Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ад холбогдох эрүүгийн 2219003260303 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ж.А

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.А нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг, Хөх цав гэх нэршилтэй газарт 03-71 ДГН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашин болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалтыг зөрчсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.М тээврийн хэрэгслийн цонхоор унаж нас барсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ж.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2012 онд авсан. 2012 оноос хойш жолоо барьж байгаа. Тухайн үед 3 ач хамт явсан. Хонь туулгаж хороонд дээр авчрах гээд явсан. Уг нь цонхнуудаа түгжээд явдаг. Тухайн өдөр цонх онгорхой байсан. Хамгаалах бүс хэрэглээгүй. Яг яасныг хэлж мэдэхгүй байна. Энэ явдалд их цочирдсон. Миний болгоомжгүйгээс болсон. Би урагшаа замаа харж явсан болохоор хүүхдүүд рүүгээ анхаарал тавиагүй, миний буруу гэсэн мэдүүлэг,

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний хүү С.М 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Би хүүгээ төрүүлснээс хойш Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, Хөх цав гэх газар хадам аав, ээж нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа. ...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хадам ээж А манай нөхрийн эзэмшлийн 03-71 ДГН улсын дугаартай приус 30 маркийн машинтай том охин 8 настай Ууганжаргал, ач хүү 6 настай Дэлгэрэх, ач хүү 2 нас 8 сартай М 3-г дагуулаад овоон дээр гарч хонь харчихаад ирнэ гээд явсан. ...Удалгүй хадам ээж А “М хүү машины цонхоо уначихлаа” гээд хүрээд ирсэн. Би бага охин Отгонжаргалыг аваад машинд суугаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын эмнэлэг рүү явсан. ...ухаан ороогүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсан гэсэн мэдүүлэг /хх 7, 12 ху/,

            -Насанд хүрээгүй гэрч С.Ууганжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэдэн цаг болж байсаныг мэдэхгүй өдөр нартай байхад эмээ, манай дүү Дэлгэрэх 6 настай, М 2 настай бид 4 худаг дээр машины угаачаад хонио харах гээд гэрийн хойно байдаг овоон дээр явж байсан. Эмээгийн машины ард далд манай 6 настай дүү Дэлгэрэх, 2 настай дүү М бид 3 явж байсан. Миний гэдэс өвдөөд байхаар нь арын суудал дээр хэвтээд явж байсан, манай 2 настай дүү М миний хөлний хажууд зогсоод цонхоор хараад явж байгаад гэнэт унаад өгсөн. Тэгээд эмээ дүү уначихлаа гэж хэлээд очоод дүүг авсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

           -Шинжээч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Амь хохирогч С.Мийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын зулай, чамархай, баруун, зүүн ухархайн ясны хугарал. Их бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт. Тархины эдийн няцрал. Хуйхны цус хуралт. Баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, хүзүүн цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Нас барсан шалтгаан нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогчид учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг /хх 83 ху/,

           -Яллагдагч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хөдөө гэртээ бэр У ач охин 8 настай Ууганжаргал, ач хүү 6 настай Дэлгэрэх, ач хүү 2 нас 8 сартай М, ач охин 10 сартай Отгонжаргал нарын хамт байж байгаад 16:00 цагийн орчимд ач охин 8 настай Ууганжаргал, ач хүү 6 настай Дэлгэрэх, ач хүү 2 нас 8 сартай М гурвыг дагуулаад том хүү Саруулбуянгийн эзэмшлийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хонио хархаар ертөнцийн зүгээр хойшоо 200-300 метрийн газарлуу овоон дээр машинтайгаа гарч хонио харчихаад буцаад бууж байтал манай ач охин 8 настай Ууганжаргал, ач хүү 6 настай Дэлгэрэх, ач хүү 2 нас 8 сартай М энэ 3 арын суудал дээр цонхоор хараад явж байсан чинь Ууганжаргал, Дэлгэрэх 2 эмээ дүү цонхоор уначихлаа гэж хэлэхээр нь машинаа эргүүлээд очтол М ухаагүй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ач хүүгээ аваад гэрийн үүдэнд очоод ээжийг нь аваад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын эмнэлэг рүү явсан. Даланжаргалан сумын эмнэлэг дээр 17:00 цагийн орчимд очоод байж байхад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгөөд тэгээд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Би жолоочийн B ангиллын үнэмлэхтэй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг х 16-17, 75 ху/,

          -Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/047 дугаартай дүгнэлтэнд :

         1.2.Амь хохирогч С.Мийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын зулай, чамархай, баруун, зүүн ухархайн ясны хугарал. Их бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт. Тархины эдийн няцрал. Хуйхны цус хуралт. Баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чих, хүзүүн цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт,

          3.4.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй,

          5.6.Амь хохирогч С.М нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэсэн дүгнэлт,

         - Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн магадлагаанд: 03-71 ДГН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашин болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн магадлагаа /хх 65-66 ху/,

          -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-29, 87 ху/

          -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-20 ху/,

          -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4, 84-87 ху/,

          -Өвчний түүх,  эмнэлгийн шинжилгээний баримтууд /хх 32-56 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 68-71, 74-75 ху/

          -Нас тоолсон тэмдэглэл /хх 78 ху/

          -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 84-86 ху/  зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Ж.А нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг, Хөх цав гэх нэршилтэй газарт 03-71 ДГН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8 “Суудлын автомашин болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.М тээврийн хэрэгслийн цонхоор унаж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Агийн өгсөн “...Тухайн үед 3 ач хамт явсан. Хонь туулгаж хороонд дээр авчрах гээд явсан. Уг нь цонхнуудаа түгжээд явдаг. Тухайн өдөр цонх онгорхой байсан. Хамгаалах бүс хэрэглээгүй. Яг яасныг хэлж мэдэхгүй байна. Энэ явдалд их цочирдсон. Миний болгоомжгүйгээс болсон гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Угийн өгсөн “...хадам ээж А манай нөхрийн эзэмшлийн приус 30 маркийн машинтай том охин 8 настай Ууганжаргал, ач хүү 6 настай Дэлгэрэх, ач хүү 2 нас 8 сартай М 3-г дагуулаад овоон дээр гарч хонь харчихаад ирнэ гээд явсан... Удалгүй хадам ээж А М хүү машины цонхоо уначихлаа гээд хүрээд ирсэн. Миний хүү ухаан ороогүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсан” гэсэн, насанд хүрээгүй гэрч С.Ууганжаргалын ...М миний хөлний хажууд зогсоод цонхоор хараад явж байгаад гэнэт унаад өгсөн тэгээд эмээ дүү уначихлаа гэж хэлээд очоод дүүг авсан” гэсэн, шинжээч У.Энхмаагийн “Гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна” гэсэн мэдүүлгүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/047 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, өвчний түүх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ж.Агийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

         Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.А жолоодож явсан бөгөөд тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

         Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

         Прокуророос шүүгдэгч  Ж.Агийн үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжээр нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

  Шүүгдэгч Ж.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Иймд шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаас хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,  энэ хугацаанд  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

          Энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

          Гэмт хэргийн улмаас С.Мийн амь нас хохирч хүнд хор уршиг учирсан хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн болох нь хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэрэгт хураан авсан шүүгдэгч Ж.Агийн 730365 дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаас хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт хураан авсан шүүгдэгч Ж.Агийн 730365 дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА