Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 901

 

  П.Г, П.Г-зориг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч П.Г-зориг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Г.А-ны өмгөөлөгч Б.Цэнгүүн,

хохирогч Б.С-н өмгөөлөгч П.Баасанжав,

хохирогч С.Х-ны Б.Цэрэндолгор,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1136 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр П.Г, П.Г-зоригнарт холбогдох эрүүгийн 1705 0110 2491 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн П-н Г, 19.. оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, “С ф” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

            2. Д овгийн П-н Г-зориг, 19.. оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

1. П.Г нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэн Г.А-аас “Бараа бөөнөөр худалдах худалдан авах” тухай гэрээг байгуулж, 136.000.000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтанг,

- 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу Си Ти” ХХК-ийн эзэмшлийн, Апартмент-75 байрны 16 тоот, 41.9 мкв бүхий байрыг авч өгнө хэмээн иргэн С.Х-с 77.515.000 төгрөгийг,

- 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Д-с санхүүжилт авч хамтран ажиллах нэрийдлээр 179.003.510 төгрөгийг,

- 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Н-с Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Пийс таун хотхоны 49Б байрны 15 тоот хаягт байрлах 58.24 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах нэрийдлээр урьдчилгаа гэх 39.300.000 төгрөгийг,

- 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-с байр худалдан авах урьдчилгаа төлбөр нэрийдлээр 50.000.000 төгрөгийг,

- 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.С-с “Хурд групп” ХХК-ийн Хүннү хотхоны 110 дугаар байрны 11 В тоот, 95.71 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг авч өгнө хэмээн 225.000.000 төгрөгийг,

- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.О-с “гааль дээр түгжирсэн бараагаа авахад мөнгө хэрэгтэй байна, би бараагаа оруулж ирчихээд “Хурд” компаниас байр авч өгнө” хэмээн 320.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 1.026.818.510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт,

2. П.Г-зориг нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Да хүрээ зах дээр иргэн Ч.Д-г үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2011 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус-20” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Г-зоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Г, П.Г-зориг нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтуудад гэмт хэргийн нотолбол зохих байдлын талаар заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч Ч.Д-н мэдүүлэг, шүүгдэгч П.Г-зоригийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч П.Г-н хамтран ажиллана гэж Ч.Д-с авсан 179.003.510 төгрөгийн хохиролд П.Г-н хохирогч Ч.Д-с авсан 2011 онд үйлдвэрлэсэн “Тоёота приус-20” загварын автомашины хохирол орсон эсэхийг шалгаж, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн улмаас учирсан хохирлыг ялган зааглах,

түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог гаргаагүй хохирол нөхөн төлөгдсөн байдал хариуцвал зохих этгээдүүдийг тодруулаагүй хохирлын талаарх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй. Жишээ нь: гэрч Г.Бадам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч П.Г-т Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 2 байрыг төлбөрт тооцуулахаар өгсөн боловч энэ маргаантай шүүгдэгч, гэрчүүдийн хооронд тооцоо нийлээгүй. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дээрх  мэдүүлгүүдийн эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, хохирлын тооцоог нарийвчлан хийх,

гэрч Д.Батсанаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “С ф” ХХК-ийн “Хурд” ХХК нийлүүлсэн гэх 86.000.000 төгрөгийн барилгын материал “Хурд” ХХК-ийн хашаанд байгаа гэж байх тул энэ талаар шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу хохирол нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжпэх арга хэмжээ авч, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцүүлэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг Гэрээний харилцаа үүссэн иргэний эрх зүйн харилцаанаас ялгах онцлог шинж нь гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх боломжтой байсан эсэх, гэрээний талууд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж, гэрээний үүргээ харилцан тооцох боломжтой эсэхээрээ ялгагдах юм.

Иймд хохирогч Г.А-ны 136.000.000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтангийн төлбөрийг “Си” ХХК, “С ф” ХХК эсхүл шүүгдэгч П.Г-т төлсөн эсэхийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас тодруулж, төлөгдөөгүй бол шалтгаан нөхцөлийг нь шалгаж буруутай этгээдийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоож, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь хохирогчийн эд материалын хохирол хүлээсэн зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ.

Бусад зөрчлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан “...оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх...” гэх заасан атал хохирогч Б.Б 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүйгээр Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 18 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гаргаж, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлд заасан “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах” эрхийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлүүдийг зөвтгөх, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүйгээр шүүгдэгч П.Г, П.Г-зориг нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Дээрх үндэслэлүүдээр П.Г, П.Г-зориг нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүгдэгч П.Г-н хохирогч Ч.Д-д учруулсан 179.003.510 төгрөгийн хохиролд, П.Г-зоригийн хохирогч Ч.Д-д учруулсан хохиролд оролцсон эсэхийг шалгаж, хохирлыг ялган зааглах талаарх заалтын тухайд,  

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт 2-т дурдсан хохирогч Ч.Д-д учирсан 179.003.510 төгрөгийн хохирлын тооцоог шүүгч өөрөө нарийвчлан тооцож, хохиролд давхардаж орсон эсвэл ороогүй эсэхийг шалгаж нягтлаагүй хавтаст хэрэгт авагдсан банк санхүүгийн үйл баримттай тулгаж тооцож үзээгүй атлаа “таамаглах” байдлаар дүгнэсэн,

Дараагийн хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Бадам мэдүүлэг өгсөн талаар дурдсан байх ба уг өгүүлбэрийн утга ойлгомжгүй ...шүүгдэгч гэрчүүдийн хооронд тооцоо нийлээгүй, ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” хэмээн дурджээ. Захирамжид заасан уг өгүүлбэрийн утгыг сийрүүлэх зорилгоор шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэтэл 2019 оны 7 дугаар сарын 5-ны байдлаар шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй оролцогчийн эрхийг хязгаарлаж байна.

- Мөн яллагдагч П.Г-н “С ф” ХХК болон “Хурд групп”, “Си” ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцаа, түүнийг ашиглан гуравдагч этгээдэд хохирол учруулсан байдлыг дүгнээгүй, мөрдөн байцаалтын шатанд “С ф” ХХК болон “Си”, “Хурд групп”-ын хооронд өр авлага тооцооны талаар холбогдох аж ахуйн нэгжийн ажилтан алба хаагч нараас мэдүүлэг авч, холбогдох санхүүгийн баримтыг цуглуулж бэхжүүлсэн байхад хавтаст хэрэгт цугларсан үйл баримт, нотлох баримтад тулгуурлаагүй, холбогдох нотлох баримтыг үнэлж дүгнэхгүйгээр зөвхөн “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ” хэмээн дурджээ.

Шүүхийн шийдвэр нь дээрх байдлаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 8, 15 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн, түүнчлэн шүүх хуралдаан даргалагч 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг даргалан явуулахдаа хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шалгаж үнэлэх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

- Мөн “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын гаргасан шийдвэрт “оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, давж заалдах эрхийг хязгаарласан” гэж үзэн, хэргийг прокурорт буцаах захирамжийнхаа нэг үндэслэл болгосон нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг баримтлаагүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар 21-ний өдрийн 1136 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. 96.000.000 төгрөгийн бараа материалыг 2017 оны 12 дугаар сард “Хурд” ХХК-д нийлүүлсэн. Гэтэл үүний төлбөр тооцоо огт дурдагдаагүй, тооцоо нийлээгүй. Мөн хил гаалийн төлбөрт 186.000.000 төгрөг “Хурд” ХХК надад өгөх ёстой. “Си” ХХК-тай эцсийн байдлаар тооцоо нийлээгүй, намайг хохироож байна. “Хурд” ХХК болон “Си” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах хүсэлтэй байна. ...” гэв.    

Шүүгдэгч П.Г-н өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгчийн захирамжид дурдсан 86.000.000 төгрөгийг тооцоонд оруулж тооцсон юм уу, оруулж тооцоогүй юм уу гэдэг нь ойлгомжгүй. Миний үйлчлүүлэгч П.Г гэрээний дагуу юуг өөртөө ашиглаад залилсан болох нь тодорхойгүй. “Хурд групп” ХХК-ийн гэрч хэлэхдээ “хүнд өгөх ёстой байрыг Бадам авсан. Би энэ байрыг П.Г- өгнө” гэсэн байдаг. Ийм нөхцөл байдлаас үүдээд тооцоо буруу гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г-зориг тус шүүх хуралдаанд гаргах “тайлбаргүй” гэв.   

Шүүгдэгч П.Г-зоригийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Ч.Д-н хохирлын тооцооны хувьд асуудалтай байдаг. Миний үйлчлүүлэгч П.Г-зоригийн хувьд “Приус 20” загварын машиныг хохирогч Ч.Д-д өгсөн гэж ярьдаг. Хохирогч Ч.Д мөнгөө П.Г-с авна гэдэг. Гэтэл яриад байгаа приус машины эзэмшигч нь Золжаргал гэх хүн байсан. Уг машин хохирогч Ч.Д-ынх уу, Золжаргал гэх хүнийх үү. Хохирогчоор тогтоогдох хүн нь хэн бэ, үнэхээр залилан мэхэлсэн юм уу, залилан мэхэлсэн бол гэмт хэрэг үйлдсэн хүн нь хэн бэ гэдэг нь ойлгомжгүй. Гэмт хэргийн сэдэлт зорилгын хувьд П.Г-зориг залилан мэхлэх зорилготой байсан эсэхийг тогтоож чадаагүй. Золжаргал гэх хүнийг мөрдөн байцаалтын шатанд асуугаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй тодруулах шаардлагатай асуудлууд байсан учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч Г.А-ны өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид Г.А-аас нийлүүлсэн 136 сая төгрөгийн үнэ бүхий хавтанг “Си” ХХК-нд нийлүүлсэн эсэх, үүний төлбөрийг авсан эсэх, төлөгдөөгүй шалгаан зэргийг тодруулахаар заасан. П.Г-н нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний талаарх баримтууд болон гэрээнүүдийг өгсөн. Хэрэгт авагдсан баримтуудаар “Си” ХХК болон “С ф” ХХК буюу П.Г-тэй байгуулсан гэрээн дээр хохирогч Г.А-д өгөх байрны гэрээ дугаар байдаггүй бөгөөд зориуд өөр байр бодит бус байдлаар бичүүлсэн талаар анхнаасаа мэдүүлдэг. Энэ талаар дахин тогтоох ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.С-ын өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Б.С-н хувьд Хүннү хороололд байр авахаар сонирхож байхад нь П.Г гэх хүн таараад байр өгөхөөр тохирч, нэг байр үзүүлсэн байдаг. Ингээд хохирогч Б.С 225.000.000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. П.Г-зоригийн “Хурд групп” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэхээр байгуулсан гэрээ болон гэрээний үнийн дүнд таарсан орон сууц шилжүүлэн авах хэлцэл дотор хохирогч Б.С-д үзүүлсэн байр байгаагүй. Хохирогч Б.С-д үзүүлсэн байр хүний байр байсан. Хохирогч Б.С нь П.Г-т залилуулсан үйлдэл нь бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Шүүх хуралдаанд Батсанаа биш Батболд гэдэг хүн оролцсон. ... 86.000.000 төгрөгийн барилгын материал “Хурд групп” ХХК-ийн хашаанд байгаа гэдэг асуудал ярьдаг. Эрүүгийн хэрэг үүсээд, уг хэрэг шалгагдаж байхад “Хурд групп” ХХК нь П.Г-тэй аль хэдийн гэрээгээ цуцалсан, үлдэгдэл материалаа нийлүүлэхгүй учраас өөр газраас материал аваад барилгаа ашиглалтад оруулсан. Энэ үедээ материал авчраад буулгачихсан, хэн нэгэн хүнд хүлээлгэж өгөөгүй. “Хурд групп” ХХК нь тэр бараа материалыг хүлээж аваагүй, зүгээр буулгалаа шүү гээд буулгаад явчихсан гэдэг. Хэрвээ барилгын материал буулгасан асуудал байсан бол өнөөдрийг хүртэл яагаад “Хурд групп” ХХК-тай П.Г тооцоо нийлээд хохирлыг барагдуулахгүй байгаа юм бэ. Хохирогч нарыг өнөөдрийг хүртэл төөрөгдүүлж худлаа хэлж залилан мэхлэх ажиллагаагаа үргэлжлүүлээд байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Х-ны өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тооцоо бүгд зөрж байсан. Жишээ нь: хохирогч С.Х-д байр өгнө гэж 76.000.000 төгрөг авсан боловч тэр байрыг нь Бадам гэдэг хүнд зарсан болохыг Бадам мэдүүлдэг. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж “Хурд групп” ХХК-тай хийсэн гэрээ, Бадамтай хийсэн гэрээ зэргийг нарийвчилж үзэхгүй бол анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.Г, П.Г-зоригнарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн ямар нөхцөл байдлыг нэмж шалгах, шалгаж тогтоосноор ямар хууль зүйн үр дагаварт бий болох талаар тодорхойгүй, ойлгомжгүй, хэт ерөнхий байдлаар бичигдэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд гэрч Д.Батсанаа гэх хүн оролцоогүй байхад түүний мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэл болгосон, мөн П.Г, П.Г-зориг нарт холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 833 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 1136  дугаартай шүүгчийн захирамж гаргасан нь тодорхой бөгөөд уг захирамжийн удиртгал хэсэгт “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр...” гэж хайхрамжгүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Иймд прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Г, П.Г-зориг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.