| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2018/01195/и |
| Дугаар | 151/ШШ2019/00004 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2019/00004
| 2018 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2019/00004 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 3-83 тоотод оршин суух, Л.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Баянтуулд оршин суух, О.Б-д холбогдох,
9.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Жшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б нь нөхөр бид хоёроос “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 4.500.000 төгрөгийг авч “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл өгнө гэж биднийг залилсан. Түүний дээрх үйлдлийг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газар 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд О.Бгээс гэм хорын хохиролд 9.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Жнь О.Б болон түүний нөхөртэй харилцан тохиролцож “Приус-20” маркийн авто машин өгнө гэж бэлэн 4.500.000 төгрөг аваад, “Соната-5” маркийн авто машиныг авч явсан байдаг. Бнь “Приус-20 маркийн авто машин өгсөн боловч тухайн машиныг нь ломбарданд барьцаанд тавьсан байдаг. Бгийн нөхөр Ганцоожийг машинаа унаад явж байхад нь “Таякон” гэж ломбард нь машиныг нь хурааж авсан. Үүний дагуу Төв аймгийн Цагдаагийн газар хандсаны дагуу эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх
хугацаандаа хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэж прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын тогтоолд хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдсаны дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ганцоож нь нас барсан учир түүний эхнэр Бнь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 9.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Х нь 500.000 төгрөгийн нэмж өгнө гэж хэлсэн болохоор 500.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Прокурорын тогтоол 9.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр заасан. Иймээс 9.000.000 төгрөгийг О.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Жнь О.Бгээс 9.500.000 төгрөг нэхэмжилсэн байна. /хх-1/
Шүүх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Л.Жнь М.Өт Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг эдлэх эрхийг итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай олгосон байна. /хх 14/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг татгалзсан бөгөөд дээрх итгэмжлэлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй байх бөгөөд шүүх 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” заасан.
Нэхэмжлэгч Л.Х гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт өгсөн баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн өөрөөр хэлбэл хариуцагч О.Б нь Л.Хгээс “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 4.500.000 төгрөг аваад “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл өгсөн боловч тус машин нь ломбардны барьцаанд байсан учир хураагдсан гэх үйл явдал нь хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээ гэх нотариатаар гэрчлэгдсэн бичгийн баримтаар нотлогдож байхын зэрэгцээ зохигчдын хэн аль нь уг үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч О.Б нь хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй.
Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан эд зүйлийн үнээ төлөхийг шаардах эрхтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу хариуцагч О.Бд нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гардуулсан, 14 хоног буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйг хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцож, хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч О.Бгээс 9.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Х д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-д зааснаар хариуцагч О.Бгээс 9.000.000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Х д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бгээс 158950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Х д олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ