Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/1350/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1381 |
Огноо | 2022-11-07 |
Зүйл хэсэг | 18.3.1., |
Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1381
2022 11 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Б.Энхбат,
шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 00000000000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт П-ийн Э /РД:000000000/,
Монгол улсын иргэн, *****оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Г т” ХХК-ийн захирал, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч П.Э нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Их хөдөлгөөн байрны 101 тоотод үйл ажиллагаа явуулах “Г т” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “М д у ”, “М ”, “М ” ХХК-иудаас 2017 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 12 ширхэг падаан, “Ди ди с”, “С ” ХХК-иудаас 2018 оны 8 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 5 ширхэг падаан, “Э д б” ХХК-аас 2018 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 1 ширхэг падаан, В ” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 1 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 1,091,132,272.71 (Нэг тэрбум, ерөн нэгэн сая, нэг зуун гучин хоёр мянга, хоёр зуун далан хоёр төгрөг, далан нэгэн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 19 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 109,113,227.29 (Нэг зуун есөн сая, нэг зуун арван гурван мянга, хоёр зуун хорин долоон төгрөг, хорин есөн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч П.Э нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Их хөдөлгөөн байрны 101 тоотод үйл ажиллагаа явуулах “Г т” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “М д у ”, “М ”, “М ” ХХК-иудаас 2017 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 12 ширхэг падаан, “д д с”, “С ” ХХК-иудаас 2018 оны 8 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 5 ширхэг падаан, “Э д б” ХХК-аас 2018 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 1 ширхэг падаан, В ” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 1 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 1,091,132,272.71 (Нэг тэрбум, ерөн нэгэн сая, нэг зуун гучин хоёр мянга, хоёр зуун далан хоёр төгрөг, далан нэгэн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 19 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 109,113,227.29 (Нэг зуун есөн сая, нэг зуун арван гурван мянга, хоёр зуун хорин долоон төгрөг, хорин есөн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г трейд” ХХК-ийн хувьд 2017-2019 оны хооронд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 109,113,227.29 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “Г т” ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулсан. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 109,113,227.29 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “Г т” ХХК нь илгээсэн байдаг. “Г т” ХХК нийт 7 аж ахуйн нэгжээс 19 падаанаар 109,113,227.29 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
- Татварын ерөнхий газраас ирүүлсэн “Г т” ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ- ын 1,091,132,272.71 (Нэг тэрбум, ерөн нэгэн сая, нэг зуун гучин хоёр мянга, хоёр зуун далан хоёр төгрөг, далан нэгэн мөнгө) төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг “М д у ”, “М”, “М ”, “Ди ди с”, “С”, “Э д б”, “В ” гэсэн нэр бүхий 7 аж ахуйн нэгжүүдээс авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2018 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 11 дүгээр сарын 20, 2019 оны 1 дүгээр сарын 20, 2019 оны 9 дүгээр сарын 10, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн өр төлбөрөө барагдуулсан талаарх баримт /хх-ийн 27-28-р хуудас/,
- “И н а” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-41-р хуудас/,
-Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтийн тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Д.С нарын 2018 оны 7 дугаар сарын 05- ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын Н/108 тоот тушаалын хавсралт 1-д заасан (Татварын хяналтанд шалгалтанд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт)-д үндэслэн иж бүрэн хяналт, шалгалт хийх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн томилолтын дагуу “М ” ХХК-ийн 2015- 2017 оны апбан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлтээр Татварын хяналт шалгалтаар нийт 54,577,566,913.41 /тавин дөрвөн тэрбум, таван зуун далан долоон сая, таван зуун жаран зургаан мянга, есөн зуун арван гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн.
Хавсралтаар: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01- ний өдрийн 00000 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж, хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус “М ” ХХК юм.
2017 онд 27,849,892,034.45 (хорин долоон тэрбум, найман зуун дөчин есөн сая, найман зуун ерөн хоёр мянга, гучин дөрвөн төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн бараа, материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа НӨАТ-ын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж, ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар ногдох орлого, НӨАТ ногдох, орлогыг хуурамчаар тусгасан гэсэн /хх-ийн 89-92-р хуудас/,
-Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: (Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын систем төлөвлөлт статистик албанд менежер ажилтай): “..Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг:
Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан:
Цахим татварын мэдээллийн сан:
Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.
-Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг.
-Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Еtex.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан.
-Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем
Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.
Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.
Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч П.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн компаний гэрээт нягтлан бодогчоос асуухад “М д у ”, “М ” гэх ХХК-аас 200,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж хий шивэлт хийлгэсэн байна. Тиймээс өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна прокурорын тогтоол, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх компаниудаас хийсэн НӨАТ-ын хий бичилттэй худалдан авалтуудыг дараа жил нь буцаалт хийж, тайлангаа залруулаад 2019 онд багтааж бүх татвараа төлж барагдуулсан байгаа. Тиймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж /хх-ийн 49-50, 216-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 55-рр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Э нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч П.Э нь Г трейд ХХК-ийн удирдах албан тушаалаар ажиллаж байхдаа “М ”, “М ” ХХК-иудаас 2017 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 12 ширхэг падаан, “Д д с”, “С ” ХХК-иудаас 2018 оны 8 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 5 ширхэг падаан, “Э д б” ХХК-аас 2018 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 1 ширхэг падаан, В ” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 1 ширхэг падаан буюу 19 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 109,1113,227.29 төгрөгийн орлогыг хуурамч баримтаар тодорхойлж, улмаар нуун дарагдуулж тайлагнан улсын төсөвт төлөгдөх 109,1113,227.29 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч П.Э нь татвар төлөгч бөгөөд татварын тайланг үнэн зөвөөр гаргах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон.
Татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг дэлхийн улс орнуудад төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хууль хууль тогтоомжид гэмт хэрэгт тооцож ирсэн уламжлалтай. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн татвар төлөх үүрэгтэй” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд шүүгдэгч П.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч П.Э-ын дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир нь 109,113,227.29 төгрөгийн хохирол төлбөрөө нөхөн төлсөн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгээ зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Э-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч П.Э нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч П.Э-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн;” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт П-ийн Э-ыг татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Э-д 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар П.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА