Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр                                    Дугаар 2022/ШЦТ/114                                                     Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч, хохирогч: Б.Н,

Шүүгдэгч: Г.М,

Өмгөөлөгч: Б.Энхбат,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Н.Г,

Иргэдийн төлөөлөгч: Б.Өлзийжаргал,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Б-ын Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г-ийн М нарт холбогдох 2228000180113 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Н нь согтуугаар, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Ногоочдын 3-10 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Г-ийн хүзүүн тус газар нь 1 удаа, хэвлийн тус газар нь 2 удаа нийт 3 удаа хутгалж, шилэн хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийн дээд дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх, хэвлийн зүүн доод хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн шархыг тус тус үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Ногоочдын 3-10 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Нын нүүр, цээж рүү нь гараараа цохиж зодон тархины доргилт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал дух, баруун хацар шанаа, эрүү, хамар, баруун мөр, тохой зүүн мөр, цээжний зүүн хажуу, зуун бугалга, суганы хонхрын өмнө дээд хэсэг, баруун сарвууны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Н, Г.М нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдрийн орой би ажлаа тараад гэртээ очиход эхнэр, хүүхэд гэртээ байгаагүй. Утас руу нь залгахад цаана нь олон согтуу хүмүүс ярьж айлд байгаа бололтой байсан. Эхнэрийн гар утсыг эрэгтэй хүн авч өмнөөс доромжлоод байсан.  Тэгээд Н.Г-ийн гэрт нь очоод заамдалцаж авахад хүүхнүүд салгасан. Н.Г бид хоёр хашаан дотор орж ярилцаж байгаад муудалцсан тэр үед миний ар талаас хүн зодож байсан. Хэдэн хүн, хэн намайг зодсоныг нь би мэдээгүй. Ихэнх нь танихгүй хүн байсан. Тэгээд би гарт тааралдсан зүйлээ авсан хутга байсан. Тэгээд аваад дүрчихсэн.

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Н.Гтэй Б.Ныг ярилцаж байхад би оролцоогүй. Н.Ган-Эрдэнийг хутгалсан дараа би оролцсон.

Хохирогч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед намайг ганц хүн зодоогүй, олон хүмүүс зодсон. Н.Ган-Эрдэнийг хутгалахаас өмнө болон дараа зодсон. Тухайн үед миний нүүр шалбарч, урагдаж хөхөрсөн байсан. Одоо миний бие бүрэн эдгэрсэн.

Хохирогч Н.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Нын эхнэр манай гэрт байгаагүй, мөн Б.Н эхнэрийнхээ гар утас руу залгаагүй. Миний гар утас руу залгасан. Тухайн үед би “А7 Tab” гэдэг утас барьдаг байсан.  Тэр утас спикер дээрээ ярьдаг байсан. Миний дугаар руу залгаж ярихад надтай ярьсан бүх хүмүүс яриаг нь сонссон.  Гомдол санал байхгүй. Энэ хэргийн улмаас шилэн хүзүүний хажууд зүсүүлсэн, хэвлийн тус газраа хутгалуулж бүдүүн гэдэг цоолсон, хэвлийн дунд хэсэгт хутгалуулж элэг цоолж хохирсон.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.М, Б.Н нарыг гэм буруутай байна гэж үзэж байна.

Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 11-ний орой Нын найз охин Ц, манай найз А бид гурав нэг том пиво уугаад сууж байхад утас дуугараад Н над руу залгаад “андаа хаана байна” гэсэн. Тэгэхээр нь би найзындаа байна гэхэд манай хүн байна уу гэхээр нь байна гэсэн чинь би яваад очъё гээд утсаа салгаад удалгүй буцаж залгаад миний байгаа айлын гэрийн хаягийг асуусан. Тэр үед Наас өөр машинд явж байсан хүмүүс дундаас эмэгтэй найз нь чи хүний эхнэртэй явалдахаа болиоч гээд орилоод өөр нэг залуу нохойн гөлөг минь чамайг ална шүү гээд орилоод байсан. Тэгээд нээх удалгүй миний байсан хэрэг гардаг айлын гадаа машинтай 6-7 хүн ирэхээр нь бид нар бас гараад очсон. Тэгтэл манай хоёр найз Отгондүү, М хоёр ирж таарсан. Нтай уулзаж байгаад за хоёулаа хашаан дотор оръё гээд хашаа руу орж байхад Нын нэг найз нь миний араас татаж унагаагаад гэдсэн дээр нэг дэвссэн. Би босоод ирсэн чинь Н хашаа руу чинь орж хоёулхнаа ярилцъя гээд орсон. Тэр үед манай найзууд Нын найзуудыг хашаандаа оруулахгүй гээд хашааны наана хорьж байсан. Бид хоёр уулзаад байж байхад чи миний эхнэр хүүхэд хоёрыг авч явж чадах юм уу гэсэн. Тэгэхээр нь би юу гэж дээ чи юу яриад байгаа юм. Ц миний 10 жилийн найз чи өөрөө эхнэр хүүхдээ аваад яваа гэж хэлсэн. Тэгтэл чи юу яриад байгаа юм. Та хоёр чинь сууж байгаа юм бишүү гээд нал руу дайраад байсан. Би цамцаа тайлаад тэгээд наад хэдээ аваад яв л даа гэсэн чинь миний цээж рүү хутгалсан. Би чи намайг хутгалчихлаа гэсэн чинь Отгондүү хүрч ирээд пудволкоо тайлаад цус алдана гээд дарж өгсөн. Тэгсэн чинь Ныг найзууд нь хашаанаас аваад гарч байсан. Удаагүй байтал Нын найзууд нь зугтаагаад алга болсон байсан. Н өөрөө ганцаараа үлдчихсэн байсан гэсэн. Тэгээд хашаа давж орж ирээд гүйцээчихье л даа гээд орилоод байхаар нь манай найзууд Ныг зодсон байсан. Эм эмчилгээний төлбөр 1.300.000 төгрөг болсон. Надад баримтууд нь байгаа. Надад Наас эм, эмчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 46-47, 52 дахь тал/

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 11-ний өдрийн орой найз Дгийнд Гандирсын пудволд байрлах “Z” бааранд 16:00 цагийн үед очсон. Тэгээд найзтайгаа нийлж хог бохир зэргийг цэвэрлээд найзтайгаа хамт ажил дээр нь сууж байхад орой 22:00 цагийн үед манай эхнэр Ц нь эмэгтэй найз болох Цэцгээгийн хамт орж ирээд бид 3 нийлж хүний 2 лааз пиво уусан. Тэгээд сууж бүжиглэж байж байгаад 23 цаг өнгөрөөгөөд манай эхнэр найзтайгаа гарсан юм. Би гаргаж өгсөн. Гаргаж өгөхдөө эхнэр Цд гэртээ хариад галаа түлээд хоолоо хийгээд байж байгаарай. Удахгүй араас чинь очно гэж хэлсэн юм. Тэгээд 23 цаг 30 минут гээд тухайн баар аяа татаад хүмүүсээ гаргаад хаасан. Тэгээд би дүү Быг дуудсан юм. Б мотоцикльтой ирээд би дүүтэйгээ 23 цаг 50 цаг гээд хамт явсан. Бид хоёр Дундсайханы 4а-20 тоотод гэртээ очиход эхнэр, хүүхэд 2 байхгүй байсан. Тэгээд утсаар залгаад ярьсан чинь айлд байна очихгүй гээд уусан шинжтэй ярьсан. Тэгэхээр нь Г-д байгаа юм уу гэхэд айлд байна гээд байсан. Би Ган-Эрдэнэ рүү фэйсбүүк хаягаар видео калл хийгээд манай эхнэр байна уу. Эхнэртэйгээ яримаар байна гэхэд эхнэр чинь энд байна чи юу ярьдаг юм гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр утсаар маргалдаж байхад Ган-Эрдэнэ хүрээд ир гэсэн. Цаад талд нь олон залуучууд шуугилдаад байгаа шинжтэй байсан. Тэгэхээр нь гэрт байсан 300 грамм орчим Ерөөл архийг ганцаараа уучихаад дүүгээ дагуулаад Дгийн гэрт нь очсон. Тэгэхэд Д гэртээ ирээгүй байсан. Дгийн гэр болох Дундсайханы 2а-1 тоотод такси дуудсан. Тэр таксин дотор манай 2 дүү хамт ирсэн. Д ч мөн ажлаасаа ирээд бид 5-уулаа нийлээд эхнэрээ байгаа айлд очсон юм. Өмнө 2 удаа эхнэрээ тэр айлаас очиж авч байсан болохоор тухайн хаягийг мэдэж байсан. Тэгээд тухайн хаяг дээр очоод би түрүүлээд буухад тэнд хутга, мод, чулуу барьсан залуучууд хүлээж байсан. Ган-Эрдэнэтэй эхлээд хашааны гадаа уулзаад хоёулаа муудалцаад маргалдаж цохилцоод эхэлсэн. Тэр үед нэг залуу миний хажуугаас цохиод байсан. Энэ хооронд манай машинд байсан хэд бууж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд намайг хүргэж ирсэн 2 дүү таксигаа аваад явсан. Би дүү Б, найз Д нартай үлдсэн. Би Ган-Эрдэнэтэй хамт хашаа руу нь орсон. Энэ үед уг хашаанд байсан эмэгтэйчүүд манай дүү найз хоёрыг оруулахгүй байсан. Тэгээд би хашаанд нь байж байхдаа ахиж Ган-Эрдэнэтэй маргалдсан. Энэ үед 2 залуу миний ардаас юу юугүй цохиж хөл гар орж ирээд унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд газар унаад хартал газар нэг юм байсныг аваад хартал хутга байсан. Тэгэхээр нь тэр хутгыг аваад анх таарсан хүнээ л дүрсэн. Яг хэн байсныг мэдээгүй. Тэгтэл Ган-Эрдэнэ байсан. Энэ үед манай дүү найз хоёр ороод ирчихсэн байгаа бололтой л тэрүүгээр хашхираад л зодолдоод байгаа бололтой байсан. Тэрнээс хойш би хүн алчихлаа гэж бодоод балмагдаад юу болсноо сайн санахгүй байна. Манай эхнэр найзуудын групп гээд фэйсбүүкээр байнга чат бичиж харьцдаг байсан юм билээ. Тэр үед нь мэддэггүй байсан болохоор харддаггүй байсан. 2021 оны 10 сар орчмоос Ган-Эрдэнэ гэгчийг таньдаг болсон. Манай эхнэр Цтой явалдаж байгаад надад баригдаж байсан. Тэгээд мэддэг болсон. Тэрнээс хойш хардаж эхэлсэн. Ган-Эрдэнэтэй чатаар чи манай эхнэрийг аваад явж чадах юм уу гэж асууж байсан. Тэгэхэд чи өөрөө эхнэр хүүхдээ аваад яв гэж бичсэнийхээ дараа хүртэл уулзаад байсан. Хэрэг гардаг өдрөөс өмнө Ган-Эрдэнэтэй уулзаж нүүр тулж ярилцаж байгаагүй. Надад хохирол гээд байх зүйл байхгүй. Эмчилгээ хийлгээгүй 1-2 удаа өвчин намдаах хэрэглэсэн. Өөр эмчилгээ хийгээгүй /хх-ийн 55-56, 58 дахь тал/

Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би найз охин Ганцэцэгийн хамт найз А дээр ирэхэд Ган-Эрдэнэ Сэрүүн гээд 2,5 литрийн пиво ууж эхэлж байсан. Тэгээд бид 2 нэмж 2 том пиво аваад уугаад сууж байхад манай найз залуу Н утсаар залгахаар нь би утсаа аваагүй. Тэгсэн чинь манай найз залуу Ган-Эрдэнэ рүү утсаар залгаад би яваад очъё гээд байсан. Тэгэхээр нь Ган-Эрдэнэ тэг тэг хүрээд ир гээд хэлсэн. Тэгсэн манай найз залуу Н найз Д, Лхагва, төрсөн дүү Б Дондог гэж дууддаг үеэл дүү нартайгаа ирээд учир зүггүй хэрүүл хийгээд бөөн зодоон болоод эхэлсэн. Өмнө нь манай найз залуу Н надад гар хүрээд би 3 хоног хэвтэрт байж байсан. Энэ талаар Ган-Эрдэнэ мэдээд намайг өмөөрч байсан. Тэгсэн чинь манай найз залуу Н Ган-Эрдэнэтэй намайг хардаад байдаг болсон. Энэ шалтгаанаар өнөөдөр ийм зүйл болсон гэж бодож байна. Анх Н, Д ирэхдээ л хутгатай ирсэн. Би өөрөө харсан болохоор мэдэж байна. Хоёр адилхан хутга байх шиг байсан. Шар резин иштэй хутга байсан. Хутгалчихсан байна гэж манай найз Ганцэцэг орилохоор нь би анзаарч харахад нэг их жижиг биш шар эрээн хутга Н баруун гартаа барьчихсан хоёр гэрийн голд зогсож байсан. /хх-ийн 66 дахь тал/

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай найз Ган-Эрдэнэ манай ах А нар пиво ууж байсан. Тэгээд би гарч биеэ зассан чинь Ган-Эрдэнэ араас гар утсаар ярьж гарч ирсэн. Утсаар нөгөө талаас ярьж байсан хүн нь нохойн гөлөг минь гээд занаад байсан. Гар утас нь чанга яригч дээрээ байсан болохоор би сонссон гэхэд Ган-Эрдэнэ би чиний гөлөг байгаагүй гээд хэрэлдэж байгаад утсаа тасалсан. Тэрнээс хойш 20 орчим минутын дараа Н найзуудтайгаа ирээд машинаас бууж ирээд шууд эхнэрээ авъя гээд учир зүггүй дайрч бүгд нийлж Ган-Эрдэнийг зодож эхлэхээр нь би манай найз Отгондүү, найз охин Уугантуяа нар очоод салгах гэж очиход нөгөөдүүл нь Отгондүү бид хоёрыг зодож эхэлсэн. Ямар ч байсан ирсэн хүмүүс хутга авч ирсэн гэдгийг мэдэж байна. Манай найз Ган-Эрдэнийг Н дагуулаад манай хашаанд байх илүү гэрийн хажууд очоод элэгдэх шиг болсон чинь хутгалсан байсан. Тэгэхээр нь би сандраад эгчийндээ гүйж ороод цагдаа дуудах гэж ороход утас нь олдохгүй болохоор гэрээс өөрийнхөө гэрээс утсаа аваад түргэн тусламж, цагдаа дуудахад зодоон хийсэн хүмүүс яваад өгсөн байсан. Тэгээд түргэн тусламж цагдаа ирээд Н, Ган-Эрдэнэ нарыг аваад явсан. /хх-ийн 77 дахь тал/

Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай найз Н, дүү Бямбаатай намайг ажлаа тараад ирэхэд манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд эхнэр хэдэн залуучуудтай байна гэнэ. Намайг ална тална гээд байна. Одоо очлоо гэхээр байхаар нь би эхнэртэйгээ чи юу яриад байгаа юм цуг явна гэсэн чинь манай эхнэр Энхгэрэл би бас цуг явна гээд дагаад явсан. Нын дүү Бямбаагийн найз нь машин аваад ирж байгаа гэж байсан. Удалгүй хөх өнгийн машинтай жолоочоос гадна 2 хүн ирээд бид 3 нэмэгдээд бид 5-уулаа болоод Н жолоочид хаягаа хэлж бид тав тэр хаягаар нь очиход Н түрүүлж буугаад тэгээд зодоон эхэлсэн. Удалгүй тэгээд би машинаас буугаад хашааны гадаа зодолдож байсан хүмүүс дээр очиход нэг нь намайг нуруу руу цохиод хавираад унагасан. Тэгэхээр нь би босож ирээд зөрүүлээд цээж рүү нь цохиод зайгаа аваад зогссон. Тэгсэн чинь Цомоо Н, Гантулга нарыг дагуулаад хашаа руугаа орсон. Тэгээд бид хэдийг орох гэхэд тэнд байсан эмэгтэйчүүд оруулахгүй хашаад зогсоод байсан. Тэгэхээр нь би Нын дүү Бямбаад ахыг чинь алж байгаа юм бишүү ороод хараатах гэсэн хашааг нь давж ороод дахиад зодоон болж эхэлсэн. Тэгээд удалгүй нэг эмэгтэй хүн Насаа чи хүн хутгалчихлаа шүү дээ гэхэд нь би харахад Нын гарт хутга байсан. Удалгүй гэрээс залуучууд хутга төмөр зэрэг зүйл бариад гараад ирсэн. Тэгэхээр нь би ганцаараа зугтаагаад яваад өгсөн. Ямар ч байсан гэрээс нэг залуу гарч ирэхдээ хутга барьсан байсан. Тэгээд Нын гар хутга хоёрыг л харсан. /хх-ийн 90 дэх тал/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  Манай ах орж ирээд миний гар утсыг аваад өөрийнхөө чат руу ороод нэг хүн рүү видео калл хийгээд хоорондоо маргалдаад цаад талаас нь доромжлоод байсан. Тэгсэн чинь манай ах Н хоёулаа явъя гээд Д ахынд очоод ороход Д ирээгүй байсан. Тэгээд ирэхээр нь шууд дагуулаад хамт яваад тэр айлд очсон чинь 5 эрэгтэй 4 эмэгтэй гадаа байсан. Тэгсэн чинь манай ах буугаад ярьж байгаад нөгөө хэд нь зодож эхэлсэн. Тэгэхээр нь би очоод салгах гэсэн чинь нэг нь намайг цохиод би зөрүүлээд цохьсон. Тэгээд хашаанд байсан хүмүүс бид нарыг хашааны гадаа гаргаад манай ахыг хашаан дотроо оруулчихаад бид нарыг оруулахгүй эмэгтэйчүүд нь хашаад байхаар нь би хашаан дээр гарч харахад хоорондоо юм яриад байж байсан. Тэгээд хэсэг байж байтал Д ах “ахыг чинь зодож байж магадгүй” гэхээр нь би дахиж хашаан дээр гараад харахад манай ахыг зодож байсан. Тэгэхээр нь би хашаа даваад очих хооронд нөгөөдүүл нь алга болсон байсан. Тэгээд ах дээр очоод тэврээд гарсан чинь ах хутга барьсан байхаар нь хүн хутгалчихаж магадгүй гэж бодоод хутгыг нь булааж аваад байж байтал цаад талын залуус бөөндөө чулуу мод төмөр барьчихсан ирж байсан. Тэгэхээр нь би хутгыг аваад хойд гудамжаар гараад хашааны хойно хутгыг хаячихаад гэр рүүгээ яваад өгсөн. /хх-ийн 96 дахь тал/

Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  Би үеэл Дашноровтой 2021 оны 12 сарын 12-ны өдөр шөнийн 02:10 цаг гэж гараад харих гээд дөнгөж такси бариад явж байхад Б гээд манай үеэл над руу видео чатаар залгаад Н ахтай байна. Айлд хүргээд өг гэсэн. Тэгээд Дундсайхан 2а-1 тоотод очоод авсан. Тэд нар 4-үүлээ гарч ирсэн. Бид нар өвөр дээрээ сууцгаагаад Ногоочдын 3-10 тоотод очсон. Тэгэхэд 5-6 ах нар 3 эмэгтэй байсан санагдаж байна. Н ах улаан цамцтай ахтай барилцаж аваад түлхэлцээд байсан. Тэгсэн чинь хашаанаас хутга барьсан сааралдуу хувцастай ах гарч ирээд орилоод өөдөөс нь нэг хар куртиктэй эгч боль гээд хорьж байсан. Тэгэхээр нь би зодоонд оролцолгүй найз Дашноровыг дагуулаад шууд ирсэн таксигаараа зугтаагаад харьсан. /хх-ийн 102 дахь тал/

Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед тэр хэрэг гарсан гэх хашаа нь манай ар талын хашаа байсан. Тэгээд тэр гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь би гэрээсээ гараад хойд хашаанд байрлах Агийн гэр рүү ороход Ган-Эрдэнэ хутгалуулсан байсан. Тэгэхээр нь би өмсөж байсан цамцаа тайлаад цусыг нь дараад байж байсан чинь түргэний машин ирээд Ган-Эрдэнийг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би эмнэлгийн машинд хамт сууж явсан. /хх-ийн 116 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Нын биед тархины доргилт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал дух, баруун хацар-шанаа, эрүү, хамар, баруун мөр, тохой, зүүн мөр, цээжний зүүн хажуу, зүүн бугалга, суганы хонхрын өмнө дээд хэсэг, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 119-121 дэх тал/

 

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Г-ийн биед шилэн хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийн дээд дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элгийг гэмтээсэн, хэвлийн зүүн доод хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтлүүд үүсчээ. Уг гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийн цус хуралдалт үүсч хүндэрсэн байна.  Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 124-126 дахь тал/

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй /хх-ийн 143 дахь тал/

Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Зүүн шанаа эрүү хамар зэрэг рүү цохьсон. Мөн газар унагаагаад толгой цээж рүү нь 2-3 удаа цохьсон. Н эхлээд манай найз Ган-Эрдэнийг хутгалчихаад дахиад Ган-Эрдэнэ рүү дайраад байхаар нь би Ныг зодож бие эрх чөлөөнд нь халдсан /хх-ийн 147 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 41 дэх тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-33 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 34-36 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 148-154 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160, 185 дахь тал/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 165-184 дэх тал/

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 161 дэх тал/

5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 162 дахь тал/

Политехник коллежийн тодорхойлолт /хх-ийн 163 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 187, 202 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Г, шүүгдэгч Б.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Ногоочдын 3-10 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Г-ийн хүзүүн тус газар нь 1 удаа, хэвлийн тус газар нь 2 удаа нийт 3 удаа хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Н.Г-ийн: 2021 оны 12 сарын 11-ний орой Нын найз охин Ц, манай найз А бид гурав нэг том пиво уугаад сууж байхад утас дуугараад Н над руу залгаад “андаа хаана байна” гэсэн. Тэгэхээр нь би найзындаа байна гэхэд манай хүн байна уу гэхээр нь байна гэсэн чинь би яваад очъё гээд утсаа салгаад удалгүй буцаж залгаад миний байгаа айлын гэрийн хаягийг асуусан. Тэр үед Наас өөр машинд явж байсан хүмүүс дундаас эмэгтэй найз нь чи хүний эхнэртэй явалдахаа болиоч гээд орилоод өөр нэг залуу нохойн гөлөг минь чамайг ална шүү гээд орилоод байсан. Би цамцаа тайлаад тэгээд наад хэдээ аваад яв л даа гэсэн чинь миний цээж рүү хутгалсан. /хх-ийн 46-47 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч О.Цгийн: ...Анх Н, Д ирэхдээ л хутгатай ирсэн. Би өөрөө харсан болохоор мэдэж байна. Хоёр адилхан хутга байх шиг байсан. Шар резин иштэй хутга байсан. Хутгалчихсан байна гэж манай найз Ганцэцэг орилохоор нь би анзаарч харахад нэг их жижиг биш шар эрээн хутга Н баруун гартаа барьчихсан хоёр гэрийн голд зогсож байсан. /хх-ийн 66 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Мын: ...Манай найз Ган-Эрдэнийг Н дагуулаад манай хашаанд байх илүү гэрийн хажууд очоод элэгдэх шиг болсон чинь хутгалсан байсан. Тэгэхээр нь би сандраад эгчийндээ гүйж ороод цагдаа дуудах гэж ороход утас нь олдохгүй болохоор гэрээс өөрийнхөө гэрээс утсаа аваад түргэн тусламж, цагдаа дуудахад зодоон хийсэн хүмүүс яваад өгсөн байсан. Тэгээд түргэн тусламж цагдаа ирээд Н, Ган-Эрдэнэ нарыг аваад явсан. /хх-ийн 77 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Дгийн: ...Тэгээд удалгүй нэг эмэгтэй хүн Насаа чи хүн хутгалчихлаа шүү дээ гэхэд нь би харахад Нын гарт хутга байсан. Удалгүй гэрээс залуучууд хутга төмөр зэрэг зүйл бариад гараад ирсэн. Тэгэхээр нь би ганцаараа зугтаагаад яваад өгсөн. Ямар ч байсан гэрээс нэг залуу гарч ирэхдээ хутга барьсан байсан. Тэгээд Нын гар хутга хоёрыг л харсан. /хх-ийн 90 дэх тал/

Гэрч Б.Бын:  ...Тэгээд хэсэг байж байтал Д ах “ахыг чинь зодож байж магадгүй” гэхээр нь би дахиж хашаан дээр гараад харахад манай ахыг зодож байсан. Тэгэхээр нь би хашаа даваад очих хооронд нөгөөдүүл нь алга болсон байсан. Тэгээд ах дээр очоод тэврээд гарсан чинь ах хутга барьсан байхаар нь хүн хутгалчихаж магадгүй гэж бодоод хутгыг нь булааж аваад байж байтал цаад талын залуус бөөндөө чулуу мод төмөр барьчихсан ирж байсан. Тэгэхээр нь би хутгыг аваад хойд гудамжаар гараад хашааны хойно хутгыг хаячихаад гэр рүүгээ яваад өгсөн. /хх-ийн 96 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Отгондүүгийн: Тухайн үед тэр хэрэг гарсан гэх хашаа нь манай ар талын хашаа байсан. Тэгээд тэр гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь би гэрээсээ гараад хойд хашаанд байрлах Агийн гэр рүү ороход Ган-Эрдэнэ хутгалуулсан байсан. Тэгэхээр нь би өмсөж байсан цамцаа тайлаад цусыг нь дараад байж байсан чинь түргэний машин ирээд Ган-Эрдэнийг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би эмнэлгийн машинд хамт сууж явсан. /хх-ийн 116 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.

Иймд хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч Б.Ныг зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Нтай 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Ногоочдын 3-10 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар хохирогч Б.Нын нүүр, цээж рүү нь гараараа цохьсон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Б.Нын: ...Тэгээд би хашаанд нь байж байхдаа ахиж Ган-Эрдэнэтэй маргалдсан. Энэ үед 2 залуу миний ардаас юу юугүй цохиж хөл гар орж ирээд унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд газар унаад хартал газар нэг юм байсныг аваад хартал хутга байсан. Тэгэхээр нь тэр хутгыг аваад анх таарсан хүнээ л дүрсэн. Яг хэн байсныг мэдээгүй. Тэгтэл Ган-Эрдэнэ байсан. /хх-ийн 55-56 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч О.Цгийн: Би найз охин Ганцэцэгийн хамт найз А дээр ирэхэд Ган-Эрдэнэ Сэрүүн гээд 2,5 литрийн пиво ууж эхэлж байсан. Тэгээд бид 2 нэмж 2 том пиво аваад уугаад сууж байхад манай найз залуу Н утсаар залгахаар нь би утсаа аваагүй. Тэгсэн чинь манай найз залуу Ган-Эрдэнэ рүү утсаар залгаад би яваад очъё гээд байсан. Тэгэхээр нь Ган-Эрдэнэ тэг тэг хүрээд ир гээд хэлсэн. Тэгсэн манай найз залуу Н найз Д, Лхагва, төрсөн дүү Б Дондог гэж дууддаг үеэл дүү нартайгаа ирээд учир зүггүй хэрүүл хийгээд бөөн зодоон болоод эхэлсэн. /хх-ийн 66 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  ...Тэгээд хэсэг байж байтал Д ах “ахыг чинь зодож байж магадгүй” гэхээр нь би дахиж хашаан дээр гараад харахад манай ахыг зодож байсан. Тэгэхээр нь би хашаа даваад очих хооронд нөгөөдүүл нь алга болсон байсан. /хх-ийн 96 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд шилэн хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийн дээд дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элгийг гэмтээсэн, хэвлийн зүүн доод хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-126 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд тархины доргилт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал дух, баруун хацар-шанаа, эрүү, хамар, баруун мөр, тохой, зүүн мөр, цээжний зүүн хажуу, зүүн бугалга, суганы хонхрын өмнө дээд хэсэг, баруун сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-121 дэх тал/-ээр нотлогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтад тулгуурлаж гаргасан эрх зүйн  үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв.

Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...1.350.000 төгрөгөө авсан. Цаашид нэхэмжлэх өөр хохирол байхгүй гэх ба шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.350.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ...нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэх тул шүүгдэгч Г.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдлыг харгалзан хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Н, Г.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Нын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 160 дахь тал/, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаартай тодорхойлолтод: Б.Н нь тус багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч нь үнэн болно /хх-ийн 161 дэх тал/ Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 165-184 дэх тал/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 202 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 203 дахь тал/ Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай Өршөөл үзүүлэх тухай шүүгчийн захирамж /2хх-ийн 06 дахь тал/, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/19 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 10 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Г.Мын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 185 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 409 дугаартай тодорхойлолтод: Г.М нь Зүүнсайханы 5 дугаар багийн Далан 5-3 тоотод ам бүл 6 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 162 дахь тал/, Өмнөговь аймгийн Политехник коллежийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолтод: Г.М нь барилгын мужаан мэргэжлийн ангийн 2 дугаар курст суралцаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 162 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 189 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Над ... Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хувьд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг нь харгалзаж шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлбөр төлсөн, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харж үзэхийг хүсэж байна гэх тайлбар,

Шүүгдэгч Г.М өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйл байхгүй гэх тайлбар тус тус гаргав.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах заалтыг журамлан ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

Шүүгдэгч Б.Н нь урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 165-184 дэх тал/-оор 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан 07 сар 28 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ялын биелэлтэнд хяналт тавьж улмаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон байх боловч 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлж байх тул шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүх шүүгдэгч Б.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мын анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан тул шүүх шүүгдэгч Б.Нын бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Над оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн DVD 1 ширхэгийг ирүүлсэн ба уг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар өнгийн иштэй хутга 1 ширхэг, модон иштэй хутга 1 ширхэгийг тус тус буцаан авах хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Над хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Н, Г.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Гд 1.350.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Б.Н хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Н.Г нь хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Б-ын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овгийн Г-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт ирүүлсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар өнгийн иштэй хутга 1 ширхэг, модон иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч Б.Н, Г.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Гд 1.350.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Б.Н хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн

 дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА

 

                                                            ШҮҮГЧИД                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                                 Б.ВОЛОДЯ