Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 2216001840172 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, А овогтой Д-н Б.

Холбогдсон хэргийн талаар: 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гэрт байсан Ж.Д-н өмдний арын халааснаас ХААН банкны виза картыг нь зөвшөөрөлгүйгээр авч, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 05 минутад тухайн картыг ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинд уншуулан ********** тоот харилцах данснаас 400,500 (дөрвөн зуун мянга таван зуу) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ж.Д-д 400,500(дөрвөн зуун мянга таван зуу) төгрөгийн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Д.Б-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 05 минутад хохирогч хохирогч Ж.Д-н ХААН банкны ********** тоот харилцах дансны картыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинд уншуулан 400,500 (дөрвөн зуун мянга таван зуу) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

1. Хохирогч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дансанд байсан мөнгөнөөсөө нэгж авах гэхэд мөнгөгүй болсон 400,500 төгрөгийн зарлага гарсан байсан. Ингээд “Хаан банк”-ны лавлах утас руу холбогдож ярихад Говь-Алтай аймгийн “Төрийн банк”-ны АТМ-ээс мөнгө нь гарсан байна гэж хэлсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм... Би өөрийн авга ах Ж гэх айлд ирсэн. Тэгээд “Шинэ-Алтай” захаар явж байгаад Ж ахынд ирэхдээ өмдний арын халаасанд карт байсан санагдаж байгаа юм тэгэхээр хулгайд алдсан байх гэж бодож байгаа...Биеийн хэлбэр нь Ж ахын эхнэр Б эгч мөн байна. Мөн мөнгө авч байгаа гарт зүүсэн бөгж нь Б эгчийн бөгжтэй адил харагдаж байна. ...Би Д.Б эгчтэй хамт дэлгүүр орж худалдан авалт хийсэн. Тэгэхэд би гүйлгээ хийсэн. Өөрөөр Б эгч миний нууц үгийг мэдэх боломж байхгүй ...Д.Б эгчид миний картнаас мөнгө авах эрх байхгүй. Мөн мөнгө авсан талаараа ч надад хэлээгүй авсан байсан. Би Д.Б эгчийн миний дансанд байсан мөнгийг авсан гэдгийг сая л зургийг нь хараад мэдлээ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 35-36 дугаар  тал/ 

2. Төрийн банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 12-20 дугаар тал/

3. Хохирогч Ж.Д-н *************** дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга. /хавтаст хэргийн 25 дугаар тал/

4. Шүүгдэгч Д.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Морин хуурын уралдаанд орохоор манайд ирсэн юм. Явсных нь дараа гэрээ цэвэрлэж байхад гутлын шкафны араас виза карт нь гарч ирсэн. Би авч хураачхаад 2022 оны 08 дугаар сарын 19-нд хүний машины гуперийг гэмтээгээд мөнгө олдохгүй байсан болохоор авчихсан... Мөнгө авснаа хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь дараа хэлье гэж бодоод 200,000 төгрөг авах гэж байсан боловч бүх мөнгө авах гэдэг товч дарагдаад бүх мөнгө нь гарсан... Хохирол төлсөн. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй ...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Ж.Д-н ХААН банкин дахь *************дугаартай дансны картыг бэлэн мөнгөний машинд уншуулан 400,500 (дөрвөн зуун мянга таван зуу) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дугаар тал/, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “хохирол барагдуулав” гэх утгаар шүүгдэгч Д.Б-с хохирогч Ж.Д-д 400,500 (дөрвөн зуун мянга таван зуу) төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт /хавтаст хэргийн 11 дүгээр  тал/, мөрдөгчийн утсаар ярьсан “ ... хохирогч Ж.Д-тай ********* дугаарын утсаар ярихад би хохирол мөнгөө авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн ...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 83 дугаар тал/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг  CD-г хэрэгт хадгалагдах хугацаагаар хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А  овогтой Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг  CD-г хэрэгт хадгалагдах хугацаагаар хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА