Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

2016         12           07                                    115

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Г.Ганчимэг,                               

            шүүгдэгч Ц.Болд, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /үнэмлэхийн дугаар 1703/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөх гарамбазар овогт Цэрэннадмидын Болдод холбогдох 201626031144 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Петро стар ХХК-ийн Шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, цлсаас авсан гавьяа шагналгүй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзан, Бөх гарамбазар овогт Цэрэннадмидын Болд /РД:УУ88041410/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Болд нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн автобусны буудлын дэргэд Ц.Хишигжаргалын эд зүйлийг нь авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулан 131.000 төгрөгийн эд зүйл, мөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хороолол орж ломбарданд тавьсан бөгжөө сунгуулахаар явж байгаад фэйсбүүкийн найз Оогий гэх эмэгтэй рүү залгахад хороололд байна гэсэн. Тэгэхээр нь би уулзах уу гэхэд тэр эмэгтэй тэгье гэхээр нь уулзаад хорооллын Ачлал их дэлгүүрийн ард байрлах нэг кафед орсон юм. Тэр үед Оогий нэг найз охинтойгоо хамт явж байсан. Кафед ороод би нэг шил пиво, Оогий жүүс, нөгөө найз нь кофе захиалаад ууцгаасан. Тэгээд бид гурав ярилцаж байгаад ойрхон гол руу салхинд гарахаар болж кафенаасаа гарч такси бариад Сонсголонгийн гүүр дээр очоод дэлгүүрээс Улаанбаатар нэртэй шил архи 2 ширхэг, ундаа гээд ойр зуурын идэх юм авсан юм. Тэгээд голын эрэг дээр нэг шил архийг нь хувааж уучихаад үлдсэн нэг шил архиа авч манайд гурвуулаа очиж уугаад талд нь орж байтал оройн 21.00-22.00 цагийн үед тэр хоёр ажил гараад хүнтэй уулзахаар боллоо гээд явсан. Би тэр хоёрыг явснаас хойш 30-40 минутын дараа үлдсэн архинаасаа 2 хундага уучихаад нөгөө танидаг Оогий руу залгахад очиж амжихгүй байх, хэрэв очихоор болвол яръя гэж хэлсэн. Манай гэрээс автобусны буудал нэвт харагддаг юм, би Оогийг ярих болов уу гэж бодоод хүлээгээд хараад зогсож байтал микроноос нэг хүн буухаар нь Оогийг мөн байна гэж бодоод очиход танихгүй хүн байсан. Би тухайн үед нилээд согтолттой байсан. Гэтэл нэг мэдэхэд нөгөө эгч туслаарай гэж чанга орилоод байхаар нь би айсандаа цүнхийг нь авсан тэр чигээр нь аваад зугтаасан байсан. Тэгээд би гэрийн ард байдаг хадан хясааны тэнд нуугдаж, 10 гаран минутын дараа цүнхийг нь онгойлгоод үзтэл нэг цамц, нүүрний будагнууд, нокиа маркийн гар утас байсан. Цүнх нь жижигхэн цэнхэр дөрвөлжин цүнх байсан. Тэгээд удаагүй гэртээ очиж унтаж байтал цагдаа нар нөгөө эгчтэй хамт манай гэрт орж ирсэн. Би босоод хартал манай урд хашааны эгч байсан гэв.

Шүүгдэгч Ц.Болд мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13-14 цагийн үед Хороололд фэйсбүүкийн найз Оогий гэх эмэгтэйтэй анх уулзахаар болоход тэр Аанжий гэх найз охинтойгоо хамт ирсэн юм. Тэр хоёрын бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид гурав кафе орж сууж байгаад 15 цагийн үед гарч гол руу салхинд гарахаар болоод кафенаасаа гарч такси бариад Сонсголонгийн гүүрний Дэнжийн буудлын тэнд буугаад дэлгүүр орж хоёр шил Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архи, ойр зуурын идэх юм аваад гол руу гарсан. Тэгээд гадаа бүрэнхий болохоор нь манай гэрт орж үлдсэн нэг шил архиа задалж уугаад талд нь оруулсан. Тэгээд 22 цаг болж байхад тэр хоёр явсан. Тэр хоёрыг явуулчихаад би гэртээ ганцаараа үлдсэн тал шил архинаасаа уугаад нөгөө хоёр эмэгтэй рүүгээ яриад буцаад эргэж ирэх үү гэж асуухад очиж чадахгүй ээ, ажил гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хашааны үүдэн дээр зогсож байсан. Манай хашааны үүднээс автобусны буудал ил харагддаг. Тэгээд юм хараад зогсож байтал автобусны буудлын тэндээс нэг эмэгтэй хүн ганцаараа алхаад ирж байсан бөгөөд манай урдуур явах үед нь би тэр эгч дээр очоод тэвэрч барьж авахад тэр эгч сандраад орилж, хашгирсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь цохьчихсон юм шиг байна лээ. Би тухайн үед их согтуу байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэр эгчтэй зууралдаж байхдаа би гар цүнхнээс нь барьсан юм шиг байна лээ. Тэгээд тэр эгчийг улам чанга орилж, хашгираад байхаар нь айсандаа гар цүнхийг нь барьсан чигтээ зугтаачихсан.Тэгээд хясааны доод талд очоод нуугдаж сууж байгаад цүнхийг нь онгойлгоод үзэхэд дотор нь цамц, нокиа маркийн гар утас, гоо сайханы хэрэгсэл хийдэг жижиг сав байсан. Харин бэлэн мөнгө байгаагүй. Сайн санахгүй байна. Тэгээд би тэр цүнхийг нь тэндээ орхиод дотор нь байсан гар утсыг нь аваад гэртээ ороод унтсан. Нэг мэдэхэд нөгөө эгч цагдаа нартай хамт манай гэрт ороод ирчихсэн байсан. Тэр үед нөгөө эгчийг манай урд хашаанд амьдардаг эгч мөн болохыг таньсан. Би уг нь эд зүйлийг гудамжнаасаа хойшоо явж байгаад голын эргийн дэргэдэх хадан хясааны доод талд нуусан бөгөөд надаа надаар эд зүйл нуусан газрыг цагдаа нар заалгуулсан юм. Тэр газар нь голын эрэг дагуу эгц доошоо газар байсан. Цагдаа нар бууж үзээд ямар нэгэн эд зүйл байхгүй байна гэж хэлсэн. Тэр нуусан эд зүйл яасныг мэдэхгүй, би аваагүй. Цүнхэнд цамц, будаг, нокиа маркийн гар утас байсан. Өөр эд зүйл би аваагүй. Гар утас тэр эгчийн цүнхэнд нь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-57-р хуудас/

Хохирогч Ц.Хишигжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн автобусны буудал дээр буусан чинь манай хажуу айлын залуу болох Болд автобусны буудал дээр ганцаараа зогсож байсан. Би хажуугаар нь гарах гэтэл гэнэт миний цүнхийг шүүрээд авсан, би айсандаа туслаарай гээд орилсон. Болд миний цамцнаас зуураад мөн цүнхийг минь барьчихаад тавихгүй байсан. Тиймээс би цамцныхаа цахилгааныг тайлаад цамцаа орхиод гүйсэн. Болд миний гар цүнхнээс эхлээд татсан. Тэгэхээр нь би гар цүнхээ өгөхгүй гэтэл миний хоолойг боосон. Мөн миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гар цүнх, цамцыг минь аваад зугтаачихсан. Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохирлын мөнгө болох 452.000  төгрөгийг 2 хувааж бэлнээр өгсөн. Qchi брендийн дунд зэргийн саарал өнгийн урт оосортой цүнх байсан. 2016 оны 07 дугаар сард 50.000 төгрөгөөр худалдан авсан. Цүнхэнд хуучин нүүрний будагнууд болох орифлемын пудр, уруулын будаг байсан. Пудрыг нь 20.000 төгрөг, уруулын будгийг 11.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2 ширхэг цамцын 1 ширхэгийг нь 25.000 төгрөгөөр авсан бөгөөд хоёуланг нь нийлүүлээд 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин гар утсаа Драгон төвийн тэндээс хар хүрээтэй саарал өнгийн хуучин хэрэглэж байсан утас гээд 20.000 төгрөгөөр худалдан авч байсан. Үүнийгээ 20.000 төгрөгөөр нь үнэлнэ. Мөн цүнхэнд бэлэн 1 ширхэг 10000-тын дэвсгэрт, 1 ширхэг 1000-тын дэвсгэрт нийт 11.000 төгрөг байсан, өөр мөнгө байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 26, 28, 29-р хуудас/,

Гэрч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...гэнэт замын зүүн талаас онгорхой блокон байшингийн цонх хэсгээс нэг эрэгтэй хүн үсрээд гараад ирсэн. Яг энэ үед замын эсрэг талд микроноос нэг хүн бууж байсан. Тэгээд явах гэтэл нөгөө эгч туслаарай гээд бүр чанга орилсон. Хажуугаар нь нэг машин явж байгаад сигналдчихаад болиочээ гэж хэлчихээд яваад өгсөн. Тэр хоёр яг замын хажууд зууралдаж байсан. Тэр эгчийн хувцасыг нь нөгөө эрэгтэй нь тайлаад авахаар нь би эргэж хараад чулуу бариад тавиач гээд гүйгээд очсон чинь нөгөө эгч залуугийн гарнаас нь мултраад миний урдаас гүйгээд ирсэн. Тэр үед нөгөө эгч өмсөж байсан цамцаа тайлаад зугтсан. Харин нөгөө эрэгтэй нь гар цүнхийг нь аваад явчихсан. Цамц нь яасныг мэдэхгүй. 30 орчим насны туранхай эрэгтэй, согтуу эрэгтэй хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №11419 дугаартай дүгнэлтэнд:

Ц.Хишигжаргалын биед тархи доргилт, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй. /хх-ийн 41-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зураг /хх-ийн 18-22-р хуудас/,

Шинжээч эмч Г.Ханхүүг байцаасан тэмдэглэл ...Ц.Хишигжаргалын биед учирсан гэх хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал гэмтэл нь хэсэг газрын үзлэг болон зовиураар илрээгүй. Үзүүлэгч хамарт ямар нэгэн гэмтэл аваагүй гэсэн тул дүгнэлтэнд буулгаагүй. Уг гэмтэл нь хуучин гэмтэл болохыг үгүйсгэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/,

Хан-Уул дүүргийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 68-69-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Болд нь 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн автобусны буудлын дэргэд хохирогч Ц.Хишигжаргалын эд зүйлийг нь авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож, биед нь тархи доргилт, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эд хөрөнгийг нь дээрэмдэж 131.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Хишигжаргалын ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн автобусны буудал дээр буусан чинь манай хажуу айлын залуу болох Болд автобусны буудал дээр ганцаараа зогсож байсан. Би хажуугаар нь гарах гэтэл гэнэт миний цүнхнээс шүүрээд авсан, би айсандаа туслаарай гээд орилсон. Болд миний цамцнаас зуураад мөн цүнхийг минь барьчихаад тавихгүй байсан. Тиймээс би цамцныхаа цахилгааныг тайлаад цамцаа орхиод гүйсэн. Болд миний гар цүнхнээс эхлээд татсан. Тэгэхээр нь би гар цүнхээ өгөхгүй гэтэл миний хоолойг боосон. Мөн миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гар цүнх, цамцыг минь аваад зугтаачихсан. Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохирлын мөнгө болох 452.000 төгрөгийг 2 хувааж бэлнээр өгсөн. Qchi брендийн дунд зэргийн саарал өнгийн урт оосортой цүнх байсан. 2016 оны 07 дугаар сард 50.000 төгрөгөөр худалдан авсан. Цүнхэнд хуучин нүүрний будагнууд болох орифлемын пудр, уруулын будаг байсан. Пудрыг нь 20.000 төгрөг, уруулын будгийг 11.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2 ширхэг цамцын 1 ширхэгийг нь 25.000 төгрөгөөр авсан бөгөөд хоёуланг нь нийлүүлээд 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин гар утсаа Драгон төвийн тэндээс хар хүрээтэй саарал өнгийн хуучин хэрэглэж байсан утас гээд 20.000 төгрөгөөр худалдан авч байсан. Үүнийгээ 20.000 төгрөгөөр нь үнэлнэ. Мөн цүнхэнд бэлэн 1 ширхэг 10000-тын дэвсгэрт, 1 ширхэг 1000-тын дэвсгэрт нийт 11.000 төгрөг байсан, өөр мөнгө байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 26, 28, 29-р хуудас/,

 

Гэрч Б.Ундармаагийн ...гэнэт замын зүүн талаас онгорхой блокон байшингийн цонх хэсгээс нэг эрэгтэй хүн үсрээд гараад ирсэн. Яг энэ үед замын эсрэг талд микроноос нэг хүн бууж байсан. Тэгээд явах гэтэл нөгөө эгч туслаарай гээд бүр чанга орилсон. Хажуугаар нь нэг машин явж байгаад сигналдчихаад болиочээ гэж хэлчихээд яваад өгсөн. Тэр хоёр яг замын хажууд зууралдаж байсан. Тэр эгчийн хувцсыг нөгөө эрэгтэй тайлаад авахаар нь би эргэж хараад чулуу бариад тавиач гээд гүйгээд очсон чинь нөгөө эгч залуугийн гарнаас нь мултраад миний урдаас гүйгээд ирсэн. Тэр үед нөгөө эгч өмсөж байсан цамцаа тайлаад зугтсан. Харин нөгөө эрэгтэй гар цүнхийг нь аваад явчихсан. Цамц нь яасныг мэдэхгүй. 30 орчим насны туранхай эрэгтэй, согтуу эрэгтэй хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №11419 дугаартай дүгнэлтэнд:

Ц.Хишигжаргалын биед тархи доргилт, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй. /хх-ийн 41-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зураг /хх-ийн 18-22-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Болд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 68-70-р хуудас/, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул шүүгдэгч Ц.Болдыг ялгүйд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Болд нь хохирогч Ц.Хишигжаргалд 452.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Болдыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Болд нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 

             Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                    

ТОГТООХ НЬ:

1.  Бөх гарамбазар овогт Цэрэннадмидын Болдыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар Ц.Болдыг 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ц.Болдод оногдуулсан 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Болдод оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Болд нь хохирогч Ц.Хишигжаргалд 452.000 төлсөн ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Болдод авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР