| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0197/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/197 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/197
2022 оны 10 сарын 11 2022/ШЦТ/197 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000276 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн “*******” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, Боржигон овогт Туулын *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн “*******” гэх газарт эх тай маргалдаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээж, ууц, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зөвшөөрч байна. , хоёр тэднийд архи ууж байсан. Тэр үед ээж залгаад олон юм яриад байсан. Би орой ээжтэйгээ уулзаад маргалдсан. Би ээжийгээ алгадсан. Мал дээрээсээ болж муудсан, миний малыг авна гээд байсан. Эхний удаа эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл зардлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
Эрүүгийн 2230000000276 дугаартай хэргээс:
- Яллагдагч Т.*******ын: 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Цолмонбаярынд Ганбаяр. Цолмонбаяр, бид хамт Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг хувааж уусан. Орой нь ээжийн гэр рүү Ганбаяр, Цолмонбаяр нарын хамт очсон. Гэрт ороход ээж намайг архи ууж явлаа гээд байхаар нь би танд хамаагүй би өөрөө мэдэж байна гээд уурандаа 2 удаа алгадсан. Орой 20 цагийн үед буцаж ээжийн гэрт очоод ээжтэй маргалдаад нүүр рүү нь гараараа алгадсан” гэх мэдүүлэг /хх- 48-49/
- Хохирогч ын “ 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед ******* сумын 2 дугаар багийн “ *******” гэх газарт манайд миний төрсөн хүү болох ******* найз Цолмонбаяр, Ганбаяр нарын хамт мотоциклтой согтуу ирсэн. Тэгээд би гэртээ хэвтэж байтал орж ирээд “та яагаад миний малд шунаад байгаа юм бэ?” гээд баруун нүүр рүү гараагаа хоёр удаа алгадаад, цээж хэсгээс заамдаж боогоод, хүзүүний ар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Мөн шилбүүрийн модыг хугартал баруун талын бөгсөн дээр 4 удаа цохисон. Намайг шатаана гээд гэр лүү минь бензин цацаад, утас эвдлээд хэл амаар доромжилж байгаад явсан ” гэх мэдүүлэг /хх- 15-17/,
-Иргэний нэхэмжлэгч н: Уг хэргийн хохирогч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн даатгалын сангаас 305000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан тул уг хэргийг үйлдсэн буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулан авч тус даатгалын санд хийлгэмээр байна. Уг мөнгийг манай байгууллагын дугаартай дансанд хийх ёстой байгаа... гэх мэдүүлэг /хх-9/
-Гэрч ын:Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Цолмонбаяр, ******* нартай цуг 2 литрийн Сэрүүн гэх нэртэй пиво гурвыг хувааж уусан. Ууж дуусаад 17 цагийн үед “Ундрам” дэлгүүрээс 2 литрийн Сэрүүн пиво дахиад хоёрын аваад *******ын хөдөө гэр лүү явсан. Гэрт нь явж ороод сууж байтал *******, түүний ээж болох Туул эгч хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй ******* нь Туул эгчийн нүүр хавьцаа нь нэг алгадах шиг болсон. Тэгсэн чинь Туул эгч хоёр пивийг нь гэрээсээ авч гараад асгачихсан. ******* араас нь дагаж гараад Туул эгчийг зодох гэж дайраад бид хоёр салгах гэж хичээгээд бараагүй. Тэгээд удаа ч үгүй салаад би мотоциклийг нь бариад *******, Цолмонбаяр хоёрыг суулгаад сум руу авч явсан. Тэгээд 20 цагийн үед бид гурав буцаж *******ын хөдөө гэрт нь очтол ******* нь Туул эгчтэй хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг, /хх-23-24 /,
- Гэрч ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******, Ганбаяр нартай цуг 2 литрийн хэмжээтэй Сэрүүн гэх нэртэй пиво гурвыг хувааж уусан. Ууж дуусаад 17 цагийн үед “Ундрам” дэлгүүрээс 2 литрийн Сэрүүн пивоноос дахиад хоёрыг аваад *******ын хөдөө гэр лүү явсан. Гэрт нь явж ороод сууж байтал Туул эгч бид гурвын авчирсан пивийг гарч асгаад “хэдэн малаа авчраад архинаас өгөөд дуусаж байна уу, муу гуйлгачин минь, чи малаа надаас харамлаад айлд тавьсан байна лээ ” гээд *******тай муудсан. Би “******* чинь өөрийн гэсэн толгойтой хүн, малаа яах ийхээ өөрөө шийддэг юм байгаа биз дээ” гээд *******ыг өмөөрсөн. Тэгтэл “чамд ямар хамаатай юм, яах гэж миний хүүг уруу татаж архи уулгаад яваад байгаа юм” гэхэд ******* ээжтэйгээ муудалцаад Туул эгчийн нүүр лүү хоёр гурван удаа алгадсан.Туул эгч, ******* хоёр зууралдаж байхад нь Ганбаяр бид хоёр салгатал тэр хоёр хэрэлдээд л байгаад байсан. Тэгээд удаа ч үгүй би тэр хоёрыг аваад сум руу явсан. Суман дээр байж байгаад 20 цагийн үед буцаад ээжийнх нь гэрт яваад очтол манай ах Цолмон ирчихсэн сууж байсан. Тэгээд ******* Туул эгч хоёр дахиад муудалцаж эхлээд ******* гэрийг нь шатаана гээд мотоциклийн бензинээс авч гэр лүүгээ гараараа цацаад байсан ” гэх мэдүүлэг, /хх- 28-29 /,
-Хүний их эмч Б.Гантулгын эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-37/
- ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 464 дугаартай “...1. ын биед тархи доргилт, зулайд нь зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээж, ууц, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-38-39 /,
- Т.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-57-58/
- ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022.09.07-ны өдрийн 03/90 дугаартай тодорхойлолт /хх-59/
-- Т.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-60/ зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн “*******” гэх газарт эх тайгаа маргалдаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээж, ууц, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч Т.*******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч , гэрч , нарын мэдүүлэг, ******* аймгийн Халзан сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, шинжээчийн 464 дугаартай “1. ын биед тархи доргилт, зулайд нь зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээж, ууц, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 464 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Т.*******ын, хохирогч ыг зодсон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
5. Шүүгдэгч Т.*******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан эхийгээ цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
6. Прокуророос шүүгдэгч Т.*******ын, хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагч Б.Энх-Амгалангаас түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.*******ын тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Т.*******ын гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.*******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Т.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Т.*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Надад одоо болон цаашид гаргах санал хүсэлт зүйл байхгүй”/хх-63/ гэх тайлбараар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогч нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 305.000 төгрөгийг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч н “Уг хэргийн хохирогч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгээс 305000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан, уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн байх тул буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулан авч тус даатгалын санд хийлгэмээр байна” гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгч Т.*******аас 305000 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Туулын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Т.******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас 305000 төгрөг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Т.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН