Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1416         

 

 

 

 

 

 

 

 

 

       2022            11             17                                                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Д.Ганчимэг,

шүүгдэгч: Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ын Б/РД:000000/,

Монгол Улсын иргэн, **** оны **дүгээр сарын **-ны өдөр********* хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 59 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Э.П-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт аяга шидэж түүний биед духны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:  

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 59 дүгээр гудамжны 12 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам дүү Э.П-тай харилцан маргалдсаны улмаар түүний нүүрэн тус газарт аяга шидэж түүний биед духны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед гэртээ амарч байсан юм. Тухайн үед манай бэр эгч Г.Б нь миний утас руу залгаж холбогдоод өглөөнөөс хойш уулзий гадуур гарая гээд байхаар нь би гарсан юм. Тэгээд эгч бид хоёр манай гэрийн гаднаас хамт таксигаар содон хороололын пабад орж пиво ууж байгаад тэндээсээ ганданд караоке орж мөн пиво уусан. Уг газарт ууж дуусахад миний өмд урагдсан байсан болохоор бэр эгчид хандан гэрлүү очиж хувцасаа сольчихоод ирье гэж хэлэхэд эргэж гэрээсээ гарч ирэхгүй гээд намайг дагуулаад хороололд байх бааранд дагуулж орсон. Тухайн үед бид хоёр бааранд бүжиглэж дуусаад таксинд суугаад манай байрны гадаа ирсэн юм. Тэгээд гэрийн гадаа ирээд таксинаас буугаал согтуу машинаа бариад харина гээд байхаар нь болохгүй гэж хэлэхэд надтай хэрүүл маргаан болоод гэнэт миний толгойн үснээс хоёр гараараа зулгаасан. Тухайн үед миний үснээс зулгаахад нь зөрүүлээд уурандаа зулгаасан. Тэгээд бид хоёр салахад бэр эгч өөрийнхөө унаж ирсэн машиныг  өөрөө бариад хөдлөх гэхэд нь би болиулах гэтэл арагшаа ухраад дайраад алчихна шуү гичий минь гэж хэлээд яваад байхаар нь холдоход хөдлөөд яваад өгсөн. Уг үйл явдлын дараа 2 цагийн үед эгч явахад нь би гэртээ ороод нүүр гараа угаачихаад байж байтал бэр эгч надруу залгаад ахад чинь хэлчихлээ чи ер нь хэн юм бэ гэрт хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед би шууд гэрлүү нь яваад ороход бэр эгч надруу дайраад өмнө нь маргалдсан асуудлаа сөхөж яриад дайрахад бэр эгчийн том эгч Урнаа эгч бид хоёрыг салгахад бэр эгч надруу сандал авч шидээд онохгүй болохоор нь аяга авч шидээд миний толгойн дух хэсэгт оносон. Тэгээд бэр эгчийн шидсэн аяганд оногдоод ухаан алдаж унаад босч ирэхэд бэр эгч намайг жүжиглэж байгаа юм гэж хэлээд миний баруун хөхний доод хэсэгт зүүн хөлөөрөөө өшиглөөд эгч нь болиулаад цагдаагийн байгууллагад хадсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8-р хуудас/,

               -Гэрч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би хүүхдээ хоёр давхарт гаргаад дээрээс бууж ирж байхад юм шидэлцэж байгаа чимээ дуугараад очиход П толгойгоо бариад доошоо хараад сууж байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад Б толгой руу аяга шидчихлээ гэж хэлээд харахад толгой нь хавдчихсан байсан. Тэгээд П манай дүү хоёр хэрүүл маргаан болж байгаад салаад П нь харилаа гэж гараад эргээд цагдаа дагуулаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай:  

               “...1.  Э.П-ын биед духны зулгаралт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогч гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Б яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 13 цагийн үед Хархорин зах дээр өөрийн төрсөн эгч Г.Уранбилэгийн хамт хүүхдэд нь хувцас авах гээд явж байсан юм. Тухайн үед манай хадам дүү болох Э.П нь миний утасруу залгаад өмнөх долоо хоногт хамт гадуур гарч пиво ууж сууя гэж ярьсан хэвээрээ юу гэж асуусан. Тэгэхэд нь би хадам дүүд ядраад байсан болохоор өнөөдөр больдог юм билүү харьж амарлаа гэж хэлсэн. Тэгээд намайг орой гэртээ 18 цагийн үед амарч байтал надруу хадам дүү залгаад манай хүүхдийг эгч чинь хараад өгөх боломжгүй юу гэж асуусан. Тухайн үед манай эгч үгүй гэж хэлээд дүү утсаа салгасан. Тэгээд удалгүй гаднаас манай хамаатны эгч гэрт орж ирээд манай эгчтэй ханьтай болохоор нь би Э.П-тай чатаар дүрс бичлэгээр яриад тэдний гадаа уулзахаар болсон. Тухайн үед орой 23 цагийн үед Э.П-ын гэрийн гадаа уулзаж байрных нь ард байх нэгдсэн эмнэлэгийн зогсоол дотор машинаа байрлуулаад Содон хорооллын пабд орж 0.5л-н шилтэй бор өнгийн шилтэй нэрийг мэдэхгүй пиво ууж суусан. Тэгээд тэндээсээ 01 цагийн үед гараад Э.П-тай гарахад Моnel оръё гэж хэлэхэд нь хэрэггүй гэж хэлээд тэндээсээ манай найзын ажиллуулдаг караоке орж ууж сууж байгаад бааранд ороод миний бие болохгүй бөөлжөөд байхаар нь явахаар болоод хамт 21 дүгээр хороолол руу ирсэн. Тухайн үед таксинд явж байхдаа Э.П надтай найзыг таалагдсангүй гэж маргалдаад уурлахад нь таксинаас буухад араас бууж ирээд баруун гараараа чамд нэг хэлсэн үгээ хэд хэлэх ёстой юм гэж хэлээд миний цээж рүү хоёр гараараа цохисон мөн таксины жолооч салгах гэхэд миний зүүн хөлрүү өшиглөсөн. Тэгээд 05 цагийн үед байрныхаа гадаа надтай маргалдаж байгаад намайг машиндаа суугаад гэрлүүгээ харихад миний араас Э.П ирээд гэрлүү яваад орсон. Тэгэхэд Э.П-ын араас гэрлүү ороход нөхөр маань дугаарыг асуугаад бид хоёр маргалдахад миний толгойн үснээс зулгааж байсан. Мөн би Э.П-ын үснээс зүүн гараараа зулгаагаад ноцолдож байхад эгч маань бид хоёрыг салгахад эгчийг маань хэл амаар доромжлоод бөгжөө авч шидээд байхаар нь би зөрүүлээд сэнжтэй шаазан цагаан өнгийн аяга байсан авч шидэхэд толгойн дух хэсэгт нь оноод толгой нь эргэсэн бололтой толгойгоо бариад доошоо суусан. Тэгээд удалгүй Э.П гэрээс гарч явж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэж /хх-ийн 69-70-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, 2013.09.02-ны өдөр төрсөн А.Энххүслэн, 2018.11.04-ний өдөр төрсөн А.Энхжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-50-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-р хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-60-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.П-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.П-ын толгойн тус хэсэгт нь аяга шидсэн нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” /хохирогч Э.П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгчтэй харилцан маргалдаж, үсдэх зэргээр биед нь халдсан/ гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг/ нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн тул торгох шийтгэл оногдуулах нь тохиромжтой гэж үзэв.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

 

          5.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА