| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/121/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/122 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/122
2022 06 16 2022/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа,
Хохирогч Н.Энхжил/цахимаар/
Шүүгдэгч Э.Ганбаяр, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Э.Ганбаярт холбогдох 2130003450172 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0186-р ангид заставын орлогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг, Билүүтийн задгай тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Өөлд овогт Энхбаярын Ганбаяр, РД:ЛМ96081716,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.Ганбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг 206 тоотод Queen /Кюүн/ пабд Н.Энхжил рүү караокены удирдлага авч шидэж, баруун мөр лүү онож, толгой руу гараараа 2-3 удаа цохисон, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний орой Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастайн гүүрний ойролцоо Н.Энхжилийг хардаж толгой руу гараараа олон удаа цохиж унагаан хавирга, хөл рүү нь өшиглөсөн, 2021 оны 10 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Энхжилийг зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Ганбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Тэрнээсээ зөрөх юм байхгүй. Бид 2021 оны 04 сард танилцаж, 2022 оны 01 сар хүртэл хамт амьдарсан. Энхжилд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 5.000.000 төгрөг өгсөн. Энэ баримтууд нь байгаа.
Энхжилтэй танилцаад, 20 сая төгрөг зээлээд тэрнээсээ болоод муудсан. Тэрийгээ авах гээд нилээдгүй хугацаа өнгөрсөн. 3-4 сар болсон. Тэгээд Энхжил хөлөө хугалаад тэгээд Энхжилийг эмнэлэгт Сүхбаатар аймгийн эмнэлэгт, Улаанбаатар хотод очиж мөн сахисан. Ингээд 5-6 сар бол өнгөрсөн. Энхжилд гар хүрсэн шалтгаан нь бол яахав өмнө нь уулздаг байсан залуутайгаа явж байгаад надад баригдсан. Энэ бол Баянзүрх дүүрэгт болсон гээд байгаа хэрэг нь юм. Эрдэнэцагаан суманд болсон гэх хэрэг нь өөр хүмүүстэй явж байгаад баригдаад ийм юм болсон байгаа. Насанд хүрээгүй хүүхэдтэй унтаж хэвтсэн зүйл бол байхгүй. Гэрт нь бол аваачсан. Би ядраад унтчихсан байсан. Тэр охин болохоор орны хажууд байсан сандал дээр унтсан байсан. Би бол Энхжилд хэлсэн байхгүй юу. Чи юмны учир ойлгоогүй байж ингэж болохгүй ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь сургууль дээр нь очиж уулзаад чи манай гэрээс хулгай хийсэн байна, цагдаад хэлнэ энээ тэрээ гэсээр байгаад надтай унтаж хэвтсэн болгосон. Тэрүүгээрээ бичлэг хийсэн байсан. Би бол чи юм ойлгоогүй байж ийм юм битгий хэлээд бай гэж л хэлсэн. Зодсон цохисон асуудал дээр бол Сүхбаатар аймаг энэ хоёрын хооронд тээвэрт явдаг байсан. Би бол энэ хоёрын хооронд явахдаа тайван явах зүйл байдаггүй. Дандаа түгшүүртэй явдаг байсан.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлалт гуйгаагүй гээд байна. Зөндөө ярьсан. Мессежээр хүртэл уучлалт гуйсан байгаа. Одоо ч мессеж нь байгаа. Шүүхээс хохирол төлбөр гаргуулах бол бүрэн төлж барагдуулах боломжтой байгаа. Прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа...гэв.
- Хохирогч Н.Энхжил шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний нэхэмжилсэн мөнгөнөөс 2.500.000 төгрөг, 500.000 төгрөг гээд 3.000.000 төгрөгийг надаас түр зээлье гээд авсан байсан юм. Тэгэхэд нь би өгч байсан юм. Гэтэл 6.000.000 төгрөгөөс тэр 2.500.000 төгрөгийг өгсөн мэтээр ингэж байгаа байхгүй юу. 1-рт. Тэр дансны хуулгууд надад байна. 2-рт надад гар хүрэх болсон шалтгаан нь гадны хүнээс шалтгаалсан мэтээр ярьж байна. Тэрийг нь би гайхаж байна. Би энэ талаар нь цагдаа нарт ч хэлээгүй байсан юм. Өөрийг нь ийм юм ярьж байгаа бол хэлье ээ. Манай гэр Эрдэнэцагаан сумын 2-р баг, Бяруутын 206 тоотод 2021 оны 11 сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд авчирч унтсан байсан. Манай харуул хамгаалалтынхан бүгд мэдэж байгаа. Өдий хүртэл надаас уучлалт гуйгаагүй явж байгаа. Би Ганбаярын толгойд нэг удаа ч гар хүрч байгаагүй. Нэг удаа ч далайж үзэж байгаагүй. Би толгой руу нь нэг удаа ч нясалж үзэж байгаагүй. Миний нэхэмжилж байгаа зүйл бол маш энгийн. Дэлгэрэнгүй бүх зүйлээ бол нэхэмжлээгүй. 1-рт энэ хүнийг эхлээд харъя гэж бодсон юм. Эхний удаа ойлгомжтой би өөрийнхөө зээл юм хумаа хаасан зүйлээ л нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлээ тодорхой бичсэн байгаа. 2-рт гэхээр 07 сард намайг зодсон гээд байгаа асуудал нь болохоор би том тэрэгтэй найзтайгаа уулзаад зогсож байсан чинь согтуу ирээд намайг зодсон. Зодох зодохдоо нилээн зодсон. Дүү нар нь байсан. Наадах чинь согтуу машин барьж яваад би бүр замд дээр машинаасаа үсэрч буусан. Би хөлөө хугалчихсан байсан шүү дээ. Тэгээд би сайн алхаж чаддаггүй байсан хирнээ би зам дээр гүйгээд, намайг авраач гээд гүйгээд байсан. Тэгсэн эмэгтэй аймаар олон хүмүүс ирээд чи яахаараа ингээд явж байдаг юм бэ? гээд цагдаа нэг хэсэг ирэхгүй байж байснаа цагдаа ирсэн. Тэгээд бид нар Улиастайн цагдаагийн газар очсон. Тэгээд эмч нар үзээд эмч нар хавирга чинь гэмтсэн байна. Нүүр ам чинь ингэсэн байна гэж байсан. Цагдаа нар хүртэл чи ямар аймаар гэмтсэн юм бэ гээд байсан. Тэгсэн намайг явъя гээд байсан. Тэгээд би цагдаа нарт худал мэдүүлэг өгөөд тэгээд л явж байсан шүү дээ. Маргааш нь 2 цагдаа намайг дуудаад чи ийм аймаар зодуулчхаад, чи ингээд байхдаа яадаг юм бэ гээд байсан. Чи ийм аймаар зодуулчхаад чамайг гараад энэ хүн чинь дарамтлаад байдаг юм уу гээд байсан. Тэгээд худал мэдүүлэг өгүүлээд 100000 төгрөгөөр торгуулаад л салсан. Тэрүүгээрээ би дараа дараачийн зодуулах байр сууриа тавьсан юм болов уу гэж бодож байна. Одоо энэ үүднээс харахад. Тэр үед нь арга хэмжээг нь авсан бол өдийд ийм байдалд орохгүй байсан байх гэж бодож байна. Одоо би удахгүй Монгол руугаа буцна. Би Эрдэнэцагаан суманд бизнес эрхэлнэ гээд 2-3 жил төлөвлөж байсан. Э.Ганбаярыг би юу ярих юм болоо гэж бодож энэ шүүх хуралдаанд оролцоно гэж ингэж оролцож байна. Т.Ганбаяр нэг удаа ч болтугай миний буруу намайг уучлаарай гэсэн бол би магадгүй бүх зүйлийг дуусгаад угаасаа би 4-5 жил суралцах учраас Т.Ганбаяртай уулзахгүй явчих байсан юм. Би гомдолтой байна. Би удахгүй Монголд очно. Миний энэ гомдол санал тууштай явж чадахгүй бол зохих шатанд нь гомдлоо гаргана. Ер нь бол гомдолтой л гэж үзэж байна. Өмгөөлөгч авъя. Өмгөөлөгчтэйгөө ярилцъя. Энэ хүн өмгөөлөгчтэй оролцож байна. Тиймээс би өмгөөлөгчгүй байгаа учраас бас сайн тунгааж бодож чадахгүй байна гэв.
2130003450172 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
-Шүүгдэгч Э.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Миний бие 2021 оны 04 дүгээр сард корона вирус гээд хөл хорио тогтоохоор нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гэртээ очсон юм. 2021 оны эхээр Н.Энхжил гэх хүнтэй танилцаад 2021 оны 07 сар хүртэл дотно харилцаатай болсон. Тэр үед Энхжил явганаас ойчиж хөлөө хугалаад Баруун-Урт суманд ирж Энхжилийг 10 хоног эмнэлэгт сахисан. Улаанбаатар хотод дахин хагалгаанд ороход мөн 10 гаруй хоног сахисан. Бид хоёр Улаанбаатар хотод Энхжилийн эгчийн гэрт нь сар гаран Энхжилийг эмчилж хамт амьдраад хөл нь гайгүй болохоор нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хамт ирээд Энхжилийн гэрт буюу пабийнх нь доор хамт амьдарч байсан. 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед Энхжилийн пабад Энхжил түүний найзуудаа би архи ууж байсан чинь Энхжил согтчихоод дахиад архи ууна гээд байхаар нь би одоо согтсон байна болио гэсэн чинь чиний юмнаас уугаагүй гэсэн утгатай юм яриад өөдөөс хундагатай архи цацахаар нь би караокены удирдлага аваад Энхжил рүү шидсэн чинь баруун бугалга нь хөхөрчихсөн, харин удирдлага нь эвдрээгүй.
2021 оны 09 дүгээр сард Энхжил бид хоёр Улаанбаатар хотод хамт машин авахаар очоод байж байхдаа авч чадаагүй. Би Энхжилийн эгчийн машиныг унаад Энхжил өөрийнхөө машиныг унаад Улаанбаатар хотод байх гэр лүү цуваад явж байсан чинь гэнэт Энхжил алга болохоор нь түрүүлж яваад гэрийн үүдэнд хүлээж байгаа байх гэж бодсон чинь гэрт ирээгүй байсан. Тэгэхээр нь утас руу нь залгасан чинь миний утсыг блоклоод алга болсон. Тэр орой нь хүнээр хаана байна Сэлэнгээс тосоод аваач авчирсан унаа нь буцах гээд байна байгаа хүргээд өгье гэж яриулсан чинь Хонхорт байна тэгье гэхээр нь очсон чинь Нямрагчаа гэх залуугийн хамт байхаар нь би уурлаад Нямрагчаатай нь зууралдаж байсан чинь голоор Энхжил орж ирээд түлхэгдэж ойчоод гар, хөлөө зулгалсан. Өмнө нь уулздаг байсан залуутайгаа хамт байхаар нь уур хүрээд Энхжилийг толгой руу нь ганц нэг алгадаад, гар луу нь мөн цохиод аваад явах гэсэн чинь машинд суухгүй болохоор нь гуя руу нь нэг өшиглөсөн. Тэгсэн чинь Энхжил зам дээрээс цагдаад мэдэгдээд маргааш цагдаа дээр очоод Энхжил бид хоёр найз байгаа юм гэж худал хэлээд намайг 100.000 төгрөгөөр торгосон. Тэр орой нь Улаанбаатарын манай гэрт Энхжил Хонхорт байхдаа хугархай хөл рүү нь санамсаргүй өшиглөснөөс болж өвдсөн юм уу утсан дээрээ хөлийнхөө зургийг аваад хэвтээд байсан. Тэгсэн чинь гэнэт гаднаас цагдаа гэнэт хаалга тогшиж орж ирээд Ганбаяр гараад ир гэхээр нь гараад уулзсан чинь ямар асуудал гаргаад байгаа талаар асуухаар нь ямар нэг асуудал болоогүй гэсэн чинь Энхжил гэдэг хүний эгч нь яриад байна манай дүүг зодоод байна гэж дуудлага өгсөн гэж хэлээд намайг гадаа үлдээгээд цагдаа дотогш орж Энхжилтэй уулзаад дагуулаад гарч аваад явсан. Миний хувьд тэр өдөр зодож цохисон зүйл байхгүй, эгч рүүгээ явна гэхээр нь хазганачхаад хөл, гар нь хөхөрчхөөд хэнд муугаа үзүүлэх гэж явах гээд байгаа юм гэж хэлж байсан. Дараа нь Сүхбаатар аймагт байхдаа Энхжил нь Эрдэнэцагаан сумаас Баруун-урт суманд ирчхээд эргэж очихгүй худлаа яриад аймагт хүмүүстэй шоудаад байсан болохоор нь уурлаад Эрдэнэцагаан сумын төвд байх Сүрэнчимэгийн гэрт Энхжилд гар хүрсэн асуудал байгаа. 2021 оны 11 дүгээр сарын үед Энхжил рүү дулаан граж гэсэн хүн залгаад юу хийж байна хонгор минь гэж ярихаар нь хэн юм гэж асуусан чинь хэлэхгүй нуугаад байхаар нь гар утсыг нь булааж аваад толгой руу нь нэг удаа цохисон. Энхжил утасныхаа кодыг хэлэхгүй элдэв, чат, мессеж ирээд байхаар нь утсыг авч явж байсан. Харин Энхжил өөрөө гэрийн хаалга араас түгжих согтуу хүн орж ирээд айлгаж ичээнэ, эсвэл архи дарс нэхээд байдаг юм гэхээр нь 2-3 удаа араас нь түгжиж байсан. 2021 оны 12 дугаар сард Энхжилийн пабад 2 найзтайгаа сууж байсан чинь мөнгө төгрөгөө өгсөн юм уу гээд уурлаад байхаар нь Пабаас нь нэг шил архи авч гараад найзындаа орж уучхаад буцаад Энхжилийн паб руу орж амрах гээд ирсэн чинь Энхжил хөшигнийхөө завсраар хараад хаалга тавихгүй болохоор нь хөлөөрөө хаалгыг нь өшиглөөд доод талынх нь хэсгийн хуванцар мултраад цөмрөх үед Энхжил хаагаа нээж өгсөн. Тэгэхээр нь яагаад хаалгаа нээдэггүй юм гээд толгой руу нь нэг удаа алгадсан чинь галч нь Энхжилийг өмөөрөөд намайг цохихоор нь өөдөөс нь цохих гэсэн чинь зугтаачихсан. Тэгээд Энхжилийг хайсан чинь байхгүй байхаар нь Пабдаа ороод нуугдчихлаа гэж бодоод хаалганы хажуу талын жижиг цонхыг нь хагалсан чинь Энхжил гаднаас цагдаа дагуулаад ирсэн. Маргааш нь цонх хаалгыг нь засварласан. 2022 оны 02 дугаар сард Эрдэнэцагаан суманд байхдаа Энхжилийн пабыг хаасан хойно нь 01 цагийн үед очсон чинь нэг хүн пабынх нь үүднээс гараад гүйчихээр нь ороод хэн байсан талаар асуусан чинь хэлэхгүй байхаар нь ширээнийх нь булангаас өшиглөсөн тэр үед Шүрэнчимэг чи пизда минь яахаараа ширээ өшиглөдөг юм хамт архи ууя гээд байхаар нь хамт суусан тэгээд нэг шил архи талдаа орж байх үед Шүрэнчимэг, Энхжил нар хоёр биеэ алгадаад байхаар нь боль гэж хэлсэн чинь үгэнд орохгүй болохоор нь Энхжилийг 2 удаа цохисон ийм л болсон асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-114-117/
-Хохирогч Н.Энхжилийн: Э.Ганбаяр бид хоёр 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл 7 сарын хугацаанд хамтран амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Э.Ганбаяр нь хамтран амьдрах хугацаандаа намайг удаа дараа цохиж зодож байсан. 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед /өдрийг нь сайн санахгүй байна/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг 206 тоотод байх миний ажиллуулдаг Queen нэртэй Паб-д 22 цагийн үед найз Алтанзул, түүний нөхөр Ганболд нарын хамт архи ууж байхад Ганбаяр гаднаас орж ирээд над руу караокены удирдлага авч шидээд миний баруун мөр лүү онож хөхөрсөн. Тэгээд толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би уурлаад ширээн дээр байсан шилэн стаканыг аваад шал руу шидэж хагалахад манай найз Алтанзул болиулсан. Тухайн үед манай пабд Алтанзул, Ганболд, Ганбаяр бид нараас өөр хүн байгаагүй. Тухайн үедээ анх удаа ийм зан гаргасан болохоор өөрсдийнхөө хүрээнд нуугаад үлдсэн.
Тэрнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 14-ний орой намайг Улаанбаатар хотод байхад манай Queen пабд ажилладаг Энхсүх гэх залуу Эрдэнэцагаан сумаас яриад “яаралтай бичиг баримт байгаа юм, та хүнээс аваад Эрдэнэцагаан руу унаанд хийж өгөөд явуулчих” гээд утасны дугаар өгсөн. Би шөнө 00 цагийн үед тэр утас руу залгаж бичгийг нь авах гээд хаягаа зааж өгч дуудчихаад Эрдэнэцагаан сум руу явах гэж байсан Нямрагчаа гэх хүнд өгөх гээд Улиастайн гүүрний ойролцоо хүлээгээд машинд нь сууж байсан. Тэгсэн удалгүй Э.Ганбаяр Б.Жавхлантамир, жижиг Тамираа, Лууяа гэх хүмүүстэй хамт согтуу ирээд намайг Нямрагчаа гэх хүнтэй хардаад үгийн зөрүүгүй намайг харааж доромжилж байснаа Нямрагчаа гэх хүнтэй маргалдаад Нямрагчаа явчихсан. Тэгээд намайг толгой руу гараараа олон удаа цохисон, унагааж байгаад хавирга руу 10 орчим удаа өшиглөсөн. Мөн миний үснээс зулгаагаад газар чирэхэд миний 2 хөлийн өвдөг шалбарсан. Тухайн үед миний баруун хөл хугарчихсан байсан. Гэтэл миний хугарсан хөлийг өшиглөөд “наад хөлийг чинь нэмээд хугалчихъя, алхаж явахыг чинь харна аа” гэж ярьж байсан. Намайг бүтэн цагийн турш замын хажууд зодсон. Тухайн үед хажууд байсан хүмүүсээс нэг нь ч намайг өмөөрч Ганбаярыг болиулаагүй, ингээд үхэх юм байна гэж бодож байсан. Би зам руу гүйж очоод машин зогсоогоод цагдаа дуудаж өгөхийг хүсэж, амь гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас ирээд Ганбаярыг авч явсан. Тухайн үед Ганбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор би саатуулах байлгүй гэж бодож байсан саатуулалгүй, надтай хамт явуулсан. Тэндээсээ гэрт очоод намайг унтуулахгүй, намайг заавал өөрийнхөө хажууд унтахыг шаардаж, Нямрагчаа та 2 юу хийсэн, бос, суу гэх мэтээр үүрийн 06 цаг хүртэл дарамтлуулж байгаад арай гэж унтсан. Ингэж унтаад үдийн өмнө 11 цагийн үед босоход миний бие эвгүй, хамаг бие хөхөрсөн, толгой эргээд байсан. Ганбаяр өөрийн хамаатан дүү нараа дуудаад дэлгүүрээр явуулж хувцас сонгуулж авсан. Энэ хувцас авах болсон шалтгаан нь урьд өдөр нь зодуулсан Нямрагчаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газар өргөдөл өгсөн гэж дуулаад цэвэрхэн хувцас авч байгаа үйлдэл, өөрөө гэртээ намайг манаж байсан. Тэгээд би ер нь Ганбаяраас айгаад байсан болохоор хамаатан Б.Батмөнх эгчийндээ очлоо, чамтай хамт баймааргүй байна гэхэд, чи ийм байдалтай хаашаа явж, хэний мууг үзэх гээд байгаа юм, чамайг гаргахгүй, хаашаа ч явуулахгүй гэсэн. Тэгээд өөрөө дэлгүүр нэг удаа гарч явахдаа намайг араас цоожлоод явсан. Тэр үедээ миний утсыг хураагаад авчихсан байсан. Тэгж байгаад үдийн үед Ганбаяр өөрөө унтахаар нь утсаа сэм аваад нойлд орж нууцаар Б.Батмөнх эгч рүү “эгчээ намайг ирээд ав, гэрээс гаргахгүй, зодоод байна, хариу хэрэггүй” гэсэн мессеж бичиж явуулаад буцааж утсаа хажууд нь тавьж орхисон. Тэгсэн орой 22 цагийн үед цагдаагийн 1 алба хаагч гэр рүү ирээд Ганбаярыг авч гараад, буцаж нөгөө цагдаа ганцаараа орж ирээд надтай уулзсан. Тэр цагдаа ярихдаа танай эгч дуудлага өгсөн, дуудлагын дагуу ирлээ, өнөөдөр болсон зүйлээ хэлж ярина уу гээд мэдүүлэг авсан. Тэгээд би урьд өдөр нь цагдаа саатуулаагүй болохоор Ганбаяраас айгаад ямар ч байсан эндээс гаръя, мэдүүлгийг дараа хэлтэс дээр очиж байгаад өгье гэж учирлаад гуйхад намайг уг цагдаа нар эгчид хүлээлгэж өгсөн. Ганбаярыг гэрт нь үлдээсэн. Маргааш нь миний өөрийн зарах гэж байсан приус-41 машин тэдний гэрийн гадаа байхад хүн авахаар болоод эгчээр хүргүүлж, эгч Ганбаяраас дахиж гар хүрэхгүй гэсэн ам аваад намайг Ганбаяртай үлдээгээд явсан. Эгчийг явсны дараа цагдаагаас над руу ирж мэдүүлэг өг, ирэхдээ нөхөртэйгөө хамт ирээрэй гэж дуудсан. Ингээд цагдаа руу явж байх замдаа Ганбаяр намайг худал мэдүүлэг болох “намайг өөрөө явганаас оочих үед Ганбаяр гараас татаж босох явцдаа санаандгүй цохиж миний нүд болон хавиргыг гэмтээсэн” гэж мэдүүлэхийг шаардсан. Би хэлснийх нь дагуу мэдүүлэг өгсөн. Тэгсэн нөгөө асуусан байцаагч намайг худал яриад бай? Чи цохиж зодсон байна гээд Ганбаярыг өрөөнөөсөө гарахыг шаардаж гаргаад, чамайг цохисон биз дээ гэж надаас асуухаар нь би Ганбаяраас айгаад шаардсаных нь дагуу Ганбаяр гэх огт танихгүй хүнтэй маргалдаж байгаад санамсаргүй байдлаар цохиулсан, гэмтэл үүсгээгүй, би уучилсан, гомдолгүй, хөнгөвчилсөн шугамаар шийдүүлэх хүсэлтэй” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн.
Тэрнээс хойш 2021 оны 10 дугаар сарын дунд үеэр Баруун-Урт суманд Дарьганга зочид буудалд Ганбаяр бид хоёр байхдаа ээжээс нь болж маргалдаад би буудлаас хувцсаа авч гараад буудал хайгаад олоогүй. Тэгээд би найз Шижирээ гэх хүнийг машинтай нь дуудаад ганц нэг пиво уусан. Ингэж сууж байхад Шижирээ намайг Ганбаяртай эвлэр гээд байсан. Тэгээд бид 2 нэрийг нь мэдэхгүй байна төвд нэг караокед орж суугаад Ганбаяр бид хоёрыг эвлэрүүлэх гээд Шижирээ утсаар дуудсан Ганбаяр гаднаас орж ирээд намайг шууд толгой руу 2-3 удаа цохисон. Энэ үед Шижирээ салгасан. Үүнийг бас цагдаад хэлээгүй.
Тэрнээс хойш би Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан сум руу өөрийнхөө Приус-30 машинтай найз Сүрэнчимэгийн хамт шөнө 23 цагийн үед гарсан. Эрдэнэцагаан сум хол 220 км-т байдаг болохоор замдаа ядраад замын голд унтаж амраад өглөө 11 цагийн үед Эрдэнэцагаан суманд орж ирээд Ганбаяртай уулзаж чадахгүй айгаад Сүрэнчимэгийнд байвал хүмүүсийн хажууд зодохгүй байлгүй гэж бодоод байж байтал Ганбаяр гаднаас орж ирээд шууд миний толгой руу 3-4 удаа цохиод, гар машинд суу гэсэн. Тэгээд би машинд суух гээд босоод явж байхад араас толгой руу 2-3 удаа цохисон. Машинд суугаад намайг шөнөжин хаагуур яваад янхандаад байгаа юм гэж хэл амаар доромжилсон. Уг би эмэгтэй найз болох Сүрэнчимэгтэй хоёулхнаа явж ирсэн. Үүнийг бас цагдаад хэлээгүй, хэлчихвэл Ганбаяр яах бол гэж айгаад байдаг.
Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цас орохоор нь гадаах нүүрсээ хучих санаатай Ганбаярыг гаднаас дуудаж ирүүлээд нүүрсээ хучуулчхаад байхад миний утсанд найз Тулга гэж хүнээс дуудлага ирсэн. Намайг утас дуугарах бүрд хэн ч байсан хамаагүй /найз нөхөд, гэр бүл/ чанга яригч дээр нь тавиулж байж яриулдаг. Тулга ярихдаа юу байна хонгор минь, сумандаа байгаа юу, танай сумын цагдаа хэн байна гэх зүйлүүдийг надаас асуугаад утсаа таслахад хардаад миний утсаар толгой руу 2-3 удаа цохисон. Ингээд надаас Тулга гэж хүний талаарх мэдээллийг 1 цаг гаран асууж байцаасан. Уг нь Тулга гэж хүн нь надтай зүгээр энгийн найз нөхдийн холбоотой хүн байгаа. Ингээд миний утас, машины түлхүүрийг авч яваад үүрээр 07 цагийн үед согтуу гэрт буцаж ирээд миний утсыг өгөхдөө “чи гэртээ дөнгөж ирсэн юм уу, худлаа гэвэл машины чинь мотор халуун байгаа даа” гэж хардаад байсан. Би өөдөөс нь чи машины түлхүүр авч явсан биз дээ гэхэд дуугүй болсон. Ер нь Ганбаяр утас байнга шалгана, хүн залгах бүрд чанга яриан дээр тавиулна, нүүр будаж, хувцас солиулах дургүй, үйлчлүүлэгч нартай инээж харьцвал хардана, фейсбүүк дээр байсан эрэгтэй хүмүүсийг блок хийх, өөрөө суманд байх үедээ орой 22 цагаас хойш намайг гэрээс гаргахгүй араас байнга цоожлоод гэр рүүгээ явдаг. Үүнийг бас л өөрөөс нь айгаад цагдаад хэлээгүй. Би ер нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би тэгж аймар зодуулчхаад анх очиход цагдаа байгууллага саатуулаагүй явуулсан, тэрнээс болж би Ганбаярын шахалтаар худал мэдүүлэг өгч байсан болохоор цагдаад хэлж арга хэмжээ авахгүй бол дараа нь яах бол гэж айгаад дуудаж чаддаггүй.
2021 оны 12 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байгаа, шөнө Ганбаяр нь дээд давхарт пабд найзуудтайгаа архи ууж байсан. Би архи уухаа боль гэхэд Ганбаяр найз Ганбат, Арвижих нарын хамт гараад явсан. Дараагаар нь 00 цагийн үед Ганбаяр согтуу орж ирэхээр нь би хаалгаа дотроос нь түлхүүрээр цоожилсон чинь вакум хаалганы доод талыг өшиглөж эвдэж орж ирээд “чи хэнтэй утсаар ярьж байсан юм бэ?, утасныхаа кодыг гарга” гээд миний утсаар миний толгой руу цохиод миний утсыг хана руу шидээд намайг үсдээд баруун гуя хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд манай хажуу талын өрөөнд амьдарч байсан манай галч Чөдөрөө, Хүрэлгарьд нар орж ирээд “чи эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй” гэхэд Ганбаяр Хүрэлгарьдыг гараараа 1 удаа цохиход Хүрэлгарьд зөрүүлж Ганбаярыг 1 удаа цохиод гараад зугтаачихсан. Ганбаяр Хүрэлгарьдын араас гарахаар нь би дагаад гартал Ганбаяр намайг хөл рүү өшиглөөд толгой руу цохихоор нь би гараад эмнэлэг рүү зугтсан. Эмнэлэгт тэр өдрийн ээлжийн сувилагч Дөлгөөн гэх эмэгтэй байсан. Дөлгөөний утаснаас цагдаагийн байгууллага руу залгасан. Тухайн үед цагдаагийн алба хаагчидтай хамт гэр лүүгээ очиход Ганбаяр нь караокены өрөөний цонхыг хагалаад зогсож байсан. Цагдаагийн алба хаагч Ганбаярын үйлдлийг таслан зогсоогоод гэр лүү ороход гэрийн шал цус болчихсон байсан. Энэ юун цус вэ гээд Чөдөрөө, Золзаяа нараас асуухад “Ганбаяр хайчаар гараа хатгаад цус гаргачихсан” гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагчдын хажууд намайг өөр хүнтэй явалдсан гэх мэтээр худлаа яриад, би Энхжилийг зодоогүй гээд байсан. Тэгээд цагдаагийн алба хаагчид Ганбаярыг гэрт нь хүргэж өгөөд аав ээжид нь хүлээлгэж өгсөн.
2022 оны 02 дугаар сарын 28-ны орой би ажлаа тараад Queen нэртэй пабд байсан хүмүүсийг гаргачхаад галч Чөдөрөө ахыг хүлээгээд хаалгаа цоожлуулах гээд паб дотор Сүрэнчимэгтэй хамт сууж байтал гаднаас Ганбаяр согтуу орж ирээд “хэнийг нуусан юм?, чи хэнтэй байсан” гээд хүн хайгаад байсан. Тэгээд ширээ өшиглөөд би архи ууна чи хажууд байж бай гээд байтал гаднаас Өсөхбаяр гэх залуу пабд юмаа мартчихсан байна гээд орж иртэл Ганбаяр Өсөхбаярыг толгой нүүр лүү нь олон удаа цохисон. Энэ үед гаднаас Чөдөрөө ах орж ирсэн. Тэгээд би болиулах гээд нэхээд байсан архийг нь өгсөн. Гэтэл Ганбаяр Сүрэнчимэг, Өсөхбаяр бид 3-тай хамт архи ууна гээд намайг суу гээд байсан. Тэгээд бид нар сууж байгаад би гэр лүүгээ орох гээд Чөдөрөө ахыг миний гадуур хувцсыг аваад ир гээд ширээнээс босоход Ганбаяр миний үсдээд буцаагаад суулгаад байсан. Сүүлд нь босоход миний нүүр лүү 2 удаа хүчтэй алгадсан. Тэгээд Ганбаяр дахиж архи ууна гээд 1 шил архи аваад доод давхарт байх гэр лүү орсон. Тэнд ороод ч намайг толгой руу цохиж зодоод байсан. Өглөө нь босоход миний толгой энд тэндээ хавдчихсан байхаар нь би эмнэлгийн байгууллагад хандаж тодорхойлолт гаргуулсан Цагдаа руу очих замдаа чи одоо миний эсрэг мэдүүлэг өгөх юм бол би шоронд явна, үнэнээр нь өгөөд үзээрэй, манай ар гэрийнхэн чамайг зүгээр байлгахгүй шүү гээд байсан болохоор би айсандаа мэдүүлгээ хэлснээр нь өгсөн. Би амиа хорлох оролдлого хийж байгаагүй. Би эрүүл мэндийн шалтгаанаар 11 төрлийн эм тариа хэрэглэдэг. Улаанбаатар хотод байхдаа Ганбаярт зодуулсныхаа дараа маш их айж, бүх эмээ хольж уугаад амиа хорлочихмоор санагдаж байсан. Э.Ганбаяр урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хуулийн хариуцлага хүлээж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй. Надтай хамт амьдарч байх хугацаандаа бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. Миний хамаатны эгч Ц.Амаржаргал, Батмөнх, найз Сүрэнчимэг, Өсөхбаяр, Золжаргал, Шижир, Алтанзул, Өсөхбаяр, Чөдөрөө, Хүрэлгарьд, Золзаяа, Дөлгөөн нар намайг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдэж байгаа. Бид 2 дундаасаа хүүхэдгүй. Би 9 настай хүүтэй. Миний хүү бид 2-той хамт байдаггүй. Э.Ганбаяр нь миний хүүгийн эсрэг ямар нэгэн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Э.Ганбаяр нь 2022 оны 12 дугаар сарын эхээр намайг зодохдоо гэрийн вакум хаалгыг өшиглөж хагалсан, iphone 12 pro max маркийн гар утсыг шидэж арын шилийг нь хагалж камерыг нь эвдсэн. Караокены вакум цонх, караокены удирдлага зэргийг эвдсэн. Би эдгээр зүйлсийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж гарсан зардлыг нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн зүйлс бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-20-24/,
-Гэрч Ц.Амаржаргалын: Би Э.Ганбаяр, Энхжил нарыг танина. Н.Энхжил нь миний төрсөн дүүгийн хүүхэд. Э.Ганбаяр нь Энхжилтэй хамтран амьдарч байсан. 2021 оны 09 дүгээр сарын 6-7-ны үед байх Эрдэнэцагаан сумын төвд байдаг миний ажиллуулдаг Queen нэртэй пабд байхад Энхжил намайг караокены өрөөнд Ганбаяр намайг зодлоо гээд дуудахаар нь би очтол Ганбаяр гараад явчихсан, Энхжилийн толгой хэсэгт хавдчихсан, нэлээн үс уначихсан байсан. Толгой руу нь цохиж, үсэдсэн юм шиг байна лээ. Би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Учир нь тэр өглөө нь Ганбаяр Сүхбаатар аймгийн төв рүү явсан. Маргааш нь Ганбаярыг ирэхээр нь цагдаад хэлэх гэж байтал тэд хоорондоо эвлэрчихсэн байхаар нь цагдаад хэлээгүй. Э.Ганбаяр Н.Энхжил нар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Улаанбаатар хотод машинаа зарна гээд явсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний орой Н.Энхжил фейсбүүк чатаар над руу “авраарай” гэсэн мессеж явуулсан байсан. Тэгээд би Энхжилийг Ганбаярт зодуулсан байх гэж бодоод утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Би Ганбаярын утас руу залгахад надтай юу ч болоогүй юм шиг ярьсан. Тэгэхээр нь би зүгээр юм байлгүй гэж бодоод орхичихсон. Тэгээд дараа нь Энхжил фейсбүүк чатаар өөрт нь учирсан гэмтэл, шарх сорвиныхоо зургийг явуулаад хадгалаад аваарай гэсэн. Би утас ашиглаж чадахгүй болохоороо тэрийг нь хадгалж авч чадаагүй устгачихсан. Тухайн үед манай ажиллуулдаг Queen нэртэй пабд ажилладаг байсан Энхсүх гэх залуу Энхжил рүү утсаар яриад Улаанбаатар хотоос Эрдэнэцагаан сум руу явах унаанд ачаа өгчих гэж гуйхаар нь тэрийг нь унаанд тавьж өгөх гэж байхад Э.Ганбаяр ирээд хардаад зодсон, миний 2 хавирга хугарсан гэж ярьсан. Энхжилийн найз Алтанзул гэх хүүхэн надад хэлэхдээ “Эгчээ энэ Ганбаяр арай дэндүү зэрлэг залуу байна, Энхжилийг арай дэндүү зодох юм, эртхэн салгаж эрүүл мэндийг нь бодохгүй бол Эрдэнэцагаан суманд өмгөөлж хамгаалах хүнгүй хэцүү байгаа юм байна, 2021 оны 10 дугаар сарын дунд үеэр Баруун-Урт суманд Ганбаяр Энхжилийг зодсон” гэж хэлж байсан. Яг яаж зодсон хаана, юу болсныг нь мэдэхгүй байна. Э.Ганбаяр нь миний хажууд Энхжилийг цохиж зоддоггүй, их эелдэг харьцдаг. Намайг байхгүйд л дандаа цохиж зоддог гэж Алтанзул, Энхжил нар надад хэлж байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй. Миний ойлгосноор бол Э.Ганбаяр нь их хартай залуу шиг санагдсан. Энхжилийн фейсбүүк, мессенжерээр нь байнга ордог, ийшээ тийшээ явах бүрд нь хамт явдаг, хажууд нь надтай юм ярьж чаддаггүй, хамт юм ярьж сууж байгаад Ганбаярыг ороод ирэхээр юм ярихаа больчихдог. Энэ талаар асуухаар “Ганбаяр дараа нь яг юу ярьсан юм гээд шалгаагаад уурлаад байдаг” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-40/,
-Гэрч Т.Өсөхбаярын: Би Э.Ганбаяр, Энхжил нарыг танина. Энхжил нь манай эгч Т.Сүрэнчимэгийн найз. Э.Ганбаяр нь нэг сумын таньдаг ах. Төрөл садангийн холбоо байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед Э.Ганбаяр ах манай гэрт ирээд надаас “Энхжил, Сүрэнчимэг хоёр ирсэн үү? би шөнөжин хүлээлээ” гэж асууж гараад явсан. Тухайн үед Энхжил, Сүрэнчимэг нар Сүхбаатар аймаг руу яваад ирээгүй байсан. Тэгээд 11 цагийн үед би хашаандаа машинд юм хийж байхад манай эгч Т.Сүрэнчимэг, Н.Энхжил нар Сүхбаатар аймгаас дөнгөж ирж байсан. Тэгээд гэрт ороод байж байхад гаднаас Э.Ганбаяр ах орж ирээд Н.Энхжил эгчийг гар машинд суу гээд гал тогооны өрөөнөөс гараад амбаарт ороод Энхжил эгчийг цохиж байсан. Би тухайн үед хажуугаар нь зөрөөд гарч байсан болохоор харсан. Тэгээд би гараад машинаа янзлаад байж байхад Ганбаяр ах Энхжил эгчийг өөрийнхөө машинд суулгаад зодоод байх шиг байсан. Пижигнээд дуугараад байсан. Тэгээд 10 дугаар сарын сүүлээр байх /өдрийг нь сайн санахгүй байна/ өглөө 10 цаг өнгөрөөгөөд намайг Эрдэнэцагаан сумын төвд сургуулийн хойгуур явж байхад Ганбаяр ах машинтайгаа зогсож байхаар нь очиж уулзахад намайг “ах нь чамайг нэг юманд хөдөлгөе, ах нь Энхжил эгчийг нь араас нь түгжчихсэн байгаа, чи очоод онгойлгоод гаргачих” гэж хэлсэн. Тэгээд би Энхжил эгчийн гэр лүү нь очоод онгойлгоод Энхжил эгчийг гаргасан. Н.Энхжил нь надад зодуулсан талаараа ярьж байгаагүй. Би 2021 оны 9 сард Энхжил эгчийн ажиллуулдаг ногооны дэлгүүрт цэвэрлэгээ хийж байхад Энхжил эгч манай эгч Сүрэнчимэгтэй “Ганбаяр намайг зодоод миний хавиргыг хугалж байсан” гэж ярьж байхыг нь сонссон. Өөр надад сонссон юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-42/,
-Гэрч Т.Сүрэнчимэгийн: Би Э.Ганбаяр, Энхжил нарыг танина. Энгийн танилууд. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед Энхжил бид 2 Сүхбаатар аймгаас Эрдэнэцагаан суманд ирээд тус сумын 8 дугаар багийн нутагт байх манай гэр лүү очиж цай уугаад сууж байтал гаднаас Э.Ганбаяр орж ирээд Энхжил рүү уурлаад “шөнө хаагуур юу хийгээд яваад байдаг юм, утас чинь холбогдохгүй, хүний санаа зовно гэж мэдэх үү? гэж хэлээд нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохиод ногоон өнгийн Истана маркийн машиныхаа ард суулгаад зодоод байсан. Яаж зодсоныг нь бол хараагүй. Түс тас гээд дуугараад байсан. Дараа нь Энхжил надад хэлэхдээ “Э.Ганбаяр намайг машиндаа суулгаад зодсон” гэж ярьсан. Яаж зодсоныг нь бол яриагүй. Тухайн үедээ шарх сорви болсон юм байгаагүй. 2 хацар нь улайчихсан байсан. Өөр цохиж зодсон талаар нь мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед манай гэрт миний төрсөн дүү Өсөхбаяр байсан. Өөр хүн байгаагүй. Н.Энхжил нь надад зодуулсан талаараа ярьж байсан гэхдээ би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-44/,
- Гэрч А.Золзаяагийн: Би Э.Ганбаяр, Н.Энхжил нарыг танина. Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Энхжилийн ажиллуулдаг Queen пабыг түрээсэлж ажиллуулж байсан. Энэ хугацаанд таньдаг болсон. Э.Ганбаяр нь Эрдэнэцагаан сумынх болохоор мэддэг. Төрөл садангийн холбоо байхгүй. Би Э.Ганбаярыг Энхжилийг цохиж зодож байсныг өөрийн нүдээр бол хараагүй. Харин Энхжил, Сүрэнчимэг нараас энэ талаар сонсож байсан. Миний сонссоноор бол 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүрэнчимэгийн гэрт Сүрэнчимэг, Энхжил нарыг сууж байхад нь Э.Ганбаяр гаднаас орж ирээд Энхжилийг хүнтэй хардаад цохиж зодсон гэж Сүрэнчимэг, Энхжил нараас сонссон. Тэр үед Энхжилийн биед ил харагдахаар шарх сорви байгаагүй. Тэрнээс өмнө нь Ганбаяр Энхжилийг Улаанбаатар хотод байхдаа бас хардаж зодож байсан талаар надад ярьж байсан. Яг яаж зодсон болохыг нь би сайн мэдэхгүй. Энхжил энэ талаар надад ярихдаа тодорхой зүйл хэлээгүй. Намайг Queen пабыг түрээсэлж байхад буюу 2021 оны 10 дугаар сард /өдрийг нь тодорхой санахгүй байна гэх/ Энхжил нь над руу утсаар яриад “Ганбаяр намайг гаднаас цоожлоод явчихлаа, хаалга онгойлгоод өгөөч” гэхээр нь би очиж онгойлгож өгсөн. Тэдний гэр нь Queen пабын араар тойроод 1 давхарт нь байдаг. Үүдний хаалганых нь цоож кодтой болохоор түлхүүргүй онгойдог. Би Queen пабыг түрээсэлж байхдаа өөрөө галаа түлдэг байсан. Нэг өдөр би Queen пабд гал түлэх гээд үүдний хаалганых нь кодтой цоожийг онгойлгоод ороход Энхжил дотор байсан. Би гайхаад энэ талаар Энхжилээс асуухад “Ганбаяр гаднаас түгжчихээд явсан” гэж хэлж байсан. Энхжил өдрийн цагаар бид нартай хамт пабд орж ирээд суухаараа нэг л түгшүүртэй байгаа нь мэдэгддэг байсан. Байн байн цонх руу хараад Ганбаяр ирж байна уу гээд, бид нар бас түүнийг дагаад хяналтын камераар Ганбаярыг ирж байгаа эсэхийг шалгаж байдаг байсан. Ганбаяр бид нартай бол хэвийн харьцаатай байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-46/,
-Гэрч С.Өсөхбаярын: Би Э.Ганбаяр гэх хүнийг танина. Ганбаяр нь бид 2 үеэлүүд. Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Эрдэнэцагаан сумын төвд байдаг Queen нэртэй пабд ганцаараа очиход Ганбаяр, Энхжил, Сүрэнчимэг нар архи уугаад сууж байсан. Ганбаяр ах намайг суучих гэхээр нь би хамт суугаад дөрвүүүлээ 1 шил архи хувааж уусан. Энэ үед Ганбаяр ах намайг 2 удаа нүүр лүү алгадсан. Бас Энхжилийг явах гээд босоход нь Ганбаяр үсдээд суулгаад байсан. Тэгээд Энхжил даараад байна гэхээр нь Ганбаяр миний цамцыг өмс гэхэд Энхжил “би 60,000 төгрөгийн үнэтэй цамц өмсдөггүй” гэхэд Ганбаяр уурлаад Энхжилийн нүүр лүү 1 удаа цохисон. Би тэрнээс бусдыг нь сайн санахгүй байна. Тухайн үед тэдний галч Чөдөрөө гэх хүн байсан. Бармен Жаргалмаа байж байгаад түрүүлээд явчихсан. Ганбаярт зодуулсны улмаас надад гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-49-50/,
-Гэрч Ш.Хүрэлгарьдын: 2021 оны 12 дугаар сарын эхээр байх би Эрдэнэцагаан сумын төвд байдаг Энхжилийн ажиллуулдаг Queen нэртэй пабд найз Чөдөрөөтэй хамт шөнө 23 цагийн үед тэдний паарыг янзалж байхад Ганбаяр нь гаднаас халамцуу орж ирээд Энхжилийг зодоод байхаар нь үүдний өрөөнөөс Чөдөрөө бид 2 очоод болиулах гэхэд Ганбаяр урдаас гарч ирснээ намайг “чи яах гээд байгаа юм” гэснээ нүүр лүү 1 удаа цохихоор нь би нүүр лүү нь зөрүүлж нэг удаа цохичхоод гараад явчихсан. Би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би яаж зодсоныг нь хараагүй. Цаад талын өрөөнд Энхжил нь аллаа гээд орилоод байхаар нь очсон...” гэх мэдүүлэг /хх-53-54/,
-Гэрч Ц.Төмөрчөдөрийн: 2021 оны 12 дугаар сарын эхээр би Эрдэнэцагаан сумын төвд байдаг Энхжилийн ажиллуулдаг Queen нэртэй пабд галчаар ажиллаж байсан юм. Тэр үед найз Хүрэлгарьдын хамт шөнө 23 цагийн үед тэдний паарыг янзалж байсан чинь Ганбаяр нь гаднаас халамцуу орж ирээд унтаж байсан Энхжилийн хаалгыг эвдэж ороод түүнийг нэг гараараа багалзуурдаж байгаад нөгөө гараараа толгой руу нь цохиод зодоод байхаар нь Хүрэлгарьд бид хоёр очиж салгах гэхээд Ганбаяр нь Хүрэлгарьдыг толгой руу нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд Хүрэлгарьд Ганбаярыг эмэгтэй хүнийг зодлоо гээд буцаагаад цохичхоод гараад зугтчихсан юм. Сүүлд 2022 оны 02 дугаар сарын 28-ны 00 цагийн үед намайг паб руу хаалгыг нь түгжихээр ороход дотор Ганбаяр, Энхжил, Сүрэнчимэг, Өсөхбаяр нар сууж байсан юм. Тэгээд би тэд нарыг гарахаар нь хаалга үүдийг нь хаах гээд хүлээж байсан чинь Ганбаяр нь Энхжилийг гэр лүү оруулахгүй, хамт бай гээд үснээс зулгаагаад нүүр лүү нь 2 удаа гараараа алгадсан...гэх мэдүүлэг /хх-57-58/,
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 525 дугаартай: Н.Энхжилийн биед баруун гуянд болон зүүн өвдгөнд сорви бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-61-62/
- Хохирогч Н.Энхжилийн Цагдаагийн газарт гаргасан нэхэмжлэх эд зүйлсээ бичсэн бичиг, Хаан банкны дансны хуулга /хх-13-16/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 213 дугаартай: Н.Энхжилийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-70-71/
- Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-нийн 2022.05.22-ны өдрийн 220222 дугаартай “... нийт 1.681.490.1 төгрөг” гэх дүгнэлт /хх-86-89/
- Э.Ганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-122-124/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багийн Засаг даргын 2022.05.15-ны өдрийн 05/60 дугаартай тодорхойлолт /хх-125/
- Э.Ганбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-118/
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.31-ний өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-145-147/
- Э.Ганбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-126-131/
- Э.Ганбаярын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргах нь /хх-153/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Э.Ганбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн 206 тоот дахь Кюүн /Queen/ пабд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Энхжилрүү караокены удирдлага шидэж баруун мөр лүү онож, толгой руу гараараа 2-3 удаа цохиж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний орой Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний ойролцоо Н.Энхжилийг бусадтай хардсаны улмаас толгой руу гараараа олон удаа цохиж унаган, хавирга, хөл рүү нь өшиглөж, 2021 оны 10 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Н.Энхжилийг зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан “...Энхжилтэй танилцаад тэгээд 20 сая төгрөг зээлээд тэрнээсээ болоод муудсан. Энхжилд гар хүрсэн шалтгаан нь бол яахав өмнө нь уулздаг байсан залуутайгаа явж байгаад надад баригдсан. Энэ бол Баянзүрх дүүрэгт болсон гээд байгаа хэрэг нь юм. Эрдэнэцагаан суманд болсон гэх хэрэг нь өөр хүмүүстэй явж байгаад баригдаад ийм юм болсон байгаа....” гэх,
хохирогч Н.Энхжилийн “...Миний нэхэмжилж байгаа зүйл бол маш энгийн. Дэлгэрэнгүй бүх зүйлээ бол нэхэмжлээгүй. 1-рт энэ хүнийг эхлээд харъя гэж бодсон юм. Эхний удаа ойлгомжтой би өөрийнхөө зээл юм хумаа хаасан зүйлээ л нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлээ тодорхой бичсэн байгаа. 2-рт гэхээр 07 сард намайг зодсон гээд байгаа асуудал нь болохоор би том тэрэгтэй найзтайгаа уулзаад зогсож байсан чинь согтуу ирээд намайг зодсон. Зодох зодохдоо нилээн зодсон. Дүү нар нь байсан. Наадах чинь согтуу машин барьж яваад би бүр замд дээр машинаасаа үсэрч буусан. Би хөлөө хугалчихсан байсан шүү дээ. Тэгээд би сайн алхаж чаддаггүй байсан хирнээ би зам дээр гүйгээд, намайг авраач гээд гүйгээд байсан. Тэгсэн эмэгтэй аймаар олон хүмүүс ирээд чи яахаараа ингээд явж байдаг юм бэ? гээд цагдаа нэг хэсэг ирэхгүй байж байснаа цагдаа ирсэн. Тэгээд бид нар Улиастайн цагдаагийн газар очсон. Эмч нар үзээд хавирга чинь гэмтсэн байна. Нүүр ам чинь ингэсэн байна гэж байсан. Цагдаа нар хүртэл чи ямар аймаар гэмтсэн юм бэ гээд байсан. Тэгсэн намайг явъя гээд байсан. Тэгээд би цагдаа нарт худал мэдүүлэг өгөөд тэгээд л явж байсан шүү дээ. Маргааш нь 2 цагдаа намайг дуудаад “ чи ийм аймаар зодуулчхаад, ингээд байхдаа яадаг юм бэ, энэ хүн чинь дарамтлаад байдаг юм уу” гээд байсан. Тэгээд худал мэдүүлэг өгүүлээд 100000 төгрөгөөр торгуулаад л салсан. Тэрүүгээрээ би дараа дараачийн зодуулах байр сууриа тавьсан юм болов уу гэж бодож байна. Тэр үед нь арга хэмжээг нь авсан бол өдийд ийм байдалд орохгүй байсан байх гэж бодож байна. Би Т.Ганбаяртай уулзахгүй 4-5 жил суралцах учраас ингээд явчих байсан байх. Одоо би удахгүй Монгол руугаа буцна. Би Эрдэнэцагаан суманд бизнес эрхэлнэ гээд 2-3 жил төлөвлөж байсан. Т.Ганбаярыг би юу ярих юм болоо гэж бодож энэ шүүх хуралдаанд оролцож байна. Т.Ганбаяр нэг удаа ч болтугай миний буруу намайг уучлаарай гэсэн бол би магадгүй бүх зүйлийг дуусгаад угаасаа би 4-5 жил суралцах учраас Т.Ганбаяртай уулзахгүй явчих байсан юм. Би гомдолтой байна. Би удахгүй Монголд очно. Миний энэ гомдол санал тууштай явж чадахгүй бол зохих шатанд нь гомдлоо гаргана. Ер нь бол гомдолтой л гэж үзэж байна...гэх,
гэрч Ц.Амаржаргалын “ 2021 оны 09 дүгээр сарын 6-7-ны үед байх Эрдэнэцагаан сумын төвд байдаг миний ажиллуулдаг Queen нэртэй пабд байхад Энхжил намайг караокены өрөөнд Ганбаяр намайг зодлоо гээд дуудахаар нь би очтол Ганбаяр гараад явчихсан, Энхжилийн толгой хэсэгт хавдчихсан, нэлээн үс уначихсан байсан. Толгой руу нь цохиж, үсэдсэн юм шиг байна лээ. Би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Учир нь тэр өглөө нь Ганбаяр Сүхбаатар аймгийн төв рүү явсан. Маргааш нь Ганбаярыг ирэхээр нь цагдаад хэлэх гэж байтал тэд хоорондоо эвлэрчихсэн байхаар нь цагдаад хэлээгүй. Э.Ганбаяр Н.Энхжил нар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Улаанбаатар хотод машинаа зарна гээд явсан. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний орой Н.Энхжил фейсбүүк чатаар над руу “авраарай” гэсэн мессеж явуулсан байсан. Тэгээд би Энхжилийг Ганбаярт зодуулсан байх гэж бодоод утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Би Ганбаярын утас руу залгахад надтай юу ч болоогүй юм шиг ярьсан. Тэгэхээр нь би зүгээр юм байлгүй гэж бодоод орхичихсон. Тэгээд дараа нь Энхжил фейсбүүк чатаар өөрт нь учирсан гэмтэл, шарх сорвиныхоо зургийг явуулаад хадгалаад аваарай гэсэн. Би утас ашиглаж чадахгүй болохоороо тэрийг нь хадгалж авч чадаагүй устгачихсан.Тухайн үед манай ажиллуулдаг Queen нэртэй пабд ажилладаг байсан Энхсүх гэх залуу Энхжил рүү утсаар яриад Улаанбаатар хотоос Эрдэнэцагаан сум руу явах унаанд ачаа өгчих гэж гуйхаар нь тэрийг нь унаанд тавьж өгөх гэж байхад Э.Ганбаяр ирээд хардаад зодсон, миний 2 хавирга хугарсан гэж ярьсан...” гэх,
гэрч Т.Сүрэнчимэгийн “2021 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед Энхжил бид 2 Сүхбаатар аймгаас Эрдэнэцагаан суманд ирээд манай гэр лүү очиж цай уугаад сууж байтал гаднаас Э.Ганбаяр орж ирээд Энхжил рүү уурлаад “шөнө хаагуур юу хийгээд яваад байдаг юм, утас чинь холбогдохгүй, хүний санаа зовно гэж мэдэх үү? гэж хэлээд нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохиод ногоон өнгийн Истана маркийн машиныхаа ард суулгаад зодоод байсан. Яаж зодсоныг нь бол хараагүй. Түс тас гээд дуугараад байсан. Дараа нь Энхжил надад хэлэхдээ “Э.Ганбаяр намайг машиндаа суулгаад зодсон” гэж ярьсан. Тухайн үед манай гэрт миний төрсөн дүү Өсөхбаяр байсан. Өөр хүн байгаагүй” гэх,
гэрч Т.Өсөхбаярын “ 2021 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед Э.Ганбаяр ах манай гэрт ирээд надаас “Энхжил, Сүрэнчимэг хоёр ирсэн үү? би шөнөжин хүлээлээ” гэж асууж гараад явсан. 11 цагийн үед би хашаандаа машинд юм хийж байхад манай эгч Т.Сүрэнчимэг, Н.Энхжил нар Сүхбаатар аймгаас дөнгөж ирээд гэрт ороод байж байхад гаднаас Э.Ганбаяр ах орж ирээд Н.Энхжил эгчийг гар машинд суу гээд гал тогооны өрөөнөөс гараад амбаарт ороод Энхжил эгчийг цохиж байсан. Би тухайн үед хажуугаар нь зөрөөд гарч байсан болохоор харсан. Тэгээд би гараад машинаа янзлаад байж байхад Ганбаяр ах Энхжил эгчийг өөрийнхөө машинд суулгаад зодоод байх шиг байсан. Пижигнээд дуугараад байсан. 10 дугаар сарын сүүлээр байх /өдрийг нь сайн санахгүй байна/ өглөө 10 цаг өнгөрөөгөөд намайг Эрдэнэцагаан сумын төвд сургуулийн хойгуур явж байхад Ганбаяр ах машинтайгаа зогсож байхаар нь очиж уулзахад намайг “ах нь чамайг нэг юманд хөдөлгөе, ах нь Энхжил эгчийг нь араас нь түгжчихсэн байгаа, чи очоод онгойлгоод гаргачих” гэж хэлсэн. Тэгээд би Энхжил эгчийн гэр лүү нь очоод онгойлгоод Энхжил эгчийг гаргасан. Би 2021 оны 9 сард Энхжил эгчийн ажиллуулдаг ногооны дэлгүүрт цэвэрлэгээ хийж байхад Энхжил эгч манай эгч Сүрэнчимэгтэй “Ганбаяр намайг зодоод миний хавиргыг хугалж байсан” гэж ярьж байхыг нь сонссон ” гэх,
гэрч А.Золзаяагийн “...Би Э.Ганбаярыг Энхжилийг цохиж зодож байсныг өөрийн нүдээр бол хараагүй. Харин Энхжил, Сүрэнчимэг нараас энэ талаар сонсож байсан. Миний сонссоноор бол 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүрэнчимэгийн гэрт Сүрэнчимэг, Энхжил нарыг сууж байхад нь Э.Ганбаяр гаднаас орж ирээд Энхжилийг хүнтэй хардаад цохиж зодсон гэж Сүрэнчимэг, Энхжил нараас сонссон. Тэрнээс өмнө нь Ганбаяр Энхжилийг Улаанбаатар хотод байхдаа бас хардаж зодож байсан талаар надад ярьж байсан. Намайг Queen пабыг түрээсэлж байхад буюу 2021 оны 10 дугаар сард /өдрийг нь тодорхой санахгүй байна гэх/ Энхжил нь над руу утсаар яриад “Ганбаяр намайг гаднаас цоожлоод явчихлаа, хаалга онгойлгоод өгөөч” гэхээр нь би очиж онгойлгож өгсөн. Тэдний гэр нь Queen пабын араар тойроод 1 давхарт нь байдаг. Үүдний хаалганых нь цоож кодтой болохоор түлхүүргүй онгойдог. Би Queen пабыг түрээсэлж байхдаа өөрөө галаа түлдэг байсан. Нэг өдөр би Queen пабд гал түлэх гээд үүдний хаалганых нь кодтой цоожийг онгойлгоод ороход Энхжил дотор байсан. Би гайхаад энэ талаар Энхжилээс асуухад “Ганбаяр гаднаас түгжчихээд явсан” гэж хэлж байсан. Энхжил өдрийн цагаар бид нартай хамт пабд орж ирээд суухаараа нэг л түгшүүртэй байгаа нь мэдэгддэг байсан. Байн байн цонх руу хараад Ганбаяр ирж байна уу гээд, бид нар бас түүнийг дагаад хяналтын камераар Ганбаярыг ирж байгаа эсэхийг шалгаж байдаг байсан” гэх,
гэрч С.Өсөхбаярын “...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Эрдэнэцагаан сумын төвд байдаг Queen нэртэй пабд ганцаараа очиход Ганбаяр, Энхжил, Сүрэнчимэг нар архи уугаад сууж байсан. Ганбаяр ах намайг суучих гэхээр нь би хамт суугаад 4үүлээ 1 шил архи хувааж уусан. Энэ үед Ганбаяр ах намайг 2 удаа нүүр лүү алгадсан. Бас Энхжилийг явах гээд босоход нь Ганбаяр үсдээд суулгаад байсан. Тэгээд Энхжил даараад байна гэхээр нь Ганбаяр миний цамцыг өмс гэхэд Энхжил “би 60,000 төгрөгийн үнэтэй цамц өмсдөггүй” гэхэд Ганбаяр уурлаад Энхжилийн нүүр лүү 1 удаа цохисон. Би тэрнээс бусдыг нь сайн санахгүй байна. Тухайн үед тэдний галч Чөдөрөө гэх хүн байсан. Бармен Жаргалмаа байж байгаад түрүүлээд явчихсан” гэх,
гэрч Ш.Хүрэлгарьдын “... 2021 оны 12 дугаар сарын эхээр байх би Эрдэнэцагаан сумын төвд байдаг Энхжилийн ажиллуулдаг Queen нэртэй пабд найз Чөдөрөөтэй хамт шөнө 23 цагийн үед тэдний паарыг янзалж байхад Ганбаяр нь гаднаас халамцуу орж ирээд Энхжилийг зодоод байхаар нь үүдний өрөөнөөс Чөдөрөө бид 2 очоод болиулах гэхэд Ганбаяр урдаас гарч ирснээ намайг “чи яах гээд байгаа юм” гэснээ нүүр лүү 1 удаа цохихоор нь би нүүр лүү нь зөрүүлж нэг удаа цохичхоод гараад явчихсан. Би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би яаж зодсоныг нь хараагүй. Цаад талын өрөөнд Энхжил нь аллаа гээд орилоод байхаар нь очсон...” гэх,
гэрч Ц.Төмөрчөдөрийн “... 2021 оны 12 дугаар сарын эхээр байх би Эрдэнэцагаан сумын төвд байдаг Энхжилийн ажиллуулдаг Queen нэртэй пабд галчаар ажиллаж байсан. Тэр үед найз Хүрэлгарьдын хамт шөнө 23 цагийн үед тэдний паарыг янзалж байсан чинь Ганбаяр нь гаднаас халамцуу орж ирээд унтаж байсан Энхжилийн хаалгыг эвдэж ороод түүнийг нэг гараараа багалзуурдаж байгаад нөгөө гараараа толгой руу нь цохиод зодоод байхаар нь Хүрэлгарьд бид хоёр очиж салгах гэхээд Ганбаяр нь Хүрэлгарьдыг толгой руу нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд Хүрэлгарьд Ганбаярыг эмэгтэй хүнийг зодлоо гээд буцаагаад цохичхоод гараад зугтчихсан юм...Сүүлд 2022 оны 02 дугаар сарын 28-ны 00 цагийн үед намайг паб руу хаалгыг нь түгжихээр ороход дотор Ганбаяр, Энхжил, Сүрэнчимэг, Өсөхбаяр нар сууж байсан юм. Тэгээд би тэд нарыг гарахаар нь хаалга үүдийг нь хаах гээд хүлээж байсан чинь Ганбаяр нь Энхжилийг гэр лүү оруулахгүй, хамт бай гээд үснээс зулгаагаад нүүр лүү нь 2 удаа гараараа алгадсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 525 дугаартай: “.. Н.Энхжилийн биед баруун гуянд болон зүүн өвдгөнд сорви бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтууд болно.
2. Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг эргэлзээгүй зөв сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэл бүхий тогтоох үүрэгтэй болно.
Прокуророос шүүгдэгч Э.Ганбаярт холбогдох дээрх үйлдлүүдийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл ” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Энэ хэргийн шүүгдэгч Э.Ганбаяр, хохирогч Н.Энхжил нар албан ёсны гэрлэлтгүй боловч тухайн үйл баримт болсон хугацаанд нэг гэрт хамтран амьдарч байсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан дээрх шинжүүдээр авч үзвэл тэдгээр нь гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч Н.Энхжил нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох хийгээд шүүгдэгч Э.Ганбаярын, хамтран амьдрагч Н.Энхжил ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр гурван удаагийн үйлдлээр зодох, үсдэх, юмаар шидэх зэргээр харгис хэрцгий харьцан, догшин авирласан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хамаарах юм.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог болно.
Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.
Шүүгдэгч Э.Ганбаярын, хамтран амьдрагч Н.Энхжилийг үл ялих зүйлээр болон ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр гурван удаагийн үйлдлээр зодсон, харгис хэрцгий харьцан, догшин авирласан нь байнгын шинжид хамаарна.
4. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болох ба дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаггүй байна.
Хэргийн дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Ганбаярын, энэ хэргийн хохирогч болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Энхжил рүү 2021 оны 07 дугаар сарын 20-ны 22 цагийн үед караокены удирдлага шидэж баруун мөр лүү онож, толгой руу гараараа 2-3 удаа цохисон, 2021 оны 09 дүгээр сарын 14-нд Н.Энхжилийг хардаж толгой руу гараараа олон удаа цохиж унаган хавирга, хөл рүү нь өшиглөж зодсон, 2021 оны 10 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Н.Энхжилийг зодох, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан дээрх үйлдлүүд нь хамтран амьдрагчдын хоорондын таарамжгүй харьцаа, хохирогчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой ахуйн суурьтай үүсгэгдээгүй, харин шүүгдэгчийн хамтран амьдрагчийг эрхшээлдээ, хамааралтай байлгах гэсэн нэг тал давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас буюу эрүүл болон согтуурсан үедээ байнгын гаргадаг зан авиртай холбоотой болох нь хэрэгт хангалттай нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд энэ зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
5. Э.Ганбаяр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйл, эсхүл ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах зэргээр бие махбодын, сэтгэл санааны хохирол учруулсныг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тодорхойлогдоно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Ганбаярыг гэм буруутайд тооцсон учраас түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасны дагуу “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтаар гаргаж өгөөгүй тул цаашид иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах эрхийг нь нээлттэй үлдээх саналтай...” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас “Миний үйлчлүүлэгч болох Э.Ганбаяр нь энэ хэргийн хохирогч Н.Энхжилтэй тодорхой хугацаанд хамт амьдарсан гэдэг нь тогтоогддог. Ингээд тодорхой шалтгааны улмаас болж түүний эрх ашигт халдсан байдаг. Өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирол, хохирогчийн нэхэж байгаа мөнгөн төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Мөн тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч байсан. Улсын яллагчаас оногдуулж байгаа ялыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг тус тус гаргав.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгч Э.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ганбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасны дагуу “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Ганбаярын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Э.Ганбаярын хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д хэсгийг заасныг журамлан, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан зохицуулалтанд хамаарах юм.
Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрч чөлөө,... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.
Хохирогч Н.Энхжилээс шүүх хуралдаанд “ шүүгдэгч Э.Ганбаярт гомдолтой, өөрийнхөө зээл юм хумаа хаасан зүйлээ, мөн 07 сард намайг зодсон асуудлаас учирсан хохирлыг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд түүний зүгээс энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаагүй тул шүүгдэгч Э.Ганбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд хохирогч Н.Энхжилийн иргэний нэхэмжлэл тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт болохыг дурдъя.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.Ганбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Энхбаярын Ганбаярыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Ганбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ганбаярт дээрх тэнссэн хугацаанд “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ганбаярт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ганбаяр таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Энхжил нь тухайн хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Э.Ганбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН