| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0119/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/119 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 20.14.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/119
2022 06 15 2022/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч Б.Энх-Амгалан,
Шүүгдэгч Э.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Наранцэцэгт холбогдох 2130002480166 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Дөхөмийн уурхайд тогооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 9 дүгээр баг, хайлаастын 30-32 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Гончиг ургийн овогт Эрдэнэ-Очирын Наранцэцэг, ЛЮ75100563 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.Наранцэцэг нь 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу “Colistridium botulinum C 100ml” гэх малын вакциныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 8 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн захаас үхрийн хэвтрийн өвчинд сайн гэх тариаг зүс сайн танихгүй эрэгтэй хүнээс авсан. Дорнод аймгаас Баярсайхан бид хоёр хамт явж тариа авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс хойш эм тариа дахин худалдахгүй... гэв.
2130002480166 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч Э.Наранцэцэгийн: Би дээрх цагаан тариа гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн тариаг 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн зах дээрээс танихгүй явуулын хүнээс авсан байсан. 3 ширхэг тариа байсан учир тариагаа цахимаар зар тавьж зарж байсан чинь над руу миний 95517760 дугаарын утсаар нэг эрэгтэй хүн холбогдоод тариа авна гэхээр нь тэр залууд нэг ширхгийг нь 120.000 төгрөгөнд бодож 2 ширхгийг нь 240.000 төгрөгөөр зарж өөрийн Хаан банкны 5630422306, дансаар мөнгийг нь шилжүүлж авсан юм. Үүнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байх надаас цагаан тариа асууж эмэгтэй хүн залгахаар нь би нэг ширхэг тариа байгаа гэж хэлэхэд аймгийн төвд байна аваад ирж болох уу гэж асуухаар би аймгийн төвд ороод яг хаана өгснөө санахгүй байна ямар ч байсан нэг газар хүргэж өгөөд нэг ширхэг тарианы мөнгө 120.000 төгрөгийн дээрх өөрийн хаан банкны данс руу шилжүүлж авсан юм...гэх мэдүүлэг /хх-н 106-107/
- Гэрч Р.Сайнбаярын: Би Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагчийн албан тушаалыг хашдаг хүн байгаа юм. Би 2021 оны 09 сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд явж байтал олон нийтийн цахим сүлжээнд иргэн Э.Наранцэцэг нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн малын тариаг худалдан борлуулж байна гэх зарын дагуу Э.Наранцэцэгийн 95517760 дугаарын утсаар нь холбогдож дээрх тарианаас худалдан авмаар байна гэхэд Э.Наранцэцэг нь надад 10 ширхэг тариа байна гэж хэлсэн юм. Э.Наранцэцэг нь надад нэг ширхэг тариаг 120.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн. Би худалдаж авъя гэж хэлээд уулзаад 8 ширхэг тариаг хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-25/
- Гэрч Н.Бүзэнлхамын: Би тухайн үед аймгийн төвд өөрийн гэртээ байсан юм. Би үхрийн гэмтэлд хийдэг цагаан тариа гээд хятад тариаг зардаг гэж хүнээс сонсоод энэ Э.Наранцэцэг гэх хүний утсыг олж аваад дугаараар нь холбогдож асуухад 1 ширхэг байгаа, 120.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлэхээр нь Э.Наранцэцэг гэх хүний данс руу 120.000 төгрөгийн өөрийнхөө данснаас шилжүүлээд Э.Наранцэцэг гэх хүн нь аймгийн төвд явж байхад надад авч ирээд өгсөн юм. Яг хаана явж байгаад уулзаад авснаа санахгүй байгаа юм. Нэг удаа л бүгдийг нь тарьдаг тариа гэж надад хэлсэн. Тэгээд би үхэртээ нэг удаа тариад дуусгасан юм. Би одоо хараад сайн танихгүй, гэхдээ надад орой тариагаа авч ирж өгөөд дансаа өгсөн. Би тэр дансанд нь мөнгөө хийсэн эмэгтэй хүний нэртэй данс байсан юм. Одоо хэн гэж хүний данс байсныг би санахгүй байна. Би нэг удаа холбогдож аваад эргээд дугаарыг нь ч хадгалаагүй мартсан байна. Манай үхрүүд гэмтээд хэвтэж өгөөд байсан юм. Би өөрийнхөө гэмтээгүй байсан үнээнүүдэд хийсэн юм. Урьдчилсан сэргийлэхээр их сайн байдаг, гэмтчихсэн үхэрт их сайн байдаггүй гэж ярьж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
-Гэрч Г.Баярсайханы: Наранцэцэг бид 2 цуг явж байсан чинь цүнх үүрсэн 30 гаран насны үл таних залуу “ үхрийн тариа авахгүй юу” гэж асуухаар нь “ ямар тариа юм бэ” гэж асуухад тэр залуу цагаан тариа гэж хөдөөний хүмүүсийн яриад байдаг тариаг цүнхнээсээ гаргаад ирэхээр нь авахаар тохироод тэр залуугаас 10 ширхэг тариаг 1 ширхгийг нь 45000 төгрөгт бодож авсан юм. Би энэ 10 тариаг 2 ширхгийг өөрөө үхэртээ тарьж үлдсэн 8 ширхэг тариаг Э.Наранцэцэгт өгсөн юм. Э.Наранцэцэг нь уг тариаг надаас зарж өгнө гэж авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
- Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/21 дугаартай албан бичиг /хх-ийн 40/,
- Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн 68 дугаартай албан бичиг /хх-ийн 93/,
- Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн шинжээчийн “...БНХАУ-ын “Чинхай биологийн эмийн үйлдвэр”-д 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдвэрлэсэн ТХ202016 цувралын дугаар бүхий 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуустал хэрэглэх хүчинтэй хугацаатай, “Colistridium botulinum C 100ml” гэх үхэр, хонины С хэвшлийн Colistridium botulinum хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг вакцин болох нь тодорхойлогдсон...Шинжилгээнд ирүүлсэн “Colistridium botulinum C 100ml” дээжинд Итгэмжлэгдсэн лабораторийн 22-162 тоот Сорилтын дүнгээр гадаад байдал, рН, формальдегидын хувь, ариун чанар, хорон чанар, савлалтын хэмжээ үзүүлэлтүүдийг БНХАУ-ын фармакопейд заасан арга аргачлалаар тодорхойлсон байна... Монгол улсын малын эмийн бүртгэлгүй байна. Мал эмнэлгийн эмийн сорилт, Баталгаажуулалтын улсын Лабораторийн сорилт баталгаажуулалтад хамрагдаагүй...Дүгнэлт: “Colistridium botulinum C 100ml” вакцин нь “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул мал эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй юм...” гэх дүгнэлт /хх-ийн 92 /,
- Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2022.01.24-ний өдрийн 1/21 тоот албан бичиг, Малын эмийн улсын бүртгэлийн жагсаалт /хх-42-91/
-Э.Наранцэцэгийн Хас банкны дансны хуулга /хх-14/
- Э.Наранцэцэгийн Хаан банкны тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-15-18,115-116/
- Э.Наранцэцэгийн Голомт банкны тодорхойлолт, дансны хуулга /хх-19-21/
- Э.Наранцэцэгийн Narantsetseg Erdene Ochir фэйсбүүк хаягнаас тавьсан зарын пост /хх-24/
- Э.Наранцэцэгийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-112-114/
- Э.Наранцэцэгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-117/
- Шүүгдэгч Э.Наранцэцэгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-121/
- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал /хх-57/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Э.Наранцэцэг нь 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу “Colistridium botulinum C 100ml” гэх малын вакциныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч Э.Наранцэцэг мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн захаас үхрийн хэвтрийн өвчинд сайн гэх тариаг зүс сайн танихгүй эрэгтэй хүнээс авсан. Дорнод аймгаас Баярсайхан бид хоёр хамт явж тариа авсан... ” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй ба энэ нь Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/21 дугаартай албан бичиг, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн 68 дугаартай албан бичиг, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн шинжээчийн “...БНХАУ-ын “Чинхай биологийн эмийн үйлдвэр”-д 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдвэрлэсэн ТХ202016 цувралын дугаар бүхий 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуустал хэрэглэх хүчинтэй хугацаатай, “Colistridium botulinum C 100ml” гэх үхэр, хонины С хэвшлийн Colistridium botulinum хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг вакцин болох нь тодорхойлогдсон...Шинжилгээнд ирүүлсэн “Colistridium botulinum C 100ml” дээжинд Итгэмжлэгдсэн лабораторийн 22-162 тоот Сорилтын дүнгээр гадаад байдал, рН, формальдегидын хувь, ариун чанар, хорон чанар, савлалтын хэмжээ үзүүлэлтүүдийг БНХАУ-ын фармакопейд заасан арга аргачлалаар тодорхойлсон байна... Монгол улсын малын эмийн бүртгэлгүй байна. Мал эмнэлгийн эмийн сорилт, Баталгаажуулалтын улсын Лабораторийн сорилт баталгаажуулалтад хамрагдаагүй. “Colistridium botulinum C 100ml” вакцин нь “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул мал эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй юм...” гэх дүгнэлт,
гэрч Р.Сайнбаярын “...Би Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч юм. Би 2021 оны 09 сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд явж байтал олон нийтийн цахим сүлжээнд иргэн Э.Наранцэцэгийн тавьсан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн малын тариаг худалдан борлуулж байна гэх зарын дагуу 95517760 дугаарын утсаар нь холбогдож дээрх тарианаас худалдан авмаар байна гэхэд Э.Наранцэцэг нь надад 10 ширхэг тариа байна гэж хэлсэн юм. Э.Наранцэцэг нь надад нэг ширхэг тариаг 120.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн. Би худалдаж авъя гэж хэлээд уулзаад 8 ширхэг тариаг хурааж авсан...” гэх,
гэрч Н.Бүзэнлхамын “...Би үхрийн гэмтэлд хийдэг цагаан тариа гээд хятад тариаг зардаг гэж хүнээс сонсоод энэ Э.Наранцэцэг гэх хүний утсыг олж холбогдож яриад түүний данс руу 120.000 төгрөгийн өөрийнхөө данснаас шилжүүлж, Э.Наранцэцэг нь аймгийн төвд явж байхад надад авчирч өгсөн” гэх,
гэрч Г.Баярсайханы “...Наранцэцэг бид 2 цуг явж байсан чинь цүнх үүрсэн 30 гаран насны үл таних залуу үхрийн тариа авахгүй юу? гэж асуухаар нь ямар тариа юм бэ? гэж асуухад тэр залуу цагаан тариа гэж хөдөөний хүмүүсийн яриад байдаг тариаг цүнхнээсээ гаргаад ирэхээр нь авахаар тохироод тэр залуугаас 10 ширхэг тариаг 1 ширхгийг нь 45000 төгрөгт бодож авсан юм. Би энэ 10 тариаг 2 ширхгийг өөрөө үхэртээ тарьж үлдсэн 8 ширхэг тариаг Э.Наранцэцэгт өгсөн юм. Э.Наранцэцэг нь уг тариаг надаас зарж өгнө гэж авсан юм” гэх мэдүүлгүүд зэргээр хэрэгт тогтоогджээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан малын тариа гэх тарианы гарал үүсэл, хаана үйлдвэрлэгдсэн эсэхийг тогтоох, Монгол Улсад малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, зөвшөөрөгдсөн эсэхийг тус тус тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн хийгээд шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А-49 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлд малын эм, эмийн түүхий эд бүртгэх, түргэвчилсэн журмаар бүртгэх, хугацаа төлбөр тогтоох, зарцуулах журам”-ын 1.9-д “малын эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, хэлбэр, тун тус бүрээр нь Малын эмийн улсын бүртгэлд нэг удаа бүртгэнэ” гэж заасан бөгөөд уг Colistridium botulinum C 100ml вакцин нь Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
4. Прокуророос шүүгдэгч Э.Наранцэцэгийн 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу “Colistridium botulinum C 100ml” гэх малын вакциныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд энэ зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйл Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэм хэргийн үндсэн шинж нь Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээснээр тодорхойлогдох бөгөөд харин дээрх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй этгээд үйлдсэн бол гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хүндрүүлэхээр хууль тогтоогчоос зааж өгсөн байна.
Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэргийн гэмт хэргийн объект нь олон нийтийн аюулгүй байдал бөгөөд объектив тал нь хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн үйлдэл хийснээр төгсдөг болно.
Шүүгдэгч Э.Наранцэцэгийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу “Colistridium botulinum C 100ml” гэх малын вакциныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэрэгт хангалттай нотлогдсон байх тул түүний дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Шүүгдэгч Э.Наранцэцэгийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Тэрээр малын эм, вакциныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах хориотой, өөрөө худалдан борлуулах эрхгүй гэдгээ буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ашиг хонжоо олох зорилгоор түүнийг хүсч үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тодорхойлогдоно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Э.Наранцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Наранцэцэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих “ ялтай оногдуулахаар хуульчилсан бөгөөд прокуророос түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, шүүгдэгч Э.Наранцэцэгийн үйлдсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, тухайн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Э.Наранцэцэг нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт хор уршгийг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болгон заасан тохиолдолд, өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдийн төгсгөл заавал хор уршиг учрахыг шаардана. Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдэл (эс үйлдэхүй) хийгдсэнээр төгсдөг учир хүссэн буюу зайлшгүй хүргэх хор уршгийг буй болгосон байх асуудал яригдахгүй юм.
Э.Наранцэцэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулснаар буюу худалдсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй байна. Иймд түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Бусад:
Хэрэгт эд мөрийн баримтаар 8 ширхэг “Colistridium botulinum C 100ml ” гэх малын вакцин хураагдсан бөгөөд үүнээс 3 ширхэгийг шинжээчийн дүгнэлт гаргуулахад ашиглажээ. Иймд хэрэгт ирүүлсэн 5 ширхэг дээрх тариаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгана.
Шүүгдэгч Э.Наранцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдья.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гончиг овогт Эрдэнэ-Очирын Наранцэцэгийг эм, эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Наранцэцэгийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Наранцэцэгт дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Наранцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг “Colistridium botulinum C 100ml” гэх малын вакциныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Наранцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН