Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Т-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХНХЯ-д   холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 08-ныг хүртлэх хугацаагаар тооцон 8 925 991 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг баталгаажуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Т-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.Т нь төрийн албанд тасралтгүй 23 жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдын Б/284 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь М.Тыг одоо хүртэл ажилд нь томилохгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Энэ хугацаанд М.Т нь ажилгүй, хохирч байгаа тул  иргэний шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсний дагуу Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 564 дугаартай шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацааны цалинд 11 544 470 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэвээр батлагдаж хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 22-нд цалинг эхний шүүхийн шийдвэрээр олгосон 5 799 199 төгрөгийг олгосноос өөрөөр шүүхийн шийдвэрүүдийг огт биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. М.Т өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй байгаагийн улмаас биеийн эрүүл мэндийн байдал муудаж, сэтгэл гутралын байдалтай байгаа. Иймд 2018 оны 03 дугаар  сарын 22-ноос 11 дүгээр сарын 27-ныг хүртлэх хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 925 991 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэлжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын даргын ажилд нь тогтоосон үйл баримт маргаангүй байна. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэж байна. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй байна. М.Тыг одоог хүртэл ажилд нь буцааж томилоогүй нь үнэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.-т өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Гэр үл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг агентлагийн дарга томилж чөлөөлөх болсон. Тус яамнаас энэ талаар аймгуудад  үүрэг чиглэл бүхий  албан бичиг явуулж байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.                                                                                                                                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ныг хүртлэх хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 8 925 991 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Т  нь 2012 оноос Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 тоот тушаалаар  тус байгууллагын нэр Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөгдсөн холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 Дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч гомдол гаргаснаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны  өдрийн 372 дугаар шийдвэрээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 тоот тушаалыг хүчингүй болгож М.Тыг Сүхбаатар  аймгийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 5 799 119 төгрөгийг хариуцагчаас  гаргуулахаар  шийдвэрлэжээ.

Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 03 дугаар 22-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт болон хохиролд 11 544 470 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан М.Тд олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 564 дугаартай шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1092 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1442 дугаартай тогтоол хэрэгт авагдсан бөгөөд эдгээр шүүхийн шийдвэрүүд  хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2. Ажилтан М.Т-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид цалинтай тэнцэх олговорт 5 859 319 төгрөг олгосноос өөрөөр дээрх шүүхийн шийдвэрүүдийн заалтыг биелүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч М.Т-ыг ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны  өдрийн 372 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш одоог хүртэл хариуцагч байгууллагаас түүнийг Сүхбаатар  аймгийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй, үүний улмаас нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд М.Т-ыг ажилд нь томилоогүй талаар хариуцагч маргаагүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэсэн заалтыг  хариуцагч байгууллага зөрчиж  хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Т нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасны дагуу ажилгүй байлгасан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй.

3. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны  өдрийн 372 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 564 дугаартай шийдвэрээр М.Т-ын 1 сарын дундаж цалин хөлсийг 1 114 453 төгрөгөөр, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 51 835 төгрөгөөр тус тус тодорхойлон  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т  зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлох шаардлагагүй юм.

Иймд  нэг өдрийн дундаж цалинтай тэнцэх олговрыг 51 835   төгрөгөөр тооцож 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ныг хүртлэх ажлын 172 хоногийн цалин хөлстэй  тэнцэх олговорт  8 915 620  төгрөгийг  нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй, хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй.

4. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллага буюу шүүхэд  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар гомдол гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч М.Т-ыг одоог  хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь  томилоогүй, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр  байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж  баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 915 620 төгрөгийг гаргуулж олгон, зохих журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг даалган, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1.,60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 766 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157 560  төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                               ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-наас 8 915 620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д олгож, нэхэмжлэлээс 10 371 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч М.Т-ын  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1.,60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 766 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157 560  төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                            Ж.БАЙГАЛМАА