| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00757/И |
| Дугаар | 135/шш2018/01011 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 135/шш2018/01011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2018/00757/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* /Утас: *******/-д холбогдох
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/510 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ж.******* нь Дархан-Уул аймгийн ******* захирлаар /******* захирлаар/ ажиллаж байхад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018.05.18-ны өдрийн 01-Б/16 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Ажлаас халсан тухай захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 40.1.5 заалт, Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/67-р тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, соёлын байгууллагын дарга нарын мөрдөх сахилгын дүрэм-ийн 2 дугаар хэсгийн 2.8 4 дүгээр хэсгийн 4.2.1 заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1.1, 4.1.5, 4.1.6 заалт, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018.04.18-ны өдрийн 01/15 дугаартай албан шаардлагыг үндэслэсэн ба захирамжлах хэсэгтээ сахилгын зөрчил давтан гаргасан нь 2018.02.25-ны өдрийн 176 дугаартай Аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх дүгнэлтийг хийж, сахилгын дүрэмд заасан ноцтой зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирамжийг 2018.05.21-ны өдөр танилцуулан, ажлаа өг гэсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаагаа огт мэдэгдээгүй ба хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ноцтой үйлдлийг гарган ажил олгогчийн итгэлийг алдах үйлдэл гаргаагүй, сахилгын зөрчил давтан гаргаагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Ж.******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсан тул Дархан-Уул аймгийн ******* захирлын /******* захирлын/ ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/Б/16 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус бичилт хийлгүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж байна. гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
2017.10.16-ны өдрийн Засаг даргын А/419 тоот захирамжаар сахилгын зөрчил гаргасан гэж арга хэмжээ авагдаж байгаагүй. Тухайн захирамжаар Шилэн дансны цахим системд холбогдох мэдээллүүдийг хугацаа хоцроон байршуулсан гэх асуудлаар нягтлан бодогч Д.******* нь сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож арга хэмжээ авагдаж байсан ба тухайн үед нягтлан бодогч Д.******* нь холбогдох мэдээллүүдийг байршуулах үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож, сахилгын арга хэмжээ авагдсан. Гэтэл уг асуудалд намайг сахилгын арга хэмжээ авахуулсан гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/510 дугаартай хавсралтыг засварлан захирамж гаргасан байна. Энэ захирамжийг манай байгууллага болон надад огт мэдэгдэж байгаагүй захирамж байх бөгөөд 2018 оны 01, 02 дугаар саруудад аймгийн Аудитын газраас шалгалт явагдах үед ч огт байгаагүй захирамж билээ. Мөн энэхүү захирамж нь намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017.10.16-ны өдөр, 2017.12.28-ны өдрүүдэд надад сахилгын шийтгэл хүлээлгэж байгаагүй атал хүлээлгэсэн мэт захирамж гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг захирамжийг хариуцагч тайлбар гаргахдаа нотлох баримтаар ирүүлэхэд танилцлаа. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/510 тоот Захирамжийн хавсралтыг холбогдох хэсгийг засварлах захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* захирлаар ажиллаж байсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01-Б/16 тоот хууль бус захирамж гарсан байсан үүнтэй огт танилцаагүй, тайлбар авагдаагүй, санал сонсоогүй, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуралдаан зохион байгуулаагүй, сахилгын зөрчил гаргаагүй, албан үүргээ гүйцэтгэж байхад хууль бусаар ажлаас халсан гэсэн гомдол гаргаж байгаа. Уг захирамжийг ажил авна гэж ******* дарга 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр над руу утасдаж би танай өрөөнд очиж уулзах шаардлагатай байна гэсэн би тэг тэг гэсэн гэтэл тэр энэ захирамжийг авчирч өгсөн юу болов яагаад ингэж байгаа юм бэ гэхэд, ******* дарга би ч мэдээгүй аймгийн ******* дарга сая дуудаад энэ захирамжийг хэрэгжүүл гэж өгсөн хэрвээ чи энэ захирамжийг хэрэгжүүлэхгүй бол би ажлаасаа халагдах гээд байна гэсэн. Би үнэхээр хууль бус захирамж байна гэсэн. Насанбат дарга, ******* дарга нарт 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гомдлоо бичгээр гаргасан, өнөөдрийг хүртэл Насанбат даргаас надад хариу ирээгүй, ******* дарга тамгаа өгчих тэгэхгүй бол намайг өдөр бүр дарамтлаад байна гэсээр байгаад хууль бусаар тамгаа авсан, тэгэхээр нь би та тэгвэл миний өргөдлийн хариуг өгчих гэсэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сахилгын хороогоор өргөдөл хэлэлцэж дүгнэлт гаргасан хариу ирүүлж тамгыг авсан дараа нь ажилаа хүлээлгэж өгөөгүй байхад хууль бусаар өрөөг эвдэж орсон байсан, Энэ захирамжийг хууль бус гэж үзэж байгаагаа дараах нотолгоогоор тайлбарлаж байна гээд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, соёлын байгууллагын дарга нарын мөрдөх сахилгын дүрмийн зөрчил 2 дугаар хэсгийн 2.8, 4 дүгээр хэсгийн 4.2.1 заалт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын эрх ашиг, эд хөрөнгөд хохирол учруулсан гэсэн заалт байсан, би ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн байгууллага болон бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан зүйл байхгүй энэ нь тогтоогдоогүй ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй юм. Сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн дүрмийн 4.2.1 дэх заалтыг заасан байдаг энэ заалт нь сахилгын зөрчлийг давтан гаргаж 2,7-2.11-т заасныг зөрчсөн бол ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах дүгнэлт гаргаж ажил олгогчид хүргүүлнэ гэсэн заалтыг заасан байгаа ямар ч өргөдөл гомдол манай боловсролын газарт ирээгүй, сахилгын хороогоор хурал хэлэлцэгдээгүй, ийм учраас ямар дүгнэлтийг үндэслэж гаргасныг би гайхаж байна. Сахилгын дүрэмд 7 хүний бүрэлдэхүүнтэй хороо ажиллана, энэ хороо 100%-ийн ирцтэйгээр хуралдана, гэж заасан байдаг гэтэл ямар ч ийм асуудал болоогүй байхад ийм заалтуудыг баримталж ажлаас халж байгаа нь миний эрхийг дэндүү зөрчсөн үйлдэл юм. Боловсролын тухай хуулийн 30.1.15-д Ерөнхий боловсролын сургуулийн захирал.. Аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн ажлаас чөлөөлнө гэсэн байдаг гэтэл аймгийн боловсролын газраас ямар ч санал ирээгүй огт байхгүй байгаа нь хуулийн зөрчилтэй байгааг харуулж байна, миний бие ажил үүргээ үнэлүүлэхэд 100% үнэлэгдэхээс 94%-иар үнэлүүлсэн байдаг. Мөн өргөдөл гомдол хэлэлцээгүй, сахилгын хороо хуралдаагүй учир дүгнэлт гарахгүй юм. Миний бие 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл өгөхөд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 195 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ сахилгын хороогоор өргөдөл гомдол хэлэлцэж хуралдаагүй байна гэсэн хариу ирүүлсэн. Тийм учраас өргөдөл гомдол хэлэлцэж хуралдаагүй учир дүгнэлт гарахгүй юм. Засаг даргатай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байдаг Нотолгоо 3 хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-ийг үндэслэсэн байдаг энэ нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж байгаа би хэнд ямар хохирол учруулснаа мэдэхгүй байна. Би мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан биш юм. Тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг шилжүүлэн авсан хүнийг гэж байна би ийм эрх бүхий ажилтан биш юм, би санхүүгийн албан тушаалтан биш юм. Ерөнхий боловсролын сургуулийн захирал удирдах албан тушаалтан байсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дахь заалт энэ заалтуудтай ямар ч хамааралгүй юм. Шилэн дансны тухай хууль болон төсвийн тухай хуулийн заалт нь миний хөдөлмөрийн гэрээтэй ямар ч хамаагүй заалт байна. 40.1.5-д заасан сахилгын зөрчлийг би огт гаргаагүй юм ийм зөрчлүүд би гаргаагүй, давтан ч гаргаагүй юм. Хэрэв зөрчсөн бол тогтоогдох ёстой юм. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, урамшуулал олгуулах, хөдөлмөрийн гэрээнд заасан урамшууллыг олгуулах, сар бүр 15%-иар олгох заалттай миний ажил үр дүнгийн гэрээ 94%-тай үнэлэгдсэн байдаг тийм учраас урамшууллаа нөхөж гаргуулах, цалингийн тооцоог ******* санхүүд хүсэлт гаргаж байж бодуулсан. Миний урамшуулал цалин нийлээд 5,217,683 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгэх, ур чадварын нэмэгдлээ авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
1. Дархан сумын ерөнхий боловсролын ******* / *******/ захирлаар ажиллаж байсан Ж.******* нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллүүдийг Шилэн дансны цахим системд байршуулахдаа хугацаа хоцроосон, 2017 оны 2 дугаар улирлын тайланг илгээгээгүй зэрэг зөрчлийг давтан гаргасан тул Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны А/419, 2017 оны А/510 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т заасны дагуу Ж.*******д албан тушаалын цалингийн 1 сар хүртэлх хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан болно.
2. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу төсөвт байгууллагуудын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийхэд Дархан сумын ******* санхүүгийн тайлан нь үнэн зөв байдал, иж бүрэн байх, оршин байх зэрэг батламж мэдэгдлүүдийг хангаагүй тул Хязгаарлалтай санал дүгнэлт авсан болно. Ж.******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Санхүүгийн тайланд илэрхийлэгдсэн хүнсний материалын үлдэгдэл 4,360,000 төгрөгөөр дутагдсан, авлагын үлдэгдэл 2,331,100 төгрөгөөр бодит бус байгаа зөрчлүүд нь санхүүгийн тайланд оршин байх батламж мэдэгдлийг хангахгүй байгаа нь Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 176 дугаар Аудитын гэрчилгээ, 01/15 дугаар албан шаардлагаар тогтоогдсон болно.
3. Дээрх зөрчлийг Ж.******* нь давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын А/67 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, соёлын байгууллагын дарга нарын мөрдөх сахилгын дүрэм-ийн 2 дугаар хэсгийн 2.8, 4 дүгээр хэсгийн 4.2.1 дэх заалт, Аймгийн Засаг даргатай Ж.*******гийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1.1-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халсан болно.
Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01- Б/16 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Ж.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/Б16 тоот захирамжийг гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаарх тайлбарыг шүүхэд өгсөн байгаа. Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т, хуулийн 3.1.1-т заасан төсвийн байгууллага албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд хяналт тавих дотоод хяналтыг төсвийн тухай хуулийн 69-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлд төсвийн ерөнхийлөн захирагчийг ямар ажил хийхийг тодорхой зааж өгсөн байдаг. Сангийн яамнаас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13-1/5456 тоот албан бичиг аймгийн захиргаанд ирж энэ байгууллагууд Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна, үүний дагуу хариуцлага тооц гэсэн албан бичиг ирсний дагуу Дархан-Уул аймгийн Аудитын байгууллага хяналт шалгалт хийхэд Ерөнхий боловсролын сургуулийн нилээд хэдэн сургууль Шилэн дансны тухай хуулийг зөрчсөнд арга хэмжээ авсан байдаг. Энэ арга хэмжээ авсан захирамж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/419 тоот захирамжаар сургуулиудын бүх захирлууд ирсэн. Гэтэл ******* санхүүгийн хяналтын мэргэжилтний алдаатай үйлдлээс болж ******* гэж бичихийг ******* гэж ерөнхий нягтлан бодогчийг сольж бичсэн байсныг дараа нь илрүүлэн, залруулж Санхүүгийн аудитын хяналтын дарга н.Баасанжаргал гэрчийн мэдүүлэг дээр тодорхой зааж өгсөн. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/510 дугаар захирамжаар А/419 дугаар захирамжийн хавсралт дээр Д.******* гэснийг ******* болгон засварласугай гэсэн аймгийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу энэ хүн хариуцлага тооцсон мэдэгдлээ Санхүүгийн аудит хяналтын албанаас өөрөө очиж авсан байсан. Тийм учраас Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр цалингийн 10%-иар хариуцлага тооцсон байгаа. Гэтэл 2018 онд Санхүү, төрийн аудитын байгууллагаас *******д аудит орсон байдаг. Аудитын тайлан дээр нэг бүрчлэн гаргасан зөрчлүүд цаашид авах арга хэмжээ, дүгнэлтүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж бичсэн байдаг. Үүнийг ******* захиралд хүлээлгэж өгсөн гэж Пийк ом аудит-ын захирал н.Жаргалсайхан надад албан ёсоор хариу өгсөн байгаа. Энэ аудитын дүгнэлтийн 10 дугаар зүйлд аудитораар илрүүлсэн гол зөрчлүүд тэдгээрийг шийдвэрлэсэн талаар 10.2-т аудит хийх явцад хүнсний материал 4,360,000 төгрөгийн материал дутагдаж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т эд хариуцагчийн эрх үүргийн 2,4-т байгууллагын эд хөрөнгийг хадгалах, түүнчлэн мөнгөн хөрөнгө, бараа материалын бүрдэл хангаагүй, бараа материалыг бусдад зээлдүүлэхийг хориглоно гэсэн заалтыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Аудит хийх явцад 72,000,000 төгрөгийн зөрчил илэрсэн байсныг аудит хийх явцдаа холбогдох баримт зэргийг цуглуулж барагдуулаад үлдэгдэл 6,000,000 төгрөгийн үлдэгдэл гарч ирсэн. Энэ аудит хийсэн Пийк ом Аудит-ын байгууллагаас тодруулахад 2016 оны 08 дугаар сард Ж.******* гуай ажлаа хүлээж авсан байдаг. Түүнээс хойш ажил хүлээж авахад ийм хэмжээний дутагдал байсныг мэдсээр байж 2018 он хүртэлх хугацаанд тухайн байгууллагын төсвийн шууд захирагч учраас барагдуулах ёстой байсан. Гэтэл үүнийг барагдуулахгүйгээр жил жилийн тооллогоор байгаа мэтээр тооллого явуулсан нь албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл, мөн өр төлбөрөө барагдуулахыг хүсээгүй явдал тул өнөөдрийн удирдлага хариуцах ёстой юм. *******д өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй юм. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр анх нэхэмжлэл гаргахдаа ******* захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн ганц шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байсан. Үүнээс 1 сар 5 хоногийн дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байдаг. Энэ нь 36 хоногийн дараа шаардлага нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01-Б/16 тоот хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах 2018 оны улирлын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 22 гэж хаяглан шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ахин нэмэгдүүлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/510 дугаар захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг засварлах тухай захирамжийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байдаг. Эндээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчсөн байна. 2018 оны 05 дугаар сарын 18-нд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан. Харин нэмэгдүүлсэн захирамжаа 2 сарын дараа гаргасан байдаг. Энд хугацааны талаар яригдах ёстой. Мөн А/510 дугаар захирамж хүчингүй болгуулах тухай маргааныг захиргааны шүүхэд гаргах ёстой юм. Цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Иймд харьяалал буруу гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн гэдэг мөнгө төгрөг шамшигдуулсан гэсэн надад тийм юм байхгүй, Төрийн аудитын актыг хүлээн зөвшөөрөхгүй байна, Засаг даргад явуулсан албан шаардлагыг би зөвшөөрөхгүй гэж дандаа зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгч байна. 40.1.5 бол мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан этгээдийг гэж заасан байдаг. Ж.******* хэлэхдээ би төсвийн шууд захирагч юм. Би эд хөрөнгө хариуцсан ажилтан биш гэж байгаа нь ойлгомжгүй юм. Ажил олгогч 40.1.5-т зааснаар эрх бүхий албан тушаалтан байхыг шаардсан байдаг. Пийк ом аудит ******* 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн. Үүнийг нь төрийн аудитын байгууллага хүлээж авч баталгаажуулж, төрийн аудитын байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбар эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн аудитын тухай хуулийн 15.2.1-д заасан орон нутгийн төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн санхүүгийн байдалд аудит хийх эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд Пийк ом аудит-ын актыг хүлээж авч аудитын дүгнэлт хүчинтэй болсон аудитын гэрчилгээ гаргаад албан тоотоор хүргүүлээд байдаг. Аудитын гэрчилгээ буюу актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч захиргааны хэргийн шүүхээр шийдүүлсэн асуудал алга. Үүнийг иргэний хэргийн шүүхэд ярих асуудал биш юм. Ж.******* нь 2016 оны 08 сард ******* захирлын ажлыг хүлээн авсан байдаг. Энэ хугацаанд аудит хийгээд зөрчил дутагдлыг тогтоосон байхад төлж барагдуулаагүй, нуун далдалж байсан нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн нь нотлогдож байна. Мөн 2017 оны аудитын шалгалтаар зөрчилтэй гэж акт тогтоогдсон нэр бүхий 47 байгууллагын удирдлагуудад албан бичиг ирсэн байхад ганцхан ******* нягтлан бодогч *******ийн нэрээр гаргасан байсан. Үүнийг дараа нь илрүүлээд Засаг даргын А/510 тоот захирамжаар төсвийн шууд захирагчийн нэрийг андуурч бичсэн тул ******* болгон өөрчилсөн байдаг. Энэ хүний гаргасан зөрчил дутагдал Төрийн аудитын байгууллагаар батлагдсан байхад дахин сахилгын хороог хуралдуулах шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иймд Ж.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримтлан ажлаас халсан нь үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/510 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Ажил олгогч ******* нь ажилтан Ж.*******тай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан /хэргийн 44 дүгээр тал/ зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.
Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан.
Нэхэмжлэгч Ж.******* нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцэх комисс ирснээр мэдсэн гэж дурьдан 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хандсан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.
Тус шүүх нэхэмжлэгч Ж.*******гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг шаардлагыг ихэсгэх эрхийн дагуу гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хугацаа хэтрүүлсэн гэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар зохигчид маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй.
Иймд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн ******* /Дархан-Уул аймаг Дархан сум *******/ захирлаар томилогдон, аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.
Ажил олгогч, ажилтантай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.2-т ажилтны эрхлэх ажил албан тушаал нь ******* захирал \хэргийн 44 дүгээр тал\ бөгөөд захирлын ажлын чиг үүргийн талаархи ажлын байрны тодорхойлолтыг шүүх хуралдаанд хариуцагч талаас ирүүлсэн байна.
Дээрх Ерөнхий боловсролын ******* захирал нь /хэргийн 160 дугаар тал/ Ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр сургуулийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган багш, сурагчдад цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд нь үйлчилгээ үзүүлэх, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байрны үндсэн дөрвөн зорилтыг тодорхойлсон байна.
Гэхдээ уг тодорхойлолтыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БСУГ-ын дарга, Аймгийн Засаг даргатай 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулалт хийсэн бөгөөд хариуцагч тал захирал Ж.*******тай хамааралтай, тухайн ажиллаж байгаа захирлын нэрээр ажлын байрны тодорхойлолтыг гаргадаггүй, захирал өөрчлөгддөг тул гэж, нэхэмжлэгч тал ажлын байрны тодорхойлолтыг надтай хийгээгүй, огноо зөрүүтэй гэж байна.
Түүнийг ажиллаж байх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2018 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу төсөвт байгууллагуудын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд баталгаажуулах аудит ******* дээр /тухайн үеийн нэрээр/ хийгдсэн, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын Аудитын гэрчилгээ, албан шаардлагын дагуу захирлаар ажиллаж байсан Ж.*******г Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1, 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Боловсрол Соёл урлагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/67 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, соёлын байгууллагын дарга нарын мөрдөх дүрмийн 2 дугаар хэсгийн 2.8, 4 дүгээр хэсгийн 4.2.1 дэх заалт, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1.1, 4.1.5, 4.1.6 дахь заалт, Дархан-Уул аймгийн төрийн Аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/15 дугаартай албан шаардлагыг үндэслэн Дархан-Уул Аймгийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/Б-16 дугаар захирамжаар хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагч тал нэхэмжлэгч Ж.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1, 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталжээ.
Тодруулбал, түүнийг ийнхүү ажил олгогчийн санаачилгаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажлаас халахдаа Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 176 тоот Аудитын гэрчилгээ 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/15 тоот албан шаардлагад үндэслэсэн байна.
Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2018 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу төсөвт байгууллагуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулахаар Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газраас тухайн үеийн нэрээр ******* дээр хяналт, шалгалт явуулсан боловч тухайлбал 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 176 тоот Аудитын гэрчилгээ гэсний Аудитын гол асуудал хэсэгт тусгагдсан ...санхүүгийн тайланд илэрхийлэгдсэн хүнсний материалын үлдэгдэл 4,360,000 төгрөгөөр дутагдсан, авлагын үлдэгдэл 2,331,100 төгрөгөөр бодит бус байгаа зөрчлүүд нь санхүүгийн тайланд оршин байх батламж мэдэгдлийг хангахгүй байна гэсэн нь өрөөсгөл байна.
Учир нь дээрх зөрчлийг нэхэмжлэгч Ж.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн ******* /Дархан-Уул аймаг Дархан сум *******/ захирлаар томилогдон ажиллаж байх үедээ 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгууллагын нягтлан бодогч нарын ажил хүлээлцсэнтэй холбогдуулж А/28 тоот тушаал гарган үндсэн хөрөнгө болон аж ахуйн, хоол хүнсний бараа материал тоолох тооллого бүртгэлийн комиссыг байгуулан, алдаа дутагдлыг тайлангаар хүлээн авахад илэрсэн зөрчил болох нь тогтоогдож байна. /хэргийн 120-125 дугаар тал/
Дээрх дотоодын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь Пийк Ом Аудит ХХК-ийн аудитаар дахин илэрсэн бөгөөд зөрчлийн талаар тухай бүр тайлбар өгч байсан байна. /хэргийн 126-136 дугаар тал/
Мөн Дархан-Уул аймгийн Төрийн Аудитын газрын аудитаар илэрсэн асуудлын бүртгэл гэгч 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр огноолон гарсанба / хэргийн 128-136 дугаар тал/ аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг хэн хэдий хугацаанд барагдуулах, биелэлтийг хэн хариуцах талаар акт гарсан эсэх нь тодорхойгүй байна.
Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газраас болон Пийк Ом Аудит ХХК-ийн хийсэн аудитаас илэрсэн зөрчлийг нэхэмжлэгч Ж.******* шууд хариуцах эсэх, нэхэмжлэгч талын тайлбарласнаар төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хүлээн авч актын биелэлтийг хангуулах байсан уу гэдэг нь тодорхойгүй байна.
Харин түүний захирлаар ажиллаж байх үедээ Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газар болон Пийк Ом Аудит ХХК, бусад этгээдэд хүргүүлсэн албан бичгээс үзвэл /хэргийн 108-118 дугаар тал/ аудитаар илэрсэн зөрчлийг биелэлтийг хангаж байсан байхаар байна.
Гэтэл аймгийн Засаг дарга дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй уг шалгалтын танилцуулгыг үндэслэн тухайн байгууллагын захирал /Ж.*******/-г ажлаас халах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаар хариуцагч ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэснийг үндэслэсэн ба Ж.*******г Төсвийн тухай, Шилэн дансны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Хуулийн дээрх хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог.
Хөдөлмөрийн гэрээнд Ж.******* нь төрийн байгууллагыг өдөр тутмын шуурхай удирдлагаар ханган, төсвийн шууд захирагчийн үүргийг гүйцэтгэж ажиллахаар заасан бөгөөд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг хуульд заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэсэн ойлголтод хамруулан ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
Мөн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд ...Дархан сумын ******* захирал Ж.******* нь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/419 дүгээр захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан сахилгын зөрчил гаргасан... гэсэн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заажээ.
Гэхдээ нэхэмжлэгч Ж.*******г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 01/Б/16 тоот захирамжид дурдагдсан А/419 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтад төсвийн шууд захирагч нарын албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэлх хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч хавсралтад түүний нэр байхгүй, нэхэмжлэгч талаас үүнийг бичвэрийн алдаа, төсвийн шууд захирагч гэхээр тухайн үед захирлаар ажиллаж байсан Ж.******* сахилгын шийтгэл хүлээсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Ажилтан Ж.*******д дээрх тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж байгаа бол тушаалд заасан зөрчлийг шалгасан талаархи материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчид мэдэгдсэн эсэх, түүнээс тайлбар авсан эсэх нотлох баримтыг ирүүлээгүй, хуульд зааснаар Ерөнхий боловсролын ******* захиргаанаас гаргуулан авсан / хэргийн 81-106 дугаар хуудас / ирсэн баримт бичгийн бүртгэлд Засаг даргын 01/Б/16 тоот захирамж сургуулийн захиргаанд болон захирал Ж.*******д хүргэгдээгүй, гардуулсан эсэх тэмдэглэгээ байхгүй, цалингаас суутгал хийгдээгүй байна.
Нөгөө талаар түүнд сахилгын зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан бол гардуулан өгөх, мэдэгдэх зэргээ баримтжуулан тухайн эрхийн актад хуульд зааснаар гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.
Мөн Засаг даргын 01/Б/ 16 тоот захирамж бичвэрийн хувьд алдаатай гарч тухайн үеийн төсвийн шууд захирагчийн нэрийг буруу бичсэнийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр засварласан, Ж.*******г ажлаас чөлөөлөх хүртэлхи 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл танилцуулаагүй, захирамжийн биелэлтийг хангаагүй атлаа сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж, Ж.*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу одоогийн нэршлээр Дархан-Уул аймаг Дархан сум Ерөнхий боловсролын ******* захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн дундаж цалингаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалин 5,217,683 төгрөгийг /хэргийн 153 дугаар тал/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******ас тэмдэгтийн хураамжид 98,433 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэснээр түүнд нэг удаа олгож байгаа ажилгүй байсан хугацааны цалингаас шимтгэлийг зохих журмаар суутган авч, зохих санд төвлөрүүлэн бичилт хийхийг ажил олгогч, хариуцагч *******д даалгах нь зүйтэй байна.
Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, СӨББ-ын эрхлэгч нарын 2018 оны эхний хагас жилийн ур чадварын үнэлгээ, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын үнэлгээг Засаг даргын захирамж гарган шийдвэрлүүлэхээр Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлжээ. /хэргийн 144 дүгээр тал/ Албан бичгийн хавсралтад нэхэмжлэгч Ж.*******гийн байгууллагын менежментийн онол арга зүйн мэдлэг чадвар, удирдсан байгууллагын чадавхи үзүүлэлт, байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийн зохион байгуулалт, хяналт шинжилгээ үнэлгээний арга, технологид гарсан ахиц, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан сургалтын байгууллагын болон төрийн албаны зөвлөлөөс гаргасан төсвийн ерөнхий менежерийн ажлыг үнэлж дүгнэхээр гаргасан журам, шалгуур үзүүлэлтийн биелэлт, багш, суралцагч, ажилчдын үр бүтээлтэй суралцах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд гаргасан ахиц, суралцагчид ба хамт олны төлөвшил, байгууллагын соёлд гаргасан өөрчлөлт, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гаргасан ахиц зэргийн нэгдсэн үнэлгээг хүргүүлсэн /хэргийн 145-146 дугаар тал/ байх боловч улирлын урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын захирамж, 2018 оны улирлын урамшууллын мөнгөний тооцоолол зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй, Засаг даргын захирамж гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ******* өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/510 дугаартай Захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг засварлах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хэргийн харьяалал зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүх дээрх шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн болно.
Тухайн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5- д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г Дархан-Уул аймаг Дархан сум /*******/ Ерөнхий боловсролын ******* захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Ж.*******н ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 5,217,683 төгрөгийг төгрөгийг хариуцагч *******ас гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.*******н ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны улирлын урамшууллын мөнгө гаргуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/510 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 98,433 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ