох нь тус тус тогтоогдож байна. Иймд улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баярхишигт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй. Шүүгдэгч Х.Баярхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эмчийнхэн ургийн овогт Хадцоожийн Баярхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баярхишигийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Баярхишигт оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хойшлуулсугай.

5. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаарх зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 7. Шүүгдэгч Х.Баярхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗАЯА