Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/334

 

 

        

 

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч ******************

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Гэрч ч М.Оюунжаргал, М.Батням, Д.Сарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндоржийн ******************д холбогдох эрүүгийн 2238000000611 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******************нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ******************эзэмшлийн 3 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар авч бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ******************эзэмшлийн 3 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар авч бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000611 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 14, 15-ны үед байхаа үхэр худалдаж авч байгаа хүмүүст гэрийн хотноос 14 тооны сарлагийн шарнууд өгсөн. Үүнээс Батням гэж манай хүргэн 6 тооны үхэр өгсөн. Би өөрийн халзан бүдүүн нас гүйцсэн сарлагийн тарлан сарлагийн шар 1, тарлан бүдүүн шар 1, монголын хүрэн зүсмийн жижиг эвэртэй шар 1,  соёолон битүү шар 1, хавчиг өндөр биетэй халцгай хар соёолон шар 1, хар халзан зүстэй, зүүн талын урд хөл нь цагаан толботой хязаалан шар 1, духан дээрээ цагаан сартай, сарлагийн соёолон шар 1, ягаан алаг, сарлагийн соёолон шар 1-ийг нийт 8 тооны үхэр Алтаншагай гэдэг залууд өгсөн. Миний 8 үхэр нийт 10,600,000 төгрөг болсон. Энэ 8 үхрээс хадам аавын эмтэй /тэмдэг/ хар сарлагийн үхэр нь ****************** үхэр байна гэж харсан. ****************** тэр 1 тооны үхэр манай малд нэг жилийн өмнөөс өвөлжсөн юм. Тэгээд тэр тушаасан үхрийн оронд үнээ, тугал өгсөн. Гэхдээ ******************аас асууж тушаасан асуудал байхгүй... 3 тооны үхрийг минийх болсон гэж ойлгоогүй. Нэг л тооны үхрийг минийх болсон гэж ойлгосон. Би одоог  хүртэл гайхаж байна. Гурав дахь тооны үхрийг би зараагүй. Харин нэг болон хоёр дахь үхрийг андуурч болно...Хоёр үхрийг зарсан талаар гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Харин гурав дахь үхрийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

       Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны хооронд манай 3 тооны нас нийлсэн том шар манай хүргэн ах ****************** гэх хүний үхэрт байж байгаад гэнэт алга болсон...манай 3 үхэр баруун талын чих нь он эмтэй, зүүн талын догол эмтэй, 2 тооны үхэр нь хар зүсмийн сарлагийн эр үхэр нэг нь хойд 2 хөл нь цагаан духан дээрээ цагаан сартай Сарлагийн эр үхэр байсан...би тэр хүнээс авсан бичлэгийг үзэхэд 3 тооны үхэр зүсээрээ байсан. Манай хүүхдүүд хүртэл үзээд дүрээрээ манай 3 үхэр мөн байна гэж ярьж байсан...****************** ах нэг үхрийг манай үхэр гэдгийг нь мэдэж байсан. Намайг очоод асуухад зүсээр нь хэлж байсан. 2-ыг нь бол мэдэхгүй гээд гүрийгээд байсан...манай талийгаач аав, ээжийн нэр дээр улсын мал тооллогод  тоологдож байгаад одоо он гаргаад 2022 онд миний нэр дээр тоологдоно гэж байсан. Хар зүсмийн том биетэй хар эр үхэр нь ****************** ахын үхэрт өвөлжсөн. Хоёр тооны хар сарлагийн шар нь өөрийн үхэртээ байж байгаад 2021 оны 4 дүгээр сард ****************** ахын үхэрт очиж нийлсэн байсан. Манай хоёрын гэр голын наана, цаана байдаг учраас үхэр хоорондоо ижилссэн байсан болохоор аваагүй. ****************** ахын үхэрт байж байг гээд авдаггүй байсан... 2021 оны 7 дугаар сард манай ах Батболд эмчилгээ хийлгэх шаардлага гараад би 1,400,000 төгрөгөөр үнэлж хар зүсмийн сарлагийн он догол эмтэй эр үхэр авч байсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

        Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...манай нөхөр Батболдын төрсөн дүү нь юм. Манайхны үхрүүд жилд цуг оторт явдаг. Тэгээд 2020 оны намар цуг оторт явж ирээд ****************** гэх айлд манай нэг, ****************** хоёр нийт 3 шар үлдсэн. Манайх 1 хар гунаа өнгөрөх 6 сард манай нөхөр олгойтоод мөнгөний хэрэг болоод ******************д зарсан байсан... Манай хотонд байсан үхэр, хохирогчийн хоёр үхэртэй хамт ****************** ахын үхэртэй оторт яваад ирсэн. Ижил болохоор нь авдаггүй байсан...” гэх мэдүүлэг,

         Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 20-ны хооронд байх манай гэрт Мөрөн сумаас үхэр авна гэсээр танихгүй машинтай 4 хүн ирээд тэгээд бид нар танилцаад тэр 4 хүн манай гэрт хоноод манайх болон манай хадам ах ****************** бид хоёр тэр үхэр авдаг Алтаншагай гэх залууд нийлээд 14 тооны эр үхэр үнэ тохирч зарсан. Тухайн үед манайх 6 тооны эр үхэр, хадам ****************** ах 8 тооны эр үхэр зарсан. Нийлээд 14 эр үхрийн мөнгө гэж ****************** ах бид хоёр 17.700.000 төгрөг авсан. Тэгээд тэр хүмүүс бид хоёроос худалдаж авсан үхрээ туугаад явсан...” гэх мэдүүлэг,

       Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...******************, ****************** ах хоёрын үхэр хамт нэг хотонд байдаг байсан. ****************** ах 8 тооны үхэр зарсан...****************** хойд хоёр хөл нь цагаан хязаалан насны эр үхрийг ****************** ах зарсан...” гэх мэдүүлэг,

       Гар утаснаас хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 8-р хуудас),

       Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 9-р хуудас),

       Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай дүү ****************** 4 тооны үхэр манай хүргэн ах ****************** гэх хүний үхэрт 2 тооны үхэр өнгөрсөн хавар 2 тооны үхэр нь тэдний үхэртэй өвөлжсөн. Би тэдний үхэрт байхад нь очиж харж байсан. Тэгээд би ****************** бид хоёр нэг тооны хар зүсмийн шүдлэн насны эр үхрийг саяхан өвөлжөөндөө буухын урьд талд очиж авсан. Тэдний үхэрт 3 тооны эр үхэр үлдээгээд явсан. Тэгээд 2021 оны 10 сарын 15-наас 20-ны хооронд ****************** ахынд өөрийн төрсөн ах Бат-Өлзийн хамт очиж үхэрт нь үзсэн чинь байхгүй байхаар нь ****************** ахаас ****************** 3 тооны үхэр яасан юм гэж асуухад ****************** ах 1 тооны үхрийг нь би зарсан байж магадгүй. Би сайн танихгүй 2 тооны үхрийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би дүү ******************д үхэр чинь ****************** ахын үхэрт байхгүй байна гэж ****************** ахтай учраа олоорой гэж хэлсэн. Тэгээд тэд нар уулзсан байх би сайн мэдэхгүй байна. ...2 тооны үхэр нь ****************** өөрийнх нь үхэр, нэг нь ах Батболдоос худалдаж авсан. Би гэхдээ нарийн ширийн учрыг нь сайн мэдэхгүй байна. ******************ыг яг хэдэн тооны үхэртэйг би мэдэхгүй тусдаа амьдардаг болохоор ****************** ахын байсанд 3 тооны эр үхэр ******************х мөн, тэрийг би сайн мэднэ... Би тэр хоёрыг наймаа хийсэн талаар сайн мэдэхгүй. ****************** надад ярихдаа Батболд ахаас нэг үхэр худалдаж авлаа гэж байсан. Хоорондоо юугаар яаж наймаа хийснийг нь би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 28-30, 115-116, 223-224-р хуудас),

      Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 9 сарын 15-ны өглөө Батням нь 6 тооны үхэр, ****************** гэх хүн 8 тооны үхэр, тэр хоёр нийлээд 14 тооны үхрийг 17.700.000 төгрөгөөр надад зарсан. Би үхэр худалдаж авсан зарлагын баримт үйлдэж Батнямаар малчны тамга тэмдэг даруулж аваад их хувийг нь өөрөө аваад дагалдах хувийг Батнямд өгсөн. ...Баянзүрх сумын ****************** гэгч хүн над руу утсаар яриад Батням гэх хүн танд үхэр зарсан уу, та Хийтийн гол гэх газраас үхэр худалдаж авсан уу гэж асуухаар нь би авсан гэсэн чинь тантай уулзаж үхэр асуух гэсэн юм гэхээр нь би байгаа утсан дээр хийсэн бичлэг зургаа үзүүлээд чатаар явуулсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-38-р хуудас),   

         Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би ээжийн утсан дээрээс тэр бичлэгийг үзсэн. Тэр бичлэгт нэг хүн үхэр тууж яваа бичлэг байсан. Тэр үхрүүд дунд манай алдсан 3 тооны үхэр зүсээрээ явж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 57-р хуудас),

       Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайхан урьд нь хамт оторт явдаг байсан зун нэг голд хамт зусдаг болохоор манай үхэртэй ****************** эгчийн үхэр ижилсэн байдаг болохоор 2021 оны  9 дүгээр сард манай үхэрт ****************** эгчийн яриагаар 4 тооны үхэр байсан гээд байгаа юм. Миний харснаар 3 тооны үхэр байсан. ..Хавар хар сарлагийн үнээ ирээд зун нь тугалсан. Тэр үед нь өөрсдөө ирээд тугалсан үнээгээ тугалтай нь аваад явсан... Намар 9 сард миний харснаар Хар сарлагийн гуна, Гялгар хар хязаалан гуна, Төлөөтэй буюу хойд 2 хөл нь болон духан дээрээ бага зэргийн цагаантай хар сарлагийн шүдлэн үхэр гэх 3 тооны он догол эмтэй үхэр байсан. Нэг үхрийг би сайн анзаарч хараагүй болохоор ямар зүсний үхэр байсныг би сайн анзаарч хараагүй... одоо тэр үхрүүд байхгүй. Намар 9 сарын 15-ны орчим Мөрөн сумаас мал авна гэсэн хүн ирэхэд аав зарсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 123-125-р хуудас),

         Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...зүсийг нь одоо санахгүй байна...насны хувьд хязаалангаас, нас гүйцсэн үхэр авсан. ******************, Борхүү гэдэг хүний үхрүүд байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 215-216-р хуудас),

       Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Өнгөрсөн жил ****************** ах 10 гаран тооны үхэр зарсан гэж сонссон. Тэр дотор нь Батболдын 1 тооны хязаалан насны эр үхэр зарагдсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 227-228-р хуудас),

       Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...урьд өмнө энэ айлын үхрүүд хамт байдаг байсан. Тэр хоёр хоорондоо хүргэн хадмын холбоотой хүмүүс сүүлийн үед малаа тусдаа харж байгаа би сайн мэдэхгүй... 2020 болон 2021 онд мал тооллогын үеэр ******************, ****************** нарын үхэр хоорондоо нийлсэн зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 231-232-р хуудас),

        Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...манай төрсөн эгч Т.****************** нь урьд өмнө өөрийн 2 охинтойгоо манай талийгч ээж ******************тай хамт нэг гэрт нэг өрх болон Баянзүрх сумын Тоом 3 дугаар багт оршин суудаг байсан. Тэр үед тэр хоырын мал талийгч ээж ****************** дээр тоологдсон байсан. Тэгээд манай ээж ****************** 2021 оны 03 дугаар сард нас барсан. Тэр цагаас хойш талийгч ээжийн нэр дээр тоологддог байсан малыг нь манай төрсөн эгч Т.****************** өв залгамжлан авсан. Яг хэдэн үхэр мал авсан талаар сайн тоог нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 235-236-р хуудас),

         Гэрч Т.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...03 сард ээж нас барснаас хойш талийгаач ээжийн нэр дээр тоологддог байсан малыг нь манай дүү ****************** өв залгамжлан авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 239-240, 2-р хх-ийн 4-5-р хуудас),

         Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...ээж бурхан болсноос хойш манай дүү Т.****************** яг нарийн тоог нь санахгүй байна 30-40 тооны үхэр өвлөн авсан. Би зүсийг нь сайн мэдэхгүй байна...Т.****************** талийгч ээжээс өвлөж авсан 3 тооны эр үхэр байж байгаад алга болсон байсан. Би дүүгийн хамт ****************** ахын үхэрт дахин очиж үзэхэд уг 3 тооны үхэр зарагдаад Мөрөн явсан байсан. Зарагдаад явсан талаар би өөрийн дүү Отгонцэцэг, ****************** нараас мэдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 245-248-р хуудас),

         Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021, 2022 оны мал тооллогод явсан... би гадаа бэлэн байгаа мал тоолдог болохоор иргэн ****************** хэний нэр дээр мал тоолуулсан талаар мэдэхгүй...айл өрхүүд хүний мал байвал А маягт дээр задаргаа хийлгэдэг. ******************н үхэрт өөр айлын мал байсан үгүйг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 1-2-р хуудас),

      Хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хх-ийн 62-63-р хуудас),

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021 оны тооллого, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 77-84, 90-93, 199-212-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000611 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ******************эзэмшлийн 3 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар авч бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэнд холбогдуулан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ******************эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэл нь:

       Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай 3 тооны нас нийлсэн том шар манай хүргэн ах ****************** гэх хүний үхэрт байж байгаад гэнэт алга болсон... Хар зүсмийн том биетэй хар эр үхэр нь ****************** ахын үхэрт өвөлжсөн. Хоёр тооны хар сарлагийн шар нь өөрийн үхэртээ байж байгаад 2021 оны 4 дүгээр сард ****************** ахын үхэрт очиж нийлсэн байсан...****************** ахын үхэрт байж байг гээд авдаггүй байсан...” гэх мэдүүлэг,

        Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...****************** гэх айлд манай нэг, ****************** хоёр нийт 3 шар үлдсэн...” гэх мэдүүлэг,

        Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...******************, ****************** ах хоёрын үхэр хамт нэг хотонд байдаг байсан...****************** хойд хоёр хөл нь цагаан хязаалан насны эр үхрийг ****************** ах зарсан...” гэх мэдүүлэг,

       Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай дүү ****************** 4 тооны үхэр манай хүргэн ах ****************** гэх хүний үхэрт 2 тооны үхэр өнгөрсөн хавар 2 тооны үхэр нь тэдний үхэртэй өвөлжсөн. Би тэдний үхэрт байхад нь очиж харж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 28-30, 115-116, 223-224-р хуудас),

       Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...урьд өмнө энэ айлын үхрүүд хамт байдаг байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 231-232-р хуудас) болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

      Харин шүүгдэгч ******************нь өөрийн үхэрт байсан ******************3 тооны үхрийг бусдад зарсан үйлдэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ц.******************д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******************нь иргэн ******************итгэмжлэн хариуцуулсан 3 тооны үхрийг 2021 оны 09 дүгээр сарын 15-20-ны өдрүүдийн хооронд бусдад худалдан завшиж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

  Хохирогч ****************** гэрч Д.Сарантуяа,  М.Оюунжаргал, ******************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Гэрч ******************(1-р хх-ийн 28-30, 115-116, 223-224-р хуудас), ******************(1-р хх-ийн 37-38-р хуудас), ******************(1-р хх-ийн 57-р хуудас), ******************(1-р хх-ийн 123-125-р хуудас), ******************(1-р хх-ийн 128-130-р хуудас), ******************(1-р хх-ийн 215-216-р хуудас), ******************(1-р хх-ийн 227-228-р хуудас), ******************(1-р хх-ийн 231-232-р хуудас), ****************** (1-р хх-ийн 235-236-р хуудас), Т.Уранчимэгийн (1-р хх-ийн 239-240, 2-р хх-ийн 4-5-р хуудас), ******************(1-р хх-ийн 245-248-р хуудас), ******************(2-р хх-ийн 1-2-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Гар утаснаас хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 8-р хуудас),

       Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 9-р хуудас),

        Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 62-63-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

        Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

       Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************3 тооны үхрийг бусдад зарж завшиж нийт 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 84-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

      Шүүгдэгч ******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 2238000000611 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000611 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******************д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.            

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хилийн дээсээр тогтоож, 6 (зургаа) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гадагш явахыг хориглосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      7. Эрүүгийн 2238000000611 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

       8. Эрүүгийн 2238000000611 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР