Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч А.О,

         шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Уд холбогдох эрүүгийн 2219000000306 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт:О.У

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.У нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 329-51 тоотод хохирогч А.Отай “нөхөртэй явалдсан” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодолдон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч О.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уг үйл явдал болсон. Цахим орчинд буюу Дорноговь Сайншанд зар фэйсбүүк дээр Ог миний нөхөртэй явалдсан гэж тавьсан. Үүнээс 2 цагийн дараа О манайд ирсэн. О намайг яаж байгаа юм бэ гэхэд нь би гарч ярилцъя гээд түлхсэн. Тэр үед хүүхдүүд орилолдсон. Бид 2 бие биеэ багалзуурдсан. Тэгээд би цагдаа дуудсан. О нь би үхээд өгье гээд хувцсаа тайлаад гал тогооны өрөөнөөс хутга авсан. Гараа зүсэх үйлдэл хийсэн боловч хутга иргүй байсан тул зүсэгдээгүй. Тэр үед энэ үйлдлийг нь таслан зогсоох гээд зүүн гарын булчинд нь хазаж, толгойнд нь цохисон. Цагдаагийн газар дээр очоод буцаад явж байхдаа О нь танай нөхөртэй унтсан гэхээр нь би биеэ барьж чадаагүй цохисон. Хохирогчид учирсан гэмтэл миний үйлдлээс болсон, хүлээн зөвшөөрнө. Урьд нь О нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт орж ирээд бандаашаа гаргаж манай нөхөрт харуулаад ямар гоё бөгстэй юм гэх зэргээр ааш зан гаргаж байсан. Шөнө орой ч гэлгүй манай нөхөр рүү залгадаг байсан. Тэгээд би нөхрөө хардах болсон. Ер нь нөхрийн зан ааш маш их өөрчлөгдөж надад гар хүрч байсан. Манай нөхөр ч гэсэн унтсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эм тарианы мөнгө 37.000 төгрөгийг шилжүүлсэн. 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэнэг хүний үйлдлээс болж ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч А.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь Сайншандын фэйсбүүк дээр миний нэр төрд халдсан байсан. Энэ үйл явдал урт хугацаанд үргэлжилж байна. Намайг нөхөртэйгөө хардаад байсан. Над руу утсаар залгаж элдвээр хэлдэг байсан. Хардах шалтгаан нь би Угийн нөхөртэй нь хамт ажилладаг, 24 цагаар гардаг. Ажилдаа ирэх, явах бүх үед л хамт байдаг байсан. Үүнээс л болсон. Би буруу хэрэг хийгээгүй. Урьд нь өөрийнхөө  стори дээр миний зураг, нөхрийнхөө зургийг тавьсан. Энэ үед нь би юм хэлээгүй. Тэгээд Сайншандын зар дээр тавьсан байхаар нь би учрыг нь олохоор ирсэн. Зодуулна гэдгээ мэдээ ч үгүй ирсэн, намайг зодсон. Намайг хазаж, багалзуурдсан, шанаадсан, алгадсан, үсдэж, толгой руу гараа зангидаж байгаад цохисон. 2022 оны 04 дүгээр сард байх манай ажлынхан караокед ороод дуулж бүжиглээд, архи уусан. Би Уын машинд суугаад явснаа санаж байгаа. Гэр рүү орсноо санаж байна. Тэгээд өглөө сэрсэн. Тэрнээс хойш У над руу машинд болсон бичлэг байгаа шүү гэхээр нь би нөхөртэй нь унтсан юм байна гэж боддог болсон. Одоо толгой өвдөөд байгаа, компьютер томографт харуулна. Тухайн үед би дусал, эм тариа хийлгэсэн. Эм тарианы мөнгө 37.000 төгрөгийг өгсөн. Энэ асуудлаас болж нааш цааш явсан унааны зардал, мөн миний нэр хүндэд халдсан, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг нэхэмжилсэн гэсэн мэдүүлэг,

            -Гэрч О.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Отай би 2022 оны 03 дугаар сарын эхээс эхлэн 2022 оны 04 дүгээр сар гартал хамт Дорноговь аймгийн Зүүнбаян төмөр замд туслахаар хамт ажиллаж байсан. О гэх хүнтэй гэр бүлийн гадуурх харилцаа байхгүй. Тухайн үед эхнэр болох У нь харддаг байсан гэсэн мэдүүлэг /хх 48 ху/,

          -Яллагдагч О.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15:00 цагийн орчимд фэйсбүүк цахим орчинд О болон нөхөр Уын зургийг Дорноговь зар дээр нийтэлсэн. Би цахим орчимд зураг нийтэлсний 2 цагийн дараа 17:00 цагийн орчимд гэртээ байж байхад О манай гэрт орж ирсэн. О манай гэрт орж ирээд өндөр дуугаар яаж байгаа юм бэ намайг цахим орчинд тавьдаг нь гэж хэлээд манай 2 хүүхдийг айлгахаар нь би чи манай гэрээс гараад байж бай гэж хэлээд би цээж рүү нь түлхсэн чинь намайг зөрүүлээд түлхсэн. Би тэгэхээр баруун гараараа хүзүүг нь боосон чинь намайг зөрүүлээд баруун гараараа багалзуурдахаар нь би гараа аваад тавьсан чинь гэнэт өмсөж явсан хувцсаа тайлаад намайг үхүүлэхийг хүсээд байна уу гэж хэлээд гал тогооны өрөөний халбага сэрээний тавиур дээр байсан хутга аваад өөрийнхөө зүүн гарыг зүсэх гэж оролдсон. Би тэгээд хутгыг нь аваад болиулах гэж байгаад баруун гараараа зүүн хацар хэсэгт нь 1 удаа алгадаад тэврэх гэсэн чинь миний цээж рүү түлхэхээр нь би зүүн гарын булчингийн хэсэгт нь 1 удаа хазаад чи одоо болилдоо гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 8-9, 41-42 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02/0456 дугаартай дүгнэлтэнд: 

          1.А.Огийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай, зүүн шанаа, эрүүний доод хэсэгт, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5.Учирсан гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт х 11-12 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 14-16 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21 ху/

          - Гэрэл зураг, цахим  орчинд тавигдсэн зураг, мессеж /хх 22-23, 24-32 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-37, 40-42 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч О.У нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 329-51 тоотод хохирогч А.Отай “нөхөртэй явалдсан” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодолдон түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай, зүүн шанаа, эрүүний доод хэсэгт, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Угийн...2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уг үйл явдал болсон. Цахим орчинд буюу Дорноговь Сайншанд зар фэйсбүүк дээр Ог миний нөхөртэй явалдсан гэж тавьсан. Үүнээс 2 цагийн дараа О манайд ирсэн. О намайг яаж байгаа юм бэ гэхэд нь би гарч ярилцъя гээд түлхсэн. Тэр үед хүүхдүүд орилолдсон. Бид 2 бие биеэ багалзуурдсан. Тэгээд би цагдаа дуудсан. О нь би үхээд өгье гээд хувцсаа тайлаад гал тогооны өрөөнөөс хутга авсан. Гараа зүсэх үйлдэл хийсэн боловч хутга иргүй байсан тул зүсэгдээгүй. Тэр үед энэ үйлдлийг нь таслан зогсоох гээд зүүн гарын булчинд нь хазаж, толгойнд нь цохисон. Цагдаагийн газар дээр очоод буцаад явж байхдаа О нь танай нөхөртэй унтсан гэхээр нь би биеэ барьж чадаагүй цохисон. Хохирогчид учирсан гэмтэл миний үйлдлээс болсон, хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч А.Огийн “...Угийн гэрийн хаалгыг тогшоод ортол У уг дуугүй миний өөдөөс чи манай гэрээс зайл гэж хэлээд миний хүзүүг боогоод намайг хананд шахаж байгаад бузрын амьтан минь манай гэрээс зайл гэж хэлээд зүүн гараараа миний хүзүүг боож байгаад баруун гартаа гар утсаа барьж байгаад миний толгойны зүүн хэсэгт 3 удаа цохиод, аль сайн санахгүй байна миний гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Уг цааш нь түлхээд ширээн дээрээс нь хутга аваад над руу ойртуул би өөрийгөө зүснэ шүү би зүгээр тантай ярилцах гэж ирсэн шүү дээ гэж хэлээд хутгаа ширээн дээр нь тавьсан чинь намайг баруун, зүүн гараараа миний зүүн, баруун хацар руу 1, 1 удаа алгадсан. ...У баруун гараа зангидаж байгаад миний баруун хацар руу 1 удаа цохиод, намайг үстэж байгаад зүүн шанаа руу баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохисон, үргэлжлүүлээд миний 2 хацар, толгой руу ээлжлээд цохиж байснаа бузрын янхан минь дахиж надад битгий гай бол чамаас болоод миний 2 хүүхэд аавгүй би нөхөргүй болсон, чи үхэж гай болов чи үхэх юм бол миний 2 хүүхэд асрамжийн газар би шоронд орно шүү гэж хэлээд гэр рүүгээ ороод явсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.Уын “...Отай би 2022 оны 03 дугаар сарын эхээс эхлэн 2022 оны 04 дүгээр сар гартал хамт Дорноговь аймгийн Зүүнбаян төмөр замд туслахаар хамт ажиллаж байсан. О гэх хүнтэй гэр бүлийн гадуурх харилцаа байхгүй. Тухайн үед эхнэр болох У нь харддаг байсан” гэсэн /хх 48 ху/  мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай, зүүн шанаа, эрүүний доод хэсэгт, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, цээжний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0456  дугаартай дүгнэлт, гэрэл зураг, цахим  орчинд тавигдсэн зураг, мессеж /хх 22-23, 24-32 ху/, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдож байна.

 Шүүгдэгч О.Угийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

         Шүүгдэгч О.Уд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

           Торгох ялыг шүүгдэгчийн орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

          Гэмт хэргийн улмаас хохирогч А.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “нааш цааш явсан зардал болон сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэжээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь эмчилгээний зардал 37.000 төгрөгийг нотлох баримтын дагуу /хх13 ху/  төлж барагдуулсан байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч О.У нь хохирогчийн зураг болон мэдээллийг /”Дорноговь Сайншанд зар” фейсбүүк/ цахим орчинд тавьж, энэ мэдээлэл нь тодорхой хүрээнд тарсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Од олгож, үлдэх 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь замын зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.         

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч А.О нь замын зардалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Угаас 500.000 /таван зуу мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймаг, Сайншанд сум, ТЗ-ын 1-р байр 11 тоот А.О /РД:СЖ96081109/-д олгож, үлдэх 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч А.О нь замын зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА