| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2022/0102/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/136 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Б.Одбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш,
шүүгдэгч Н.Б, Т.Б,
иргэний хариуцагч Я.А, /цахимаар/
гэрч Ц.А /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Т.Б нарт холбогдох 2116001110090 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, О овогтой Н-н Б.
Монгол Улсын иргэн, халх, Ө овогтой Т-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б-н нийтийн албан тушаалтнаар буюу Говь-Алтай аймгийн Б**********р-н даргаар ажиллаж байхдаа Б**********р-н дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр “*****” ХХК-ийг сонгон шалгаруулахын тулд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Б-той бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай байгууллагын засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тушаалаар үнэлгээний хорооны даргаар Т.Б-г, гишүүдээр Б**********р-н чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.А, иргэний төлөөлөл Ц.А нарын бүрэлдэхүүнтэй томилж, үнэлгээний хороо хуралдаагүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдийн 01 дугаартай “*****” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус хуурамчаар үйлдэж Н.Б-д хүргүүлж, улмаар Б**********р-н дарга Н.Б, “ *****” ХХК-ийн захирал Я.А нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус гэрээний дагуу “*****” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөгийг нийт 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөс Н.Б нь А.Н-н *********** тоот дансаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 5.600.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 16,600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1.020.000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240.250 төгрөг, нийт 1.260.250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,
2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8.140.000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8.140.000 төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3.140.000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б-с бэлнээр гаргуулан авсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан,
шүүгдэгч Т.Б-н нийтийн албан тушаалтнаар буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн байхдаа Б**********р-н даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай тушаалаар тус газрын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус аймгийн Б**********р-н даргаар ажиллаж байсан Н.Б-тэй бүлэглэн Б**********р-н дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр Я.А-н “*****” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулахын тулд үнэлгээний хороо хуралдаж, шийдвэр гаргаагүй байхад үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдийн 01 дугаартай “*****” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хуурамчаар үйлдэж Б**********р-н дарга Н.Б-д хүргүүлж, тус газрын дарга Н.Б нь үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргаагүй гэдгийг мэдсээр байж “*****” ХХК-ийн захирал Я.А-тэй 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу “*****” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөг шилжүүлж тус компанид давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Н-н тухайд төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа. Мөнгө хэрэгтэй байна гэж надаас бэлнээр 6,000,000, зээлээр 10,000,000 төгрөг авч өгсөн байгаа. ***** ХХК-г тендерт шалгаруулаад өг гэж асуудал тавиагүй. 7171 ГАА улсын дугаартай Ланд-80 маркын тээврийн хэрэгсэл балансаас баланс руу шилжсэн байгаа. Манай байгууллагад тээврийн хэрэгслийн засварын мөнгө гэж байдаггүй. Машинд дугуй, цааб авч засвар хийсэн. Аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нарт чиг үүрэг өгсөн. Төсөв мөнгөө өөрсдөө явж шийд гэсний дагуу нягтлангийн хамт Улаанбаатар хот руу явж ирэх оны төсөв, засварын ажлын мөнгө авахаар Ланд-80 машинтай явсан. Өөрт хувийн унаа тэрэг байхгүй. Ажлын шугамаар Улаанбаатар хот явсан. Ховд аймаг руу явсан асуудлыг мэдэхгүй байна. Ховд аймаг руу явсан санагдахгүй байна ... Шүүгдэгч Т.Б болон иргэний хариуцагч Я.А нарыг ерөнхийд нь танина. Гэхдээ нэг анги гэж мэдэхгүй. Т.Б-г тендерт шалгаруулаад өг гэж гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй ... Н нь хадам ахын хүү нь байгаа юм. Тэр компанид ажилладаг талаар сайн мэдэхгүй. О*** гэдэг компанид гүйцэтгэх захирал ажилтай ... Би ***** ХХК-аас мөнгө авч хэрэглэсэн байсан бол уг компани энэ ажлыг хийж дуусгах байсан нь эргэлзээтэй. Би авсан байлаа гэхэд өөртөө Приус маркын авто машин ч юм уу? эсвэл гэртээ засвар хийчихсэн байх байсан гэж дүгнэж байгаа. Б-с авсан мөнгийг Ланд-80 маркын тээврийн хэрэгслийн дугуй, аккумлятор нь салж унасан байсан машиныг зээлж аваад засварласан. Хувьдаа ашигласан зүйл байхгүй. Шатахууны асуудал дээр Улаанбаатар хот руу төсөв мөнгө авахаар явсан. Баримтыг нь гүйцэт цуглуулж чадаагүй учраас акт тавиулсан ... Эхний үнэлгээний хороо байгуулагдаагүй. Би А/3 сертификаттай. Олон үнэлгээний хороог ахалж байсан ... Үнэлгээний хороонд хэн хэн байсныг би мэдэхгүй байна. Тушаалыг би гаргаагүй ... Үнэлгээний хороо хуралдаж хурлын тэмдэглэл, шийдвэрийг надад нарийн бичиг Амартүвшин өгдөг ... Би ***** ХХК-тай гэрээ байгуулж тухайн компани ажлаа 100 хувь гүйцэтгэсэн ... Компани ямар хүмүүсийг хөлсөлж ажиллах нь тэдний асуудал. Хоёрдугаарт “*****” компани руу яриад шалны будаг хийхдээ худалдаа эрхэлдэг хүнээс мөнгийг нь шилжүүлээд нярваар авхуулж ажилчдаараа будуулсан. Яагаад гэхээр өмнө нь дарга байхдаа ч ажилчин байхдаа ч заалны будгийг компани хөнгөн будаад 2, 3 сарын дараа арилдаг учраас ажилчдаараа давхарлуулж будуулсан ... ***** ХХК ажлаа хийж гүйцэтгээд мөнгөө авсан учраас би мөнгө авсан зүйл байхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглээс/,
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Миний бие хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст 2019 оноос 2021 он хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үнэлгээний хорооны маш олон ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Тухайн хурлын шийдвэр тухайн өдрөө гардаггүй. Хэд хоногийн дараа гардаг. Дээрээс нь би мэдүүлэг дээрээ үнэлгээний хороо хуралдсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Би сайн санахгүй байна гэдгээ хэлсэн. Харин гарын үсэг миний гарын үсэг мөн. Прокурор шинжилгээгээр ганцхан миний гарын үсэг баталгаажсан гэж ярилаа. Ц.А гэдэг хүн мэдүүлэг дээрээ өөрийнхөө гарын үсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан. Үүнийг тодруулах хэрэгтэй байх. Хариуцлагатайгаар хэлэхэд би Н.Б гэдэг хүнтэй бүлэглэсэн асуудал байхгүй. Эрх зүйн мэдлэг дутмагаас эхэлж өгсөн мэдүүлгийг гуйвуулсан юм уу? би сайн ойлгохгүй байна. Энэ хэрэгт би өөрийгөө гэрчээр оролцох ёстой хүн гэж ойлгож байна. Бүлэглэн гэдгийг юугаар нотолж байгаа юм. Дээрээс нь үнэлгээний хорооны зөвлөмж асуулгыг намайг бөглөсөн гэж байгаа. Үүнийг мөн юугаар нотолж байгаа юм. Намайг үйлдээд Н.Б гэдэг хүнд аваачиж өгснийг нотолж байгаа зүйл байгаа юм уу? хуулиараа энэ ажлыг нарийн бичиг хийдэг. Үүн дээр нарийн хариулт өгөх байх. Би бүлэглэсэн асуудал байхгүй. Хийх ёстой ажлаа хийгээд явж байсан. Тухайн үедээ миний гарын үсэг мөн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний гарын үсэг байгаа учраас хуралдсан байх гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Би маш олон зүйл дээр гарын үсэг зурдаг. Тэгэхээр энэ ажилдаа хайнга хандсан асуудал байхыг үгүйсгэхгүй гэж хэлмээр байна. Найз, нэг ангийн гэдэг зүйлийг маш олон удаа ярьж байна. Дунд, ахлах анги төгссөн 40, 50 хүн бүгд миний найз байх уу? одоо би 6 дахь байгууллагадаа ажиллаж байна. Энэ 500 гаруй хүн бүгд миний хувийн ашиг сонирхолтой этгээд үү, дээрээс нь оюутан ангийн 200 гаруй оюутан байна. Эдгээр хүмүүс бас ашиг сонирхолтой этгээд үү, үүн дээр хамаатуулж байгааг сайн ойлгохгүй байна. Дээрээс нь намайг нийтийн албан тушаалтан гэдгээр яллаж байх шиг байна. Намайг нийтийн албан тушаалтан гэдгийг та юугаар нотолж байгаа юм. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар түр орон тоон дээр ажиллаж байсан. Тэр нь төрийн үйлчилгээгээр ангилагддаг. Төрийн захиргаа биш. Би тангараг өргөөгүй. Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй. ТҮ-6.1-ээр цалинждаг байсан ... Я.Атэй дунд ангидаа хамт суралцаж байсан. Ахлах ангидаа төгсөөгүй. Найз нөхдийн холбоо байхгүй. Нэгнийгээ танина. Н.Б ахын тухайд Биеийн тамир спортын газарт ажилладаг гэж мэднэ. Говь-Алтай жижиг, нэгнийгээ бүгд танина ... Би Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллахаас өмнө А3 сертификат авсан байсан ... Би маш олон зүйлд орж байсан. Сайн санахгүй байгаа. Гарын үсэг минийх мөн. Болсон болоод л гарын үсэг байгаа байх гэсэн ... 2019 онд 10-20 тендерийн хороонд орсон ... Түрүүн хэлсэнчлэн тэмдэглэл нь тухайн хуралдан өдрөө гардаггүй. Хуулийн хугацаандаа гарын үсгээ зуруулж гишүүдээр нь нарийн бичиг гарын үсэг зуруулдаг. Хурал зөвлөгөөнтэй үед яаралтай гэдэг байдлаар маш их зурагддаг. Ганцхан үнэлгээний хороо гэдэг зүйлийг санахгүй байгаад гол нь биш, маш олон комисст орж ажилладаг...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглээс/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2020 оны аудитын дүгнэлтээр акт тавигдсан. Манайх шалгуулж өр авлага үүссэн зүйл байхгүй. Засварын ажлын талаар ирж уулз гэж бичгээр болон амаар бичиг тоот өгөөд ямар нэгэн хариу өгөөгүй. Сүүлдээ хуулийн байгууллагад хандсан. Машинд 9,600,000 төгрөгийн засвар хийсэн гэж байгаа. Машинд 3,100,000 засвар хийсэн гэж үнэлгээ гарсан. Өөр ярих зүйлгүй ... Дээврийн холбоосны засвар хийгдээгүй гэж үзэж байгаа. Бороо орохоор ус ордог хэвээрээ байгаа... Засвар үйлчилгээнд машин засагдана гэсэн мөнгө байхгүй. Урсгал засвараас гаргах боломжтой. Удирдах ажилтны зөвлөгөөн, Ховд аймагт тэмцээнд явсан гэж байгааг бид мэдэхгүй байна. Тийм анхан шатны баримт бүрдүүлсэн байсан. Тухайн үед ковид гарч тэмцээн уралдаан хориглосон байсан ... Шатахууны 1,260,000 төгрөгт акт тавигдсан. Үнийг нэхэмжилнэ. 3,140,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнэ, 35,000,000 төгрөгийн засварын ажлыг хүлээж аваагүй. Нийт 39,400,500 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг барагдуулж өгнө үү...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглээс/
Иргэний хариуцагч Я.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Н.Б, Т.Б нарыг танина. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаараа сайн ойлгохгүй байна... 20,000,000 гаруй төгрөгийн ажил хийгдсэн гэж бодож байна. Манай менежер Н гэдэг залуу хийж байсан. Тухайн үед би Шарга суманд ажилтай байсан учраас энэ ажлыг хийж дуусгаарай гэж Н-д хариуцуулж ажиллуулсан. Тоо хэмжээний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Хүзүүвчний хар цаасан дээр алдаа гарсан байсан. Сүүлд дарга болсон н.У багш над руу ус орж байна гэж ярьсан. Ус ороод байгаа бол очиж хийж гүйцэтгэнэ гэж хэлсэн. Түрүү жилээс ийм асуудал үүсэж байгаа... Хийж гүйцэтгэсэн ажлын талаар баримт байхгүй. Багцаагаар 20-22 сая төгрөгийн хооронд болсон... А.Н албан ёсоор гэрээ байхгүй, манайд ажилладаг. Гэхдээ нийгмийн даатгалаа өөр газраар төлдөг... Шилжиж орсон 35,000,000 төгрөгөөс А.Н-н данс руу 20 гаруй сая төгрөг орсон ... Тооцоогоо гаргаад шилжүүлсэн ... Гэхдээ ажлаа хүлээж аваагүй. Ажлаа хүлээж аваад дээврийн засвар ийм байна гэсэн бол дахиж засвар нэмэгдэж хийх байсан. Алдаа гарч ус орсон байна. Одоо байгаа дарга нь над руу залгахаар нь манай компани хийж гүйцэтгэсэн учраас хийж өгье гэж хэлсэн. Эргээд холбоо бариагүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглээс/
Гэрч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Н.Б, Т.Б нартай худалдан авах ажиллагааны тендер шалгаруулах хуралд оролцож байсан ... 2019 онд би маш олон хуралд оролцсон байдаг. Т.Б, Н.Б нартай олон хуралд оролцсон. Энэ хуралд оролцсон эсэхээ тодорхой сайн санахгүй байгаа юм. Спорт цогцолбор дээр очиж нэлээд олон хуралд орж байсан. Яг наад хурлыг чинь санахгүй байгаа юм... Тендер шалгаруулалт ороод мэдүүлгээ бөглөсөн эсэхийг шалгадаг. Би материалтай танилцахад тэр хуудас бөглөөгүй байсан... Зөвлөмж гарч, ямар нэгэн маргаан хийгээгүй тохиолдолд ажил үргэлжлээд хийгддэг. Цогцолборын ажил хийгдсэнийг харсан... Зөвлөмж дээрх гарын үсэг миний гарын үсэг байсан... Үнэлгээний хорооны шийдвэр, тэмдэглэлийг нарийн бичиг үйлдэж, орсон хүмүүсээр гарын үсэг зуруулдаг. Гэхдээ тэр даруй хэвлэж зуруулдаггүй. Дараа нь гарын үсэг зуруулдаг ... Үнэлгээний хуудсаар шалгуур үзүүлэлтээ дүгнэж, нийцсэн нийцээгүй гэж хамгийн сүүлд шийдвэр гардаг. Нийцсэн бол тэд нь нийцсэн, тэд нь нийцээгүй гэж тоолоод шалгаруулдаг. Ямар нэгэн байдлаар хүн нөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Олонхын шийдвэрээр гарна... Тэр жил олон хуралд оролцсон. Худалдан авах ажиллагааны газраас зохиосон хуралд оролцдог. Нэгтгэлээ жилийн эцсээр авдаг учраас өөртөө бүртгэл үйлдээгүй. Наад хурал чинь худалдан авах ажиллагааны газраас биш Биеийн тамир спортын газраас зохиогдсон байгаа юм. Мэдээллүүдээ аваад ажлын тайландаа оруулчихдаг байсан болохоор нэгтгэж аваагүй. Би байцаагдсаны дараа тайлангаа үзэхэд байхгүй байсан. Төрийн бус байгууллагыг төлөөлж оролцоод өгөөч гэдэг учраас тэрний нэг нь байх гэж бодоод байна. Миний хариуцлагагүй байдал харагдаж байгаа. Миний гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон. Дээврийн ажил хийгдэж байгааг би харсан. Наад хурлыг чинь тодорхой сайн санахгүй байгаа болохоор хүнийг буруутгах вий гэж бодоод байна ... Хогийн том савнууд орж байсан. Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэл багуудын дарга нарт мотоцикл нийлүүлэх, Гаалийн газарт автомашин худалдаж авах ажил зэрэг гээд 40 ажилд орсон байсан ... 100 ажиллагаа явууллаа гэхэд 80-90 хувь нь Худалдан авах ажиллагааны газраар дамждаг байгаа. Сум дээр бас явагддаг ... Төсөвт байгууллагуудаар өөрөө зарлаж байгаа нь цөөхөн байдаг...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглээс/
Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай “Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай “ тушаалаар үнэлгээний хорооны даргаар Т.Б, нарийн бичгийн даргаар Д.А, гишүүнд Ц.А-г иргэдийн төлөөллөөр тус тус томилсон тушаал. /2-р хавтаст хэргийн 78 дугаар тал/
2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 79-80 дугаар тал/
2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 98 дугаар тал/
Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “... 1. “*****” ХХК оролцогчийн ирүүлсэн материалыг үнэлгээний хороо хянан үзэж “*****” ХХК-н материал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн гэж дүгнэв. Иймд БТСГ-ын даргад тус ажлыг “*****” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг зөвлөмж болгож байна...” гэх зөвлөмж. /2-р хавтаст хэргийн 99 дүгээр тал/
Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газар болон “*****” ХХК-н хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хуулбар. /2-р хавтаст хэргийн 105-107 дугаар тал/
“*****” ХХК-н ******* тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийж Биеийн тамир, спортын газраас “*****” ХХК-н ******** тоот данс руу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн тухай тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 35 дугаар тал/
Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ийм хуралд сууж байснаа санахгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл болон тендер сонгон шалгаруулах ажлын хэсгээс бүрдүүлсэн баримт, материал дээр зурагдсан миний гарын үсэг минийх биш байна. Би ингэж гарын үсгээ зурдаггүй. Ямар ч байсан байгууллагын дээврийн засварын ажил хийгдэнэ гээд Ц дарга хэлж байсан. Тэгээд би 2019 оны намар билүү 2020 оны намар 08 сард нь билүү ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөө аваад гарсан. Тэрнээс хойших үйл явдлын талаар би мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 238-239/
Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би хуралд огт суугаагүй ... Би хуралд суугаагүй юм чинь ямар юмных нь ингэж хэлэх юм бэ? Миний өмнөөс хэн нэгэн зохиогоод бичсэн байна. Би хуралд суугаагүй. Хурлын тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь ч гэсэн миний гарын үсэг биш байна... гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 183 дугаар тал/
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Назарбекийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн тендерийн бичиг баримтууд болон 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос Н.Б-д 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай хүргүүлсэн зөвлөмж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээрх нарийн бичгийн дарга гэсний ард Д.А гэж тус тус зурагдсан гарын үсэг нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн чөлөөт загвар болон туршилтын загварууд нь хурьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд хүргүүлсэн тендерийн бичиг баримтууд болон 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос Н.Б-д 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай хүргүүлсэн зөвлөмж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээрх нарийн бичгийн дарга гэсний ард Д.А гэж зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд гаргуулан авсан адилтгалын загваруудын гарын үсгүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна.
4. Дээрх 3 баримтад зурагдсан гарын үсгүүд нь Д.А-с гаргуулан авсан чөлөөт болон туршилтын загварын гарын үсэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна.
5. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй...” гэх дүгнэлт. /3-р хавтаст хэргийн 209-218/
Монгол улсын Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/613 дугаартай “... Биеийн тамир, спортын газрын дээврийн болон бусад засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад 1 оролцогч оролцож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлгүй байна. “*****” ХХК тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-д заасан үе шатны ажлын хуваарь, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод тулгуурлан тооцоо ирүүлэх, барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин, гагнуурчин, барилгын мужаан гэсэн мэргэжилтэй ажилчидтай байх бөгөөд мэргэжлийн үнэмлэхийн хуулбар ирүүлэхээр заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна...” гэх зөвлөмж, тайлбар. /2-р хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Хэрэв тухайн оролцогчийн тендерийн материалд ажлын даалгавар, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техник, эдийн засгийн тооцоо, ажиллах хүч, засал чимэглэлчин, цахилгаанчин, барилгын мужаан, гагнуурчин гэсэн мэргэжлийн ажилчидтай байх гэсэн тендерийн баримт бичгийн шалгуур, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна гэсэн байна. “*****” ХХК үнэлгээний хороонд хийж гүйцэтгэх ёстой ажлынхаа даалгавар, ажилчдынхаа мэргэжлийн үнэмлэхийн хуулбар гэсэн бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд нь тус үнэлгээний хороо ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин тендер зарлан явуулах ёстой байсан байна ...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 53 дугаар тал/
Гэрч Д.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Өнгөрсөн 2020 онд манай байгууллага дээр засварын ажил хийгдэж байсан. Миний санаж байгаагаар гадна талын пассатны ажил мөн дотор талын плитаны ажил бас бус жижиг засварын ажлыг Г.Н захиралтай “А*****д” ХХК хийж гүйцэтгэсэн. “А*******д” ХХК-иас хийж гүйцэтгэсэн засварын ажил нь ямар ч асуудалгүй хийгдэж, засварын ажлыг комисс хүлээн авч байсан санагдаж байна. Харин А, Б заалны дээврийн холбоосны засварын ажлыг “*****” ХХК хийсэн гэтэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, угаасаа чанаргүй юм хийж хаяад явсан. “А*******й” ХХК нь 1 давхарт байгаа хүндэтгэлийн самбарыг мөн даргын суудаг өрөөний засварын ажлыг хийх ёстой байсан боловч хачин юм хийгээд явчихсан, уг нь мөнгө аваад хийж байж үнэхээр чанаргүй муухай юм хийсэн байсан. 2017 онд манай газрын спорт заалны дээврийн засварын ажлыг “Б******с” гэдэг компани хийж байсан. Тухайн үед “Б*********с” компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах комисст нь ороод Б даргын өгсөн үүргийн дагуу ажлыг нь хүлээн аваад гарын үсэг зурчихсан юм. Манай өмнөх дарга нар Ц дарга шиг ийм хууль бус тэр дундаа тендер зарлаж засвар, үйлчилгээний ажил хийлгэж байгаагүй болохоор миний хувьд ямар нэгэн ажил хүлээн авах комисст ороод байдаггүй байсан. “Б**********с” ХХК-иас хийсэн ажлыг нь хүлээн авахдаа даргын хэлсэн үүргийн дагуу авчих, авчих гэхээр нь хүлээгээд авчихсан чинь дараа нь бөөн асуудал үүсэж Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн удаа байцаалт өгч байсан. Тэр үедээ гэнэдээд Б даргын хэлсэн үүргийн дагуу байсан болохоор байгууллага дээр 2020 онд хийгдсэн засварын ажлыг хүлээн авах комисст нь ороогүй. Гэхдээ би ажил хүлээн авах комисст орсон ажлынхаа газрын бусад хүмүүст урд өмнө асуудал үүсэж байсан шүү, “А******й” ХХК, “*****” ХХК-аас хийсэн ажлыг нь нэг бүрчлэн үзэж шалгаж аваарай, хүмүүс нь өөрсдөө хүрч ирээд хүлээлгэж өгөөгүй байхад хүлээгээд авлаа гэж хэлж сануулж байсан юм. Гэхдээ албан ёсоор энэ хоёр компаниас хийсэн гэх засварын ажлыг нь одоогоор хүлээн аваагүй байгаа. Энэ талаар У дарга тодорхой мэдэж байгаа байх. Байгууллагын ажилчид бид удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Ойр зуурын тохижилт үйлчилгээний ажил, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцож ажиллах ёстой л гэж хувьдаа үздэг. Гэхдээ байгууллагаас албан ёсоор зарласан тендерт шалгарсан аж ахуй нэгж, компани нь өөрсдөө л хийх ёстой шүү дээ. Ажилчид бид бүхэн байгууллага дээр ямар, ямар тендер зарласан эсэх, ямар компани шалгарсан талаар мэдээлэл байдаггүй улмаас дарга, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэрэв заалны шал буд гэвэл будахаас өөр аргагүй, хаалга тогтоо гэвэл хаалга янзалж тогтоох гээд өгсөн үүргийг нь биелүүлж ажиллахаас өөр аргагүй... Б дарга Засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тушаал дээр А, М, З, Х, Г нарын нэрийг оруулаад гаргаад ир гэхээр нь би ажил үүргийн хуваарийн дагуу буюу даргын өгсөн үүргийн дагуу ажлын хэсэг байгуулах тухай тушаалын төслийг 2 хувь гаргаад нэг хувийг нь тэр үеийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Гү-д, нөгөө нэг хувийг нь архивт хадгалах гэж авч үлдсэн. Г надаас авч явсан ажлын хэсэг байгуулах тушаалыг авч яваад төд удалгүй “энэ хүмүүсийн нэрсийг солих” хэрэгтэй байна гэсэн. Тэгээд байж байтал Ц дарга өрөөнөөс гарч ирээд Б, А, А-н нэрийг оруулаад ажлын хэсэг гаргах тушаал гаргачих гэсэн. Тэгэхээр нь би А ахын овгийн үсгийг мэдэж байгаа нөгөө хоёр хүмүүсийн чинь овгийн үсгийг мэдэхгүй шүү дээ гэсэн чинь за одоохон гээд өрөө лүүгээ орсноо хэсэг байж байгаад гарч ирээд А-н овог нь тэр, Б-н овгийн үсэг нь тэр гээд хэлүүлээд тушаалын төслийг гаргуулж байсан юм. Сүүлд гаргасан ажлын хэсэг байгуулсан буюу Б, А, Ач нарын нэрсийг оруулсан тушаалын эх хувь байгууллагын архивын баримтад байгаа. Харин уг тушаалын өмнө гаргасан А/20 дугаартай тушаалын эх хувь нь баримтад байхгүй. Учир нь устгасан тушаалын дараа дээрх хүмүүсийн нэрс орсон сүүлийн тушаал гарсан болохоор устгасан ба явсан бичгийн бүртгэлдээ болохоор устгасан тушаалыг хуулбарлаад хийсэн юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 208-210 дугаар тал/
Гэрч Ц.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Миний бие засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ямар нэгэн ажлын хэсэгт орж ажиллаагүй. Ажлын хэсэгт орж ажилласантай холбоотой ямар нэгэн хуралд суугаагүй. Би ажлын хэсэгт орсон байсан юм байна гэдгийг одоо л мэдэж байна. Үүнээс өмнө надад хэн нэгэн хэлж мэдэгдээгүй... Ажлын хэсэгт орсон талаар надад хэн ч мэдэгдээгүй... Би 2019-2020 онд ажлаа хийж байсан ... Би А/20 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалтай одоо л танилцаж байна, урд өмнө нь ийм тушаал гарсан эсэхийг мэдээгүй, надад танилцуулаагүй. Тэр дундаа намайг ажлын хэсгийн ахлагчаар нь тавьсан байна. Би ийм ажлын хэсэгт орж ажиллаагүй. Ажлын хэсгийн зүгээс байгууллагын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар хуралдаж байгаагүй юм чинь ямар нэгэн дүгнэлт гараагүй. Яагаад миний нэрийг тушаал дээр оруулаад биччихсэн юм бол гэдгийг гайхаж байна... 2017 онд манай байгууллагын спорт Б заалны дээврийн засварын ажлыг “Б****с” гэдэг компани хийсэн байсан. Гэтэл ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт миний нэрийг оруулчихсан, ажлын хэсгээс хурал хийсэн мэтээр зохиогоод оруулчихсан байсан, би тэр үед ямар нэгэн хуралд суугаагүй ба ажлын хэсэгт орсноо ч мэдээгүй байсан ... Ингээд миний нэрийг энэ мэтчилэн 2 дахь удаагаа оруулсан байгаад нь маш их гайхаж байна. Намайг ахмад настай хүн, аливаа юманд зөөлөн ханддаг учраас олон юм яриад, хэл ам болохгүй байх гэж бодоод Б дарга миний нэрийг ажлын хэсэгт зохиогоод оруулчихсан байх гэж хувьдаа бодож байна. Түүнээс би Б даргатай ойр, садан төрлийн харилцаа хамаарал огт байхгүй улсууд...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 2-3 дугаар тал/
Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Миний бие байгууллагын засварын ажилтай холбоотой ямар нэгэн ажлын хэсэгт орж ажиллаагүй. Яагаад миний нэрийг оруулаад биччихсэн юм бол гэдгийг би мэдэхгүй байна. Надад хэн нэгэн “ ажлын хэсэгт орсон шүү” гэж хэлж мэдэгдээгүй... Би ямар нэгэн хуралд суугаагүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 5 дугаар тал/
Гэрч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Биеийн тамир, спортын газар дээр дээврийн засварын ажил хийгдэж байсан. Гэхдээ би өөрийгөө засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон гэдгээ мэдээгүй. Надад албан ёсоор хэн нэгэн хүн мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 7-8 дугаар тал/
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2020 оны 12 сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Гэтэл намайг Б**********р-н дээвэр дээр хийгдсэн засварын ажлыг шалгах ажлын хэсэгт оруулсан байсан ба даргаар нь Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г мөн мэргэжлийн хяналтын газраас барилгын улсын байцаагч Б, Худалдан авах ажиллагаанаас Г.Б, өмчийн албанаас М болон миний бие гишүүдэд багтсан байсан. Ингээд миний зүгээс зөвхөн барилга талаас нь үзэж шалгахаар тус газрын дээвэр дээр гарч үзэхэд засварын ажил нь аль хэдийнээ хийгдээд дуусчихсан, өөрөө хэлбэл ямар нэгэн засварын ажил явагдаагүй байсан. Дээвэр дээр хар цаас наагдсан байсан учир хийгдсэн ажлын чанар байдлыг дүгнэх, тогтоох ямар ч боломжгүй байсан. Харин баталгаат хугацаа буюу 3 жилийн дотор ямар нэгэн зөрчил, доголдол гарах өөрөөр хэлбэл ус, дусаал гоожих зэрэг зөрчил гарах юм бол гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь засварлаж хэвийн ажиллагаанд оруулах үүрэг нь Барилгын тухай хууль болон ажил гүйцэтгэх гэрээн дээр тусгасан байдаг юм. Миний зүгээс ийм л үүрэгтэй тухайн ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон бусад гишүүд маань өөр өөрсдийн чиглэлээр үзэж шалгасан байх ёстой. Тус хийгдсэн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Орон нутгийн өмчийн газар дээр тендер нь зарлагдсан байсан бол манай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр тус засварын ажлынх нь захиалагчийн хяналтын гэрээ хийгдээд, ингээд манай байгууллагаас хяналт тавих ёстой байсан. Гэтэл дээрх тохиолдолд буюу Биеийн тамир спортын газраас тухайн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн байгууллага дотроо тендерээ зарлаад сонгон шалгаруулсан бол Биеийн тамир спортын газраас байгуулагдсан ажлын хэсэг нь хийгдэж байсан засварын ажил дээрээ хяналтаа тавиад, байгууллага дотроосоо ажлын хэсэг гаргаж хийгдсэн ажлаа хүлээж авах ёстой байсан. Тэгэхээр заавал манай байгууллагаас буюу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тухайн барилга, засварын ажил дээр нь хяналт тавина гэсэн зохицуулалт байхгүй, тухайн байгууллага хуулийн хүрээнд өөрсдөө тавьж болно...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 15-16 дугаар тал/
Биеийн тамир, спортын газрын 2019 оны явуулсан бичгийн бүртгэлд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт. /2-р хавтаст хэргийн 17-22 дугаар тал/
Гэрч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Спорт заалны шалны будгийн ажлыг манай байгууллагын ажилчид 2019 оны намар 8, 9 сарын будаж байсан ба би тухайн үед ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Б дарга өөрөө ажилчид бидэнд өгсөн үүргийн дагуу шалны будгийн ажлыг хийж байсан. Тухайн үед ажилчид бид нар “*****” ХХК-с заалны будаг хийх ажлыг хийнэ гэж огт мэдээгүй, хэрэв мэдсэн бол даргад тухайн үед хэлээд тэр компаниар нь хийлгэ гэдэг шаардлагыг тавих байсан... “*****” компаниас 2019 онд ямар нэгэн засварын ажил хийгээгүй, ямар нэгэн хар цаас авч ирсэн зүйл огт байхгүй. Мөн 2020 онд хар цаас авч ирээд ажлаа эхлүүлье гээд ирэхэд нь ажилчид бидний зүгээс Хятад хар цаас дээвэр дээр наалгуулахгүй шүү гэж огт хэлж яриагүй ...Үнэхээр барилга, урсгал засварын чиглэлийн компани байсан бол энэ мэтийн жаахан засварын ажлыг хийхэд ядах юм байхгүй шүү дээ. Би Б даргаас 2019 оны намар байх хамт олны хурал дээр дээврийн засварын ажлыг ямар компани хийх ёстой юм бэ, яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гээд асуухад “*****” ХХК хийх ёстой, Шарга сумд цэцэрлэгийн ажил хийж байгаа, ажил нь давхцаад байгаа юм шиг байна билээ” гэхээр нь би түүнд “ ямар 350 сая төгрөгийн ажил байгаа биш дээ, 35 сая төгрөгийн ажил юм чинь шахаж шаардаад хурдан хугацаанд хийлгүүлж Боггүй юм уу” гэхэд наад компани чинь харин миний үгэнд орохгүй байгаад байна гээд үл ойшоосон байдалтай байгаад байсан... Аймгийн төрийн Аудитын газраас өргөдөлд дурдагдсан асуудлаар төлбөрийн акт нягтлан бодогч Б бид хоёр дээр тавигдсан. Төлбөрийн акт тавигдсантай холбоотойгоор миний буруутай ямар нэгэн үйлдэл байгаагүй болохоор “*****” ХХК-ний захирал А рүү утсаар хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байгаад байсан. Тухайн үед нягтлангаар ажиллаж байсан Б-р хүртэл А рүү яриулахад “за за очоод янзалж өгье” гэсэн байсан. Мөн үүнээс гадна Б руу хүртэл утсаар залгаж хэлсэн, албан бичиг хүргүүлсэн боловч одоо хүртэл хийсэн засварын ажлаа хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/
Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Б**********р-н нягтлан бодогчоор 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгч, өөр байгууллага руу шилжсэн ... Намайг Биеийн тамир спортын газарт ажилд ороод удаагүй энэ он гараад 02 сард Төрийн аудитын газраас жил бүр л санхүү, тайлангийн аудитыг хийгдэх үед нь байгууллагын 2020 оны санхүүгийн үйл ажиллагааныхаа баримтуудыг шалгуулсан. Аудитын шалгалтаар миний хуучин ажиллаж байсан Биеийн тамир спортын газарт “*****” ХХК-тай 2019 онд засварын ажил гүйцэтгэх гэрээгээр 35,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийгдсэн ажлыг хүлээн аваагүй, уг мөнгөн дүнгээр тухайн компаниас авлага авахаар, мөн 2020 онд иргэн Ж.Б-тэй 8,140,000 төгрөгийн үнэ бүхий спортын бараа, материал нийлүүлэх гэрээнд заагдсанаас 3,140,000 төгрөгийн бараа, хэрэгсэл нийлүүлээгүй, үүн дээр 3,140,000 төгрөгийн бараа, материалыг иргэн Б-с авлага авахаар, 2020 онд тус газарт “ А*******й” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 8,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх ёстой байсан засварын ажлыг хүлээн аваагүй байснаас уг компаниас 8.000.000 төгрөгийн авлага авахаар, мөн газрын даргаар ажиллаж байсан Н.Б нь 2020 оны 01 сард Улаанбаатар хот руу зөвлөгөөнд оролцох гэсэн албан ажлаар 1,020,000 төгрөгийн шатахууныг шатахууны зардлаас гаргуулан авсан боловч уг мөнгөн дүнд зарцуулсан баримт байхгүй, мөн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр газрын дарга Н.Б нь Ховд аймаг руу таеквондогийн хэрэглэгдэхүүн хүргэж өгөх ажлаар явна гэж шатахууны зардлаас 519,250 төгрөгийг авсан байсан. Говь-Алтайгаас Ховд аймаг руу явахдаа ирж, очихын 900 километр гэж тооцсон байсан бөгөөд 519,250 төгрөгөөс 240,250 төгрөгийн зарцуулалтын ямар нэгэн анхан шатны баримт бүрдүүлээгүй байсан. Өөрөөр хэлбэл уг 240,250 төгрөгийн шатахуун зарцуулсан баримт болох жолоочийн замын хуудас болон шатахуун авсан баримт байхгүй байсан зөрчил дээр тус тус төлбөрийн акт тогтоогдож байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/
Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрөө байгууллагын нярав болохоор санхүү мөнгө төгрөгтэй холбоотой нарийн ширийн зүйл болоод хэдэн төгрөгөөр ямар ямар засварын ажлыг хийлгэх ёстой байсан талаар мэдэхгүй. Өнгөрсөн оны 08 сарын үед байх Б дарга намайг “хоёулаа зах явж барилгын материал, будаг авч заалаа будна” гэж хэлээд дагуулаад явсан ба зах дээрээс барилгын материал зардаг Х гээд залуугаас ойролцоогоор 1 сая 800 мянган төгрөгийн будаг, будаг шингэлэгч, багс, өнхрүүш зэрэг заалны шал будахад зарцуулагдах материалыг зээлээр авсан. Зээл авснаас хойш 2 хоногийн дараа нөгөө Х гээд залуу чинь манай ажил дээр хүрч ирээд зээлээр өгсөн будаг, шунхныхаа мөнгийг авъя” гэхээр нь би Б дарга луу утсаар яриад будаг, шунх зээлээр авсан Х гээд залуу мөнгөө авъя гэж байна гэсэн чинь Ц дарга надад нэг Юнителийн дугаар өгснөө наад дугаарын чинь эзэн манай ажлын газрын дээврийн засварын ажлыг хийх ёстой “*****” ХХК-н ажилтны дугаар байгаа, наад дугаар луугаа холбогдоод мөнгийг нь шилжүүлээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би даргын өгсөн дугаарыг Х-д өгч яриулсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа би зах дээрээс юм авах гээд явж байхдаа Х-н лангуун дээр очоод нөгөө мөнгө чинь орсон уу гэсэн чинь “шилжигдээд орсон, орсон гэж хэлж байсан... 2-р цэцэрлэгт жижүүр хийдэг О гээд залуу нөгөө залууг нь бол зүс танина, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг хааяа зах дээр явж харагддаг нэрийг нь одоо санахгүй байна тэр хоёр залуутай хамт манай ажлын харуулууд бас ганц, нэг багш нар нийлээд гражид байсан 3 төмөр хаалгыг сольж тавихад нь гражнаас гаргаж өгөөд суурилуулж хийлгүүлсэн, үүдний шилэн хаалгыг өөрсдөө хийсэн билүү, Т-р хийлсэн билүү, тэрийг санахгүй байна. Лед урсдаг хаягийг миний бие болоод харуул, мөн зүйч Б, сагсан бөмбөгийн дасгалжуулагч М нарын хамт үүдний дээр хамжилцаж тогтоож байсан юм. Харин спорт заалны дээврийн хар цаас наах ажлыг аймгийн захиргааны байранд жижүүр хийдэг Б болон танихгүй 2 залуу хийж гүйцэтгэж байсан... 2020 онд хийгдсэн засварын ажлуудыг “*****” ХХК, А*******й ХХК-аас албан ёсоор хүлээлгэж өгөөгүй болохоор байгууллагын эд хөрөнгийн орлогын бүртгэлд орлогодож аваагүй байгаа юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 26-30 дугаар тал/
Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Есөнбулаг сумын 4-р цэцэрлэгт жижүүрээр ажилладаг юм. Цэцэрлэг сургууль амарсан үед болон ээлжээс буусан үедээ хаана барилгын ажил олдоно, ажлын санал тавьсан хүмүүстэйгээ үнэ ханш дээрээ тохиролцоод барилгын ажлын хийчихдэг юм ... Өнгөрсөн оны билүү эсвэл тэрний урд жил буюу 2019 оны 5, 6 сарын үед байна уу даа над руу нэг танихгүй залуу утсаар яриад “ барилгын засвар хийдэг хүн мөн үү” гэхээр нь тиймээ мөн байна гэсэн чинь аймгийн Биеийн тамир спортын газар дээр хэдэн хаалга солих ажил байна, үнэ ханш дээрээ тохиролцоод хийх үү гэхээр нь тэгье, тэгье гэсэн. Тэр залуу намайг цогцолбор дээр яваад ирээч гэхээр нь явж очсон. Надад тухайн ажлыг санал болгосон тэр залуугийн нэрийг нь санахгүй байна, махлаг бор царайтай, Приус-20 машин унадаг залуу байсан ба Б**********р-н дотор талын 3 хаалгыг солиод, оронд нь шинэ хаалга суурилуулж хийх юмаа, хэдээр хийх үү гэхээр нь би 700 мянган төгрөгөөр хийнэ гэсэн чинь “...за за тэгвэл хийлгэе...” гэсэн. Ингээд үнэ хөлсөө ярьж тохирсноос хойш 2-3 хоногийн дараа би барилга дээр цуг ажилладаг Заанхүү, өрлөг өрдөг М хоёртой хамт хүрч ирээд спорт цогцолборын хуучин 3 хаалгыг нь авч шинээр солиулахаар авч ирсэн байсан 3 хаалгыг нь суурилуулж хийж байсан. Ажлын хөлсөнд Хаан банкныхаа дансаар 600-650 мянган төгрөгийг тэр залуугаас авч байсан санагдаж байна. Надтай цуг ажилласан З, М хоёрын цалинг 600-650 мянган төгрөгөөс өгч байсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 162-163 дугаар тал/
Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны зун бил үү, намар бил үү, цаг хугацааг санахгүй байна, аймгийн Халамжийн үйлчилгээний газрын IT инженер Д гээд залуу над руу утсаар холбогдоод Б**********р-н дээврийн засварын ажил байна, үнэ хөлс дээрээ тохироод хийх үү гэхээр нь ямар хэмжээтэй дээвэр юм бэ гэсэн чинь үүдний хэсгийн холбоосны дээврийн засварын ажил байгаа юм, том ч биш, жижиг ч биш дундын хэмжээтэй дээвэр гэхээр нээх том хэмжээтэй дээвэр биш байлгүй, 1 сая төгрөгөөр хийгээд өгье гэсэн чинь Д тэг, тэг болно гэсэн. Би урд өмнө дээврийн засварын ажлыг өөрөө гардаж хийж байгаагүй болохоор, бас ганцаараа хийж чадахгүй байх, нэмэлтээр хүн авч ажиллуулъя гээд бүл дүү Б руу ярьж “ ахдаа дээврийн засварын ажил хийлцээд өгөөч, цалин хөлсийг чинь өгнө” гэсэн чинь тэгье, тэгье гэсэн. Тэгээд бүл Б-г мөн түүний хоёр найзтай нь хамт нийт дөрвүүлээ Б**********р-н дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Ажлын хөлсөнд Д-с өөрөөс нь увуулж, цувуулаад 1.000.000 төгрөгийг, дараа нь ажлаа хийж дууссаныхаа дараа 200,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг Хаан банкны *********** тоот дансаар авч байсан. Авсан мөнгөнөөсөө цуг ажил хийсэн Б-д 240.000 төгрөг, нөгөө хоёр залуугийн нэгд нь 100 гаран мянган төгрөг, нөгөө залууд нь 200 орчим мянган төгрөгийн цалин тус тус өгч байсан. Үлдсэн мөнгөнөөс нь би өөрийнхөө ажлын хөлсөө гаргаж аваад, 200 орчим мянган төгрөгөөр хамт ажил хийсэн 3 хүнийхээ хоол, унд, тамхи тариаг нь авахад зарцуулсан. Тэр дээврийн засварын ажлаас надад ямар нэгэн ашиг гараагүй... Ойролцоогоор 140 орчим м2 дээврийн ганц, нэг усны хаялгыг томсгож хийсэн. Мөн хар цаас наасан, ийм л хоёр ажил хийсэн...Хамгийн анх ажил эхлэхэд Биен тамир, спортын газрын нярав гэх ахимаг насны намхан ахаас 38 боодол хар цаасыг хүлээн авч, дээвэр лүү зөөж гаргасан... Нярав гэх ахаас 38 ширхэг боодол хар цаас хүлээн авсан. Өөр ямар нэгэн бараа материал хүлээн аваагүй...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 166-167 дугаар тал/
Гэрч А.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай багын найзыг А гэдэг юм, миний ч найз, манай эрэгтэй дүү А.Н-н ч гэсэн найз юм. Найз маань Говь-Алтай аймагт төрж, өссөн бөгөөд одоогоор гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотод амьдарч, ажилладаг байгаа, хувьдаа барилгын компанитай. 2020 оны 05 сарын үед ямар ч байсан бороо ороогүй байсан байхаа. А над руу утсаар яриад “Б**********р-н дээврийн засварын ажил болон хаалга энэ тэрийг нь солих ажил байна, туслах хүн хүч байна уу, дээврийн хар цаас гайгүй наадаг туршлагатай хүн олоод өгөөч” гэхээр нь юу ч гэсэн ажиллах хүн хүч хайгаад олоод өгье гэсэн. Ингээд би хар цаас наачихдаг барилга дээр ажилладаг хүн хайгаад хэсэг явсан. Тэгж байхдаа аймгийн захиргаанд жижүүр хийдэг Б ахтай таараад “дээврийн засвар, хар цаас наах ажил хийх үү” гэсэн чинь ах нь ажлынхаа цаг чөлөөгөөр хийгээд өгье, 1 саяас 1 сая 200 мянгын хооронд хийгээд өгье гэсэн. Тэгэхээр нь би А лүү буцаж холбогдоод дээврийн хар цаас наах ажлын үнэ ханш манай энд 1 саяас 1 сая 200 мянгын хооронд байдаг юм байна” гэсэн чинь өө тэгвэл наад үнээр чинь хамаагүй хийлгэе гэсэн. А намайг “наад ажил хийх хүмүүсээ дээврийн хар цаас наах ажил хийгдэх Б**********р-н холбогдох хүмүүстэй нь уулзуулаад өгөөрэй” гэхээр нь Б-г спорт цогцолборын нягтлан бодогч нь билүү, няравтай нь холбож уулзуулж өгч байсан. Б**********р-н агуулахад нь дээвэр дээр наах хар цаасыг хураачихсан байсан ба агуулахаас нь Б, Б-тай хамт ажил хийхээр ирсэн хоёр, гурван залууд хүлээлцүүлж өгөөд тэгээд тэр хэд ажлаа эхлүүлж байсан юм. А намайг ажлынх нь явц байдлыг нь зав чөлөөгөөрөө үзэж хараад яваад байгаарай, найз нь наана чинь таньж мэдэх хүн одоо байхгүй, чамайг л гуйж байгаа шүү гээд захиж байсан болохоор найздаа туслах зорилгоор хар цаас наах ажлын үеэрээ бас баллонтой хийг нь цэнэглүүлэх зорилгоор хэд хэдэн удаа очиж байсан. Ажил нь хэвийн л явагдаж байсан. Б тэр хэд хар цаас, лаак дууссан гэхээр нь А лүү утсаар ярьж “ хэдэн боодол хар цаас, лаак дутсан шүү” гээд захиж хэлсэн. А хотоос 4-5 боодол хар цаас, хар цаас наадаг зориулалттай савтай лаакнууд явууллаа шүү гээд явуулахаар нь энд ирэхээр нь тосож аваад ажил хийж байсан хүмүүст аваачиж өгч байсан. Хар цаас нь болохоор 4-5 ширхэг, харин хэдэн сав лаак ирж байсныг санахгүй байна. Мөн жаахан шавар, замаскны ажил хийхээр болчихлоо гэхээр таньдаг хүнээсээ бага зэргийн цемент гуйж аваад Б ахад авч очиж өгч байсан. Бас дээврийн төмөр хэрэгтэй байна гэхээр нь барилгын материалын дэлгүүрээс төмөр худалдан аваад аваачиж өгч байсан. Эдгээрээс өөр ямар нэгэн бараа, материал ороогүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 181-186 дугаар тал/
Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 онд зун 07 сарын сүүлээр ч билүү, цаг хугацааны талаар тодорхой санахгүй байна. Манай байгууллагын гадна талын дээврийн засварын ажлыг аймгийн захиргаанд жижүүр хийдэг зүс таних нэг залуу, өөр хэд хэдэн танихгүй залуучуудтай хамт 6-7 өдөр хийгээд явсан. Тэрнээс хойш намар 8 сарын эхээр намайг ээлжийн амралтаа авахаас өмнө байх нэг өдөр ээлжид гарах гээд өглөө ирэхэд байгууллагын гражнаас 3 ширхэг төмөр хаалгыг гаднаас ирсэн бололтой танихгүй хоёр залуу суурилуулж тавьж байсан. Би тэр өдөр байгууллагын жижүүрээр ажиллаж байсан болохоор ерөнхийдөө алсаас нь хараад байж байсан. Харин 1 ширхэг шилэн хаалгыг намайг урд гараан дээрээс буугаад амарсан хойгуур хийгдсэн байсан. Би бодохдоо тэр хоёр залууг л хийсэн байх гэж бодож байна ... Ямар ч байсан тэр хоёр залуу миний нэг гараан дээр 3 ширхэг төмөр хаалга сольж хийж байсан ба өмнөх гараанаас буусан хойгуур шилэн том хаалгыг бас тэр хоёр танихгүй залуу суурилуулж хийсэн байсан. Хаалга тавьж суурилуулсны дараа нь үүдний лед самбарыг миний бие, нярав М ах болон өөр хэн хэн ч байлаа даа бид хэд хамжилцаад байгууллагын үүдэндээ тогтоож бэхэлж байсан. Тэр лед самбар дасгалжуулагчийн өрөөнд хураачихсан байж байсан ... Би 2020 оны 08 дугаар сарын 20-ны үед ээлжийн амралтаа авсан хойгуур спорт заалны шалыг манай байгууллагын ажилтнууд өөрсдөө будсан гэсэн ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/
Гэрч Ө.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай байгууллагын А, Б заалны хоорондох хоолойны дээврийн засварын ажил нь 2020 оны намар 8 сарын үед гаднаас хэдэн танихгүй залуучууд хүрч ирээд хэдэн өдөр хийсэн. Тэдгээр хүмүүс дээврийн ажил хийж дуусахтай зэрэгцээд манай байгууллагын дотор талын коридорын хана, шал, таазыг замаскдаж эмульс түрхээд мөн нарийн коридорыг нурааж бага зэрэг өргөтгөж сунгасан. Тэр үед Б дарга ажиллаж байсан. Б даргын өрөөний дотор засварын ажлыг бас хийсэн, миний санаж байгаагаар уналттай тааз хийсэн бас шалыг нь паркеталсан, хаалгыг нь сольж тавьж байсан. Нэг иймэрхүү засварын ажил хийсэн юм. Тэрний дараагаар нь билүү дээ, сургууль эхлэхээс өмнө манай ажлын газрын хамт олон спорт заалныхаа шалыг будсан. Мөн 2020 оны 09 сарын үед байна уу даа, яг хэзээ байсан талаар сайн санахгүй байгаад байна, намайг нэг өдөр ээлжнээсээ буугаад дараачийн гараан дээрээ ажил дээр ирэхэд байгууллагын дотор талын 3 ширхэг төмөр хаалгыг сольсон байсан. Тэгэхээр нь ээлж хүлээн авсан жижүүрээс хаалгаа сольчихсон юм уу гэсэн чинь тиймээ, гаднаас 3 залуу хүрч ирээд солиод явсан гэж тайлбарлаж байсан. Дээрх засвар хийгдсэний дараа байх байгууллагын үүдэнд урсдаг лед хаягийг арга зүйч М, сагсан бөмбөгийн багш Г, нярав М бид хэд тогтоож байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 192-193 дугаар тал/
Гэрч М.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2020 онд манай байгууллагад засварын хэд хэдэн ажил хийгдэж байсан. Тухайлбал миний санаж байгаагаар А, Б заалны хоорондох хоолойны дээврийн холбоосны засварын ажлыг танихгүй хүмүүс хийсэн... Спорт заалны шалыг бол 2020 оны намар 08 сарын үед манай байгууллагын ихэнх багш, ажилчид маань өөрсдөө будсан. Мөн спорт зааланд байдаг сандлын өнгийг ч гэсэн шал будахад илүү гарсан будгаараа сэргээж будаж байсан. Намайг байхгүй хойгуур лав дотор талын 4 хаалгыг сольсон байсан. Хаанаас ямар хүмүүс ирж хийсэн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 195-196 дугаар тал/
Гэрч М.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Би үнэлгээний хороонд орсноо мэдээгүй, үнэлгээний хорооны гэх ямар нэгэн хуралд суугаагүй. Үнэлгээний хороо байгуулсан тушаал дээр миний нэрний урд зурагдсан байгаа гарын үсэг угаасаа биш байна. Би гэхдээ өөрийнхөө гарын үсгээ ийм байдлаар зурдаг боловч гарын үсгээ хараад танина, минийхийг хэн нэгэн дуурайлгаад зурсан юм шиг байна...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 47 дугаар тал/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өнгөрсөн оны намар сургууль, цэцэрлэг орохоос өмнө санагдаж байна, газрын даргаар ажиллаж байсан Б ажлын газрын нийт хамт олныг спорт заалны шалыг будна шүү гэж үүрэг өгсөн. Тэгээд манай ажлын газрын багш, жижүүр, харуул, үйлчлэгч нарын ихэнх нь спорт заалны шалыг 2 өдөр будаж байсан юм. А, Б заалны хоорондын холбоосны засварын ажил, Б даргын суудаг өрөөнд мөн засварын ажил хийгдсэн, гэхдээ энэ засварын ажлыг гаднаас өөр танихгүй улсууд ирж хийж байсан. Манай ажлын газрын хамт олноос тухайн засварын ажилд нь бол оролцоогүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 198-199 дүгээр тал/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай Биеийн тамир спортын газар дээр өнгөрсөн онд буюу 2020 онд засварын хэд хэдэн ажлууд хийгдсэн. 2020 оны намар хичээл сургууль эхлэхээс өмнө байгууллагын спорт заалны шалыг манай ажлын газрын ихэнх багш, ажилчид будаж байсан... Засварын ажлыг хаанаас ямар компани хийсэн талаар би мэдэхгүй байна. Намайг Дорнод аймгаас ирсний дараа Б дарга үүдэнд хаяг, самбараа тогтооно шүү гээд дасгалжуулагч нарын өрөөнд байсан урсдаг лед самбарыг Ч ах, нярав М ах тэр хэдтэй хамжилцаад үүдэнд тогтоож байсан юм. Бас намайг Дорнод аймгаас ирсний дараа байх байгууллагын модон хаалгыг авахад нь М ах, жижүүр, харуул зэрэг хэд хэдэн хүнтэй хамжилцаад авч байсан, модон хаалгыг авсны дараа шинэ төмөр хаалга хийснийг нь бол манай байгууллагын гадна талын пассат, будгийн ажил хийж байсан залуу хийж харагдсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 201-202 дугаар тал/
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны намар 08 сард байх манай Биеийн тамир спортын газар дээр засварын ажил хийгдсэн...А, Б заалны хоорондын холбоосны дээврийн засвар, гадна талын урсдаг лед самбар, хаалгануудыг “*****” ХХК байрлуулж хийх ёстой байсан юм байна билээ. А, Б заалны холбоосон дээр тухайн үед хэдэн танихгүй залуучууд гарчихсан хар цаас энэ тэр сольж тавиад байсан. Би бодохдоо “*****” ХХК-ны ажилчид юм байх л гэж бодож байсан. Энэ компани яг ямар ажил хийсэн эсэх, ажлаа бүрэн хийж дуусгасан талаар би мэдэхгүй байна. 2020 оны 10 сарын үед байна уу даа, газрын даргаар ажиллаж байсан Б засварын ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилсон тушаал гаргасан байсан байхаа, хальт харахад засварын ажил хүлээн авсан, хүлээлгэж өгөх ажлын хэсэг гэсэн тийм тушаал байсан, тэр тушаал дээр миний нэр, манайхаас нярав М ах, “*****” ХХК-ын захирал А, Орон нутгийн өмчийн газраас мэргэжилтэн Б гээд залуугийн нэр бичигдсэн байсан. Тэгэхэд Б дарга намайг “ажил хүлээж авсан акт гаргаадах” гэхээр нь дарга үүрэг өгч байгаа юм чинь гаргадаг юм уу гээд яг ямар ямар ажил хийсэн талаар мэдэхгүй байсан болохоор “*****” ХХК-ны захирал А гэх хүний утас руу холбогдоод танай компани яг ямар ажил хийж гүйцэтгэсэн юм бэ, ирж ажлаа хүлээлгэж өгнө үү” гээд хэлсэн чинь би УБ хотод ажилтай явж байна, Говь-Алтайд манай нэг ажилтан байгаа гээд нэг хүний утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд би тэр өгсөн дугаар луу нь холбогдоод “би танай захиралтай чинь ярьсан чинь өөрийн чинь утсыг өгч байна, танай компани манай байгууллага дээр засварын ажил хийсэн юм биш үү, ирж хийсэн ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэсэн чинь би Шарга сумд ажилтай явж байна, ажил хүлээлцсэн бичиг, цаасаа бүгдийг нь бүрдүүлчих, би очоод гарын үсэг зуръя гэсэн. Тэр залуу надтай дахиж холбогдоод, ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй таг чиг болчихсон. Б дарга намайг “засварын ажил хүлээж авах” талаар үүрэг өгсөн, бас тушаал юм гаргачихсан болохоор өгсөн үүргийг нь биелүүлэх гээд уг нь компьютер дээр суугаад ажил хүлээн авах, хүлээлцэх акт гаргаад бэлдэх гэхэд нөгөө засварын ажил хийсэн гэх “*****” ХХК-аас ямар ч хүн ирээгүй, хийсэн ажлаа өөрсдөө хүрч ирээд танилцуулаагүй учраас бид нар ямар хуурамч материал бүрдүүлж тэдгээр хүмүүсийн өмнөөс гарын үсэг зуралтай биш гээд орхисон.Тэрнээс хойш Б дарга ч хэд хэдэн удаа нөгөө ажил хүлээлгэж өгөх актаа гаргасан уу гээд намайг шавдуулаад байсан. Гэхдээ ажил хүлээж авсан акт гаргаагүй. Тэгээд тэрнээс хойш дарга, нягтлан нар өөрсдөө хот руу явчихсан билүү, яалаа амраад ч явчихсан билүү тэгээд таг болчихсон. 2020 оны намар 9 сарын үед байх, Б дарга үүдний шилэн хаалга, урсдаг лед самбарыг тогтоогоорой гээд нярав М ах, жижүүр Г бид хэдэд хэлсэн. Тэгээд бид хэд хамжилцаад үүдний том ордог шилэн хаалгыг тогтоогоод дараа нь үүдний хэсэгт урсдаг лед самбарыг тогтоож байсан юм. Хаалга, хаяг самбар тогтоох ажилд “*****” ХХК-н ажилтнаас хэн ч оролцоогүй ба дээврийн засварын ажил хийж байсан хүнээс дрилл, тэгш ус зэрэг багажийг нь ашиглаж байгаад тогтоож байсан юм. Спорт заалны шалыг будах ажилд би оролцоогүй. Гэхдээ шал будах ажлыг манай ажлын газрын ихэнх хүмүүс хийсэн. Би тэр үед ажилтай байсан болохоор будгийн ажилд оролцоогүй. Б дарга намайг тэр үед ажил хүлээлцэх акт үйлдээдэх гэхээр нь ямар, ямар ажил хүлээж авах юм бол гээд “*****” ХХК-н хүлээлгэж өгөх засварын ажлын жагсаалтаас харахад миний санаж байгаагаар спорт заалны шалны будгийн ажил, мөн дээврийн холбоосны засварын ажил, лед хаяг самбар тогтоох, 3 хаалга тогтоож байрлуулах ажлыг хүлээлгэж өгөхөөр байсан. Энэ ажлуудаас заалны шал будах ажлыг манай ажилчид өөрсдөө бас лед самбар, 1 ширхэг шилэн хаалгыг тогтооход би, нярав М ах, Г өөр хэн хэн байлаа даа бид нар хийж гүйцэтгэж байсан... Мөн байгууллагын гадна талын үүдний дээр байдаг лед самбарыг 2020 оны 09, 10 сарын үед байх Б дарга намайг үүдэнд тогтоогоорой гэж үүрэг өгч байсан. Би тухайн үед Макс группийн тэмцээн болох гээд завгүй яваад байсан. Намайг байхгүй хойгуур манай ажилчдаас юм уу эсвэл өөр хүмүүс тогтоосон юм уу, тэрийг мэдэхгүй байгаад байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 204-206 дугаар тал/
Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2020 оны 09 сард жирэмсний амралтаа авч байсан. Намайг амрахаас өмнө байгууллагын спорт заал будаагүй ... Харин 2019 оны намар 8 сарын сүүлээр сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хоёр заалны шалыг ажилчид бид бүхэн будаж байсан юм... Заалны шал будах үүргийг тэр үед даргаар ажиллаж байсан Б өгч байсан юм. Хэн нэгнээс цалин мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/
Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2019 оны намар яг хэдэн сар байсныг санахгүй байна. Б дарга, ажлынхаа газрын нэг хүнтэй хүрч ирээд зааландаа будаг хийх гэсэн юмаа гээд будаг, багс, бээлий будгийн ажилд орох хэрэгсэл зээлээр аваад удаахгүй мөнгийг чинь өгнө гэсэн. Яг хэдэн төгрөг болж байсныг одоо санахгүй байна. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь би ажил дээр нь очоод мөнгөө авъя гээд нэхсэн чинь нэг компаниас мөнгийг чинь өгнө гээд миний дансыг авсан. Тэгээд миний ******* тоот данс руу зээлээр өгсөн бараа, материалын мөнгийг шилжүүлж байсан юм. Тэрнээс хойш дахиж бараа, материал зээлээр өгөөгүй, одоо ямар нэгэн өр шир байхгүй. Тухайн компаниас мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдье гэвэл миний дансны хуулган дээрээс харагдах байх...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 227-228 дугаар тал/
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 12 сарын үед ... Б**********р-н ажилчид маань Б даргад өргөдөл гаргаж өгөхдөө архивын баримтаас нэг юм хувилж хавсаргана гээд намайг байлцуулж байгаад архиваас 2019 оны явсан бичгийн бүртгэлийг гаргуулж авсан. Тэгээд З эгч, мөн тэр үед мэргэжилтнээр ажиллаж байсан одоо дарга болсон байгаа У тэр хоёр тухайн баримтаас нэг хуудас баримт миний хажууд байж байгаад хуулбарлаж авсан ба тэр ямар баримт байсныг одоо санахгүй байна. Тэгээд надад З эгч 2019 оны архивын баримтыг буцаагаад өгсөн. Тэр үед ажлын цаг дуусах дөхөж байсан болохоор тухайн баримтыг архив луугаа хийхээ мартаад ширээн дээрээ үлдээгээд гэртээ харьсан юм. Тэгээд маргааш өглөө ажил дээрээ ирэхэд Б дарга надаас өмнө түрүүлээд ирчихсэн байсан. Гэхдээ ширээн дээр нөгөө 2019 оны үдэгдсэн архивын баримт байсан. Урд өдөр нь З эгч, У эгч тэр хоёр тухайн баримтаас нэг хуудас материалыг хуулбарлаж авахдаа үдээстэй байна, хуулбарлаж болохгүй байна гээд задалж байсан бөгөөд буцааж архив луугаа хийхдээ задалсан хэсгийн хуудаснуудыг буцааж үдэж байхад ямар ч байсан 1 хуудас материал алга болсон. Тэгэхээр би З эгчид “ өчигдрийн архиваас гаргаж авсан баримтаас хуулбарлаж авсан баримтын чинь эх хувь нь алга болсон байна, дарга л авсан юм шиг байна гэж хэлж байсан. Би тэр баримтыг Б даргаас өөрөөс нь бол асуугаагүй.Намайг тэр өглөө ажилдаа ирэхээс өмнө дарга ирчихсэн байсан болохоор Б дарга л авсан байх гэж бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 249-250 дугаар тал/
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... А.Н нь манай компанийн орон тооны үндсэн ажилтан биш. Н, Я.А бид 3 Есөнбулаг сумын 1 дүгээр сургуульд нэг ангид сурдаг байж байгаад А маань 9-р ангиа төгсөөд Улаанбаатар хот руу шилжээд явсан... Бид хэд найз нөхдийн холбоотой болохоор Н-г компанийнхаа бичиг цаасны ажилд туслуулах зорилгоор ажиллуулдаг байгаа... Б ч гэсэн А, Н бид гуравтай дунд ангидаа буюу 5-9 дүгээр анги хүртэл нэг ангид сурдаг байсан. Анги бутраад Б өөр анги руу орсон... Манай компани 2020 оны 05, 06 дугаар сарын үед хойно Шарга сумд цэцэрлэгийн ажлыг хийгээд ямар ч завгүй байсан. Захирал А намайг чи аймгийн төв рүү Биеийн тамир, спортын газар дээр очоод ажил ямар шатандаа явж байгааг очоод үзээдхээрэй гэхээр нь нэг удаа аймаг дээр ирж үзсэн. Тэгэхэд хэдэн хүнээр дээврийн засварын ажлыг Н-н төрсөн ах Д хариуцаад хийлгэж байсан. Манай компанийн үндсэн ажилтнууд Шарга сумын цэцэрлэгийн ажлыг хийж байсан болохоор Биеийн тамир, спортын газрын дээврийн ажил руу үндсэн ажилтнаас нэг ч хүн орж ажиллаагүй... 2020 оны зун билүү, намар билүү А-н эмээгийнх нь бие өвдөөд аймагт ирэхдээ надтай уулзаж хэлэхдээ Биеийн тамир, спортын газрын дээврийн засварын ажлыг хүлээлгэж өгөх үед нь комисст ороод ажиллачхаарай, одоохондоо комисс нь бүрдэхгүй байгаа юм шиг байна. Ямар ч байсан чиний нэрийг өгчихсөн шүү, комисс нь бүрдчихвэл чамайг дуудах байх тэгэхээр нь очоорой гэж хэлж байсан. Тэгээд над руу хэн ч яриагүй, би өөрөө Шарга сумын цэцэрлэгийн барилгын ажил дээр 2020 оны 11 дүгээр сар хүртэл байсан болохоор таг мартчихсан байсан ...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 207-208 дугаар тал/
А.Н-н ******** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хавтаст хэргийн 50-63 дугаар тал/
Б**********р-н дээврийн хар цаас наах ажлыг 2020 оны 05 дугаар сард хийж гүйцэтгэсэн гэх Ч.Б-н ********** тоот харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 47-48 дугаар тал/
Засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан гэх А.Д-н ********** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/
Хаалга сольж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэх Х.О-н ************ дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 66 дугаар тал/
“*****” ХХК-н Б**********р-н засварт зарцуулсан гэх бараа материалуудын зах зээлийн үнэлгээг 8,875,750 (найман сая найман далан таван мянга долоон зуун тавь) төгрөгөөр тогтоосон Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В21-139 дугаартай хөрөнгийн үнэлгээ. /2-р хавтаст хэргийн 130-140 дүгээр тал/
Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2020 оны 12 сарын 30-ны өдөр билүү 31-ний өдөр билүү дээ. Манай газрын даргаар ажиллаж байсан Б нь ажлаа хүлээлгэж өгөх гээд байж байсан. Гэтэл Б дарга намайг “чи Х-тай хамт Б-н дэлгүүр дээр очоод спортын хэрэглэл, бараа ирчихсэн байгаа, тэдгээрийг очоод аваад ир” гэсэн. Тэгээд би даргын хэлсэн үүргийн дагуу жижүүр Хадбаатартай хамт Б-н дэлгүүр дээр очоод манай дарга спортын хэрэглэл, бараанууд ирсэн байгаа аваад ир гэнээ гэж хэлсэн чинь уг дэлгүүрийн эзэн Б нь “ танай газрын дарга Б-с өгсөн 5 сая төгрөгт бараа, материалаа авчирсан байгаа, харин үлдэгдэл 3,140,000 төгрөгийг танай дарга чинь өгөх юм бол спортын хэрэглэл, барааг чинь авчирч нийлүүлнэ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь Х бид хоёр Б-с өгсөн спортын бараа, хэрэглэлийг аваад ажил дээр ирээд зааланд оруулж тавьж байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 26-30 дугаар тал/
Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2020 онд иргэн Ж.Б-тэй 8.140.000 төгрөгийн үнэ бүхий спортын бараа, материал нийлүүлэх гэрээнд заагдсанаас 3,140,000 төгрөгийн бараа, хэрэгсэл нийлүүлээгүй, үүн дээр 3,140,000 төгрөгийн бараа, материалыг иргэн Б-с авлага авахаар төлбөрийн акт тавигдсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 47-48 дугаар тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2020 оны 06 сарын 10-ны өдөр иргэн Ж.Б-тэй байгуулсан гэрээн дээр Б нь манай байгууллагад 8.140.000 төгрөгийн үнэтэй спортын бараа, хэрэгсэл нийлүүлэх ёстой байсан. Үүнээс 5.000,000 төгрөгийн бараа, хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд 3,140,000 төгрөгийн бараа, хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэж өгөөгүй шалтгааны талаар Б бидэнд тайлбарлаж хэлэхдээ “ танай дарга чинь 3.140.000 төгрөгийг надаас бэлнээр авсан учраас би төлж барагдуулах ёсгүй, надад хамаагүй” гэдэг зүйлийг хэлдэг юм. Одоогийн байдлаар иргэн Ж.Б-с 3.140.000 төгрөгийн бараа, хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 56-59 дүгээр тал/
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Ж.Б нь бараа нийлүүлэх гэрээний дагуу манайд 8,140,000 төгрөгийн спортын бараа, хэрэглэгдэхүүн бэлтгэн нийлүүлэх ёстой байсан... Б-г үлдсэн мөнгөндөө яагаад бараа, хэрэглэгдэхүүнийг нийлүүлэхгүй байгаа учир шалтгааныг би мэдэхгүй байна... Ц дарга надад хэлж ярьсан зүйл байхгүй. Нэгэнт төсвөөс мөнгө гаргаад Б-н данс руу шилжүүлсэн бол тэр мөнгийг манай байгууллага Б-с буцаан татаж авч болохгүй шүү дээ ... Тэр Ланд-80 загварын машин нь 2019 оны хавар Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээнээс манай газарт балансаас баланст шилжигдэн ирж байсан. Энэ машин манай байгууллагад ирснээс хойш 5, 6 сарын дараа байх Ц дарга бид хэдийг ажлын газрын үүдэнд тамхи татаад зогсож байтал бид хэдтэй хамт тамхилаад зогсож байсан манайхны хэн нь билээ дээ таны машин чинь ямар гоё болчихсон юм бэ гээд асуусан чинь Ц дарга хот руу засвар хийлгээд ирсэн гэж хэлж байсан санагдаж байна... Байгууллагын төсвөөс машины засвар үйлчилгээнд ямар нэгэн мөнгө төгрөг гаргаж зарцуулаагүй...” гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 200-203 дугар тал/
Ж.Б-н ХААН банкин дахь ******** дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хавтаст хэргийн 70-71/
Ж.Б-н ХААН банкин дахь ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 72 дугаар тал/
Биеийн тамир, спортын газрын 2020 оны 7, 8 дугаар сарын санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/
Бараа нийлүүлэх тухай гэрээ. /1-р хавтаст хэргийн 78-80 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 82-84 дүгээр тал/
Биеийн тамир, спортын газрын 2020 оны 1-3 дугаар сарын санхүүгийн баримтад үлэг хийсэн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 222-223 дугаар тал/
Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай “... Улаанбаатар хотод 2020 оны 01 дүгээр сард Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаагүй болно...” гэх албан бичиг, түүний хавсралт баримтууд. /4-р хавтаст хэргийн 187-198 дугаар тал/
Гэрч Ч.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Ховд аймгийн Биеийн тамирын, спортын газарт 2013 оноос хойш албаны даргаар ажиллаж байгаад 2021 онд газрын дарга болсон... 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д корона вирус гарч улмаар 2020 оны эхнээс нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан. Ингээд 2020 оны 06 дугаар сард Монгол улсын Улсын их хурлын сонгууль болсон бөгөөд тэр үед нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулагдаагүй... 2020 онд Ховд аймагт ямар ч улсын болон бүсийн чанартай тэмцээн болоогүй, аймаг дотроо ч тэмцээн зохион байгуулаагүй...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 205 дугаар тал/,
Гэрч Р.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Биен тамир спортын газарт жолоочоор анх 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр томилогдож байсан. 13 дахь жилдээ ажиллаж байна... Өнгөрсөн 2020 онд манай ажлын газрын гадна талын пассатны ажлыг хэдэн хүмүүс хийгээд л яваад байсан бас дээврийн засварын ажлыг ч гэсэн хэдэн залуучууд хийж л байгаа харагдсан. Чухам хаанаас ямар учиртай хүмүүс ирж хийсэн талаар жолооч миний хувьд мэдэхгүй байна... Манай байгууллагад албаны 3 машин байсан ба үүнд **** ГАҮ улсын дугаартай Пургон, **** ГАҮ улсын дугаартай шинэ фургон, **** ГАҮ улсын дугаартай Ланд-80 загварын машинууд байсан. **** ГАҮ улсын дугаартай Пургон энэ жил ашиглалт эдэлгээний хугацаа дуусаж акталсан. **** ГАҮ улсын дугаартай Ланд-80 машиныг аймгийн Тамгын газар шилжүүлж авсан. **** ГАҮ улсын дугаартай шинэ фургоныг Чандмань сумын Тамгын газарт шилжүүлж байсан. Одоо албаны хэрэгцээнд **** ГАА улсын дугаартай Старекс явж байгаа...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны аудитын дүгнэлтээр акт тавигдсан. Манайх шалгуулж өр авлага үүссэн зүйл байхгүй. Машинд 9,600,000 төгрөгийн засвар хийсэн гэж байгаа. Машинд 3,100,000 засвар хийсэн гэж үнэлгээ гарсан ... Засвар үйлчилгээнд машин засагдана гэсэн мөнгө байхгүй. Урсгал засвараас гаргах боломжтой. Удирдах ажилтны зөвлөгөөн, Ховд аймагт тэмцээнд явсан гэж байгааг бид мэдэхгүй байна. Тийм анхан шатны баримт бүрдүүлсэн байсан. Тухайн үед ковид гарч тэмцээн уралдаан хориглосон байсан ... Шатахууны 1,260,000 төгрөгт акт тавигдсан. Үнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглээс/
Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Б**********р-н нягтлан бодогчоор 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгч, өөр байгууллага руу шилжсэн ... газрын даргаар ажиллаж байсан Н.Б нь 2020 оны 01 сард Улаанбаатар хот руу зөвлөгөөнд оролцох гэсэн албан ажлаар 1,020,000 төгрөгийн шатахууныг шатахууны зардлаас гаргуулан авсан боловч уг мөнгөн дүнд зарцуулсан баримт байхгүй, мөн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр газрын дарга Н.Б нь Ховд аймаг руу таеквондогийн хэрэглэгдэхүүн хүргэж өгөх ажлаар явна гэж шатахууны зардлаас 519,250 төгрөгийг авсан байсан. Говь-Алтайгаас Ховд аймаг руу явахдаа ирж, очихын 900 километр гэж тооцсон байсан бөгөөд 519,250 төгрөгөөс 240,250 төгрөгийн зарцуулалтын ямар нэгэн анхан шатны баримт бүрдүүлээгүй байсан. Өөрөөр хэлбэл уг 240,250 төгрөгийн шатахуун зарцуулсан баримт болох жолоочийн замын хуудас болон шатахуун авсан баримт байхгүй байсан зөрчил дээр тус тус төлбөрийн акт тогтоогдож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Говь Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр болон Говь Алтай аймгийн Б**********р-н дээврийн холбоос, бусад засварын ажлын 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар даргаар ажиллахдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэний хариуцагч Я.А-н /захирал/ ***** ХХК-ийг шалгаруулах зорилгоор огт болоогүй үнэлгээний хорооны хурлыг болсон мэтээр хурлын тэмдэглэл, гэрээ байгуулах зөвлөмжийг үйлдэн гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан, хорооны нарийн бичгийн дарга Д.А-н гарын үсгийг дуурайлган зурсан, гэрч Ц.А-г хайхрамжгүй байдлыг нь далимдуулан гарын үсэг зуруулж дээрх ХХК-д давуу байдал үүсгэсэн болох нь:
1. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 79-80 дугаар тал/, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 98 дугаар тал/
2. Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “... 1. “*****” ХХК оролцогчийн ирүүлсэн материалыг үнэлгээний хороо хянан үзэж “*****” ХХК-н материал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн гэж дүгнэв. Иймд БТСГ-ын даргад тус ажлыг “*****” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг зөвлөмж болгож байна...” гэх зөвлөмж. /2-р хавтаст хэргийн 99 дүгээр тал/
3. Говь Алтай аймгийн Б**********р-н 2019 оны санхүүгийн баримтад үзлэг хийж “...үнэлгээний хороо байгуулсан тушаал, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, засварын ажлын тендерийн баримт бичиг...” зэргийн хуулбарыг хураан авсан мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэл./2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр талууд/
4. Монгол улсын Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/613 дугаартай “... Биеийн тамир, спортын газрын дээврийн болон бусад засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад 1 оролцогч оролцож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлгүй байна. “*****” ХХК тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-д заасан үе шатны ажлын хуваарь, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод тулгуурлан тооцоо ирүүлэх, барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин, гагнуурчин, барилгын мужаан гэсэн мэргэжилтэй ажилчидтай байх бөгөөд мэргэжлийн үнэмлэхийн хуулбар ирүүлэхээр заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна...” гэх зөвлөмж, тайлбар. /2-р хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/
5. Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ийм хуралд сууж байснаа санахгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл болон тендер сонгон шалгаруулах ажлын хэсгээс бүрдүүлсэн баримт, материал дээр зурагдсан миний гарын үсэг минийх биш байна. Би ингэж гарын үсгээ зурдаггүй. Ямар ч байсан байгууллагын дээврийн засварын ажил хийгдэнэ гээд Ц дарга хэлж байсан. Тэгээд би 2019 оны намар билүү 2020 оны намар 08 сард нь билүү ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөө аваад гарсан. Тэрнээс хойших үйл явдлын талаар би мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 238-239/, гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би хуралд огт суугаагүй ... Би хуралд суугаагүй юм чинь ямар юмных нь ингэж хэлэх юм бэ? Миний өмнөөс хэн нэгэн зохиогоод бичсэн байна. Би хуралд суугаагүй. Хурлын тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг нь ч гэсэн миний гарын үсэг биш байна... гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 183 дугаар тал/
6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Назарбекийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлсэн тендерийн бичиг баримтууд болон 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос Н.Б-д 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай хүргүүлсэн зөвлөмж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээрх нарийн бичгийн дарга гэсний ард Д.А гэж зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд гаргуулан авсан адилтгалын загваруудын гарын үсгүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна... Дээрх 3 баримтад зурагдсан гарын үсгүүд нь Д.А-с гаргуулан авсан чөлөөт болон туршилтын загварын гарын үсэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт
7. Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Хэрэв тухайн оролцогчийн тендерийн материалд ажлын даалгавар, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техник, эдийн засгийн тооцоо, ажиллах хүч, засал чимэглэлчин, цахилгаанчин, барилгын мужаан, гагнуурчин гэсэн мэргэжлийн ажилчидтай байх гэсэн тендерийн баримт бичгийн шалгуур, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна гэсэн байна. “*****” ХХК үнэлгээний хороонд хийж гүйцэтгэх ёстой ажлынхаа даалгавар, ажилчдынхаа мэргэжлийн үнэмлэхийн хуулбар гэсэн бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд нь тус үнэлгээний хороо ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин тендер зарлан явуулах ёстой байсан байна ...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 53 дугаар тал/
8. Гэрч А-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 онд би маш олон хуралд оролцсон байдаг. Т.Б, Н.Б нартай олон хуралд оролцсон. Энэ хуралд оролцсон эсэхээ тодорхой сайн санахгүй байгаа юм. Спорт цогцолбор дээр очиж нэлээд олон хуралд орж байсан. Яг наад хурлыг чинь санахгүй байгаа юм... Тендер шалгаруулалт ороод мэдүүлгээ бөглөсөн эсэхийг шалгадаг. Би материалтай танилцахад тэр хуудас бөглөөгүй байсан... Зөвлөмж гарч, ямар нэгэн маргаан хийгээгүй тохиолдолд ажил үргэлжлээд хийгддэг. Цогцолборын ажил хийгдсэнийг харсан... Зөвлөмж дээрх гарын үсэг миний гарын үсэг байсан... Үнэлгээний хорооны шийдвэр, тэмдэглэлийг нарийн бичиг үйлдэж, орсон хүмүүсээр гарын үсэг зуруулдаг. Гэхдээ тэр даруй хэвлэж зуруулдаггүй. Дараа нь гарын үсэг зуруулдаг... Мэдээллүүдээ аваад ажлын тайландаа оруулчихдаг байсан болохоор нэгтгэж аваагүй. Би байцаагдсаны дараа тайлангаа үзэхэд байхгүй байсан. Төрийн бус байгууллагыг төлөөлж оролцоод өгөөч гэдэг учраас тэрний нэг нь байх гэж бодоод байна. Миний хариуцлагагүй байдал харагдаж байгаа. Миний гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон... Наад хурлыг чинь тодорхой сайн санахгүй байгаа болохоор хүнийг буруутгах вий гэж бодоод байна ... Хогийн том савнууд орж байсан. Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэл багуудын дарга нарт мотоцикл нийлүүлэх, Гаалийн газарт автомашин худалдаж авах ажил зэрэг гээд 40 ажилд орсон байсан ... 100 ажиллагаа явууллаа гэхэд 80-90 хувь нь Худалдан авах ажиллагааны газраар дамждаг байгаа. Сум дээр бас явагддаг ... Төсөвт байгууллагуудаар өөрөө зарлаж байгаа нь цөөхөн байдаг...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хариуцагч Я.А захиралтай “*****” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэлийн тодорхой шалгуургүйгээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 (хорин сая) төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 (арван таван сая) төгрөгийн, нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн гүйлгээ хийж давуу байдал бий болгосны улмаас Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны аудитын дүгнэлтээр акт тавигдсан. Манайх шалгуулж өр авлага үүссэн зүйл байхгүй. Засварын ажлын талаар ирж уулз гэж бичгээр болон амаар бичиг тоот өгөөд ямар нэгэн хариу өгөөгүй. Сүүлдээ хуулийн байгууллагад хандсан. Машинд 9,600,000 төгрөгийн засвар хийсэн гэж байгаа. Машинд 3,100,000 засвар хийсэн гэж үнэлгээ гарсан. Өөр ярих зүйлгүй ... Дээврийн холбоосны засвар хийгдээгүй гэж үзэж байгаа. Бороо орохоор ус ордог хэвээрээ байгаа... Засвар үйлчилгээнд машин засагдана гэсэн мөнгө байхгүй. Урсгал засвараас гаргах боломжтой. Удирдах ажилтны зөвлөгөөн, Ховд аймагт тэмцээнд явсан гэж байгааг бид мэдэхгүй байна. Тийм анхан шатны баримт бүрдүүлсэн байсан. Тухайн үед ковид гарч тэмцээн уралдаан хориглосон байсан ... Шатахууны 1,260,000 төгрөгт акт тавигдсан. Үнийг нэхэмжилнэ. 3,140,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнэ, 35,000,000 төгрөгийн засварын ажлыг хүлээж аваагүй. Нийт 39,400,500 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг барагдуулж өгнө үү...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглээс/
2. Иргэний хариуцагч Я.А-н шүүх хуралдаанд өгсөн “...Н.Б, Т.Б нарыг танина. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаараа сайн ойлгохгүй байна... 20,000,000 гаруй төгрөгийн ажил хийгдсэн гэж бодож байна. Манай менежер Н гэдэг залуу хийж байсан. Тухайн үед би Шарга суманд ажилтай байсан учраас энэ ажлыг хийж дуусгаарай гэж Н-д хариуцуулж ажиллуулсан. Тоо хэмжээний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Хүзүүвчний хар цаасан дээр алдаа гарсан байсан. Сүүлд дарга болсон н.У багш над руу ус орж байна гэж ярьсан. Ус ороод байгаа бол очиж хийж гүйцэтгэнэ гэж хэлсэн. Түрүү жилээс ийм асуудал үүсэж байгаа... Хийж гүйцэтгэсэн ажлын талаар баримт байхгүй. Багцаагаар 20-22 сая төгрөгийн хооронд болсон... А.Н албан ёсоор гэрээ байхгүй, манайд ажилладаг. Гэхдээ нийгмийн даатгалаа өөр газраар төлдөг... Шилжиж орсон 35,000,000 төгрөгөөс А.Н-н данс руу 20 гаруй сая төгрөг орсон ... Тооцоогоо гаргаад шилжүүлсэн ... Гэхдээ ажлаа хүлээж аваагүй. Ажлаа хүлээж аваад дээврийн засвар ийм байна гэсэн бол дахиж засвар нэмэгдэж хийх байсан. Алдаа гарч ус орсон байна. Одоо байгаа дарга нь над руу залгахаар нь манай компани хийж гүйцэтгэсэн учраас хийж өгье гэж хэлсэн. Эргээд холбоо бариагүй.....” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглээс/
3. Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... А.Н нь манай компанийн орон тооны үндсэн ажилтан биш. Н, Я.А бид 3 Есөнбулаг сумын 1 дүгээр сургуульд нэг ангид сурдаг байж байгаад А маань 9-р ангиа төгсөөд Улаанбаатар хот руу шилжээд явсан... Бид хэд найз нөхдийн холбоотой болохоор Н-г компанийнхаа бичиг цаасны ажилд туслуулах зорилгоор ажиллуулдаг... Б ч гэсэн А, Н бид гуравтай дунд ангидаа буюу 5-9 дүгээр анги хүртэл нэг ангид сурдаг байсан. Анги бутраад Б өөр анги руу орсон... Манай компанийн үндсэн ажилтнууд Шарга сумын цэцэрлэгийн ажлыг хийж байсан болохоор Биеийн тамир, спортын газрын дээврийн ажил руу үндсэн ажилтнаас нэг ч хүн орж ажиллаагүй... 2020 оны зун билүү, намар билүү А-н эмээгийнх нь бие өвдөөд аймагт ирэхдээ надтай уулзаж хэлэхдээ Биеийн тамир, спортын газрын дээврийн засварын ажлыг хүлээлгэж өгөх үед нь комисст ороод ажиллачхаарай, одоохондоо комисс нь бүрдэхгүй байгаа юм шиг байна. Ямар ч байсан чиний нэрийг өгчихсөн шүү, комисс нь бүрдчихвэл чамайг дуудах байх тэгэхээр нь очоорой гэж хэлж байсан. Тэгээд над руу хэн ч яриагүй...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 207-208 дугаар тал/
4. Байгууллагын засварын ажил хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар мэдүүлэг өгсөн Говь Алтай аймгийн Б**********р-н ажилтнууд болох гэрч Н.О, Д.Д, Б.М, Б.Б, Б.Б, М.Г, Ө.Т, Д.Х, Н.М, Ж.Ур, Д.З нарын мэдүүлгүүд түүнчлэн дээрх засварын ажлыг хийж гүйцэтгэсэн гэрч А.Д, Ч.Б, Х.О нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд.
5. Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Б**********р-н нягтлан бодогчоор 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгч, өөр байгууллага руу шилжсэн ... Намайг Биеийн тамир спортын газарт ажилд ороод удаагүй энэ он гараад 02 сард Төрийн аудитын газраас жил бүр л санхүү, тайлангийн аудитыг хийгдэх үед нь байгууллагын 2020 оны санхүүгийн үйл ажиллагааныхаа баримтуудыг шалгуулсан. Аудитын шалгалтаар миний хуучин ажиллаж байсан Биеийн тамир спортын газарт “*****” ХХК-тай 2019 онд засварын ажил гүйцэтгэх гэрээгээр 35,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийгдсэн ажлыг хүлээн аваагүй, уг мөнгөн дүнгээр тухайн компаниас авлага авахаар...” акт гарсан...” гэх мэдүүлэг.
6. Говь Алтай аймгийн Б**********р-н дээврийн болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан ***** ХХК-ны ******* тоот дансны хуулганд үзлэг хийж “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Биеийн тамир спортын газраас 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000...” тус тус шилжүүлсэн болохыг тусгасан мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэл./2-р хавтаст хэргийн 35 дугаар тал/
7. Говь Алтай аймгийн Б**********р-н 2019 оны санхүүгийн баримтад үзлэг хийж “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Биеийн тамир спортын газраас 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, ***** ХХК-ны нэхэмжлэл...” зэргийн хуулбарыг хураан авсан мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэл. /2 дугаар хавтаст хэргийн 72 ,73 ,75, 76 дугаар талууд/
8. Засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан гэх А.Д-н ************** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/
9. Хаалга сольж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэх Х.О-н ************* дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 66 дугаар тал/
10. “*****” ХХК-н Б**********р-н засварт зарцуулсан гэх бараа материалуудын зах зээлийн үнэлгээг 8,875,750 (найман сая найман далан таван мянга долоон зуун тавь) төгрөгөөр тогтоосон Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В21-139 дугаартай хөрөнгийн үнэлгээ. /2-р хавтаст хэргийн 130-140 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна. Тодруулбал шүүгдэгч нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тодорхой гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангасны үндсэн дээр санхүүжилтийг хийх албаны бүрэн эрхийг хүлээж байжээ.
Гэтэл шүүгдэгч Т.Б-н хувьд дээрх хуулийн дагуу сонгон шалгаруулах ажиллагааг огт явуулалгүй хурлын тэмдэглэл, гэрээ байгуулах зөвлөмжийг гарган өөрийн гарын үсэг төдийгүй албаны тэмдгээ дарж баталгаажуулан хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал бий болгосноороо, шүүгдэгч Н.Б нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил огт эхлээгүй байхад санхүүжилтийг бүрэн олгож, түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний зарим үүргийг өөрийн ажилчдаараа хийлгүүлэн хамаарал бүхий этгээдтэй холбоотой аж ахуйн нэгжид хууль бус давуу байдлуудыг бий болгосноороо тэдний үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох...” мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж гэмт хэрэг бүлэглэн үйлдэх шинжийг тодорхойлжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн шинжийг хамтран хэрэгжүүлж, хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Гэтэл шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул тэдний үйлдлийг бүлэглэсэн гэж шүүх үзээгүй бөгөөд харин өөр өөрсдийн хуулиар хүлээсэн бүрэн эрхээ урвуулан ашиглах замаар хамаарал бүхий этгээдтэй холбоотой аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгосон байна гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч шүүгдэгч Н.Б-н “...***** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны төлөө А.Н-р дамжуулан 16,600,000 (арван зургаан сая) төгрөгийг шилжүүлэн авсан... 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1,020,000 (нэг сая хорин мянга) төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240,250 (хоёр зуун дөчин мянга хоёр зуун тавь) төгрөг, нийт 1.260.250 (нэг сая хоёр зуун жаран мянга хоёр зуун тавь) төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан... 2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8,140,000 (найман сая нэг зуун дөчин мянга) төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,140,000 (найман сая нэг зуун дөчин мянга) төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3,140,000 (гурван сая нэг зуун дөчин мянга)төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б-с бэлнээр гаргуулан авсан үйлдлүүдийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарна гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бөгөөд энэ нь дараах байдлаар тогтоогдож байна.
1. Иргэн Ж.Б-тэй тус байгууллага нь бараа нийлүүлэх гэрээ байгуулан 8,140,000 (найман сая нэг зуун дөчин мянга) төгрөгийг шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн хувьд Ж.Б-с 3,140,000 (гурван сая нэг зуун дөчин мянга) төгрөг авсан үйл баримт тогтоогдлоо. Гэхдээ Ж.Б-с авсан мөнгийг тухайн гэрээг байгуулсны төлөө хууль бус шан харамж болгон авсан гэж үзэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн энэ шийдвэр нь хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Ж.Б-с шаардах Биеийн тамир, спортын газрын эрхийг болон шүүгдэгчээс 3,140,000 (гурван сая нэг зуун дөчин мянга)төгрөгөө нэхэмжлэх иргэн Ж.Б-н эрхийг хязгаарлахгүй болно.
2. Шүүгдэгч Н.Б нь А.Н-с ********** тоот дансаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 (хоёр сая)төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга)төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 (хоёр сая)төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 (таван зуун мянга)төгрөгийг, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 (хоёр сая)төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 (хоёр сая)төгрөг, нийт 16,600,000 (арван зургаан сая)төгрөгийг шилжүүлэн авсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийг ***** ХХК-тай байгуулсан гэрээний төлөө хууль бусаар авсан шан харамж гэж үзэх боломжгүй уг үйл баримтыг хөдөлбөргүй нотлохуйц баримтууд банкин дахь дансны хуулганаас өөрөөр хэрэгт авагдаагүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй байна.
3. Шүүгдэгчийг 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1,020,000 (нэг сая хорин мянга) төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240,250 (хоёр зуун дөчин мянга хоёр зуун тавь) төгрөг, нийт 1.260.250 (нэг сая хоёр зуун жаран мянга хоёр зуун тавь) төгрөгийн шатахууныг анхан шатны баримтгүйгээр хувьдаа зарцуулсан гэж буруутгажээ. Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, хууль, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн, хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил бүрийг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд тухайн албан тушаалтны нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь тухайн мөнгийг хувьдаа ашигласан гэж үзэх баримтууд хэрэгт авагдаагүй харин төсвийн жилийн хүрээнд уг машинтай холбоотой зардлууд байгууллагын төсөвт тусгагдаагүйгээс зардал хооронд шилжүүлэн ашигласан байж болох бөгөөд энэ талаарх санхүүгийн баримтуудыг дутуу эсвэл зохих ёсоор бүрдүүлээгүйгээс аудитын байгууллагаас төлбөрийн акт тавигдсан байна. Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж болох өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шинжийг хангахгүй гэж шүүх үзлээ. Аливаа эрх зүйн маргаантай асуудлыг салбарын хууль тогтоомжоор шийдвэрлэн түүнд заагдсан хариуцлагыг хүлээлгэх боломж байсаар байтал дээрх зөрчил, алдааг гаргасан албан тушаалтныг гэмт хэрэгт буруутган мөрдөн шалгах нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг зохицуулах зорилго бүхий Эрүүгийн хуулийн мөн чанар, зарчим алдагдах, үгүйсгэгдэхэд хүрч болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүдэд тодорхойлон заасан гэмт хэргийн тусгай субъект нь төрийн байгууллагад ажилладгаас гадна улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх гэсэн хоёр нэмэгдэл шинжийг хангасан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулан хуульчилсан тул Говь Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Б-г “нийтийн албан тушаалтан” биш гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно. Тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилсон нь түүний ажил үүргийн онцлог, хуулиар хүлээсэн албаны бүрэн эрхийг нь хөндөхгүй бөгөөд үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох учиргүй юм. Шүүгдэгч Т.Б нь Говь Алтай аймгийн Б**********р-н даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 тоот тушаалаар байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон байх бөгөөд тэрээр уг чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд өөрт нь олгогдсон албаны эрх мэдэл, бүрэн эрхийг урвуулан үнэлгээний хорооны даргын хувьд үнэлгээний хорооны хурал огт болоогүй байхад хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, гэрээ байгуулах зөвлөмжийг үйлдэн өөрийн тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан төслийг шалгаруулахад албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийснээрээ түүний үйлдлийг дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангана гэж шүүх үзсэн болно. Иймээс шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгчийн гаргасан “... нийтийн албан тушаалтан” биш мөн гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгуулах тухай санал нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Т.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн бусад этгээдүүдийн хууль бус үйлдэлтэй холбоотой хэрэг шүүхэд ирээгүй, яллах дүгнэлт үйлдэгдээгүй байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Т.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 33 дугаар тал/, шүүгдэгч Н.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хавтаст хэргийн 222 дугаар тал/ “*****” ХХК-н Б**********р-н засварт зарцуулсан гэх бараа материалуудын зах зээлийн үнэлгээг 8,875,750 (найман сая найман далан таван мянга долоон зуун тавь) төгрөгөөр тогтоосон Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В21-139 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2-р хавтаст хэргийн 130-140 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б, Т.Б нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Н.Б, Т.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгийн торгох ял оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрд оногдуулсан 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын засварын 35,000,000 төгрөгийн ажлыг ***** ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан атлаа ажлыг зохих ёсоор буюу тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтийг хангасан ажлыг хийж гүйцэтгээгүй, мэргэжлийн ажилтан оролцуулаагүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул тухайн байгууллагад учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийн хувьд иргэний хариуцагчаар Я.А /***** ХХК/-г тогтоогдсон нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б, Т.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн хохирол учирснаас Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В21-139 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2-р хавтаст хэргийн 130-140 дүгээр тал/-ээр тогтоогдсон “*****” ХХК-н засварын ажилд зарцуулсан 8,875,750 (найман сая найман зуун далан таван мянга хоёр зуун тавь) төгрөгийг хасаж, 26,124,250 (хорин зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг иргэний хариуцагч Я.А захиралтай “*****” ХХК-аас гаргуулж, Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газарт олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсгийн 2.6.4-т “аудит, эдийн засаг, байгаль орчны хохирол тооцох, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг тухайн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээгээр”тооцохоор заасан бөгөөд мөн журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлсөн эсэхийг үл харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд “*****” ХХК-н Б**********р-н засварт зарцуулсан гэх бараа материалуудын зах зээлийн үнэлгээг тогтооход гарсан зардлыг тооцох тэмдэглэл /5-р хавтаст хэргийн 65 дугаар тал/-ийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 318,000 (гурван зуун арван найман мянга)төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 7 (долоо) хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2116001110090 дугаартай хэргээс шүүгдэгч Н.Б-д холбогдох иргэн А.Н-с 16,600,000 (арван зургаан сая зургаан зуун мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, иргэн Ж.Б-с 3,140,000 (гурван сая нэг зуун дөчин мянга) төгрөг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон, байгууллагын шатахууны зардлаас 1,260,250 (нэг сая хоёр зуун жаран мянга хоёр зуун тавь) төгрөг хувьдаа завшсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч О овогт Н-н Б, Ө овогт Т-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгийн торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Т.Б нарт тус бүрд оногдуулсан 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б, Т.Б нарт сануулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Гэмт хэргийн улмаас Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газарт учирсан 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн хохирлоос 26,124,250 (хорин зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг иргэний хариуцагч Я.А-с /*****” ХХК/ гаргуулан хохирогч Говь-Алтай аймгийн “Биеийн тамир спортын газар”-т олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 7 (долоо) хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 318,000 (гурван зуун арван найман мянга) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, Вендо ХХК-д олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА