Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 174/2022/0122/Э |
Дугаар | 2022/ШЦТ/124 |
Огноо | 2022-06-23 |
Зүйл хэсэг | 23.1.1, |
Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/124
2022 06 23 2022/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Б.Энх-Амгалан,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2230000000174 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн******* сумын 2 дугаар багийн Уртын 1004 тоот хаягт оршин суух,
урьд ******* аймгийн Сум дундын Шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
******* /*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цагийн орчимд ******* аймгийн******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудалд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, цагдаагийн газраас дуудлага, мэдээллийн дагуу очсон Цагдаагийн газрын жолооч цагдаа *******гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж гадуур хувцасны мөрдсийг нь хуулж, дүрэмт хувцасны цахилгааныг эвдэлж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай тохирсон ял, албадлагын арга хэмжээг ойлгож байгаа... гэв.
- Хохирогч *******гийн: Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цагийн хооронд ******* аймгийн Цагдаагийн газрын жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудалд “хүмүүс бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх дуудлагад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөөний 07 цаг 45 минутанд очсон Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч Мөнх-Эрдэнийн хамт очсон. Очиход Мөнх-Эрдэнийн өөдөөс нь дайраад хэл амаар доромжлоод цохих гэхээр нь би бариад авсан чинь өөдөөс эсэргүүцэж мөрдөс хуулж аваад, кителийн цахилгаан эвдэж зууралдаад тухайн өрөөний орон дээр дараад унасан. Миний баруун гарын долоовор хурууг хазсан. Тэгээд цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх 5-6 тал/,
- Гэрч Д.Мөнх-Эрдэнийн: Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой найз *******гийн хамт машинаа засуулаад орой 00 цагийн үед засвараас гараад хамт байсан чинь ******* гэдэг найз утсаар яриад бид 3 уулзаад ******* зочид буудалд ороод 2 шил экс нэртэй 0.75 гр архи хувааж уусан. Тэгээд би согтоод унтаад өгсөн. Сэрсэн чинь *******, ******* нар хоорондоо юм яриад инээгээд, тоглоод байсан. Өглөө нь 06 цагийн үед буудлын ресепшн намайг дуудаад танай өрөөнд байгаа хүмүүс олон нийтийн амгалан тайван алдагдуулсан учраас цагдаа дуудсан шүү гэж хэлсэн. Тэр үед 2 цагдаа орж ирээд бид гурвын байрлаж байсан өрөө рүү орсон. Манай өрөөний ширээ нь хагарчихсан, аяга хагарчихсан, манай 2 найз хамт сууж байсан. Тэрийг ресепшн нь хараад доошоо бууж ширээ, аяганы төлбөрөө төлөөрэй гэж хэлэхээр нь би ресепшнийг дагаж буугаад очиж төлбөрийг нь барагдуулаад буцаад гараад ирсэн чинь ******* дээшээ харчихсан орон дээр хэвтчихсэн дээрээс нь цагдаа дарчихсан байсан. Би энэ ахыг аваад явчихъя гэж хэлсэн чинь “үгүй ээ зөрчил гаргасан, согтуу байгаа учраас авч явна” гээд аваад явсан. ..гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,
- Гэрч Г.Мөнх-Эрдэнийн: Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед ******* аймгийн******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудалд “үйлчлүүлэгч бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх дуудлагад жолооч цагдаа *******гийн хамт очиход буудалд үйлчлүүлсэн гэх 3 залуу байсан. Бид хоёр хууль ёсны шаардлага тавьж хэсгийн байцаагчтай уулзуулж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулахаар шаардлага тавихад ******* гэгч нь шаардлага биелүүлэхгүй өөдөөс хэрүүл маргаан үүсгэж дайрсан. Тэр үед дэд ахлагч ******* үйлдлийг таслан зогсоох гэж орон дээр дарах үед Мягмарлхагвасүрэнгийн гарын хурууг хазаж өөдөөс нь зууралдаж мөрдсийг нь урсан. Тэгээд бид хоёр *******г авч гараад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх 25-26 тал/,
- 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилгоо /хх 75 тал/,
- Иргэний нэхэмжлэгч : 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаа жолооч ******* дуудлага хүлээн авагч цагдаа нар ******* аймгийн******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудалд согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагад очиход Н.******* гэгч нь цагдаагийн дэд ахлагч *******гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж мөрдөс, хувцсыг урсан байсан. ...Н.******* нь хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх 9-10 тал/,
- ******* аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх-73-74/
- Ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилгоо /хх-75/
- Н.*******гийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-67/
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1. Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Н.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд ******* аймгийн******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудалд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, цагдаагийн газраас дуудлага, мэдээллийн дагуу очсон Цагдаагийн газрын жолооч цагдаа *******гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж гадуур хувцасны мөрдсийг нь хуулж, дүрэмт хувцасны цахилгааныг эвдэлж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон байна.
2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй ба энэ нь хохирогч *******гийн “...******* зочид буудалд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөөний 07 цаг 45 минутанд Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч Мөнх-Эрдэнийн хамт очсон. Очиход Мөнх-Эрдэнийн өөдөөс нь дайраад хэл амаар доромжлоод цохих гэхээр нь би бариад авсан чинь өөдөөс эсэргүүцэж мөрдөс хуулж аваад кителийн цахилгаан эвдэж зууралдаад тухайн өрөөний орон дээр дараад унасан. Тэгээд миний баруун гарын долоовор хурууг хазсан. Тэгээд цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэх,
гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой найз *******гийн хамт машинаа засуулаад орой ******* зочид буудалд ороод 2 шил экс нэртэй 0.75 гр архи хувааж уусан.. Өглөө нь 06 цагийн үед буудлын ресепшн намайг дуудаад танай өрөөнд байгаа хүмүүс олон нийтийн амгалан тайван алдагдуулсан учраас цагдаа дуудсан шүү гэж хэлсэн. Тэр үед 2 цагдаа орж ирээд бид гурвын байрлаж байсан өрөө рүү орсон. Манай өрөөний ширээ нь хагарчихсан, аяга хагарчихсан манай 2 найз хамт сууж байсан. Тэрийг ресепшн нь хараад доошоо бууж ширээ, аяганы төлбөрөө төлөөрэй гэж хэлэхээр нь би ресепшнийг дагаж буугаад очиж төлбөрийг нь барагдуулаад буцаад гараад ирсэн чинь ******* дээшээ харчихсан орон дээр хэвтчихсэн дээрээс нь цагдаа дарчихсан байсан. Би энэ ахыг аваад явчихъя гэж хэлсэн чинь “үгүй ээ зөрчил гаргасан, согтуу байгаа учраас авч явна” гээд аваад явсан” гэх,
гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Миний бие жолооч цагдаа *******гийн хамт очиход буудалд үйлчлүүлсэн гэх 3 залуу байсан. Бид хоёр хууль ёсны шаардлага тавьж хэсгийн байцаагчтай уулзуулж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулахаар шаардлага тавихад ******* гэгч нь шаардлага биелүүлэхгүй өөдөөс хэрүүл маргаан үүсгэж дайрсан. Тэр үед дэд ахлагч ******* үйлдлийг таслан зогсоох гэж орон дээр дарах үйд Мягмарлхагвасүрэнгийн гарын хурууг хазаж өөдөөс нь зууралдаж мөрдсийг нь урсан.” гэх
иргэний нэхэмжлэгч “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаа жолооч ******* дуудлага хүлээн авагч цагдаа нар ******* аймгийн******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудалд согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагад очиход Н.******* гэгч нь цагдаагийн дэд ахлагч *******гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж мөрдөс, хувцсыг урсан байсан. ...Н.******* нь хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлгүүд,
******* аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга, Ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилгоо, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаартай 1.*******гийн биед баруун гарын долоовор хуруу, шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний Линкийн өгөөж ХХК-ийн 2022.05.23-ны өдрийн 2202231 дугаартай “... Ахлагч мөрдөс 1 ширхэг 10.000 төгрөг, хээрийн кителийн цахилгаан 1 ширхэг 7000 төгрөг, нийт 17000 төгрөг гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн хийгээд шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
4. Прокуророос шүүгдэгч Н.*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 07 цагийн орчим ******* аймгийн******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудалд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, цагдаагийн газраас дуудлага, мэдээллийн дагуу очсон Цагдаагийн газрын жолооч цагдаа *******гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж гадуур хувцасны мөрдсийг нь хуулж, дүрэмт хувцасны цахилгааныг эвдэж хүч хэрэглэсэн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд энэ зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Хууль сахиулагч гэдэгт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд энэ хэргийн хохирогч ******* нь ******* аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаа жолоочоор ажилладаг болох нь хэрэгт авагдсан ******* аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга, Ажлын хэсэг, эргүүл жижүүрийн томилгоо зэргээр нотлогдоно.
Шүүгдэгч Н.*******гийн дээрх үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэрэгт хангалттай нотлогдсон байх тул түүний дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Н.*******гийн, цагдаагийн албан хаагч *******гийн гарыг хазах, дүрэмт хувцсыг урсан үйлдлийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
6. Шүүгдэгч Н.*******г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ хохирогч Ж.Мөнхжаргалын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж хурааг хазах, дүрэмт хувцсыг урж хохирол учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тодорхойлогдоно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Н.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ял оногдуулахаар хуульчилсан байна.
Прокуророос түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, шүүгдэгч Н.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, тухайн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Н.******* нь гэм буруугаа ухамсарлаж байгаа, анх удаагаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт хор уршгийг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болгон заасан тохиолдолд, өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдийн төгсгөл заавал хор уршиг учрахыг шаардана. Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдэл (эс үйлдэхүй) хийгдсэнээр төгсдөг учир хүссэн буюу зайлшгүй хүргэх хор уршгийг буй болгосон байх асуудал яригдахгүй юм.
Харин шүүгдэгч Н.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн өмсөж явсан албаны дүрэмт хувцасны зүүн мөрний мөрдөс тасарч, цахилгаан нь эвдэрсэн бөгөөд тэрээр энэ хохирлыг нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Бэхбатыг “ Н.******* нь хохирлыг бүрэн барагдуулсан ” гэх мэдүүлгээр тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022.05.23-ны өдрийн 2202231 дугаартай дүгнэлтээр “... Ахлагч мөрдөс 1 ширхэг 10.000 төгрөг, хээрийн кителийн цахилгаан 1 ширхэг 7000 төгрөг, нийт 17000 төгрөг” гэж тогтоосон болохыг дурдъя.
Бусад:
Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Н.*******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анд овогт Норовсүрэнгийн *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Н.*******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Н.*******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Б.Бэхбат нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН