Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2018/00981

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2018/00739/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******, Утас:*******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД *******, Утас: / нарт холбогдох

Зээлийн үндсэн төлбөрт 2,452.23 ам.доллар буюу 5,899,869.20 төгрөг, хүүнд 2,507.84 ам.доллар буюу 6,033,662.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 427.14 ам.доллар буюу 1,027,664.66 төгрөг, нийт 5,387.21 ам.доллар буюу 12,961,196.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Д.*******, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Д.******* нь 2014 оны 04 сарын 24-ний өдөр *******-тай байгуулсан ЗГ1105/14/04/009 дугаартай зээлийн гэрээний дагуу 3,000.00 ам.долларыг 30 хоногийн 3,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. зээлийн үндсэн төлбөрт 2,452.23 ам.доллар буюу 5,899,869.20 төгрөг, хүүнд 2,507.84 ам.доллар буюу 6,033,662.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 427.14 ам.доллар буюу 1,027,664.66 төгрөг, нийт 5,387.21 ам.доллар буюу 12,961,196.28 төгрөгийг зээлдэгч Д.*******, Б. нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.*******, Б. нарын зүгээс 2014.04.24-ний өдөр *******-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 3000 ам доллар авсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний төлөлт нь хуваарийн дагуу 2014.04.24-өдрөөс 2015.01.04-ний өдрийг хүртэл байсан. Хариуцагч Д.*******, Б. нар нь үндсэн зээлийн төлөлтөө хийж байгаад зээл төлөлт нь тасарсан байгаа. Тиймээс нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас шүүхэд хандахаас өмнө Д.*******, Б. нартай эвлэрэх талаар ярилцсан гэдэг боловч харилцан тохиролцоогүй байдаг. Ингээд нэхэмжлэгчээс 5387.21 ам доллар буюу 12,961,196 төгрөгийг талуудын гэрээний дагуу хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зээлийн гэрээний үүргийн талаар тодорхой заасан. Зээлийн гэрээнд 30.3 хувийн хүүтэй байсан. Д.*******, Б. нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учраас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй талаар хуульд тодорхой заасан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар заасан бөгөөд талууд зээлийн гэрээндээ хүү, нэмэгдүүлсэн хүүг харилцан тохирсон байдаг. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.*******, Б.Уртгнасан нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 12,961,196 төгрөг гаргуулах үнэдэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Надад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх хэмжээ байхгүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Тиймээс нэхэмжллэлийн шаардлагын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

Хариуцагч Д.*******, Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд *******-ын нэхэмжлэл гарган Д.*******, Б. бид нарыг хариуцагчаар татжээ. *******-аас 2014.04.24-ний өдөр 3000 ам долларыг 36 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Зээл авсан өдрөөс хойш 1812 ам долларыг төлж барагдуулсан атал зээлийн төлөлт хийгдээгүй мэт нэхэмжлэл гаргажээ. Иймд хариуцагч бид үндсэн зээл 3000 ам доллараас төлөгдсөн 1812 ам долларыг хасаж тооцон үлдэгдэл 1188 ам долларыг хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн нэмэгдүүлсэн хүү болох 427.14 ам долларыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн хэрэглээний зээл авсан 2014.04.24-ний өдрийн 1 ам долларын Монгол банкны валютын ханшаар бодож төлөх хүсэлтэй байна. гэжээ.

Хариуцагч Д.*******, Б. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл төлбөрийг тухайн үеийн буюу 2014 оны долларын ханшаар төлөх боломжтой. Гэхдээ манай талаас 2014 оны долларын ханшаар тооцоолол гаргаагүй байна. 2014 онд *******-тай зээлийн гэрээ байгуулж байхад долларын ханш 1700 ам доллар байсан санагдаж байна. Саяхан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. утсаар ахыгаа харж үзээд тухайн үеийн ханшаар зээлийг төлүүлэх боломж байна уу. 9-10 сая төгрөгийн хооронд төлж болно гэвэл яаралтай хугацаанд төлөх саналтай байна гэж өөрийн саналаа хэлсэн. Тэгсэн миний мэдлийн асуудал биш. Шүүх шийдвэрлэх байх гэж хэлсэн. 2014 онд гэрээ байгуулах үеийн долларын ханшаар зээлийг төлөх боломж байхгүй юм уу. Би хашаа байшингаа зээлийн гэрээний үүргийг хангуулж, эхнэр бид хоёр 5 ханатай гэр бариад айлын хашаанд байна гэж бодож байна. гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ-1105/14/04/009 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөр 5,899,869.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,033,662.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,027,664.66 төгрөг, нийт 12,961,196.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.*******, Б. нар нь *******-тай 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ-1105/14/04/009 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000 ам.долларыг 36 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн байна.

Уг зээлийн гэрээний 2.1-д зааснаар зээлдэгч үндсэн зээл болон хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 01-нд дуусчээ.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

******* нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр ам.долларыг Монгол банкны зарласан ханш болох 2,405.92 төгрөгөөр тооцон үүргийн гүйцэтгэлийг тооцсон байна.

******* нь зээлийн үйл ажиллагаа, гадаад валютын арилжаа эрхлэх эрхтэй банк бус санхүүгийн байгууллага болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч Д.*******, Б. нар нь 3,000 долларыг 36 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хуваарь, эргэн төлөх дүнгийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээж, хэрэв үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

Зээлдэгч Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан талууд гэрээгээр зааснаар зээлдэгч үндсэн зээл болон хүүг төлөх, зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар барагдуулна гэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн талуудын байгуулсан гэрээний 2.2, 2.3-т зээлдэгч авсан зээлийг хэсэгчлэн төлөх тухай бүр эхний ээлжинд авлага, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үлдэх хэсгээр нь зээлийн үндсэн төлбөрийг төлүүлэх, валютын зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төгрөгөөр төлөх тохиолдолд зээлдүүлэгчийн тухайн өдрийн валют худалдах ханшаар тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасан ...мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 ...төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө... гэсэнтэй зөрчилдөөгүй байна

Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2017 оны 05 дугаар сарын 01-нд дууссан, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж хуульчилжээ.

Иймд хариуцагч Д.*******, Б. нарын гэрээний үүргийн гйүцэтгэлийг 3,000 ам долларын зээл авсан өдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн валютын ханшаар тооцож төлнө гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ-1105/14/04/009 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөр 5,899,869.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,033,662.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,027,664.66 төгрөг, нийт 12,961,196.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус зааснаар талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулна гэж гэрээ байгуулсан ч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 222,329.14 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б. нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 222,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******, Б. нараас 12,961,196.28 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 222,329.14 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б. нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 222,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ