| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0169/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/167 |
| Огноо | 2022-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
2022 09 02 2022/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч М.Сумъяа,
шүүгдэгч И.Номунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Номунгэрэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000243 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хөтөл” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛЮ80100771 регистрийн дугаартай, Зээрнүүд ургийн овогт Ишпунцагийн Номунгэрэл.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч И.Номунгэрэл нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Цахилдаг” гэх газар Б.Буджавыг гараараа цохих, өшиглөх, биедээ авч явсан хутгаар хатгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун гарын шуунд зүсэгдсэн шарх, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч И.Номунгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Цахилдаг” гэх газар сунгаанд явж очсон. Тухайн үед хязаалан насны морьдын төхөөрөмжийг тавьчхаад гарах гэж байхад Буджав гэх залуу намайг мотоцикл дээрээ суух гэж байхад хажуугаас ирээд миний зүүн хацар руу юугаар гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг удаа цохихоор нь “чи ямар шалтгааны улмаас намайг зүгээр байхад цохиж байгаа юм бэ” гэхэд “чи миний морийг гаргасангүй” гээд надад уурлаад байсан. Буджав нь намайг баруун гараараа миний цамцнаас заамдаж боогоод тавихгүй байхаар нь тухайн хүний гарыг тавиулах зорилгоор зүүн гутлын түрүүнд байсан морины хусуурыг авах гэж байгаад андуураад морины гахай өөлдөг махир үзүүртэй төмөр хутгыг сугалж гаргаж ирсэн. Уг асуудлаас хойш хохирогчтой уулзаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.
- Яллагдагч И.Номунгэрэлийн: Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Цахилдаг” гэх газар сунгаанд очсон. Тухайн үед хязаалан насны морьдын төхөөрөмжийг тавьчхаад гарах гэж байхад Буджав гэх залуу намайг мотоцикл дээрээ суух гэж байхад хажуунаас ирээд миний зүүн хацар руу юугаар гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг удаа цохиулж газар унаад босож ирэхэд миний зүүн талын хацар зүсэгдэж цус гарсан. Би “чи ямар шалтгааны улмаас намайг зүгээр байхад цохиж байгаа юм бэ” гэхэд “чи миний морийг гаргасангүй” гээд надад уурлаад байсан. Тэгэхээр нь би тухайн хүнийг заамдаад авахад намайг зөрүүлээд заамдаад авсан. Тэр үед намайг Буджав нь намайг баруун гараараа миний цамцнаас заамдаж боогоод тавихгүй байхаар нь тухайн хүний гарыг тавиулах зорилгоор зүүн гутлын түрүүнд байсан морины хусуурыг авах гэж байгаад андуураад морины гахай өөлдөг махир үзүүртэй төмөр /хутга/-г сугалж гаргаж ирээд гарыг нь тавиулах гэхэд тухайн хүн намайг хойшоо түлхэж унагаад цаашаа зугтаад яваад өгсөн.Хамгийн гол шалтгаан нь би тухайн үзүүртэй махир төмөр /хутга/-г гаргаж ирээгүй байсан бол тухайн хүний биед гэмтэл учрахгүй байх байсан. Иймд би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн би тухайн хүнийг гараараа болон хөлөөрөө нүүр рүү цохиж, өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-н 47-49/
- Хохирогч Б.Буджавын: Миний бие 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед Баруун-Урт сумын 8-р баг "Цахилдаг” гэх газар хэдэн хүмүүстэй морьдоо сунгацгаасан. Тэр үед төхөөрөмжийг буулгаад морьд төхөөрөмжийн араас гарах гэж байхад нэг үл таних хүн миний сунгаж байгаа морины урдуур явган орж ирээд морь маань үргэсэн. Тэгэхэд би үргэсэн морь руугаа очоод морь хүүхэд хоёроо төхөөрөмжөөр нь гаргасан. Тэр үед би морио гаргачхаад мотоциклтойгоо хөдлөх гээд байж байтал Намуунаа мотоцикл дээрээ дүү Анхбаярын хамт суугаад намайг зүүн гар талаас ирээд мөргөсөн. Тэр үед би Намуунаад “араа харалдаа хүүхэд байхад дайрлаа ш дээ” гээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Намуунаа “намайг ална” гээд өөдөөс дайраад байсан. Тэгэхээр нь би “хүүхэд дээрээ очлоо замаас гарчихлаа” гээд хэлэхэд “үгүй би чамайг явуулахгүй ” гээд над руу дайраад “ална шүү” гээд байсан. Энэ үед улаан өнгийн машин машинтай хүн ирээд наад писдаагаа алалдаа гээд Намунаад хэлсэн. Тэгсэн Намуунаа буцаж над руу дайраад байсан. Тэр үед миний морь зам руугаа яг орох гэж байхад улаан машинтай хүн хурдтай ирээд миний морийг зам руу нь оруулах гэж байгаа хүн, болон манай морьтой хүүхдийг дайрах гэж байсан. Тэгээд миний морийг буцаад замаас нь гаргасан. Би очоод Намуунаатай муудаж байгаад хөдлөөд яваад өгсөн. Тэр үед миний морь замаасаа гараад үлдсэн. Бусад морьд бариандаа очих гээд явж байсан. Би мотоциклтойгоо явж байхад Самбууг морио алдсан гээд явган явж байхаар нь зам дээрээс аваад бариа руу цуг явж байсан. Тэгсэн Намуунаа мотоциклтойгоо миний хажуугаас “намайг ална” гээд гэнэт орж ирээд “намайг ална” гээд мотоциклтой явж байхад ирж мөргөсөн. Би мотоциклоосоо унаад нөгөө хүн “намайг ална” гээд миний хөл рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн, мөн нүүр, цээж хэсэг рүү олон удаа гараараа цохиод байсан. Яг тэр үед Намуунаа гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд миний цээж рүү дайрсан. Тэгэхэд би хутга барьсан гарыг нь бариад доошоо дараад байж байхад гэнэт дүү Анхбаяр нь хажуугаас орж ирсэн. Гэнэт миний гарын доороос хутгаар зүсэх шиг болсон тэгээд хартал миний гарын шуу хэсэгт зүсэгдсэн цус ихээр гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,
- Гэрч Д.Оюунцэцэгийн: Би хөдөө 15 цагийн үед хонио хайчлаад байж байхад манай хүү Буджав шоконд орсон байдалтай гар хөл, хувцас нь цус болчихсон өөрийнхөө мотоцикльтой хүүтэйгээр ирсэн. Тэгээд би юу болсон юм бэ гэж асуухад манай хүү гарлуу хутгалчихлаа боох юм байна уу гээд надаас асууж байсан. Би хэн хутгалсан юм бэ гэж асуухад Намуунаа хутгалчихлаа гэж хэлсэн. Би хүүгийнхээ гарыг боож аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж гарын шуу хэсэгт 3 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-17-18/
- Насанд хүрээгүй гэрч Б.Сүрэнжавын: Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр аав Б.Буджавын хамт Цахилдаг гэх газар морь сунгаанд оролцоод явж байсан. Тухайн үед би морьтойгоо хамт төхөөрөмжний араас гарах гэж байхад нэг хүүхэд миний дөрөөг тайлчихаад яваад өгсөн. Тэгэхэд миний морь хадуураад яваад өгсөн. Самбуу гэх ах миний дөрөөг хийгээд намайг замд оруулж өгсөн. Бид хоёрыг явж байхад араас нэг улаан машинтай хүн ирээд бид хоёрын морийг үргээхэд Самбуу ах мориноосоо унасан...гэх мэдүүлэг /хх-20-21/
- Насанд хүрээгүй гэрч Ч.Доржсамбуугийн: Тухайн өдөр Буджав ахтай Цахилдаг гэх газар морь сунгаад цуг явж байсан. Би өөрийнхөө морийг төхөөрөмжөөс гаргачхаад явж байхад Буджав ахын хүүхэд морьтойгоо замаасаа хадуураад явж байсан. Би араас нь очоод хөтлөөд зам руу нь оруулах гэж байхад хажуугаас улаан машинтай хүн гэнэт араас хурдан ирсэн. Тэгтэл миний морь үргээд би Сүрэнжавыг морьтой нь тавьж явуулаад би мориноосоо ойчсон. Удалгүй Буджав ах ирээд намайг авч яваад бид хоёр Сүрэнжавын араас очиж аваад өөр хүнд морьтой нь хөтлүүлээд эргэсэн морьдынхоо араас явсан. Бид хоёр бариа руу ойртож ирэхэд Намуунаа гэх хүн барианаас бид хоёр руу ирээд бид хоёрыг байж бай гээд Намуунаа нь мотоциклоосоо бууж ирээд Буджав ахыг гараараа нүүр рүү нь нэлээн хэдэн удаа цохиж, хөл рүү нь бас өшиглөсөн. Бас Намуунаа нь гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд Буджав ах руу дайраад байсан. Тэр үед нь би мотоциклоо асаагаад хартал Буджав ахын гарыг нь зүссэн байсан. Тэгээд би Буджав ахыг сундлаад бариа руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаартай “ 1. Б.Буджавын биед баруун гарын шуунд зүсэгдсэн шарх, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022.07.25-ны өдрийн 7/499 дугаартай тодорхойлолт /хх-52/
- И.Номунгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа,үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-53-54/
-И.Номунгэрэлийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/
- Хохирогч Б.Буджавын Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-66/
- Шүүгдэгч И.Номунгэрэлийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-67/ зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч И.Номунгэрэл нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Цахилдаг” гэх газарт морь уралдах асуудлаас шалтаглан хохирогч Б.Буджавыг гараараа цохиж, өшиглөн, улмаар биедээ авч явсан хутгаар хатгаж биед нь халдаж эрүүл мэндэд нь “ баруун гарын шуунд зүсэгдсэн шарх, 2 хөлийн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч И.Номунгэрэлийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Б.Буджав, тухайн үйл явдал болоход хажууд нь байж харсан насанд хүрээгүй гэрч Б.Сүрэнжав, Ч.Доржсамбуу, гэрч Д.Оюунцэцэг нарын мэдүүлгүүд, Яаралтай тусламжийн хуудас, шинжээчийн 378 дугаартай “ 1. Б.Буджавын биед баруун гарын шуунд зүсэгдсэн шарх, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүйг дурдъя.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Б.Буджавд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 378 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр Б.Буджавын биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээч дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
4. Прокуророос шүүгдэгч И.Номунгэрэлийн, хохирогч Б.Буджавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд энэ зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
5. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч И.Номунгэрэлийн цохиж, өшиглөсөн, хутгааар зүссэн уг үйлдлийн улмаас хохирогч Б.Буджавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
6. Шүүгдэгчийг И.Номунгэрэлийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа морь барианаас гаргах асуудлаар буюу үл ялих шалтгааны улмаас Б.Буджавыг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч И.Номунгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Номунгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч И.Номунгэрэлийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч И.Номунгэрэлийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Буджав хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч И.Номунгэрэл нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
И.Номунгэрэлийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч И.Номунгэрэлийн үйлдлийн улмаас хохирогч Б.Буджавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.Буджав нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй”/хх-66/ гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үзүүр хэсэг нь махийж мурийсан, хурц ир бүхий, ажлын хэсгийн урт 8 см, 13 см уртай хүрэн өнгийн бариултай, нийт 21 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Номунгэрэлд буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгана.
Шүүгдэгч И.Номунгэрэл энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Ишпунцагийн Номунгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Номунгэрэлийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч И.Номунгэрэл дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Номунгэрэл нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Номунгэрэлд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж үзүүр хэсэг нь махийж мурийсан, хурц ир бүхий, ажлын хэсгийн урт 8 см, 13 см уртай хүрэн өнгийн бариултай, нийт 21 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Номунгэрэлд буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
7. Шүүгдэгч И.Номунгэрэл энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Б.Буджав гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Буджав нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН