Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212  

 

 

 

 

 

 

 

   2022          11             03                                  2022/ШЦТ/212                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,                                                                                                                    

улсын яллагч Б.Энх-Амгалан

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230002220280 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баянгол гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* регистрийн дугаартай,

Энх овогт Түвдэндоржийн Дамдинбазар

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 сарын 11-ний орой 21 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “*******” зочид буудлын эсрэг талын зам дээр*******ын биед халдан цохиж зодон  эрүүл мэндэд нь “ тархи доргилт, хамрын ясны зөрөөтэй хугарал, дух, 2 шанаа, хүзүүнд олон тооны зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:******* өмнө нь манай нөхөртэй холбоотой байсан. 2022 оны 05 дугаар сард нөхрийнхөө араас нь мөрдсөн. “*******” караокены гадаа манай нөхөр******* хоёр уулзаад тэврэлдээд караоке руу хамт орж байсан. Тэр үед анх тэр хоёрын харилцааг мэдсэн. Тухайн үедээ*******ыг манай нөхөртэй үүсгэсэн харилцаагаа боль гэж хэлэхэд “чи нөхөр хүүхдэдээ халамж тавихгүй яасан юм гээд хэлэх хэлэхгүйгээр” хэлж байсан. Тэр үед шооконд орж Улаанбаатар хот руу очиж сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Мөн 06 дугаар сард нөхөртэйгөө муудаад аавындаа ирсэн байсан. ******* нь мөн манай нөхөртэй уулзаж байхыг хараад ийм асуудал болсон. Тэгээд цагдаа дуудсан. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирлын төлнө гэв.

 

Эрүүгийн 2230002220280 дугаартай хэргээс:  

 

          - Яллагдагч *******ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аймгийн төвд ирсэн. Манай нөхөр ******* надаас өмнө аймгийн төв ороод 2, 3 хонож байсан. Би *******ийг аймагт архи ууж магадгүй гэж бодоод араас нь аймгийн төв дээр ирээд такси бариад *******ийг хайгаад явж байхад “*******” буудлын замын зүүн талд Майнбаяр гэх хүүхэнтэй явж байсан. Майнбаяр нь пиво барьчихсан манай нөхөр ******* архи уусан байдалтай хамт явж байсан. Тэгэхээр нь би таксинаас бууж очоод тэр хоёрыг хөөе гээд дуудтал Майнбаяр цаашаа зугтаах гэхээр нь би араас нь гүйж очиж барьж аваад Майнбаярыг “чигээрээ явж чадахгүй айл гэр үймүүллээ” гээд үснээс нь татаж алгадаж зодсон. Зодолдож зууралдаж байх үед Майнбаярын дээгүүрх хувцас нь шувтарч тайлагдаж дээд биеэрээ нүцгэн болсон. Майнбаярыг дээгүүрээ нүцгэн болохоор нь би мод руу татаж энэ мод руу орж ярилцъя, надад үнэнээ хэлчих гэхэд Майнбаяр орохгүй байсан. Тухайн үед манай нөхөр ******* цаашаа явчихсан байсан. Тэгээд Майнбаярт “би чамд өмнө нь хэлж байсан биз дээ, битгий хүний амьдралд гай болоод бай” гэхэд Майнбаяр “тиймээ уучлаарай эгчийнх нь буруу байсан уучлаарай” гэж надаас тухайн үед уучлалт гуйж байсан. Би Майнбаярыг “чи яагаад манай нөхөртэй хамт явж байгаа юм бэ? би өмнө анхааруулж хэлсэн биз дээ” гэхэд Майнбаяр “ би сая танай нөхөртэй тааралдаад таксинд суулгаж өгөхөөр явж байсан” гэсэн тайлбар хэлсэн.Ер нь******* гэх хүүхэн манай нөхөр Б.*******тэй гэр бүлээс гадуур харилцаа, холбоо тогтоогоод байсан юм. Би*******т өмнө нь энэ үйлдлээ таслан зогсоох талаар удаа дараа хэлж сануулж байсан юм. Сүүлд би тэр 2-г дахин хамт явж байхыг хараад уур хүрч Майнбаярын биед халдаж зодсон үйлдэл гаргасан. Би хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

 

            - Хохирогч Майнбаярын “Би ******* аймгийн ******* сумын 1-дүгээр багийн 60 айлын 4-дүгээр орц 46-тоот нөхөр 2 хүүхдийн хамт байдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед би гэрээсээ гараад Цэлмэг хотхонд айлд очих гээд явж байтал 24 айлын хойд талд эртний танил ******* гэх дүүтэй таарсан юм. ******* дүү архи уусан согтуу байсан тул би таксинд суулгаж явуулах гээд 4 дүгээр сургуулийн хашааны дотуур хамт явж байгаад “*******” зочид буудлын зүүн талын зам дээр такси барих гээд зогсож байтал *******ийн эхнэр Дамдинбазар зам дээр зогссон хар өнгийн машинаас бууж ирээд үгийн зөрүүгүй нөхөр *******тэйгээ хардаад намайг үсдээд замаар хойшоо чирээд харанхуй газарт оруулж “хутга бүлж ална, чи ямар учраас манай нөхөртэй хамт явж байдаг юм. Чиний нүүрийг би сэгчээд өгнө янхан, гичий минь” гэх мэтээр намайг доромжлон миний нүүрийг маажиж хамар, нүд, нүүр хэсэгт гараараа олон удаа цохиж зодсон. Мөн миний дээгүүр өмссөн бүх хувцсыг тайлаад шалдан намайг үсдэж газарт унгаж чирээд байсан. Тэр үед нь би Дамдинбазарт хандаж “хүүгээ дуудъя” гэсэн чинь миний утсыг авч шидэх гээд мөн дайраад байхаар нь “цагдаа дуудъя” гэж гуйж байгаад цагдаад дуудлага өгч гомдол гаргасан. Өөр болсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61/,

            - Иргэний нэхэмжлэгч н “...Уг хэрэгт манай байгууллагаас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон учраас уг хэрэгт оролцоход татгалзах зүйл байхгүй. Уг хэргийн хохирогч******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс хойш эмнэлгээс эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан тул уг хэргийн үйлдсэн буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулан авч тус даатгалын санд хийлгэмээр байна. Мөнгийг манай байгууллагын дугаартай дансанд хийх ёстой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

  • Яаралтай тусламжийн хуудас №5094 /х-28/

 

- ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээний хариу /хх-29/

 

-*******ын биед үүссэн шархны зураг, эмч Э.Дугарсүрэнгийн үзлэгийн тэмдэглэл /хх-30-32/

 

            - ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний 394 дугаартай “...Х.Майнбаярын биед тархи доргилт, хамрын ясны зөрөөтэй хугарал, дух, 2 шанаа, хүзүүнд олон тооны зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо..Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

            - Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр 29-ний өдрийн 2202400 дугаартай “......1 ширхэг гар цүнх, 1 ширхэг нүдний шилний зах зээлийн үнийг 217,500 /хоёр зуун долоон мянга таван зуун/ төгрөг байна гэх үзлээ...” гэх дүгнэлт /хх-ийн 39-47/,

 

-*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/

 

-*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа  /хх-67-69/

 

-*******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас 214000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан баримт зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 сарын 11-ний орой 21 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “*******” зочид буудлын эсрэг талын зам дээр гэр бүлийн асуудлаас*******ыг цохиж зодон  эрүүл мэндэд нь “ тархи доргилт, хамрын ясны зөрөөтэй хугарал, дух, 2 шанаа, хүзүүнд олон тооны зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч*******ын мэдүүлэг, Яаралтай тусламжийн хуудас, хохирогч*******ын биед үүссэн шархны зураг, эмчийн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн 394 дугаартай “...Х.Майнбаярын биед тархи доргилт, хамрын ясны зөрөөтэй хугарал, дух, 2 шанаа, хүзүүнд олон тооны зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо..Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч*******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 394 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч*******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч шүүгдэгч *******ын, хохирогч*******ыг зодсон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

5. Шүүгдэгч *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч*******ыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай хэмээн хуульчилжээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, тухайн хэрэг гэр бүлийн харилцаа, хардалт зэргээс шалтгаантайгаар үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 217.500 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

 

******* нь хохирогч*******ыг зодох явцдаа түүний гар цүнх, хувцсыг урж, нүдний шилийг хагалж эвдсэн хийгээд энэ эд хөрөнгийн хохирлыг Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2202400 дугаартай “......1 ширхэг гар цүнх, 1 ширхэг нүдний шилний зах зээлийн үнийг 217,500 /хоёр зуун долоон мянга таван зуун/ төгрөг байна гэх үзлээ...” гэх дүгнэлтээр тогтоогдсон, энэ дүгнэлтийн талаар тэдгээр нь маргаагүй байна. Иймд шүүгдэгч *******аас 217.500 төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгох үндэслэлтэй байна.

 

Мөн хохирогч******* нь шүүгдэгч *******ын учруулсан дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 305.000 төгрөгийг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч н “ Уг хэргийн хохирогч******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс хойш эмнэлгээс эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан тул уг хэргийн үйлдсэн буруутай этгээдээс тус мөнгийг гаргуулан авч тус даатгалын санд хийлгэмээр байна. Мөнгийг манай байгууллагын дугаартай дансанд хийх ёстой байгаа...” гэх мэдүүлэг,*******т холбогдох  ЭМДЕГ-ын цахим системийн лавлагаагаар нотлогдох тул шүүгдэгч *******аас 214000 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч******* нь “сорви арилгах эмчилгээ хийлгэх тул эмчилгээний зардал  нэхэмжилнэ ” гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгааг дурдъя.  

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Энх овогт Түвдэндоржийн Дамдинбазарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 217.500 төгрөг гаргуулж хохирогч*******т, 214.000 төгрөг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд тус тус олгосугай. 

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Майнбаяр нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН