| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/1349/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1383 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 20.9.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1383
2022 11 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Н.Г,
шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-нд холбогдох эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Б-гийн М /РД:00000000/,
Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын ***-ны өдөр ****** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0хэсэг, Их Дарь-Эх 0 гудамж 09 тоот оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 байр 0 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Эрүүл мэндийн төвд химийн эм найруулагчаар буюу эмийн санчаар 2020 он 4 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж, эрх бүхий эмч нарын бичсэн 173 ширхэг жорын маягт дээрх НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан морфин (morphine) нэртэй эм тарианы тоо ширхэг, тунг хэмжээг өөрчлөн, бусдад өгч нийт 9,314,625 төгрөгийн мансууруулах морфин эм, тариаг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Эрүүл мэндийн төвд химийн эм найруулагчаар буюу эмийн санчаар 2020 он 4 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж, эрх бүхий эмч нарын бичсэн 173 ширхэг жорын маягт дээрх НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан морфин (morphine) нэртэй эм тарианы тоо ширхэг, тунг хэмжээг өөрчлөн, бусдад өгч нийт 9,314,625 төгрөгийн үнэ бүхий мансууруулах морфин эм, тариаг хувьдаа завшсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Эрүүл мэндийн төвийн 2 давхарт байрлах 21 тоот эмийн санд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4-12-р хуудас/,
-Хохирогч Л.О-рийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан Б.М нь 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс тус эрүүл мэндийн төвийн эмийн санд эм зүйч буюу жор баригчаар шилжин ажиллаж эхэлсэн. Эмийн санч Б.М нь эм зүйчээр ажиллаж байх хугацаандаа хавдрын эмч Х болон Б.М нарын бичсэн жорын маягт дээрх эм тарианы тоо ширхэг, тунг хэмжээг өөрчлөн нийт 9,314,625 төгрөгний үнэтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт Морфин 1%-ийн 1 мл болон морфин уухаар 10 мг, 30 мг зэрэг эм тариаг хувьдаа авч завшсан болох нь байгууллагын дотоод шалгалт болон бусад байдлаар илэрсэн юм. ...Одоо байгууллагад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-23, 3хх-ийн 149),
-Гэрч Г.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тус эмнэлгийн хавдрын эмчээр ажиллаж байгаа, надаас гадна М эмч байгаа. Би 2021 онд хорт хавдрын 3-4 дүгээр шатанд ба ойролцоогоор 900 гаруй өвчтөнд эмийн жор бичиж өгсөн. Жорын хуудсыг манай байгууллагын эмийн сангаас бид нарт тоо ширхэгтэй тарааж өгдөг, уг "С" жорын хуудас буюу шар зураастай цаасанд дээр мансууруулах төрлийн "морфин" болон "Кт"-ыг бичиж өгдөг. Жорын хуудас дээр үзүүлэгч хүний онош, нас, хүйс, рд, эм хүлээн авсан хүний утасны дугаарыг ард нь бөглөж бичдэг. Миний хяналт тавьж байгаа өвчтөн 7-10 хоногт ирж эмээ бичүүлж авдаг юм, гэхдээ би жорын хуудас дээр мансууруулах эмийг бичээд тухайн өвчтөндөө өгөөд поликлиникийн эмчээр тамга даруулж баталгаажуулаад дараа нь 2 давхарт байрлах манай эмнэлгийн эмийн санд тухайн бичсэн жор болон иргэний үнэмлэхээ үзүүлээд үнэгүй авдаг юм. Хэрэв жорын цаасанд дээр засварлах шаардлагатай болвол засаж бичээд, түүн дээрээ засварласан үнэн гэсэн тамга дарж өгдөг юм. Ер нь жорын цаасан дээр засварласан бол бид нар заавал тамга дардаг. Хэрэв засварлаад ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй бол эмийн санч буцааж мэдэгддэг юм. ... Манай үйлчлүүлэгч энэ тоог засах ямар ч боломж байхгүй, хэрэв миний бичиж өгсөнг засаад засвар оруулсан жорыг эмийн санч хүлээж аваад засвар орсон тамга байхгүй бол шууд надад мэдэгддэг юм, тийм учир үйлчлүүлэгч засах ямар ч боломж байхгүй. Манай эмийн санд өмнө нь ажиллаж байсан Б.М зассан байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-28, 33-35/,
-Гэрч “Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эмнэлгийн эмийн санчаар одоо Д.Я ажиллаж байгаа түүний өмнө нь Б.М гэх эмийн санч ажиллаж байсан. Б-г, М нь 2018 оноос хойш эм зүйчээр ажиллаж байгаад, дараа нь жор баригчаар ажиллаж байсан. Б.М нь 2022 оны 4 дүгээр сард ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Миний хувьд тус эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч ажилтай, уг эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг юм. Манайх жорын маягтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч индексийн дугаараар нь эм зүйчдээ хүлээлгэж өгдөг, эм зүйч нь индексийн дугаараар нь эмч нартаа тарааж өгдөг, эмч нар нь уг жорын маягтан дээр өвчтөн нартаа бичиж өгөөд, уг жорыг өвчтөн нар нь ерөнхий эмчийн тамга, гарын үсэг даруулаад, дараа нь эмийн сангийн жор баригчаас очиж авдаг. Хэрэв уг жор нь ямар нэгэн засвартай байх юм бол тэр дор нь жор баригч, эмийн санч нь тухайн жор бичсэн эмчтэй холбогдож уг засвар оруулсан эсэх талаар тодруулж байж өвчтөндөө эмийг нь өгдөг. Хэрэв жорын маягт дээр зассан байх юм бол зассан гэсэн тамга дарж эмч нар нь баталгаажуулдаг юм. Мансууруулах төрлийн эм, тариаг би гадагшаа тендерт шалгарсан “А ХХК, “Мо” ХХК гэсэн хоёр газар руу тоо ширхэгээр нь захиалга өгч эмийн санч хүлээж авдаг юм. Хэрэв эмийн санч байхгүй бол манай эмийн сангийн ажилтан нар хүлээж авдаг, гэхдээ ихэвчлэн Б.М-нд хүлээлгэж өгдөг байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 51-52, 54-58-р хуудас/,
-Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа эмийн санч М-тай танилцаж ажил хэргийн сайн найзууд болсон юм. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын эхээр байх М надруу залгаад “...тайлан гаргасан чинь морфин дутчихлаа, эм тариа дутаасан гээд найз нь асуудалд орох гээд байна ажил дээр цагдаагийн газраас шалгалт ирсэн байна, найз нь асуудалд орох гээд байна 1.2.3 дугаар сарын тайлангаас дутаад байна, чи надад хэдэн жор бичээд өгөөч ..." гэж надаас асуухаар нь би “...энэ саруудад би энд ажиллаж байгаагүйшдээ, дээр нь морфин тариаг бол бичиж өгч чадахгүй..." гэж хэлсэн чинь заза гээд тасалсан. Тэгээд тэр утсаар ярьсан орой нь дахиж надруу залгаад гэрийн гадаа чинь ирчихсэн байна, тамхи татъя гараад ирээч гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад очтол өөрийнхөө хар хөх өнгийн кроун маркийн автомашинтай ирчихсэн байсан. Тэгээд би машинд нь суугаад тамхи татсан. тэр үед М надад хэлэхдээ “...за хөгшин нь баларлаа, чамаас өөр гуйх хүн алга өөр туслах хүн ч алга, морфин тариа биг 10 мг болон 30 мг уухаар эмнүүд дутаад байна чи найздаа туслаач, ажлаас маргааш гэхэд бүртгэл судалгаагаа авчирч өг гээд байна цагдаа нар шалгалтаар ирсэн байгаа. тэгээд намайг өөртөө байгаа бүртгэл судалгааг авчирч өг гээд байна, үнэхээр өөр гуйх хүн алга, найздаа туслаач ... гээд байн байн гуйгаад шаналаад байхаар нь би дотроо хүнийг алдаж байхад нь алдаа дээр нь түлхэж байгаа юм шиг санагдаад дээрх жоруудыг бичиж өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122-р хуудас/,
- Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ын Б гэх шулуун гэдэсний хорт хавдартай хүн байгаа юм. Би дээр 4 ширхэг индексийн дугаартай жорын маягттай танилцлаа миний бичиж өгсөн жорын маягт мөн байна. Болдын Б нь Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Содон хороололд гэр нь байдаг юм, манай өрхийн эмнэлэг 0 дугаар хорооны өрхийн эмнэлэгтэй хамт байсан юм, тэгээд 2022 оны 04 дүгээр сард 0 дугаар хорооны эмнэлгээс салаад 6 хорооны өрхийн эмнэлэг гэж тусдаа гарсан. Тэр үед Б.Б дээрх жорыг бичүүлэн авдаг байсан. Сүүлд 2 долоо хоногийн өмнө нь байх, Б дахиж манай өрхийн эмнэлэг дээр ирээд жорын маягт дээр мансууруулах эм тариаг бичиж авах гэхээр нь бичиж өгөөгүй, яагаад гэвэл одоо 37 дугаар хороо тусдаа өрхийн эмнэлэгтэй болсон гэх шалтгаанаар бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 127-128-р/,
- Гэрч Ж.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний өвчин хүндрээд 2020 оны эхнээс хойш маш их өвддөг болсон. цус алддаг болсон болохоор морфин гэх хүчтэй тайвшруулах эмийг дараа нь тариаг нь хэрэглэж эхэлсэн. Миний бие Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгг харьяалагддаг болохоор тус дүүргийн эмнэлгээс эмчийн бичгээр 10 хоногоор морфин авдаг байсан боловч хүрэлцэхээ байсан. Тэгээд би эмчийн бичгээр эм зүйч М-аас эмчийн бичиг үзүүлээд авдаг байснаа дараагийн авах тарианаас хасуулаад илүү морфин авдаг байсан. Өөрөөр хэлбэл дараа нь авах 10 хоногийн тарианаас тодорхой хэсгийг нь өмнө нь аваад дансруу мөнгө хийчихдэг байсан. ... М эмчийн бичиггүй гээд өгдөггүй байсан боловч би гуйсаар байгаад тариагаа өмнө нь авчихдаг байсан. Би өвдсөндөө болоод дараагийнхаа тарианаас аваад М-нд баярласан сэтгэлээ илэрхийлж мөнгө өгдөг байсан юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 126-127-р хуудас/,
- Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний төрсөн эх А-гийн У гэдэг хүн дээрх Б.М гэх хүний 5064751752 тоот Хаан банкны дансанд мөнгө хийхийг надаас гуйгаад би шилжүүлдэг байсан. ...Миний төрсөн эх А.У нь намайг бага байхын бие нь өвддөг байсан. Яг ямар өвчин гэдгийг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг жороор хэрэглэдэг гэсэн, нарийн учрыг ерөөсөө мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 222-223/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 1811, 1812, 1813, 1814, 1815, 1816, 1817, 1818, 2034, 2032, 2033, 2040 2039, 2041 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 211-228, 232-248, 2хх-ийн 2-16, 20- 33, 36-48, 51-62 66-79, 82-98, 101-110, 114-123, 126-139, 3хх-ийн 106-119, 122-130, 135-143-р хуудас/,
-Б.М-ны “эм барих” мэргэжлийн үйл ажиллагаа явуулах 0003704 дугаартай гэрчилгээний хуулбар /2хх-ийн 190-р хуудас/,
-Б.М-ны (химийн эм найруулагч) албан тушаалын тодорхойлолт 1хх-ийн 60-61-р хуудас/,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/157 дугаартай Б.М-ныг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар /1хх-ийн 62-63-р хуудас/,
-Б.М-ны Хаан банкны 000000000000000 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийнн 152-159-р хуудас/,
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, нийт 173 ширхэг баримт /1хх-ийн 16-18, 37, 39. 41-42, 3хх-ийн 100-101-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.М-ны яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд эмийн сангийн жор баригчаар ажиллаж байхдаа жорын маягтыг завсарлаж дээрх хэргийг үйгдсэн үнэн. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Миний хувьд гэм буруутай маргахгүй. Энэ хэргийн талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн байгаа, миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мөн хамтран ажиллаж байсан эмнэлгийн ажилтан нараас чин сэтгэлийн уучлалт гуйсан, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, дахиж ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байна...” гэж /3хх-ийн 163-164-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 186-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 187-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 188-р хуудас/, Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа /2хх-ийн 189-р хуудас/, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /2хх-ийн 190-р хуудас/, Этүгэн дээд сургуулийн диплом /2хх-ийн 191-193-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2хх-ийн 199-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 203-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Эрүүл мэндийн төвд химийн эм найруулагчаар буюу эмийн санчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж, эрх бүхий эмч нарын бичсэн 173 ширхэг жорын маягт дээрх НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан морфин (morphine) нэртэй эм тарианы тоо ширхэг, тунг хэмжээг өөрчлөн, бусдад өгч нийт 9,314,625 төгрөгийн мансууруулах морфин (morphine) эм, тариаг хувьдаа завшсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үздэг.
Шүүгдэгч Б.М-ны үйлдлийн хувьд эмийн санчаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг буюу жор, тунгийн хэмжээгээр олгогдох ёстой байсан жорын маягт дээр тоо ширхэг, тун хэмжээг өөрчлөн морфин буюу мансууруулах эмийг бусдад өгч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Б.М-ны дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Л.Оюунтүлхүүр нь 10,810,325 төгрөгийн хохирлоо авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М-ныг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.М-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 173 ширхэг засварласан эмийн жорын хуудаснуудыг устгуулах саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Иймд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.М-ныг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Б.М-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-нд эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
Мөн дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх эрх хасах ялыг торгох … ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно гэсний дагуу уг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдвал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 173 ширхэг засварласан эмийн жорын хуудаснуудыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-гийн М-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.М-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-нд оногдуулсан “эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан” ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 173 ширхэг засварласан эмийн жорын хуудаснуудыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА