| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2022/0135/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/137 |
| Огноо | 2022-11-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Н-д холбогдох 2216000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Б овогтой О-н Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Н-н Говь-Алтай аймгийн фейсбүүк зарын групп дээр хохирогч Ж.А-н “айраг зарна” гэж байршуулсан зарын дагуу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ****** дугаараас залган ярьж савыг нь суллаж ирээд мөнгийг чинь өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 100 литр айргийг шилжүүлэн авч, хохирогч Ж.А-т 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “S****y” гоо сайхны салоныг эрхлэн ажиллуулагч Т.С-д “бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгийг гараад шилжүүлье утас болохгүй байна”, “манай ах цагдаагийн газрын дарга Б, найз маань мөрдөгч” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Т.С-с 69.500 төгрөгийн гоо сайхны үйлчилгээ авч, 60.000 төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүнийг шилжүүлэн авч нийт 129.500 төгрөгийн хохирол учруулсан,
О.Н нь насанд хүрээгүй 17 нас 04 сартай байхдаа буюу 2021 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “О*********y” гэх газраас “Би Тайшир талхны үйлдвэрт ажилладаг юм. Дараа мөнгийг нь өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ч.Э-с пицца 1 ширхэг, чикен 1 ширхэг, шейк 6 ширхгийг шилжүүлэн авч нийт 84.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Н-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
1. Шүүгдэгч О.Н нь Говь-Алтай аймгийн фейсбүүк зарын групп дээр хохирогч Ж.А-н “айраг зарна” гэж байршуулсан зарын дагуу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******** дугаараас залган ярьж савыг нь суллаж ирээд мөнгийг чинь өгнө гэж, 100 литр айргийг шилжүүлэн авсан болох нь:
1. Хохирогч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би аймгийн зарын групп дээр айраг зарна гээд зар тавьсан байсны дагуу ******** дугаараас залгаад айраг авъя гэж хэлээд надаас 100 литр айраг авна гээд би тухайн үед гадуур явж байгаад миний машинд 50 литр айраг байснаа тухайн хүнд өгсөн. Тэгээд эргэж холбогдоод дахиад 50 литр айраг авъя гээд надаас ахиад 50 литр айраг авсан. Тэгээд тухайн хүн за би айргийн чинь савыг султгаж ирээд мөнгийг чинь өгье гэж хэлээд алга болсон. Тэгээд би тухайн хүнийг өөрөө хайгаад гэрт нь очиход гэртэй байхгүй байсан. Би гэрээс нь буцаад төв рүү явж байхад төвд надтай өөрөө таарсан. Таарахаар нь би чи яачихваа гэхэд над руу өмгөөлөгчтэй уулз гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд Т гээд залуугийн надаас авсан 5 сав айргийнхаа 3 савтай айргийг үлдээчихсэн байсан. Би тухайн 3 савтай айргаа авах гэтэл нэг бүтэн, нэг хоосон, нэг тал байсан. Тэгээд тухайн хүнтэй уулзаад мөнгөө авъя гэхээр миний мөнгийг өгөхгүй байгаа. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... Өөрийгөө Н гэдэг гэсэн...” гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 18 дугаар тал/
2. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О.Н нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 17 цагийн үед наадмын айраг гэж хэлээд 3 сав айраг авч ирсэн. Тухайн 3 сав айргийн 1 савтай айргийг нь тухайн наадамчдад өгсөн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр А надаас тухайн 3 савтай айргийг ирж авсан ... 1 бүтэн, 1 тал, 1 хоосон сав өгсөн. Хэдэн литр айраг байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 25 дугаар тал/
3. Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай багийн өдөрлөг дээр Н-г айраг авч ирж өг гэсэн зүйл байхгүй. Манай Далан багийн өдөрлөгийн үйл ажиллагааны айргийг өөрсдөө бэлдсэн байсан ... Айраг зарсан эсэхийг мэдэхгүй, Далан багийн өдөрлөгт зориулж айраг Н-с аваагүй ...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 31 дүгээр тал/
4. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-621/4025 дугаартай шинжээчийн “100 литр аймгийг 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч О.Н нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “S******y” гоо сайхны салоныг эрхлэн ажиллуулагч Т.С-д “бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгийг гараад шилжүүлье утас болохгүй байна”, “манай ах цагдаагийн газрын дарга Б, найз маань мөрдөгч” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Т.С-с 69.500 төгрөгийн гоо сайхны үйлчилгээ авч, 60.000 төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан болох нь:
1. Хохирогч Т.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил багт байрлах Ахуй үйлчилгээний ордны 2 дугаар давхарт “S******y” гэх нэртэй салон ажиллуулдаг. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н гэх охин орж ирээд нүүрний массажны үйлчилгээ авсан. Үйлчилгээ авч дуусаад зөвлөгөө аваад манайхаас нүүр цэвэрлэгч, нүүр цэвэрлэгч саван гэх бүтээгдэхүүн авсан. Тэгээд утас болохгүй байна гараад шилжүүлье гэж хэлээд гараад явсан. Тэгээд тухайн өдрөө өгөхгүй болохоор нь би орой нь өөрийнх нь ********* дугаар луу мөнгөө шилжүүлээрэй гэж мессеж бичсэн. Тэгээд 2, 3 хоног өгөхгүй болохоор нь фэйсбүүк хаягийн олж байгаад чат бичсэн. Тэгээд 5 хоногийн дараа ирээд манай ах цагдаагийн газрын дарга Б гэх хүн байдаг юм манай найз цагдаад мөрдөгч хийдэг гээд нэг хүний зураг үзүүлсэн. Тэгээд тухайн ирсэн өдрөө дахиад нүүрээ цэвэрлүүлж дуусчхаад би цаад талд байж байхад үүдэнд утсаар ярьж байгаад гараад явсан байсан. Тэгээд би фэйсбүүк чатаар байнга холбогдож байсан тэгэхэд одоо очлоо, ажилтай, маргааш шилжүүлье гэж худлаа ярьдаг байсан. Тэгээд өгөхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан... Өөрийгөө Н гэдэг гэсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 127 дугаар тал/
2. Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... О.Н-г зүс танина. Манай С нь салоныг хариуцаж ажиллуулдаг эгч байгаа юм. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н гэх охин орж ирээд нүүрний массажны үйлчилгээ С эгчээр хийлгэж, гоо сайхны зөвлөгөө аваад нүүр цэвэрлэгч, нүүр цэвэрлэгч саван зэрэг бүтээгдэхүүн авчихад төлбөрийг нь өгөх гэснээ утас болохгүй байна гараад шилжүүлье гэж хэлчихэд одоо болтол өгөөгүй байгаа гэсэн ... Нүүрэн дээр гарсан зүйлийг хатаах зориулалттай меракил үйлчилгээ 49.500 төгрөг, гоо сайхны 60.000 төгрөгийн бүтээгдэхүүн, 20.000 төгрөгийн нүүрний цэвэрлэгээ нийт 129.500 төгрөгийн тооцоотой байгаа гэсэн...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 131 дүгээр тал/
3. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Н-г танина. Намайг 2019-2020 онд Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхад Н нь 10 жилийн сургуулийн хүүхэд байсан... Намайг 2020 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод шилжин ирж ажилласнаас хойш О.Н нь удаа дараа Говь-Алтай аймагт миний нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгж, худалдааны газар, дэлгүүрүүдээс архи, дарс, мөнгө төгрөг, хүнсний зүйл, хувцас хунар гэх мэт олон төрлийн зүйлийг залилан авсан талаар ах дүүс болон иргэд надад хэлж байсан. Ах дүүс бид жоохон засарчих байх гэж бодоод өдийг хүрлээ... Өвөө, эмээ, эцэг, эх нь иргэдэд учруулсан 10 орчим сая төгрөгийг төлсөн байх ” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 184 дүгээр тал/
4. Хохирогч Т.С-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 111-113 дугаар тал/
5. Т.С-н гар утсанд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 114-117 дугаар тал/
6. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-921/4210 дугаартай “... шүүгдэгч О.Н-н “S*****y” салоноос авсан гэх гоо сайхны үйлчилгээ болон гоо сайны бараа бүтээгдэхүүний үнийг 129.500 төгрөгөө үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 136-138 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
3. Шүүгдэгч О.Н нь насанд хүрээгүй 17 нас 04 сартай байхдаа буюу 2021 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “О*******y” гэх газраас “Би Тайшир талхны үйлдвэрт ажилладаг юм. Дараа мөнгийг нь өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ч.Э-с 84.000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн буюу пицца 1 ширхэг пицца, чикен 1 ширхэг, шейк 6 ширхгийг шилжүүлэн авсан болох нь:
1. Хохирогч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Нэгдсэн эмнэлгийн ард байрлах “O******y” гэх нэртэй газар ажиллуулдаг. 2021 оны 09 дүгээр сард Тайшир талханд ажилладаг Н гэх охин орж ирээд пицца, чикен гэх мэт 84.000 төгрөгийн хоол аваад дараа мөнгийг нь өгье гэж хэлээд авсан. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө холбоо бариагүй. Одоо болтол миний мөнгийг өгөхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан ... Шек гэх ундаа 6 ширхэг, том пицца, том чикен 1 ширхгийг авсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 177 дугаар тал/,
2. Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “O********y” дээр 2021 оны 09 сард касс дээр ажиллаж байсан. Тайшир талханд ажилладаг гэж өөрийгөө танилцуулж байсан. О.Н гэх охиныг тухайн үед нь Тайшир талхны эзний охин байх гэж бодож байсан юм. Пицца 1 ширхгийг 24.000 төгрөг, чикен 1 ширхгийг 24.000 төгрөг, шейк 1 ширхэг нь 6.000 төгрөгийн үнэтэй, 6 ширхэг 36.000 төгрөг, нийт 84.000 төгрөг болсныг аваад удахгүй өгнө гэж хэлээд явснаас хойш сураггүй болсон дахиж манайд ирээгүй, утсаар ч холбогдоогүй, тэгтэл саяхан залилан хийгээд байдаг охин гэж сонссон. Н гэх охиныг харвал танина, махлагдуу цагаан охин байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 181 дүгээр тал/
3. Гэрч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Н нь манайд ажиллаж байгаагүй. Н-н ээж Н-т нь манай үйлдвэрт ажиллаж байсан. О.Н хавар жимсний бөөний дэлгүүрээс Тайшир талхны үйлдвэрийн нэрийг бариад жимс аваад явсан гээд би өмнө цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч байсан... Би “Тайшир” талхны үйлдвэр ажиллуулдаг учраас дэлгүүрийн эзэд намайг сайн таньдаг болохоор миний нэрийг бариад яваад байдаг юм байх даа. Би Н болон түүний аав, ээж нарт ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 186 дугаар тал/,
4. Гэрч Г.О-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 166-167 дугаар тал/,
5. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-921/4211 дугаартай О.Н-н “O*******y”-ээс авсан бүтээгдэхүүнүүдийн үнийг 84,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 191-193 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь бусдыг хуурч мэхлэн бодит байдал дээр байхгүй, биелэх боломжгүй хуурмаг нөхцөл байдлыг бий болгон буюу савыг буцаан өгөхдөө төлбөрийг төлнө хэмээн хохирогч Ж.А-с 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 100 (нэг зуу) литр айргийг, хохирогч Т.С-с мөнгийг гараад шилжүүлье утас болохгүй байна”, “манай ах цагдаагийн газрын дарга Б, найз маань мөрдөгч” гэж хохирогч Т.С-д итгэл төрүүлэн түүнээс 69,500 (жаран есөн мянга таван зуу) төгрөгийн гоо сайхны үйлчилгээ, 60,000 (жаран мянга) төгрөгийн гоо сайны бүтээгдэхүүн, “Би Тайшир талхны үйлдвэрт ажилладаг юм. Дараа мөнгийг нь өгье” гэж “O*****y”-ээс 84,000 (наян дөрвөн мянга) төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнүүдийг тус тус авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч О.Н-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Шүүгдэгчийн 3 удаагийн үйлдэл нь “...тодорхой цаг хугацааны дараа төлбөр хийнэ...мобайл банк болохгүй байна гараад төлбөрөө хийнэ... нэр бүхий хүмүүсийг таньдаг...” зэргээр хохирогч нарт хуурамч итгэл төрүүлсэн эд хөрөнгө, үйлчилгээ авснаараа залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 80 дугаар тал/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтаст хэргийн 83-96 дугаар тал/, хохирогч Ж.А-н Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 3 дугаар тал, хохирогч Т.С-н Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 107-108 дугаар тал/, хохирогч Ч.Э-н Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 162 дугаар тал/, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүгдэгч О.Н-н нас тоолсон тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 172 дугаар тал/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч Ч.Э, Т.С нарын хохирол төлсөн гэх баримт, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТЭ/2022/ШЦТ/107 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг тул нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн байх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх үзсэн бөгөөд түүнчлэн дээрх шийтгэх тогтоолын тэнссэн хэсгийг хүчингүй болгон ял оногдуулах хууль зүйн үр дагавар үүсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд эрүүгийн хариуцлага тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхээр байна.
Шүүгдэгч О.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.А-т 600,000(зургаан зуун мянга) төгрөгийн, хохирогч Ч.Э-т 84,000(наян дөрвөн мянга) төгрөгийн, хохирогч Т.С-д 129,500 (нэг зуун мянга хорин есөн мянга таван зуу) төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч О.Н нь хохирогч Ч.Э-т 84,000(наян дөрвөн мянга) төгрөг, хохирогч Т.С-д 129,500 (нэг зуун хорин есөн мянга таван зуу)төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулганы баримт болон шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хууднуудаар тогтоогдож байна. Харин хохирогч Ж.А 100 (нэг зуу) литр айргийн 600,000(зургаан зуу мянга) төгрөгийн хохирол учруулснаас 50 (тавь) литр айргийн үнэ 300,000 (гурван зуу мянга) төгрөгийг шүүгдэгч О.Н-с гаргуулан, хохирогчид олгож, хохирогч Ж.А-н биетээр буцаан авч явсан гэх 50 (тавь) литр айргийн үнэ 300,000 (гурван зуу мянга) нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ж.А-н буцаан авсан 50 (тавь) литр айргийг ашиглах боломжтой байсан, эсвэл дахин ашиглах боломжгүй талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 10 (арав) хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой О-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Н-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Ж.А-н нэхэмжилсэн 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлээс 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч О.Н-с гаргуулан хохирогч Ж.А-т олгож, бусад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогч Ч.Э-т 84,000 (наян дөрвөн мянга) төгрөг, хохирогч Т.С-д 129,500 (нэг зуун хорин есөн мянга таван зуу) төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 10 (арав) хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА