Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/344

 

 

 

 

2022     11        07                                              2022/ШЦТ/344

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Э.Сувдаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаад холбогдох эрүүгийн 2221003510347 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт  Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг Нуурын 8-07 тоот оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаа. /РД: ........../

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Сувдаа нь Ажиндар ХХК-ний харьяа Толгойт хиамны үйлдвэрт  борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны  өдрийн хооронд нийт 70 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо болох 8,891,520 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж хувьдаа завшиж иргэн Д.Уранхайчид 8,891,520 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Сувдаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Би 10 сартай нялх хүүхэдтэй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр 500,000 төгрөгийг нэмж төлнө. Хохирол дээр маргах зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Д.Уранхайчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сард Э.Сувдаа нь манай Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажилд орсон. ...манай харилцагч дэлгүүрүүд ихэнх нь зээлээр бараагаа аваад дараагийн худалдан авалт дээрээ тооцоогоо хийдэг юм. Энэ байдлыг далимдуулж Сувдаа нь дэлгүүрүүд тооцоогоо хийхгүй байна, дараа сард өгнө гэсэн гэх мэтээр нягтлан болон надад худлаа хэлсэн байсан. Дэлгүүрүүд тооцоогоо хийхгүй удаад байхаар нь би нягтлан бодогч М.Отгонцэцэгийг дэлгүүрүүдээр явуулахад тооцоогоо хийсэн байсан. Ингээд борлуулагч Э.Сувдаа нь 2020 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 8,935,000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр 8,891,520 төгрөгийн хохирол учирсан гэж гарсныг хүлээн зөвшөөрч байна. Одоо Э.Сувдаагаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 8,891,520 төгрөг дээр шинжилгээ хийлгэсэн төлбөр 500,000 төгрөгийг нэмж нийт 9,391,520 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45, 46/

 

Гэрч М.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ажиндар ХХК-д нягтлан бодогчоор ажиллаад 4 жил болж байна. Э.Сувдааг 2020 оны 06 дугаар сараас борлуулагчаар ажилд авсан. ...2020 оны 6, 7, 8 саруудад Э.Сувдаа нь их сайн ажиллаж байсан бөгөөд ихэнх бараагаа бэлэн мөнгөөр өгч цөөн тооны барааг зээлээр өгсөн ч удахгүй тооцоогоо хийдэг байсан. Ингээд 9 сараас Э.Сувдаагийн зээлээр өгөх барааны тоо хэмжээ ихсээд зээлүүд нь төлөгдөхгүй удаад байсан. Нэг өдөр захирал нярав бид хоёрыг яваад Э.Сувдаагийн зээлээр өгсөн барааны тооцоог хийгээд ир гэхээр нь бид зээлээр бараа өгсөн гэх дэлгүүрүүдийн худалдагч болон эзэдтэй нь уулзахад зээлээр авсан барааны төлбөрийг төлсөн, өр авлага байхгүй гэж хэлсэн. Тухайн үед захирал Д.Уранхайч Э.Сувдааг дуудаад зээлээр өгсөн барааны баримтын тулгалт хийж шалгасан. Шалгалтаар 8,935,010 төгрөгийн хохирлын тооцоо гарсан бөгөөд Э.Сувдаа тооцоог хүлээн зөвшөөрч, төлнө гээд  гарын үсэг зурсан. Гэвч 2020 оны 12 дугаар сараас хойш нэг ч төгрөг төлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

 

Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орчим захирал Д.Уранхайч  нягтлан  бодогч М.Отгонцэцэг бид хоёрыг өрөөндөө дуудаад Э.Сувдаа ажил ихтэй учраас дэлгүүрүүдээр явж бараа борлуулсан мөнгөө авч чадахгүй байна. Та 2 аймгийн төвийн дэлгүүрүүдээр яваад тооцоогоо хийгээд ир гэсэн. Тэгээд бид 2 аймгийн төвийн Цогт, Баялаг-Силкат, Танан-Эрдэнэ зэрэг дэлгүүрээр очиж тооцоогоо нэхтэл борлуулагч Э.Сувдаад өгсөн гэж хэлсэн. ...Тэр үед Э.Сувдаа би борлуулалт хийсэн орлогын мөнгийг аваад өөрийн өрийг төлчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

Шүүгдэгч Э.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Толгойт хиамны үйлдвэрт 2020 оны 05 дугаар сард худалдагчаар ажилд орсон. 2020 оны 6 дугаар сард захирал надад борлуулагч хийх санал тавихаар нь би хүлээн зөвшөөрч 2020 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл Толгойт үйлдвэрийн зайдас, хиам, элэгний нухаш зэрэг бүтээгдэхүүнийг борлуулж байсан. ...Ингэж ажиллах 6 сарын хугацаанд би борлуулалтын орлогыг бага багаар захиралд өгөлгүй хувьдаа ашигласаар байгаад 12 дугаар сард  нийт 8,891,520 төгрөгийн өрөнд орсон байсан. ...Надаас зээлээр бараа авсан дэлгүүрүүд 7-30 хоногийн хугацаанд мөнгөө бэлэн өгдөг байсан. Дансаар өгөх бол би захирал Д.Уранхайчийн дансыг өгдөг байсан. Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 8,891,520 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо төлнө. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/

 

  1. оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Ажиндар ХХК-ний харьяа Толгойт үйлдвэрт иргэн Э.Сувдаа нь 2020 онд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 1 иргэн, 23 байгууллагад  нийт 70 удаагийн үйлдлээр 9,961,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулж 1,070,280 төгрөгийг захирал Д.Уранхайчийн дансанд тушааж,  8,891,520 төгрөг төлөх нь хавтаст хэрэгт хавсаргасан зарлагын падаанууд, захирлын  гаргасан жагсаалтаар тогтоогдож байна гэжээ... /хх-ийн 55-59/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

- Ажиндар ХХК-ний Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 12/

- Тооцооны хуудас  /хх-ийн 16-41/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/

- Э.Сувдаагийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 73-76, 86, 88/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-83/

- Нэхэмжлэх /хх-ийн 94/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Сувдаад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.Сувдаа нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаарт багт үйл ажиллагаа явуулж буй Ажиндар ХХК-ний Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалт хийсэн бүтээгдэхүүний үнэ болох нийт 8,891,520 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Уранхайч,  гэрч Д.Дэлгэрмаа, М.Отгонцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,  шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч Э.Сувдаа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан завших гэмт хэрэг нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан байхыг шаарддаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эрдэнэтуяагийн Сувдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Сувдааг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Сувдаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал  байхгүй болно.

 

Шүүгдэгч Э.Сувдаагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-д “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”,  7 дугаар зүйлийн 7.1-д  “...Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Э.Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Сувдаа нь Дорнод аймгийн Хэрлэн сумын үндсэн харьяат бөгөөд Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг Нуурын 8-07 тоотод амьдарч байх тул түүнийг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Сувдаагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Ажиндар ХХК-д 8,891,520 төгрөгийн хохирол учирч шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл уг хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд хохирогч Д.Уранхайч нь шүүгдэгч Э.Сувдаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 8,891,520 төгрөг дээр уг гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр болох 500,000 төгрөгийг нэмж нэхэмжилснийг шүүгдэгч Э.Сувдаа төлөхийг зөвшөөрч байх тул шүүгдэгчээс  нийт 9,319,520 төгрөгийг гаргуулж, Ажиндар ХХК /Д.Уранхайч/-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэтуяагийн Сувдааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдаад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдааг 1 жил 6 сарын хугацаанд  Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Сувдаад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Сувдаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  8,891,520 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр болох 500,000 төгрөгийг нэмж нийт 9,319,520 /есөн сая гурван зуун ерэн нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ажиндар ХХК /Д.Уранхайч/-д  олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Сувдаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА