| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2019/0342/Э |
| Дугаар | 918 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 918
2019 09 12 2019/ДШМ/918
Г.С-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.С-ад холбогдох 1811015740522 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ын С-, Төв аймагт 1992 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйн шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын, 6 дугаар байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 5 жил 8 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /регистрийн дугаар:000000000 /
Г.С- нь өөрийгөө “Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Ядамдоржийн хүүхэд байна” гэж танилцуулан Н.Алтанцэцэгээс “дүү Чингантигийг нь “Оюу толгой”-д ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлэн авсан, мөн Н.Алтанцэцэгээр дамжуулан Х.Уранжаргалаас “хүү Төрбат, дүү Дөлгөөнтамир нарыг “Оюу толгой”-д ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн авсан, А.Бадамыг “Оюу толгойд нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн авсан,
2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57-1198 тоотод оршин суух Х.Амартуяагийн “барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад нүүрс аваад ир” гэж итгэмжлэн хариуцуулсан алтан бөгжийг завшиж, 297,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.С-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийг шилжүүлэн авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлйин 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.С-ыг 3 жил хорих ялаас чөлөөлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Г.С-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С- нь 176 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлж, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилжээ.
Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.С-ыг 3 жилийн хорих ялаас чөлөөлсөн атлаа 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хорих ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээний аль нэгийг сонгож хэрэглэхээр зохицуулсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасныг тайлбарлаж, сануулаагүй нь “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн болно.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан. Эсэргүүцэлтэй холбогдуулан нэг зүйлийг хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг санаатай үйлдсэн хүнийг тэнсэж болохгүй. Түүнээс биш ялаас чөлөөлж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Тэгэхээр давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх байгаа учраас тогтоолын 4 дүгээр заалтад “2 жилийн хугацаагаар тэнсэж” гэдгийг хасаад “3 жилийн хорих ялаас чөлөөлөх” гэдгийг хэвээр үлдээх нь хууль хэрэглээний хувьд зөв болно.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.С-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх, Г.С-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнд залилах гэмт хэрэгт нь 2 жил хорих ял, завших гэмт хэрэгт нь 1 жил хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон атлаа хорих ялаас чөлөөлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй зөрчилдөж байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...” гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...” гэж, 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...” гэж, 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жилээс дээш, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...” гэж, 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн ...” гэж тус тус зааснаас үзвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээнээс тооцохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь хууль зүйн дүгнэлт хийхээр байхад анхан шатны шүүх, шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсний дараа ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан. Үүнээс үзэхэд ялаас чөлөөлөх, тэнсэх зохицуулалтууд нь “... эсхүл ...” гэсэн үгээр холбогдож байгаа учраас аль нэгийг сонгон хэрэглэх нь тодорхой байна.
Нөгөө талаар ялаас чөлөөлөх, тэнсэх зохицуулалтууд нь Эрүүгийн хуульд зааснаар өөр өөр хууль зүйн үр дагавар үүсгэдэг. Тухайлбал: дээрх үндэслэлээр ялаас чөлөөлөгдсөн хүн дахин гэмт хэрэг үйлдвэл өмнөх хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөвхөн сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин тэнсэж албадлагын арга хэмжээ авагдсан хүн дахин гэмт хэрэг үйлдэх, эсхүл албадлагын арга хэмжээгээр хүлээсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд өмнөх гэмт хэрэгт нь ял оногдуулдаг онцлогтой тул ялаас чөлөөлөх, тэнсэх зохицуулалтууд хамт хэрэглэгдэхгүй.
Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээгээр хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг шийтгэх тогтоолд тусгайлан заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагад хамаарахгүй тул энэ талаар улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй бичигдсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С-ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцтэл шүүгдэгч Г.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН