Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/1012/З |
Дугаар | 221/МА2024/0605 |
Огноо | 2024-09-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0605
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Д.Х, Х.А
Нэхэмжлэгч: “У” ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Х.А, Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/1012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгын татварын улсын байцаагч Д.Х, Х.А-ын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-34230000040 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.20, 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-34230000040 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Гомдлын агуулга: Хариуцагч Д.Х, Х.А-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Үүнд: “...
3.1. ...Татварын хяналт, шалгалтын улсын байцаагч Д.Х, Х.А “У” ХХК-ийн 2020, 2021 оны татварын тайланд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “У” ХХК 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргахдаа төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардал хасаж тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл, 16 дугаар зүйл заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул нөхөн ногдуулалтын акт гаргасан.
...Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд Татвар төлөгч / “У” ХХК/ нь нягтлан бодох бүртгэлийг журам, стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтлөх үүрэгтэйг заасан байх бөгөөд тухайн төлбөрийн баримтад үндэслэн татвар ногдох орлогоос хасагдах зардлаа “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1-т заасан шаардлагыг ханган тооцох боломжтой байсан. Иймд татварын тайлан үйлдэх тушаахтай холбоотойгоор татвар төлөгч /У ХХК/-д төлбөрийн баримтад үндэслэхийг хуулиар үүрэгжүүлэн өгсөн байхад төлбөрийн баримтаар баталгаажуулах үүрэг татвар төлөгч аль этгээдэд ногдож байгааг анхаарч үзэлгүй акт тогтоосон гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм.
3.2. Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т Худалдан борлуулалт хийсэн малчин, мал бүхий иргэд нь төлбөрийн баримт гаргаж өгөх үүрэгтэй байсан талаар дурджээ. Тухайн аж ахуйн нэгж нь татварын тайлан үйлдэх, тушаах нягтлан бодох бүртгэлийг төлбөрийн баримтад үндэслэн хөтлөхийг үүрэг болгосон /ТЕХ-ийн 29-р зүйлийн 1.1/ аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага /ААНОАТТХ-ийн 13-р зүйл/ татвар ногдох орлогоосоо хасахгүй зардал /ААНОАТТХ-ийн 16-р зүйл/ эдгээр хуулийн заалтуудаас татвар төлөгч төлбөрийн баримтаа авахгүй бол хасагдах зардал тооцуулах боломжгүй эрсдэл үүсэхийг өөрөө мэдэх боломжтой байсан. “У” ХХК нь борлуулагч тал төлбөрийн баримт өгөөгүй тохиолдолд харьяа татварын байгууллагад нь гомдол мэдээлэл өгч зөрчлийн хуулийн дагуу борлуулагч талаас зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авч төлбөрийн баримтаа нөхөн авах боломжтой байсан. Хуулийг мэдээгүй, ойлгоогүй нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
3.3. Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.6, 6.7-д “У” ХХК-д Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар татварын ногдлыг жишиг үнийн эсхүл үнэ шилжилтийн тохируулаг хийх аргаар татварыг ногдуулах боломжтой байсан гэж шүүх үзжээ. Тухайн маргаан дээр татварын ногдлыг жишиг үнийн эсхүл үнэ шилжилтийн тохируулаг хийх аргийг хэрэглэх байсан хэмээн шүүх хуулийг буруу тайлбарласан байна. Энэ маргааны тухайд талууд татварын ногдолтой холбоотой маргаагүй бөгөөд татвар ногдох орлогоос хасагдах зардал нь хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэх дээр маргаж байгаа. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т... талууд актын тооцоолол дээр маргаагүй болохыг дурдсан байна.
3.4. Татварын хяналт шалгалтын улсын байцаагчид хуульд заасан удирдамж томилолтын дагуу хуулийн хүрээнд "У" ХХК-д татварын хяналт шалгалтын ажиллагааг явуулсан бөгөөд шалгалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан хасагдах зардал нь хуульд заасан шаардлагыг хангаагүй зөрчил тогтоогдсон тул нөхөн ногдуулалтын акт тавьсан. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтлөх, хасагдах зардал нь төлбөрийн баримтаар баталгаажсан байхаар хуульд тодорхой заасан. Төлбөрийн баримт гэдгийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн" 4 дүгээр зүйлийн 41.14. "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; хэлнэ гэж тодорхойлсон.
3.5. Гэтэл анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагад нийцээгүй падаан, бусад төрийн байгууллагын албан бичиг, ноосны буцаан олголт зэрэг баримтыг үнэлээгүй акт тогтоосон нь бодит байх, шудрага байх зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хууль нэг мөр хэрэгжих зарчмын дагуу бид хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хуульд заагаагүй шаардлага хангаагүй бусад баримтыг үндэслэн татварын ногдуулах орлогыг бууруулах эрх татварын улсын байцаагчид байхгүй юм.
3.6. Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу татварын хяналт, шалгалтыг Татварын ерөнхий газрын даргын баталсан ерөнхий болон тусгай удирдамжийн дагуу томилолтын үндсэн дээр хийхээр байна. Хэрэгт авагдсан ярилцлагын тэмдэглэл дээр татварын хяналт шалгалт хийх удирдамжийн дугаарыг А/39 гэж тэмдэглэсэн, Татварын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны А/39 дүгээр тушаал нь хяналт шалгалт хийх удирдамж биш Татварын хяналт шалгалт хийх журам баталсан тушаалын дугаар байсан зэргээс үзэхэд татварын улсын байцаагч Д.Х, Х.А нь хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалтыг удирдамжийн дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзжээ.
3.7. Татварын хяналт шалгалтыг явуулахад Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу байцаагч нарт хяналт шалгалт хийх томилолт олгогддог бөгөөд удирдамж томилолтгүйгээр татварын хяналт шалгалтыг хийх ямар ч боломжгүй юм. Тухайн “У” ХХК-ийн захирал болох Д.Б-д анх 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцлага хийхдээ Ерөнхий удирдамж болон татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрх үүргийг тайлбарласан бөгөөд А/32-ийг А/39 гэж цифр андуурагдан бичигдсэн, ТУНС программд зөв хийгдсэн тухай анхан шатны хуралд тайлбарласан бөгөөд тэмдэглэх хэсэгт энэ талаар огт тусгаагүй байна. Тухайн өдөр захирал Д.Б “Миний утсанд Татврын хяналт шалгалтанд хамрагдах болсон талаар мессеж ирсэн тул би хэнтэй уулзах вэ?” хэмээн асууж ирэх үед манай байгууллагад их засвар орж нүүдэл суудал хийсэн, ярилцлагыг шууд программд оруулах боломжгүй байсан тул word программ дээр бичиж гарын үсэг зуруулсан байсныг анхан шатны шүүхэд өгсөн. Татварын Удирдлагын нэгдсэн системд баталгаажсан ярилцлага нь шүүх хурлын сүүлийн өдөр хүртэл маргагч талуудын гол сэдэв байгаагүй, шүүхээс нотлох баримтаар шаардаагүй байсан тул програмаас гардаг ярилцлагыг хавсаргаагүй болно.
Тухайн маргааныг товчлон үзвэл талуудын маргаж буй гол үндэслэл нь татвар ногдох орлогыг бууруулсан хасагдах зардал нь хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа тул хасагдах зардалд тооцох боломжгүй гэж үзэн татварын улсын байцаагчид “У” ХХК-д нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Уг акт нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл, 16 дугаар зүйлд бүрэн нийцэж байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “У” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгын татварын улсын байцаагч Д.Х, Х.А-ын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-34230000040 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Маргаан бүхий актаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 3423501739 тоот томилолтоор 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд хийж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-34230000040 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар “...Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангаар 2020, 2021 онд харилцан хамааралтай этгээдийн мэдээлэлд иргэн ШЕ770122ХХ регистрийн дугаартай Д овогтой Б ШЕ680212ХХ регистрийн дугаартай Д овогтой Н гэж тайлагнасан бөгөөд дээрх иргэний хооронд ажил үйлчилгээ хийгдээгүй байна, ...төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган татвар ногдох орлогоо бууруулсан” зөрчил тогтоогдсон үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 386,952,258.3 төгрөгийн нөхөн татвар, 154,780,903.32 төгрөгийн торгууль, 72,768,679.38 төгрөгийн алданги, нийт 614,501,841 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
3.1. Нэхэмжлэгчээс “...татварын улсын байцаагчаас нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ “У” ХХК-ийн татварын тайланд хавсаргасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн мал тооллогын А дансны бүртгэл, хонины ноос бэлтгэлийн орлогын падааныг үзээгүй, бодит дүгнэлт хийгээгүй, ...ноос худалдан борлуулалт хийсэн малчин, мал бүхий этгээдүүд өөрсдийн орлогыг үнэн зөвөөр тайлагнаж, цахим төлбөрийн баримтыг үйлдэж цахим системээр илгээх үүрэгтэй, тухайн иргэд 2020, 2021 онд хийсэн борлуулалтаа тайлагнаагүй, татварын тайлан илгээгүй, ...манай компанид тус иргэдийн өмнөөс татварын хариуцлага тооцож, орлого олсон иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, ...хасагдах зардалд орох худалдан авалт хийсэн нь санхүүгийн анхан шатны баримт, төрийн захиргааны байгууллагын албан бичгээр нотлогдож байхад анхаарч үзээгүй, ...татварын хяналт шалгалтыг хуульд заасан томилолт үндсэн дээр явуулах журмыг зөрчсөн, ...татварын төлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, татварын хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, ...ноос, ноосны үйлдвэрлэлийн хэмжээг аваад үүний бодит дүнгийн статистикийн дунджаар зөрүү дээр нь акт тавих боломжтой байсан гэж, хариуцагчаас “...хуульд заасны дагуу хасагдах зардал нь төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хангаагүй тул нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлтэй, ноос худалдан авагч “У” ХХК худалдан борлуулагч малчин, мал бүхий этгээдээс төлбөрийн баримтыг нэхэж авах үүрэгтэй, ...2020, 2021 онд цахим төлбөрийн системд хэрэглээнд нэвтэрсэн байсан, ...төлбөрийн баримтыг нөхөн бүрдүүлэх 1 жилийн хугацаа байсан, ...төрийн бусад байгууллагаар нотлогдсон баримтыг хасаж тооцно гэсэн үг, өгүүлбэр хуульд байхгүй, зөвхөн төлбөрийн баримтад үндэслэнэ гэж байгаа, ...татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно" мөн зүйлийн 13.5. "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно." Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх" гэж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж,
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-аар ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр, цехд хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээд, өмчийн бүх хэлбэрийн цөм сүргийн аж ахуйд мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд тус журмын 2 дугаар зүйлийн 2.7-д “Холбоо нь боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчид итгэмжлэл олгоно…”, 2.10-т “Төлөөлөгч нь малчнаас ноос худалдаж авахдаа баримтыг засваргүйгээр 3 хувь үнэн зөв үйлдэж, энэ журмын 2.15-д заасан мэдээллийг малчнаар тэмдэглүүлэн 2 хувийг малчинд өгч, 1 хувийг өөртөө үлдээх ба ноосоо үйлдвэрт тушаахдаа үйлдвэрлэгчид хүлээлгэн өгнө”, 2.16-д “Малчин урамшуулалд хамрагдахдаа энэ журмын 2.10-т заасан баримтыг мал сүргийн эрүүл болохыг баталгаажуулсан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тодорхойлолтын хамт сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ” гэж тус тус заажээ.
4.1. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, хариуцагч татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт явуулахдаа хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч компанийн санхүүгийн анхан шатны баримтуудыг хянаж шалгалгүйгээр зөвхөн цахим системд авагдсан баримтад үндэслэн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг тогтоосон болох нь нэхэмжлэгчийн гаргасан “...хасагдах зардалд орох худалдан авалт хийсэн нь санхүүгийн анхан шатны баримт, ...2020, 2021 оны мөнгөн урамшууллын баримтууд, төрийн захиргааны байгууллагын албан бичгээр нотлогдож байхад хариуцагч татварын улсын байцаагчид энэхүү баримтуудыг нягталж үзээгүй” гэх тайлбар, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “...өмнөх компанийн ирүүлж байсан баримттай ижил баримт байсан учраас дахин харж дүгнэх шаардлага байгаагүй” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
4.2. Дээрхээс үзэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн бүрдүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрэн гүйцэт шалгаж, холбогдох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр “Нөхөн ногдуулалтын акт” тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “тодорхой байх”, 5.1.3-д заасан “шударга байх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үнэн зөв байх” гэж тус тус заасан зарчмуудад нийцсэн гэж үзэхээргүй байна.
4.3. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох журмыг зохицуулсан ба 18.4-т “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу аж ахуйн нэгжийн хасагдах зардал нь агуулгын хувьд тухайн орлогыг олохтой холбоотой байх бөгөөд тухайн зардал нь хэлбэрийн хувьд дээрх хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан байхаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “...тодорхойлох боломжгүй акт байх юм бол бодит өртгийн зардлыг хасаж акт тавьдаг, ...ноос, ноосны үйлдвэрлэлийн хэмжээг аваад үүний бодит дүнгийн статистикийн дунджаар зөрүү дээр нь акт тавих боломжтой байсан” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны зардлын баримтууд нь маргаан бүхий актад дурдсан орлогыг олохтой холбогдож гарсан зардалд тооцогдох эсэхийг шалган тогтоох нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.
4.4. Шүүхээс тухайн зөрчилд ногдуулах төлбөрийн хэмжээг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс нөхөн ногдуулах эрхгүй, өөрөөр хэлбэл, зөрчлийн дүнг зөв тодорхойлж, тохирсон хариуцлага ногдуулах нь хуулиар татварын улсын байцаагч нарт олгосон эрх хэмжээ бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул хариуцагч улсын байцаагч нар нь нэхэмжлэгч компанийн бүрдүүлсэн санхүүгийн баримтууд нь маргаан бүхий актад дурдсан орлогыг олохтой холбогдож гарсан зардалд тооцогдох эсэхийг шалган тогтоож, дүгнэсний үндсэн дээр холбогдох хууль, журмын дагуу тохирсон хариуцлагыг ногдуулах нь зүйтэй.
5. Татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:
5.1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 3.1-д Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална гэж тус тус заасны дагуу татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий газрын даргын баталсан ерөнхий болон тусгай удирдамжийн дагуу томилолтын үндсэн дээр хийхээр байна.
5.2.Хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 19-ний өдрийн ярилцлагын тэмдэглэлд татварын хяналт шалгалт хийх удирдамжийн дугаар А/39 гэж тэмдэглэсэн, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/39 дүгээр тушаал нь хяналт шалгалт хийх удирдамж биш Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг баталсан байна. Хэдийгээр хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...“У” ХХК-ийн захирал болох Д.Б-д анх 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцлага хийхдээ Ерөнхий удирдамж болон татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрх үүргийг тайлбарласан бөгөөд А/32-ийг А/39 гэж цифр андуурагдан бичигдсэн” гэж тайлбарласан боловч ч хэрэгт нотлох баримтаар авагдсан Татварын Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06/2020 тоот “...2020 оны А/32 дугаартай тушаал нь татварын албаны дотоод сургалтын тушаал байна” гэх албан бичгээр дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
5.3. Харин нэхэмжлэгч “У” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 3423501739 тоот томилолтын дагуу хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаарх хариуцагч нарын “Татварын хяналт шалгалтыг явуулахад Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу байцаагч нарт хяналт шалгалт хийх томилолт олгогддог, удирдамж болон томилолтгүйгээр хяналт шалгалт хийх боломжгүй” гэх тайлбарыг шүүхээс шууд үгүйсгэх үндэслэлгүй тул хяналт шалгалтын удирдамж хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
6. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч “У” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, нягтлан бодогч Б.Н нартай хариуцагч татварын улсын байцаагчид 2023 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 19-ний өдөр ярилцлага хийхдээ Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрх, үүргийг тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн татвар төлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, ...тус компанийг 2020, 2021 оны татвар ногдох орлогоо бууруулсан гэж дүгнэж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-34230000040 дугаартай Нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна” гэж дүгнэсэн нь зөв байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хуульд заасны дагуу бүрдүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудыг нягтлан шалгаж, үнэлж дүгнэлгүйгээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг тогтоосон байх тул шүүхээс энэхүү маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгын татварын улсын байцаагч Д.Х, Х.Анарын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-34230000040 тоот нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгын татварын улсын байцаагч Д.Х, Х.А-ын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-34230000040 тоот нөхөн ногдуулалтын актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН