Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0620

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0620

Улаанбаатар хот

“Т-А ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч “Т-А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

 

Гомдол гаргагч: “Т-А ” ХХК

Хариуцагч: П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ажиллагаа-ны тендер шалгаруулалтын үнэлгээний хороо

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Гуравдагч этгээд: “МТ ” ХХК

 

Гомдлын шаардлага:

“1. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн N04-**  тоот Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/дүгнэлтээс “Т-А” ХХК-ийн тендерийн материалыг хянаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах;

2. “Т-А ” XXK-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005 он) 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох;

3. “Т-А ” ХХК-ийн тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах;

4. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04-21 тоот үнэлгээний хорооны тэмдэглэл/дүгнэлтээр “МТ ” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж дүгнэн шалгаруулсныг буюу ШИЙДВЭРЛЭСЭН НЬ хэсгийг хүчингүй болгуулах;

5. “Төрийн худалдан авах ажиллагааны газар”-ын ПНШНУГТЭ/20240102001-** багцын дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах.” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0633 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Б.Б;

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0405/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 633 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Т-А ” ХХК-иас гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо:

2.1. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг тогтоон дүгнэхдээ буруу дүгнэлт хийсэн тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 8-р сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0633 дугаартай шийдвэрийг гаргахдаа Захиалагчийн хүсэл зоригийн илэрхийллийг тодруулан тайлбарлах аргыг баримталж “...захиалагчийн хүсэл зориг бол 60мл-ийн хэмжээтэй /савлагаатай/ лактулоза эмийг худалдан авах хүсэлттэй байсан” гэж дүгнэсэн.

2.1.1. Ийнхүү дүгнэхдээ шүүхийн хуралдаанд гэрчээр оролцсон Т.О-ийн “Улсын гуравдугаар төв эмнэлэг 40гр буюу 60мл хэмжээтэй лактулоза авахаар захиалсан... Өмнө лактулоза эм 100 мл хэмжээтэй ирдэг байсан. Сүүлд 60мл хэмжээтэй ирдэг болсон. Би нэг хүнд 1 эсхүл 2-г өгдөг. Энэ эм хэмжигч халбагатай ирдэг. 15мл хэмжээтэй халбагаар өдөрт 3 удаа, зарим тохиолдолд 6 удаа уухаар бичиж өгдөг” гэх тайлбар болон Захиалагч, тендерийн Үнэлгээний хорооны “Тун хэмжээ: 60мл гэснийг хэрхэн ойлгож байсныг тодруулахад “савлалтын хэмжээг ойлгож байсан” гэх тайлбаруудыг үндэслэсэн байна.

2.1.2. Аль салбар эрх зүйд хүсэлт зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа хүсэл зоригийн илэрхийлэл болох үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарладаг.

2.1.3. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №04-21 тоот тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /дүгнэлтэд манай компанийн тендерийг дүгнэхдээ “Б.У: Техникийн тодорхойлолт 60мл хэмжээтэй 480 ширхэг авна гэж заасан байгаа. Гэтэл “Т-А ” ХХК 10гр хэмжээтэй техникийн тодорхойлолтод санал болгож, нийлүүлэлтийн хуваарьт 480 ширхэг өгөхөөр тусгажээ. 10гр хэмжээтэй 6ширхэг болж байж 60мл болно. Тэгэхээр дүйцүүлнэ гэж үзэх тайлбар байна уу... Т.О: Тийм зөрүүтэй. 10гр 6 ширхэг нийлүүлэхээр нийлүүлэлтийн хуваарьт тусгаж ирүүлсэн эсэхийг шалгая” гэсэн байна.

2.1.4. Дээрх Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /дүгнэлтээс үзэхэд тендерт оролцогч нь заавал нэг дор 60мл-ээр савлагдсан лактулоза санал болгох бус дүйцүүлэн санал өгөх боломжтойг Үнэлгээний хорооны гишүүд тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, манай компани нь 15мл-ийн савлагаатай лактулозаг нэгж бүрт 4 ширхгийг санал болгож байгаа нь Захиалагчийн илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй юм.

2.1.5. Гэтэл анхан шатны шүүхээс “...захиалагчийн хүсэл зориг бол 60мл-ийн хэмжээтэй /савлагаатай/ лактулоза эмийг худалдан авах хүсэлтэй байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2.1.6. Анхан шатны шүүхээс тендерийн техникийн тодорхойлолтод заасан “Тун:60мл” гэх тодорхойлолт нь савлалтын хэмжээг зааж байна гэж шүүх хуралдаанд оролцсон. Гэрч, Хариуцагчийн тайлбарт үндэслэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн ч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй техникийн тодорхойлолтыг боловсруулсан захиргааны буруутай үйл ажиллагааг үгүйсгэх боломжгүй гэж дүгнэж байна.

2.2. Тендерийг баримт бичгийн тодорхойлолтод “...тун хэмжээ 60мл” гэж савлалтын хэмжээнд тавигдсан шаардлагыг хангаагүй байх тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байгаа тухайд:

2.2.1. Гомдлын үндэслэл хэсгийн нэг дэх хэсэгт дурдсаны дагуу Захиалагчийн хүсэл зоригийн илэрхийллийг анхан шатны шүүхээс “60мл-ийн савлагаатай лактулоза авах” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байхаас гадна тендерийг баримт бичиг, тэр дундаа техникийн тодорхойлолтод нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн байдлаар савлалтын тухай заагаагүй, харин эмийн хэлбэр болон хэмжих нэгжийг заасан.

2.2.2. Хэдийгээр, анхан шатны шүүхээс тендерийн тодорхойлолтод заасан “Тун: 60мл” гэх тодорхойлолт нь савлалтын хэмжээг зааж байна гэж шүүх хуралдаанд оролцсон гэрч, хариуцагчийн тайлбарт үндэслэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн ч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй техникийн тодорхойлолтыг боловсруулсан захиргааны буруутай үйл ажиллагааг үгүйсгэх боломжгүй гэж дүгнэж байна.

2.2.3. Тодруулбал, Захиалагчийн зүгээс техникийн тодорхойлолтод авахаар санал болгож байгаа лактулоза эмийн савалтад шаардлага, нөхцөл зааж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасны дагуу “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэх үүрэгтэй байсан.

2.2.4. Дээрх хуулийн заалт нь нөгөө талаараа Захиалагч худалдан авах барааны хэлбэр маягт ямар нэгэн шаардлага, нөхцөл заасан тохиолдол тендерт оролцогч өөрийн санал болгож байгаа бараа бүтээгдэхүүнийг дүйцүүлэн өгөх боломжийг нээж өгсөн зохицуулалт юм. Үүний дагуу манай компани нь тендерийн баримт бичигт заасан нэгж ширхэг бүрт 60 мл-ийн хэмжээтэй лактулоза авах Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн компанийн импортлон оруулж ирдэг FT20190327AO06884 эмийн бүртгэлийн дугаартай 15мл-ийн савлагаатай лактулозанаас нэгж бүрт 4 ширхгийг дүйцүүлэн өгөхөөр тендерийн материалыг хүргүүлсэн байдаг.

2.2.5. Иймд анхан шатны шүүхээс манай компани тендер нь Захиалагчийн тодорхойлсон савлалтын хэмжээнд тавигдсан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.3. Анхан шатны шүүхээс “Т-А” ХХК нь ... нэмэлт тодруулга авах боломжтой тэр эрх нь нээлттэй байхад захиалагчаас энэ талаар тодруулга аваагүй нь буруу” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байгаа тухайд:

2.3.1. Гомдлын үндэслэл хэсгийн хоёр дахь хэсэгт дурдсаны дагуу Захиалагч худалдан авах барааны хэлбэр маягт ямар нэгэн шаардлага, нөхцөл заасан тохиолдол тендерт оролцогч өөрийн санал болгож байгаа бараа бүтээгдэхүүнийг дүйцүүлэн өгөх боломжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсгээр нээж өгсөн байна.

2.3.2. Хуулийн дээрх заалтын дагуу тендерт оролцогч манай компани нь заавал тодруулга авах байсан гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

2.3.3. Нөгөөтээгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу Захиалагч нь тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардах эрхтэй байна. Энэ утгаараа Захиалагч, түүнээс байгуулсан тендерийн Үнэлгээний хороо нь манай компани нь 60мл-ийн хэмжээтэй лактулозад өөрийн 15мл-ийн хэмжээтэй бүрэлдэхүүнийг дүйцүүлэн санал болгож байгаа эсэхийг тодруулах боломжтой байсан.

2.3.4. Иймд дээр дурдсан үндэслэлээр 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0633 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
  2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас цахим систем /www.tender.gov.mn/-ээр олон нийтэд нээлттэй илгээн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан ПНШНУГТЭ/20240102*** тендер шалгаруулалтын дугаартай “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” ажиллагааны “Багц-2* -Хоол боловсруулах системд нөлөөлөх эмүүд” тендер шалгаруулалтад “АФ” ХХК, “МТ” ХХК, “Т-А” ХХК, “МоТ ” ХХК гэсэн 4 хуулийн этгээдүүдээс тендер ирүүлж оролцсоноос уг төслийн арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах “тендерийг хянан үзэх” шатанд Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №04-** шийдвэрээр “Т-А ” ХХК-ийн тендерийг “техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй” гэж үзэж, уг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж, Төрийн худалдан авах, ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан Тендерийн баримт бичгийн Д. Тендерийг хянан үзэх, үнэлэх, “30.Тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх.”, 30.7-д “ ТШЗ-ны 30.6-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерээс татгалзана” гэж заасантай нийцжээ. Тодруулбал,

2.1. Нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзвэл, тус компанийн тендерийн “Техникийн тодорхойлолт”-д тусгаж санал болгосон FT20190327A006884 эмийн бүртгэлийн дугаартай “Лактулоза” эмийн тун хэмжээ “10г /15 мл/” гэсэн нь Багц 21 Хоол боловсруулах системд нөлөөлөх эмүүд “Техникийн тодорхойлолт”-ын “тун 60 мл” байх шаардлага хангаагүй, тун хэмжээг 10г /15мл/ гэж тусгасан атлаа “Бараа нийлүүлэлтийн хуваарь”-т “тоо хэмжээ 480, хэмжих нэгж, тун” “фл, 60мл” гэсэн нь тендерийн Бараа нийлүүлэлтийн хуваарийн савлагаатай тоо хэмжээ 480 ширхэгийг /нийт 28800 ширхэг/ сар бүр 40 ширхэгийг нийлүүлэхээр гэснийг хангаагүй байна. /1хх-172-174тал, CD/

2.2. Дээрх байдлуудаас үзвэл “Т-А ” ХХК-ийн санал болгосон “Лактулоза” эмийн тун хэмжээ зөрүүтэй, Бараа нийлүүлэлтийн хуваарьт тоо ширхэгийг тодорхой үнэн зөв тусгаагүй зэрэг нь тендерийн баримт бичгийн III бүлэг, Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, бараа нийлүүлэлтийн хуваарьт заасан шаардлага хангаагүй тендер болох нь тогтоогдож байна.

2.3. Харин тендерт шалгарсан гуравдагч этгээд “МТ ” ХХК-иас ирүүлсэн санал болгосон “Опилакс лактулоза” эмийн савлалт нь 60 мл-ийн хэмжээтэй, шилтэй савлагаатай, бараа нийлүүлэлтийн хуваарьт заасан /60 мл х 480 ширхэг/ хэмжээгээр нийлүүлэхээр ирүүлсэн нь тендерийн баримт бичгээр захиалагчийн баталсан техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэлтийн хувиарт заасан шаардлагыг хангаж, дараагийн үе шат болох үнэлгээний шатанд шалгарсан байна.

2.4. Иймээс нэхэмжлэгч “Т-А ” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар тендер хянан үзэх үе шатнаас хасагдсан нь үндэслэлтэй байх тул тэрээр “тендерээ үнэлүүлэх” дараагийн үе шатанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхгүй.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.19-д “техникийн тодорхойлолт” гэдгийг захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;” гэж хуульд хэрэглэсэн нэр томьёог ойлгохоор тусгасан.

4. Захиалагч буюу П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг өөрийн хэрэгцээ шаардлагыг судалсан судалгаа, санал, эмчилгээнийхээ практикт хэрэгцээнд /тун хэмжээг хэрхэн хэрэглэх нас насны хүмүүс/ үндэслээд худалдаж авах барааныхаа тун хэмжээ, савлалт, нийлүүлэх хэмжээ зэргийг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4-д заасан тавигдах хуулийн шаардлагын дагуу техникийн тодорхойлолтыг бэлтгэжээ.

5. Хариуцагч тус эмнэлгээс батлагдаж ирсэн техникийн тодорхойлолтын хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулсан байх тул нэхэмжлэгч “Т-А ” ХХК-ийн “...Лактулоза лайнко эм нь нэг пакет бүрдээ 15 мл хэмжээтэй байгаа ба үүнд агуулагдах тун нь 10 гр юм. 15 мл хэмжээтэй тул ...тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасны дагуу захиалагчийн хүсэж байгаа 60 мл хэмжээнд нь дүйцүүлээд нийлүүлэхээр тендерийн материалаараа санал болгосон” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6. Захиалагчаас техникийн тодорхойлолтыг бэлтгэсэн “тендерийн баримт бичиг”-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй;” 11.1.4-д “энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэх” гэж заасан зохицуулалтын дагуу техникийн тодорхойлолтыг шаардлага хангасан байхаар бэлтгэж, “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэхээр тусгаагүй байх тул нэхэмжлэгчээс маргаж буй эмийн тун хэмжээ, нийлүүлэлтийн хуваарь зэрэгт “дүйцэхүйц” гэх нөхцөл үүсэхгүй бөгөөд захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод эмийн тун хэмжээ тодорхой тусгагджээ.

7. Тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, “тендерийг хянан үзэх” шатанд тендерийн шаардлага хангаагүй нэхэмжлэгч “Т-А ”АФ” ХХК, “МоТ” ХХК, “МТ ” ХХК гэсэн 3 хуулийн этгээдүүдээс Үнэлгээний хорооны дүгнэлтээр чанар ба үнэлгээний харьцуулалтаар “МТ ” ХХК 75 оноогоор “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж заасантай нийцсэн байна.

8. Дээрх байдлуудаас дүгнэвэл, анхан шатны шүүхээс “... “Т-А” ХХК-ийн тендерт санал болгосон “Лактулоза лайнко” эмийн тун хэмжээ 10г /15мл/ гэсэн нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод ... тун хэмжээ 60 мл гэх савлалтын хэмжээнд тавигдсан шаардлагыг хангаагүй байх тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн маргаж буй асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн 5 гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА