Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0604

 

 

 

 

 

 

 

 

Д З Д Т Г

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар

Нэхэмжлэгч: Д З Д Т Г д

Хариуцагч: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай төлбөрийн акт, 2024 оны 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай албан шаардлага, 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, Б.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 116/2024/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 57 дугаар зүйлийн 57.17, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч Д З Д Т Г гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Төрийн аудитын газрын 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт, 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309, 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот албан шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 34 дүгээр зүйлийн 34.2 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 1 төлбөрийн акт, 2 албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д "Иймд дээрхи хуулийн зохицуулалт Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/2737 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 489 тоот тогтоолд нэмэлт оруулж, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэн Төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгосон нь хууль зөрчөөгүй байна" гэж дүгнэжээ.

2.2. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг баталсан бөгөөд журмын 1 дэх заалтад "Орон нутагт дутагдалтай байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх замаар боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг орон нутагт жигд чанартай хүргэх зорилгоор тодорхой ажил, мэргэжлийн албан тушаал эрхэлж байгаа албан хаагчид энэ нэмэгдлийг олгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт дутагдалтай байгаа нэр заасан мэргэжлийн боловсон хүчинг тухайн орон нутагт нь тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс бодлогоор төрийн үйлчилгээний зарим мэргэжлийн албан хаагчдад нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд эрүүл мэндийн салбарын, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл урлагийн болон биеийн тамир спортын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарна.

2.3. Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор дээрх тогтоол болон 6-р хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөөр төрийн захиргааны албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч болон анхан шатны шүүхийн дүгнэж буй шиг нийт төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад олгохоор шийдвэрлээгүй билээ. Анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг орон нутагт ажиллаж буй нийт төрийн үйлчилгээний албан хаагчдад олгохоор нэмэлт өөрчлөлт оруулсан бол журмын ажил мэргэжлийн нэр зааж өгсөн 1 дэх заалтыг хүчингүй болгож төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчид нэмэгдэл олгоно гэж өөрчлөх байсан. Гэтэл тийм зүйл болоогүй бөгөөд өмнөх орон нутагт хомсдолтой, төрөөс дэмжих шаардлагатай төрийн үйлчилгээний албан хаагчид дээр нэмж орон нутагт ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг олгохоор зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл тухайн орон нутагт нэн шаардлагатай төрийн үйлчилгээний нэр заасан ажил мэргэжил гүйцэтгэж буй албан хаагчдад олгохоор журамд заасан болохоос тухайн орон нутагт, суманд ажиллаж буй тогооч, жолооч, үйлчлэгч гэх мэт тусгайлан нэр заагаагүй төрийн албан хаагчид олгох зохицуулалт биш юм, Засгийн газрын тогтоол, журмын агуулга ч мөн адил ийм утга агуулгатай биш билээ. Гэтэл анхан шатны шүүхээс хууль, журмыг буруугаар тайлбарлан хэрэглэж, түүнийгээ шийдвэрийн үндэслэлээ болгосон нь хуульд нийцээгүй.

2.4. Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор дараах нэмэлт өөрчлөлт орсон. "Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон улсын төсвөөс сар бүр олгоно" гэж заасан. Уг зохицуулалтад захиргааны албан тушаал эрхэлдэг гэж маш тодорхойгоор нөхцөл зааж бичсэн байхад түүнийг нь мушгин гуувиулж төрийн албан хаагчдад хэмээн тайлбарлан, дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх зохицуулалтад тодруулга авахаар 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 661 дугаартай албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандсан. Үүний хариуд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн х/924 дугаартай албан бичгээр "Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны ангиллыг хуульчилсан бөгөөд Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтад зааснаар нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд төрийн үйлчилгээний албан хаагч нь хамаарахгүй болно" гэсэн тайлбарыг ирүүлсэн. Иймд хууль журмыг өөрөөр тайлбарлаж анхан шатны шүүхийн Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1. дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалт, 11.3 дахь хэсгийг тус тус үндэслэн О.Э-ийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөхөөр томилсон нь үндэслэлтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна" гэж дүгнэжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйл Засаг даргын бүрэн эрх, 60.1.20-д "Аймгийн засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах" гэж, 67.4-т "Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож ажилтнуудыг томилж чөлөөлнө" гэснийг зөрчиж аймгийн Засаг даргын 2023.03.22-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх томилсон. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор батлагдсан "Аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай"-д засаг даргад зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөхийн албан тушаал байдаггүй. Гэтэл аймгийн Засаг даргын 2023.01.24-ний өдрийн А/47 дугаартай "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" захирамжид байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтцэд буюу Төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд Аймгийн Засаг даргын зөвлөхийн орон тоог оруулж баталсан.

2.6. Төрийн улс төрийн албан тушаал гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т "улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал" гэж заасан. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээ"-д Аймгийн засаг даргын зөвлөх гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан "Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ"-д заасан Засаг даргын орлогчийн цалинтай ижил буюу 1,051,067 төгрөгөөр аймгийн Засаг даргын зөвлөхийн цалинг тогтоосон. Хууль, журамд аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллуулах талаар зохицуулсан зохицуулалт байхгүй байхад хууль зөрчиж зөвлөхийг ажиллуулсан шийдвэрийг зөвтгөх боломжгүй.

2.7. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно, 5.3-д "Засгийн газрын агентлагийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно, 5.4-т "Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно" гэж заасан. Төрийн хэмнэлтийн хуулиар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд орон тооны зөвлөх гэдэг албан тушаалыг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн Аймгийн Засаг даргын өөртөө үйлчлэх орон тооны зөвлөх томилон ажиллуулсан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

2.8. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 3 дахь шаардлага буюу 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагын үндэслэлд дүгнэлт огт хийгээгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоож баталсан. Уг тогтоолын 3 дахь заалтад Д З Д Т Г бүтцийн дээд хязгаарыг 57 байхаар заасан. Гэтэл ******* 88 албан хаагчид цалин хөлс олгож байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын баталсан дээд хязгаараас 31 ажилтан, албан хаагчаар хэтрүүлэн ажилласан бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаар захирамжаар бүтэц орон тоог батлахдаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах албан хаагчид-20 гэж оруулж өгсөн хэмээн тайлбарладаг. Дээрх аймгийн Засаг даргын тамгын газрын бүрэлдэхүүний 57 албан хаагч дээр, аймгийн Засаг даргын захирамжаар нэмсэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах 20 албан хаагчийг нэмж үзлээ гэхэд нийт 77 албан хаагч болж байна. Гэтэл цалин хөлс олгохдоо 88 албан хаагчид олгосон зөрчил нотлох баримттайгаар илэрсэн бөгөөд энэхүү зөрчилд Төрийн аудитын газраас дахин зөрчил гаргахгүй байх талаар албан шаардлага хүргүүлсэн.

2.9. Монгол Улс эрх зүйт төртэй, хууль засагладаг улс бөгөөд хүчин төгөлдөр хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг хүн бүр адил тэгш дагаж мөрдөх үүрэгтэй билээ. Гэтэл Д З Д Т г цагаан дээр хараар бичигдсэн Засгийн газраас баталсан бүтэц орон тооны дээд хязгаарыг баримтлаагүй, аймгийн засаг даргын А/47 дугаар захирамжаар баталсан бүтцээ ч баримталж ажиллаагүй хууль зөрчсөн үйлдлийг гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг тус тус зөрчсөн, хуульд нийцээгүй, үндэслэлгүй. Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 116/ШШ2024/0012 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт, 2024 оны 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай, 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай албан шаардлагуудыг тус тус хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д З Д Т Г Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай төлбөрийн акт, 2024 оны 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай албан шаардлага, 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

3. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас Д З Д Т Г-ын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар “...Төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл нийт 56,463,601 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 4-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон төсвөөс сар бүр олгоно” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж үзээд Нэмэгдэл цалинд олгосон 56.463.601 /тавин зургаах сая дөрвөн зуун жаран гурван мянган зургаан зуун нэг/ төгрөгийг Дорнод аймгийн Төрийн санд дахь орон нутгийн хүү, торгуулийн орлогын 100070000952 тоот дансанд төвлөрүүлэхийг Д З Д Т Г дарга Д.Б, нягтлан бодогч П.Ч нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

3.2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг баталсан бөгөөд журмын 1 дэх заалтад “Орон нутагт дутагдалтай байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх замаар боловсрол, эрүүл мэнд соёлын үйлчилгээг орон нутагт жигд чанартай хүргэх зорилгоор тодорхой ажил, мэргэжлийн албан тушаал эрхэлж байгаа албан хаагчид энэ нэмэгдлийг олгоно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор дээрх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж “...төрийн захиргааны албан хаагчдад” орон нутагт ажилласны нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байна.

3.3. Дээрх журмын зохицуулалттай холбоотойгоор нэхэмжлэгчээс “...382 тоот тогтоолд 489 тоот тогтоолоор өөрчлөлт орж 4 дүгээр заалтад орон нутгийн төрийн албан хаагчид албан тушаалын цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгоно гэж, 5 дугаар заалтад төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгож болохоор заасан учир үйлчилгээний албан албан хаагч нарт 20 хүртэл хувиар нэмэгдэл цалин олгож ирсэн” гэж, хариуцагчаас “...төрийн үйлчилгээний байгууллагын тэтгэмж авах эрхтэй байгууллагад эрүүл мэндийн газар, соёл урлаг спортын газрын үйлчилгээний албан хаагч нар хамаарч байгаа” гэж тус тус тайлбарлан маргасан.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэсэн заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “захиргааны” гэсний дараа “үйлчилгээний болон улс төрийн” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тус өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

3.5. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн х/924 дугаартай “...Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны ангиллыг хуульчилсан бөгөөд Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтад зааснаар нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд төрийн үйлчилгээний албан хаагч нь хамаарахгүй болно” гэх албан бичиг зэргээс үзэхэд орон нутагт ажилласны нэмэгдлийг төрийн үйлчилгээний албан хаагчдаас тодорхой нэр заасан ажил албан тушаал дээр олгохоор тус журамд хүснэгт хэлбэрээр жагсаан бичсэн, мөн тус журмын нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн захиргааны байгууллагад захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож олгохоор зохицуулсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...тус журамд захиргааны байгууллагын төрийн албан хаагч гэж онцолж бичсэн байгаа, журмын 4 дүгээр заалтаар нь 20 хувийг нийт төрийн албан хаагчиддаа өг гээд тодорхой заасан байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

3.6. Өөрөөр хэлбэл, Төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл нийт 56,463,601 төгрөгийг олгосон” нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 4-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон төсвөөс сар бүр олгоно” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр төлбөр барагдуулах акт тогтоосон нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

4. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

           4.1. Маргаан бүхий актаар “Аймгийн Засаг даргын 2023 оны Б/09 дугаартай захирамжаар Засаг дарга өөртөө үйлчлэх орон тооны зөвлөх томилж ажиллуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно”, 5.4-д “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр “Зөвлөх авч ажиллуулсан зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, Цаашид алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Д З Д Т Г дарга П.Б, нягтлан бодогч П.Ч нарт хариуцуулж” шийдвэрлэжээ.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас зэргээс үзэхэд Д З д-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар “О.Э-ийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт үйлчлэх орон тооны зөвлөхөөр томилж, түүнийг 1.051.067 төгрөгөөр цалинжуулахаар” шийдвэрлэсэн байна.

4.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 60.1.20-д аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах; 67 дугаар зүйлийн 67.4-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана” гэж тус тус заасан.

4.4. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээ”-нд Засаг даргын орлогч нь 1,051,067 төгрөгөөр цалинжихаар тогтоосон байх бөгөөд тус тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Төрийн албаны зарим албан тушаалын цалингын хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 241 дүгээр тогтоол батлагдсанаар хүчингүй болсон бөгөөд мөн тогтоолын 11 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээ”-нд аймгийн Засаг даргын зөвлөхийн цалингийн хэмжээг тогтоосон зохицуулалт байхгүй, мөн “О.Э-ийг орон тооны зөвлөхөөр томилж ажиллуулахдаа түүнд олгох цалинг аймгийн Засаг даргын орлогчид олгох цалингийн хэмжээгээр буюу 1.051.067 төгрөгөөр тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.5. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно”, 5.3-т “Засгийн газрын агентлагийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно”, 5.4-т “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж заасан бөгөөд тус хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ.

4.6. Үүнээс үзэхэд “О.Э-ийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт үйлчлэх орон тооны зөвлөхөөр томилж, түүнийг 1.051.067 төгрөгөөр цалинжуулахаар” шийдвэрлэсэн дээрх хууль тогтоомжид нийцэхгүй байх тул хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас зөвлөх авч ажиллуулсан зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн нь  Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасанд нийцжээ.         5. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1. Маргаан бүхий актаар аймгийн З Д Т г нь аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаартай захирамжаар баталсан орон тоог хэтрүүлэн 11 албан хаагчийг цалинжуулж ажиллуулсан нь Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 3 дугаар хэсэгт “Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан “...Д З Д Т Г 57 хүртэл” Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаар захирамжаар аймгийн Тамгын газрын бүтцийг аймгийн захиргаа удирдлагын бүтэц 3, Тамгын газрын бүтэц 53, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга 1, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтэц 20 албан хаагчтай байхаар баталсантай нийцэхгүй байна” гэж үзэн батлагдсан орон тооноос хэтрүүлэн ажиллаж байгаа зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Б-д даалгаж шийдвэрлэжээ.

            5.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна” 67.4-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж тус тус заасан.

5.3. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай” 377 дугаар тогтоолын 3 дугаар хэсэгт “Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 57 хүртэл, ...орон тоотой байхаар” тогтоож, үүнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

5.4. Тус зохицуулалттай холбогдуулан Д З д-ын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” А/47 дугаар захирамжаар Тамгын газрын бүтцийг аймгийн захиргаа удирдлагын бүтэц 3, Тамгын газрын бүтэц 53, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга 1, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтэц 20 албан хаагчтай байхаар баталсан нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаараас хэтэрсэн, мөн аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаар захирамжаар баталсан орон тоог хэтрүүлэн 11 албан хаагчийг цалинжуулж ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...Засаг даргын А/47 дугаар захирамжаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтцийн тоог заахгүйгээр баталсан, ...Төсвийн ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох бүрэн эрхтэй байхаар заасан” гэх тайлбарыг хүлээн авч, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

5.5. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас өөрт олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын 21 аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг батлахдаа орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан тогтоох бөгөөд Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх нь Засаг даргын ажлын албаны буюу тамгын газрын чиг үүрэгт хамаарч байх тул хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “Батлагдсан орон тооноос хэтрүүлэн ажиллаж байгаа зөрчлийг арилгах” талаар албан шаардлага хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхээс аливаа хууль зүйн дүгнэлт огт өгөлгүйгээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.20, 67 дугаар зүйлийн 67.2, 67.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д З Д Т Г гаргасан Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай төлбөрийн акт, 2024 оны 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШ3 А1170309 дугаартай албан шаардлага, 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

        ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

        ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН