| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/112 |
| Огноо | 2022-10-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2022/ШЦТ/112 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ц.Х,
Өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ц-ийн Хт холбогдох 2228001830126 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Ц.Х нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот баг Улаан хошуу гэх газарт иргэн Ц.Н эзэмшлийн 8 шүдлэн, 1 хязаалан эр, 1 хязаалан эм, нийт 10 тооны ямааны 6,6 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар самнан авч, 594.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт,
Мөн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Н эзэмшлийн 8 шүдлэн, 1 хязаалан эр, 1 хязаалан эм, нийт 10 тооны ямааны эврийг нь улаан өнгөөр будан, 5 ямааны баруун чихэнд ногоон өнгийн бирк, нөгөө 5 ямааны зүүн чихэнд ногоон өнгийн бирк зүүлгэн зүсийг өөрчилж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Цагаан овоо багийн нутаг Бунхантын дэрсэн бууц гэх газарт орших Б.Б-д машинаа зарсны хөлсөнд авсан гэж худал хэлэн бусдын 10 тооны ямааг байлгаж, хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Хыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр малаа өвөлжөөлүүлээд хойшоо Улаан хошуу гэх газар руу нүүсэн. 24-ний үед төлтэй малаа гэрээсээ зүүн урагшаа 3 километр орчим зайд хариулж явахад хэдэн мал гарч ирж манай малтай нийлээд 10 гаруй хоносон. Гар утасны сүлжээ байхгүй, манай ойр хавьд бага малтай айл байхгүй, тэмээтэй айлууд ихэвчлэн байдаг. Эхнэр Улаанбаатар хотод өвчтэй байсан. Манай малчин аймаг руу ажилтай гэж хэлээд явсан байсан. Би шөнө ганцаараа гэрэл тавьж байгаад хэдэн ямааг нь самнасан. Малыг нь өглөө эрт малаасаа салгаж урагшаа зайтай туусан боловч орой нь манай малтай дахиж ирж нийлсэн. Хүний малыг самнасан учраас малыг нь айлд аваачиж тавьсан. Өөр хүний малтай нийлэх байх гэж бодож чихэнд нь бирк хийж, эврийг нь будсан. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрийг нь төлж барагдуулж гомдолгүй болгосон. Амьдрал ахуйг минь харгалзан хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна.
Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 дугаар сарын эхээр Амаржаргалынд очиж өөрийн ямаагаа самнах гэсэн чинь 16 ямаа дутсан. Тэгээд эрж хайж байгаад 10 ямаа Б гэдэг айлд байсан бөгөөд хоёр эврийг нь улаан өнгөөр будсан байсан. 10 ямаанаас 5 ямааны баруун чихэнд ногоон өнгийн бирк хийсэн, нөгөө 5 ямааны зүүн чихэнд ногоон өнгийн бирк хийсэн байсан. Тэгээд би энэ мал хаанаас хүрээд ирсэн бэ гэсэн чинь энэ мал Х гэдэг хүн авч ирж тавьсан. Машинаа зараад түүнийхээ өртөгт авсан гэж хэлсэн. Тэгээд машинд бүтэж үхэх гээд байна. Танайд тавьж байлгаж байгаад манайх нүүж ирэхээрээ авна гэж хэлсэн. Тухайн 10 ямааг тэр айлын гадаа будсан гэсэн. Малчинтайгаа очиж малаа өгсөн гэж хэлсэн. Манай 10 ямааг самнасан байсан. 10 ямааны ноолуур, самнаж авсан байсан бөгөөд 600.000 төгрөгийн хохиролтой байгаа. Мөн 6 тооны ямаа алга болсон. /хх-ийн 15 дахь тал/
Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Би Хаас малаа эрж хайж явсны машины тос маслоны мөнгө болон малаа очиж авахдаа хүний портер машин хөлсөлсний зардал зэргийн мөнгийг нэхэмжилсэн. Х миний мөнгийг бүрэн төлсөн. /хх-ийн 21 дэх тал/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ямаагаа самнасан чинь мал дутуу байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 14-15-ны хооронд малаа тоолсон чинь 100 гаруй ямаа, 18 гаруй хонь алга болсон. Тэгээд зар мэдээ тавиад эрж хайж, цагдаад мэдэгдсэн. Дараа нь малаа дахин тоолоод зарлагаа хассан чинь 58 мал дутсан. Хонь 15, ямаа 43 дутсан. Тэгээд эрээд хайгаад явж байгаад Б гэдэг айлд улаан будагтай 10 ямаа байсан бөгөөд М-ийн ямаанууд байсан. Тухайн айлаас энэ ямар учиртай ямаа вэ? Хэзээ хэн авч ирж үлдээсэн бэ гэж асуухад Х гэдэг хүн Цогтцэций сумын зүүн талаас машины өрөнд авсан. Тэгээд машин дотор ачихад чихэлдээд бүтэж үхэх гээд байна гээд манайд үлдээсэн. Хэд хоноод энд нүүж ирээд авна гэж хэлээд явсан. Тухайн ямааны эврийг улаан өнгөөр будаад, 5 ямааны баруун чихэнд ногоон өнгийн бирк, нөгөө 5 ямааны зүүн чихэнд ногоон өнгийн бирк зүүж тэмдэглэсэн байсан. 10 ямаагаа очиж авсан. Зөв талын чих нь онь имтэй, буруу талын чих нь хагалбар имтэй. Манайд малаа тавьсан Р.М-ийн мал нь зүүн чих нь өмнөөсөө ган зам имтэй, буруу талын чих араасаа ганзага имтэй мал байдаг юм. Өөр зөв чихэндээ өмнөөсөө ухан буруу чих хагалбар имтэй мал байдаг. Манай 42 тооны мал алга болсон. 15 хонь 27 ямаа алга болсон Р.М-ийн 16 ямаа алга болсон байсан. Хонийг нь сайн мэдэхгүй байна. Дан сувай малаас алга болсон. Шүдлэн хязаалан насны хонь алга болсон. Ямаа нь манайх голдуу улаан ямаа байдаг. Одоогоор үгүйлэгдэж байгаа улаан өнгийн хязаалан ямаа, бор өнгийн хязаалан эр ямаа алга болсон. Бүгд самнагдаагүй ноолууртай явж байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр галзуугийн вакцин тарьж хийлгэхэд манайх бүрэн байсан. Тэгээд дараа нь 04 дүгээр сарын 29-ний өдөр ямаагаа самнаж байхад зарим ямаа алга байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 14-15-ны хооронд тоолоод мал алга болсноо мэдсэн. Тухайн үед би малаа маллаж байсан. Өдөрт малаа 1 удаа эргүүлээд оройд 1 эргүүлдэг. Манайх ишигтэй, хургатай мал дангаараа, сувай малаа тусдаа малладаг. Өдөрт 1-2 удаа эргүүлж хардаг байсан. Манай мал айлын малтай нийлсэн удаа байхгүй. Сувай малаа голдуу зүүн хойшоо бэлчээрт явуулдаг байсан. /хх-ийн 23 дахь тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрийн хооронд байх өдрийг сайн санахгүй байна. Манайх Цогтцэций сум Цагаан Овоо багийн нутаг Бунхантын Дэрсэн бууц гэх газарт байхад 16 цагийн үед Ц.Х малчинтайгаа хамт жижиг цагаан машинтайгаа ирсэн. Ирээд Батаад нэг амьжиргаа цагаан машин зарсан байсан юм. Тэгээд мөнгө байхгүй гэхээр хэдэн шүдлэн авлаа. Хэд хоноод нүүж ирнэ. Машин дотор халаад бүтээд явж болохгүй байна. Танайд тавьмаар байна. Хэд хоноод нүүж ирнэ. Тэгэхээрээ авна гэж хэлсэн. Тухайн үед манайх ямаагаа самнаж байсан учир төлтэй мал руу аваачаад тавьчих, хариулгатай мал руу хийхгүй бол тасраад явна гэж хэлж явуулсан. Дараа нь би харахад 10 шүдлэн ямаа байсан бөгөөд хоёр эврийг улаан өнгөөр будсан. Баруун зүүн чихэнд нь ногоон бирк 5, 5-аар хийсэн байсан. Хэд хоногийн дараа суман дээр явж байсан чинь Зоригт гээд залуу уулзаад манайхаас алдсан мал танай мал дотор байна гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гаднаас мал гүйж ирээд нийлсэн байх гэж бодсон. Тэгсэн чинь Хгийн авчирсан мал болж таарсан. Тэгээд би Х рүү залгаад энэ мал чинь ямар учиртай мал юм гэж асуухад миний буруу би ёстой муухай юм хийсэн. Миний буруу гээд байсан. /хх-ийн 33 дахь тал/
Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгаас хөдөө гэрт очсон. Гэрт очиход Х ах ганцаараа байсан. Би тэдний малчин байгаа юм. Тэгээд Х ах нэг хэдэн ямаа гэрийн урдаас малд нийлээд ирсэн, шөнө ганцаараа гэрэлд самнасан гэсэн. Тэгээд урагшаа туусан боловч эргээд хүрээд ирсэн, хоёулаа айлд аваачаад тавьчихъя гэсэн. Тэгэхээр нь би дургүйцсэн. Тэгж байгаад тухайн ямаануудыг хамт ачилцаж өгсөн. Тэгсэн амьжиргаа цагаан машин зарсан түүний өртөгт авсан гэж хэлсэн. Бид хамт Б гэдэг айлд очсон. Тэгээд 10 ямааны эврийг улаан өнгөөр будаад ногоон өнгийн бирк зүүгээтэй байсан. Тэр хүмүүст амьжиргааны оронд хүнээс авсан гэж хэлж тавьсан. /хх-ийн 35 дахь тал/
Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Хыг 10 ямааны ноос ноолуурыг самнаж авсны дараа би очиж байсан. Намайг тэр үед Улаанбаатар хотоос ирэхэд Х өмнөх өдөр нь ганцаараа 10 ямааны ноосыг авсан гэж хэлж байсан. Тэгээд намайг гэрт очиход надад болсон явдлаа хэлээд хоёулаа энэ 10 ямааг Бгийн хотонд очиж тавья гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгэхэд Х би яаж энэ 10 ямааг өргөж дийлдэг юм гээд намайг тулган шаардаад байхаар нь би аргагүй зөвшөөрөөд 10 ямааг Бгийн хотонд очиж тавьсан. Хын эхнэр элэгний хорд хавдартай. Тэгээд Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаа. Би тухайн үед Хын эхнэр Саранцэцэг гэх хүний элэгний донор болохоор Улаанбаатар хот руу явсан. Тэгээд тэнд донор болж элэгнээсээ эхнэрт нь 70 хувийг өгчихөөд буцаад гэртээ ирэхэд Х ийм асуудалд холбогдсон байсан. Би хүний хийсэн хэргээс болж хэрэгтэн болмооргүй байна. /хх-ийн 39 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 786 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ноолуур 558.000 төгрөг /хх-ийн 43 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 786 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ноолуур 90.000 төгрөг /хх-ийн 44 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 786 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ноолуур 90.000 төгрөг /хх-ийн 45 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 1012 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: эр ямаа 1.280.000 төгрөг, эр ямаа 150.000 төгрөг, эм ямаа 140.000 төгрөг, нийт үнэ 1.570.000 төгрөг /хх-ийн 103 дахь тал/
Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед хэний мал гэдгийг мэдээгүй болохоор хэлээгүй байсан. Би гэр бүлийнхээ хүнтэй хамт Цогтцэций суманд амьдардаг. Бид 2 мал малладаг. Эхнэрийн бие муудаад Улаанбаатар хотод байдаг. Элэгний хавдартай болоод манай туслах малчин Төмөрбаатар элэгний донор болсон. Би 300 гаруй бог малтай байсан. Тэгээд малчиндаа донор болсонд баярлаад 100 бог салгаж өгөөд, хүүхдэдээ 120 гаруй бог салгаж өгсөн. Манай хүү Улаанбаатар хотод Этүгэн их сургуульд сурдаг. Одоо 80 гаруй бог малтай үлдсэн. Эхнэр бид 2 гурван хүүхэдтэй. 2 том хүүхэд маань Цогтцэций суманд байдаг. Би өөрөө Цогтцэций сумын 10 жилийн сургуулийг төгссөн. ...Би малаа хариулж явж байхад 10 тооны мал манай малтай ирж нийлсэн. Тэр 10 тооны мал нь Наранцэцэгийн мал байсан. /хх-ийн 56 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 61 дэх тал/
Оршин суугаа газрын хаягийн мэдээлэл /хх-ийн 62 дахь тал/
Малчин мэргэжлийн үнэмлэх /хх-ийн 64 дэх тал/
2021 оны жилийн эцсийн малын тоо /хх-ийн 66 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Хын үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, улсын ялагч болон өмгөөлөгч нарыг тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлж нотлох баримтыг харьцуулан дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Т овгийн Ц-ийн Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Ц.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэв. Учир нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан ба хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно гэжээ.
Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би айлын малыг ирэхээр нь ноосыг нь самнаж авчихаад эзэн нь ирээд таньж магадгүй гэж бодоод өөр тэмдэг тавиад айлын малд нийлүүлсэн. Би тухайн үед хэний мал гэдгийг мэдээгүй болохоор хэлээгүй байсан. /хх-ийн 56 дахь тал/ гэх ба шүүгдэгч Ц.Х нь бусдын хотноос малыг тууж авчраагүй, 10 тооны ямаа шүүгдэгч Ц.Хын хариулга бүхий малд ирж нийлсэн талаар мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.Хын дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүх үзэв. Үүнд:
Хохирогч Ц.Н: 2022 оны 05 дугаар сарын эхээр Амаржаргалынд очиж өөрийн ямаагаа самнах гэсэн чинь 16 ямаа дутсан. Тэгээд эрж хайж байгаад 10 ямаа Б гэдэг айлд байсан бөгөөд хоёр эврийг нь улаан өнгөөр будсан байсан. 10 ямаанаас 5 ямааны баруун чихэнд ногоон өнгийн бирк хийсэн, нөгөө 5 ямааны зүүн чихэнд ногоон өнгийн бирк хийсэн байсан. Тэгээд би энэ мал хаанаас хүрээд ирсэн бэ гэсэн чинь энэ мал Х гэдэг хүн авч ирж тавьсан. Машинаа зараад түүнийхээ өртөгт авсан гэж хэлсэн. /хх-ийн 15 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Амаржаргалын: 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ямаагаа самнасан чинь мал дутуу байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 14-15-ны хооронд малаа тоолсон чинь 100 гаруй ямаа, 18 гаруй хонь алга болсон. Тэгээд зар мэдээ тавиад эрж хайж, цагдаад мэдэгдсэн. Дараа нь малаа дахин тоолоод зарлагаа хассан чинь 58 мал дутсан. Хонь 15, ямаа 43 дутсан. Тэгээд эрээд хайгаад явж байгаад Б гэдэг айлд улаан будагтай 10 ямаа байсан бөгөөд М-ийн ямаанууд байсан. Тухайн айлаас энэ ямар учиртай ямаа вэ? Хэзээ хэн авч ирж үлдээсэн бэ гэж асуухад Х гэдэг хүн Цогтцэций сумын зүүн талаас машины өрөнд авсан. Тэгээд машин дотор ачихад чихэлдээд бүтэж үхэх гээд байна гээд манайд үлдээсэн. Хэд хоноод энд нүүж ирээд авна гэж хэлээд явсан. Тухайн ямааны эврийг улаан өнгөөр будаад, 5 ямааны баруун чихэнд ногоон өнгийн бирк, нөгөө 5 ямааны зүүн чихэнд ногоон өнгийн бирк зүүж тэмдэглэсэн байсан. /хх-ийн 23 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч С.Тын: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгаас хөдөө гэрт очсон. Гэрт очиход Х ах ганцаараа байсан. Би тэдний малчин байгаа юм. Тэгээд Х ах нэг хэдэн ямаа гэрийн урдаас малд нийлээд ирсэн, шөнө ганцаараа гэрэлд самнасан гэсэн. Тэгээд урагшаа туусан боловч эргээд хүрээд ирсэн, хоёулаа айлд аваачаад тавьчихъя гэсэн. Тэгэхээр нь би дургүйцсэн. /хх-ийн 35 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр хохирогч Ц.Н нь өөрийн өмчлөл эзэмшлийн малаас 10 тооны ямаа алдсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Хын өмчлөл эзэмшлийн малд тус 10 тооны ямаа ирж нийлсэн гэх шүүгдэгчийн мэдүүлэгтэй тохирч байна.
Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж, өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн таван хошуу мал тэжээвэр гахай шувуу зэргийг ойлгохоор хуульчлан тайлбарлажээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Хын үйлдэлд шунахайн сэдэлтээр, далд сэм аргаар ашиг хонжоо олох зорилгоор бусдын өмчлөлд байгаа малыг бэлчээрээс, эсхүл бусдын малын хотноос хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Хыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдаанд ... Ц.Хын үйлдлийн хувьд тухайн мал гэрт нь ирсэн, ирсэн малын ноолуурыг шунахай сэдэлтээр буюу нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлах санаа сэдэл төрснөө Ц.Х илэрхийлдэг. Энэ нь мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тийм учраас Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Ц.Нийг эзэмшлийн 10 тооны ямааны ноолуурыг самнаж авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэж заасан байдаг. Энэ зүйл хэсэгт ноолуур хулгайлсан үйлдэл орохоор байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Ц.Н малаас гарч байгаа ашиг шим ноолуур нь Ц.Н эд хөрөнгө мөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ноолуурыг авч байгаа үйлдэл нь ямар аргаар авч байгаа вэ гэдгийг хуульд тусгайлан заагаад өгчихсөн. Тухайн ноолуурыг Ц.Х авахад яаж, хэрхэн өөрийнх нь эзэмшилд орж ирсэн бэ гэдэг нь тодорхой харагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан завших гэмт хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 447 тоот тогтоолоор тайлбарлаж өгсөн байдаг гэх тайлбар гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байх шинжийг тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Х нь бусдын алдуул мал өөрийнх нь малын хотонд ирж нийлсэн болохыг мэдсэн ба тухайн 10 тооны ямааны ноолуурыг самнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Шүүгдэгч Ц.Х нь өөрийн малын хотонд ирж нийлсэн малд им тэмдэг тавьж өөр хүнд хариуцуулахаар өгсөн талаарх үйл баримтуудыг өмгөөлөгч болон улсын яллагч шүүх хуралдаанд шинжлэн судалсан ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Хт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Нт ноолуурын 594.000 төгрөг, алдагдсан 10 ямааны 1.570.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 786 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ноолуур 558.000 төгрөг /хх-ийн 43 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 786 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ноолуур 90.000 төгрөг /хх-ийн 44 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 786 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ноолуур 90.000 төгрөг /хх-ийн 45 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 1012 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: эр ямаа 1.280.000 төгрөг, эр ямаа 150.000 төгрөг, эм ямаа 140.000 төгрөг, нийт үнэ 1.570.000 төгрөг /хх-ийн 103 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байх ба хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Би Хаас малаа эрж хайж явсны машины тос маслоны мөнгө болон малаа очиж авахдаа хүний портер машин хөлсөлсний зардал зэргийн мөнгийг нэхэмжилсэн. Х миний мөнгийг бүрэн төлсөн. Хохирол бүрэн барагдсан. Гомдол саналгүй /хх-ийн 21 дэх тал/ гэжээ.
Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Ц.Нт ноолуурын болон бензин шатахууны үнэ 600.000 төгрөг, 10 тооны ямааг биетээр буцаан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Хын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Хын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 57 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дэх тал/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дахь тал/, 11010169 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбарт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ц.Х танд мал маллах арга ухааныг эзэмшсэн тул малчин мэргэжлийн үнэмлэх олгов /хх-ийн 64 дэх тал/, 2021 оны жилийн эцсийн малын тоо бүртгэлийн хуудас /хх-ийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан хэрэгт хэдэн хэдэн ял шийтгэлээс сонгож болохоор хуульд хуульчилж өгсөн. Ц.Х нь малчин ажилтай, мал аж ахуйгаа эрхэлж байгаа, насны байдал, түүний ар гэрийн нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Нт 10 тооны ямаа, 600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА