Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1417   

 

 

 

 

 

 

 

 

 

       2022            11             17                                                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч: Б.Л, түүний өмгөөлөгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 000000000000тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн Л /РД:00000000/,

Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, барилга дээр туслах хийдэг ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

- Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн,  

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялаас цагдан хоригдсон 113 хоногийг эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил 7 сар 03 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 0-0  тоотод тухайн үед үүссэн үл ялих маргааны улмаас хохирогч Х.Д-ийн нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд зовхи, зүүн чихэнд цус хуралт, дух, хоёр мөр, хоёр тохой, бүсэлхий, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 0-0  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн үл ялих маргааны улмаас хохирогч Х.Д-ийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд зовхи, зүүн чихэнд цус хуралт, дух, хоёр мөр, хоёр тохой, бүсэлхий, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 0-0  тоот гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж байхад танил Л такси барьж ирсэн ба таксины жолооч гээд нэг залуу гэрт орж ирээд гараад явсан. Л-ын 0.5 граммын “Хараа” архитай ирсэн ба бид хоёр архиа уугаад сууж байхад хоорондоо үл ойлголцоод маргалдсан ба Л миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиход би гэрээсээ гараад туслаарай гээд орилоод гарахад хажуу хашааны А гэдэг эмэгтэй манай дүү О рүү утсаар залгаж намайг хүнд зодуулж байгаа талаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 30-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000дугаартай:  

               “...1. Х.Д-ийн биед хоёр нүдний дээд зовхи, зүүн чихэнд цус хуралт, дух, хоёр мөр, хоёр тохой, бүсэлхий, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

               3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,

               Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Л бид хоёр эхнэр нөхөр хоёр байгаа юм. Бид хоёр 2007 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд бид хоёр 5 хүүхэдтэй манай бага 4 сартай хоёр ихэр, дунд хүүхэд 2 настай, дунд хүүхэд 13 настай, том хүүхэд 15 настай. Нөхөр бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Нөхөр бид хоёр хамт 8 жил амьдарч байгаа. Манай хоёр том хүүхэд миний дагавар хүүхэд байгаа юм. Б.Л бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Нөхөр бид хоёр одоо Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 7-89 тоотод амьдарч байгаа. Манай нөхөр Б.Л нь 1985 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Дэлгэр хаан суманд төрсөн эцэг эхээс 6-лаа ба айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ хоёр ахтай доороо 3 эрэгтэй дүүтэй. Манай нөхөр бага насаа хөдөө Дэлгэрхаан суманд аав ээж дээрээ мал маллаж өнгөрүүлсэн бөгөөд аав нас барсан ээж нь бид нартай хамт уг хамар хашаанд амьдардаг. Бусад ах дүү нар нь бүгд тусдаа гарсан. Манай нөхөр багаасаа мал дээр байсан сургуульд сураагүй боловсрол байхгүй. Зан байдлын хувьд их дөлгөөн үг дуу цөөтэй, үр хүүхдэдээ халамжтай, ямар нэгэн муу зуршил байхгүй. Сайн хань байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Л яллагдагчаар өгсөн: “...бид хоёр архи ууж байгаад хоорондоо маргалдсан ба намайг Д гэрээсээ зайл гээд хөөгөөд гарт барьж байсан бариултай аягаа шидсэн. Уг аяга намайг оноогүй. Бид хоёр яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Тэгээд миний уур хүрээд Д-ийн нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа алгадаж цохисон ба хамраас нь цус гарсан. Д хөл муутай учир намайг цохих үед газар унасан би татаж босгосон. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад эвлэрсэн...” гэж  /хх-н 49-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 19-р хуудас/, гэрч Л.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, Амьжиргааны түвшин доогуур амьдардаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53-80-р хуудас/, Х.Д-ийн хүсэлт /хх-ийн 85-р хуудас/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 88-р хуудас/, Х.Д-ийн хэргийн материал танилцсан баримт /хх-ийн 90-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Х.Д-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч Х.Д-ын нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Л-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Д нь 400,000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Л-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Л-ын 2 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр үлдэгдэл 3 сар 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

Өмгөөлөгч: Б.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчийн зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 20 хоногийн үлдэгдэл хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж сулласан. Өнөөдрийн байдлаар 3 сар 19 хоногийг үлдэгдэл ял биелэгдээгүй байна. Одоо ямар нэг зөрчил гаргаагүй ялаа эдэлж байгаа байдал, тухайн дүүргээсээ гарч ажил хөдөлмөр хийж чадахгүй байгаа, бага насны хүүхдүүдийг нь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Л-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Б.Л-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүлийн хувьд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг зэргийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.

Дээрх хөнгөрүүлэн үзэх болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Б.Л-од зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар шийтгэх санал гаргасныг багасгаж, 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 3 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоног байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жил 7 сар 3 хоногийн зорчих эрх эдлэх ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Л-ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 19 хоногийн хугацаагаар шийтгэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Л-ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА