Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 920

 

 

 

 

 

 

 

 2019          09           12                                            2019/ДШМ/920                          

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

            хохирогч Г.С-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох 180303009230042 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-н Б, Улаанбаатар хотод 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол банкинд шинжээч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 12 дугаар байрны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

 

Б.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хэрлэн плаза” төвийн урд талын замд “Тоёота ланд крузер” загварын 76-95 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7 дугаар бүлгийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.С-гийн энэ хэрэгт холбогдуулан нэхэмжилсэн 5,887,861 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.С- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б- би 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд “...хэргийг хянан үзэх, шийдвэрлэх бүх шатанд миний эрхийг хязгаарласан, хэрэг бүртгэлийн явцад процессын алдаа их байгаа тул эргэлзээг минь тайлж гэм буруугийн асуудлыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсч байна...” гэсэн хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын баталсан журмын холбогдох заалтуудыг зөрчин намайг ялласан гэж үзэн, мөн өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 616 тоот тогтоолын холбогдох заалтуудтай санал нийлэхгүй байна. Шүүх хуралдааны үеэр хуралдааны дэг сахидаггүй хохирогч Г.С- болон хохирогчийн нөхөр Б.Одсүрэн нар нь хоорондоо ярилцаж, оролцогчдыг үг хэлж байхад үгийг нь олон удаа тасалж, сарниулсан байдалтай байсныг шууд таслан зогсоогоогүй, миний зүгээс шинжээч эмчид асуулт тавих эрхийг хязгаарласан, шинжээч эмч дүгнэлтийнхээ үнэн зөвийг өөрөө бүрэн хариуцахгүйгээр хариултынхаа үгийг прокуророор заалгаж хариулсан, мөн миний зүгээс хохирогчид асуулт тавих эрхийг хязгаарлаж, харин түүнээс надад асуулт тавихыг зөвшөөрсөн, шүүх хуралдааны тэмдэглэл дуу-дүрсний бичлэгээсээ зөрүүтэйгээр барахгүй зарим ач холбогдол бүхий асуулт, хариулт, ярианы бичлэгүүд шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй, прокуророос өгсөн ялын дүгнэлт үгүйсгэгдээгүй, нотолбол зохих асуудлууд эргэлзээгүйгээр нотлогдоогүй байна.

Хохирогч гэх Г.С- нь хэрэг үүсэх үеэс эхлэн хууль хяналтын байгууллагыг хууран мэхлэх, хууль хяналтын болон эмнэлгийн байгууллагын ажилтануудтай нь хуйвалдах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнд:

  1. Г.С- нь хууль хяналтын байгууллагын мөрдөгчид А цэгийг анх санаатайгаар худал мэдүүлж, тогтоолгосон.
  2. Албан ёсны орчуулгын төвөөр “... ослын хүчтэй доргилтын улмаас шулуун гэдэс цуурч, Хятад улсын Бээжин Дунда эмнэлэгт хагалгаанд орсон...” гэх орчуулгыг худал хийлгэж хавтаст хэрэгт өгсөн.
  3. Хавтас хэрэг үдэгдээгүй байхад бүх түвшинд хавтаст хэрэгтэй танилцах хууль зөрчин дархан эрхийг эдэлж байсан. Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллага түүний талд ажилласан.
  4. Хэргээс баримт, материалыг хуулбарлан авч, миний ажилладаг албан байгууллагад худал, үндэслэлгүй өргөдөл гомдол гарган өгч, миний үндсэн хуулиар хамгаалагдсан нэр хүндэд ноцтойгоор халдсан.
  5. Хавтаст хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болоод 2 талд танилцуулагдсаны дараа прокурор нь хохирогчоос хохирлын баримтыг нөхөж аваад надад танилцуулахгүйгээр ялын дүгнэлтэндээ “Б.Б- хохирлыг төлөөгүй” гэсэн дүгнэлт гаргасан нь намайг зориуд гутаах үйлдэл болсон.
  6. Г.С- нь анхны шинжээчийн 2 дүгнэлтийг /шүүх эмнэлгийн болон техникийн/ нотлох баримтгүйгээр нурууны зураггүйгээр болон камерын бичлэггүйгээр гаргуулсан.
  7. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт бие даасан байдалтай гараагүй. Үүнд шинжээч анхны дүгнэлтийг үндэслэн тайлбарыг өгсөн, шинжээчид өөр хоорондоо илт зөрүүтэйгээр мэдүүлэг өгсөн.
  8. Прокурор нь Улсын ерөнхий прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А36 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах тухай журам”-ын дагуу “... шинжилгээний объектыг хавтаст хэргээс битүүмжлэн нууцлалтайгаар хүргүүлнэ.” гэснийг ноцтойгоор зөрчиж хохирогчоор өөрөөр нь хүргүүлсэн.
  9. Г.С- нь анх өвчний нэр, төрсөн он, сар, өдөр, нас, хүйс гэх мэт мэдээлэл байхгүй рентген зургийг шинжилгээний объект болгон хавтаст хэрэгт хавсаргасан. Хэрэг болсон өдрөөс хойш хамт эмнэлэг явж MRI эсхүл CT шинжилгээ хийлгэж оношоо тодруулаад шаардлагатай бол эмчлүүлээд өгье гэсэн миний одоог хүртэлх 14 удаагийн хүсэлтээс татгалзаад өөрөө янз бүрийн рентген зураг өгөөд яваад байгаа нь “Хуурамч зургаар дүгнэлт гаргуулж байна” гэснийг улам баталж байна.
  10. Шүүх хуралдааны тэмдэглэл дуу-дүрсний бичлэгээсээ зөрүүтэйгээр барахгүй ач холбогдол бүхий асуулт, хариулт, ярианы бичлэгүүд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэхээр байна.
  11. Миний бие хохирогчийн өгсөн сээр нурууны 12 дугаар нугаламын хугаралтай гэх рентген зурагт огт итгэхгүй байна. Учир нь хүнлэг чанарын үүднээс миний гаргасан эмнэлэгт үзүүлээд өгье, эмчлүүлээд өгье гэсэн 14 удаагийн хүсэлтийг хүлээж авахгүйгээр цаагуураа худал баримт үйлдэн мэдүүлэг өгч байсан байна. Г.С- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...нуруу сэдэрсэн эмчлүүлнэ, нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан нь энэ хүн цаашид шуналын сэтгэлээр хууль хяналтын байгууллагын ажилтануудыг хууран мэхлэх, эсхүл тэднийг болон эмнэлэгийн байгууллагын ажилтануудыг өөрийн талдаа ажиллуулах замаар ямар ч хуурамч баримт материалыг дахин гаргаж ирэх магадлалтай гэсэн айдас төрж байна.

            Г.С- нь хавтаст хэрэг үдэгдэх хүртэлх хугацаанд сээр нурууны 12 дугаар нугаламын хугаралын талаарх нэг ч үнэн зөв материалыг гаргаж өгөөгүй, анхан шатны шүүхийн тогтоолд “... Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-д шинжээчийн дүгнэлтээр “сээрний 12 дугаар нугаламын хугарал” гэмтэл учирсан бөгөөд хохирогч Г.С-гийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд болох Хөх хот болон Бээжин хотын Дунда эмнэлэгт эмчлүүлсэн гэх баримтуудаас харахад тэрээр сээрний 12 дугаар нугаламын хугарал гэмтлийг эмчлүүлээгүй, харин шулуун гэдэсний эмчилгээ хийлгэсэн, өөрөөр хэлбэл хохирогч Г.С- нь шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлээгүй байна” гэсэн үндэслэлтэй юм.

            Иймд миний бие хохирогч гэх Г.С-гийн хамт явж сээр нурууны хугарлын талаарх оношийг дахин шинжилгээ хийлгэх замаар үнэн зөв, бодитойгоор тогтоох, шаардлагатай бол эмчлүүлэх боломжийг олгохоор уг хэргийг прокурорт буцааж, дахин хянаж үзэх талаар хүсэлт гаргаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

            1. Прокурор нь Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А36 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах тухай журам”-ын “... шинжилгээний объектыг хавтаст хэргээс битүүмжлэн нууцлалтайгаар хүргүүлнэ” гэснийг ноцтойгоор зөрчиж хавтаст хэрэгт тэмдэглэл үйлдэж авалгүйгээр хохирогчоор өөрөөр нь хүргүүлсэн нь “Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйл, 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг зөрчиж байна.

            Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтгүйгээр, хүний амаар гаргаж гэм бурууг тогтоож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэрэгт авагдаагүй гарсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтад тооцохгүй байхыг хүсье.

            2. Мөрдөгч нь хохирогчийг эмнэлэгт үзүүлэх тухай миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах ёстой байсан.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлйин 6 дахь хэсгийн 6.14 дүгээр заалтад заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэрэг зөрчил байна.

            3. Шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу-дүрсний бичлэгээсээ зөрүүтэйгээр барахгүй ач холбогдол бүхий асуулт, хариулт, яриа нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг ноцтойгоор зөрчсөнд тооцохоор байна.

            4.Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буцаах тухай яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах эсэхийг хэлэлцэхгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг зөрчсөн байна.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийн сэдэлт, зорилго, хор уршигийн хэмжээ, шалтгаан нөхцөл байдлыг тогтоох ёстой талаар заасан байтал прокурор, анхан шатны шүүх нь гэмт хэргийн шалтгаан нөхцлийг авч үзэхгүйгээр хэргийг шийдсэн. Гэтэл хохирогч гэх Г.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-г биелүүлээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч түүнд хариуцлага огт тооцоогүй. Г.С- нь нөхөртөө зогсоол авахаар тээврийн хэрэгсэл зорчих хэсэг дээр явж байгаад миний машины урдуур гэнэт орж ирсэн үйлдлээс болоод уг хэрэг гарах шатгаан болсон байтал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл нь юу вэ гэдгийг авч үзэлгүй хэт нэг талыг барьж, зөвхөн миний бие энэ үйлдлийг хийсэн мэтээр эрүүгийн хариуцлагыг надад хүлээлгэж байгаа байдал харагдаж байна. Иймд Г.С-гийн тээврийн хэрэгсэл зорчих зам дээр явж байсан үйлдэл болон миний үйлдэл хоёрын шалтгаан нөхцлийг зөв тодорхойлох шаардлагатай юм гэж үзэж байна.

            Нотлох баримт хангалтгүй, шинжээчид нөхцөл байдлыг өөр өөр тайлбарлаж байгаа. Г.С- нь худал мэдүүлэг өгсөн, хуурамч баримт, материалыг хууль, хяналтын байгууллагад өгсөн, сээр нурууны хугаралын талаарх шинжилгээг MRI буюу CT зураг авахуулах хамт явж хийлгэхээс татгалзсан зэрэг эргэлзээнүүд байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу эргэлзээг тайлах үүднээс мөн хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасны дагуу хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж өгнө үү, бүх тайлбарыг гомдолд хавсралтаар хавсаргасан” гэв.

 

            Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тогтоолд “... Шүүгдэгч Б.Б- нь ... хохирогч Г.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дор дурдсан хохирогч С-, гэрч Оюундарь, шинжээч эмч Сарангэрэл, Золжаргал нарын мэдүүлэг ... зэргээр нотлогдон тогтоогдсон” талаар дурджээ. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй. Харин ч үгүйсгэгдсэн гэж үзэж байна. Гэрч Оюундарь анх хохирогчийг гэмтлийн эмнэлэгт ирэхэд үзсэн эмч бөгөөд тэрээр үзлэгийн тэмдэглэлээр 12 дугаар нугалам гэмтсэн байх магадлалтай гэж сэжиглэж байна /орос хэл дээр/ гэж бичсэн. Ганцхан үзлэгийн хуудас бичсэн байдаг. Харин гэрчээр мэдүүлэг өгөхдөө ямар баримтад үндэслэж нурууны хугарал гэж үзсэн талаараа дурдаагүй. Мөн тухайн үед түүний өвчний оношийг тавьсан эмнэлгийн бүртгэл буюу Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Цахим сангийн архивын лавлагаанд С- нь онош-хэвлий зоо нуруу ба аарцгийн өнгөц гэмтэл” гэж тэмдэглэгдсэн байна ...” /хх-ийн 189/ Үүнээс харахад Г.С- нь нурууны хугаралтай талаархи бүртгэл ГССҮТ-д байхгүй байгаа нь тодорхой байна.

            Гэтэл хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш ГССҮТөвөөс ирүүлсэн лавлагаанд дээрх эмчийн онош болон цахим бүртгэл нь ижил байх ёстой гэсэн байдаг. Иймд дээрхи 2 баримтын аль нь нотолгооны хувьд ач холбогдолтой, аль нь үнэн зөв болохыг тогтоох ёстой байсан.

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт 2018 оны 10 дугаар сарын 13-ны болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сээр болон бүсэлхий нурууны рентген /СD 1 ширхэг, зураг 1ш/ гэжээ. Хэргийн материалд 2 ширхэг фото зураг /хх-ийн 53/ байдаг. Энэ зураг хэний зураг болох овог, нэр, нас хүйс, хаана авхуулсан талаарх баримт байхгүй. Шинжилгээний объектыг хяналтын прокурор Ж.Энхжаргалын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 96 тоот тогтоолоор “... Шинжээч нарын мэдэлд Эрүүгийн 180300923 дугаартай хэргийн материалаас хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой 41 хуудас, СD 1 ширхэг баримтуудыг шилжүүлсүгэй” гэж зааж /хх-ийн 72/, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн байхад 2018 оны 12 сарын 12-ны өдрийн гэх рентген зургийг хаана, хэн авхуулсан бэ, хэний шийдвэрээр шинжээч эмч рүү хүргүүлсэн нь тодорхойгүй.

Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа 1 ширхэг зураг, 1 ширхэг СD ашигласан байна. Хэрэгт хохирогчийн нурууны гэмтэлтэй холбоотой CD байхгүй, шинжилгээ хийлгэх үед прокурорын шүүхийн шинжилгээний байгууллага руу CD илгээсэн боловч доторх бичлэг нь хэргийн газрын бичлэг гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Прокурор ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шинжилгээ хийлгэхдээ хаанаас хэний өгсөн CD ашигласан нь тодорхойгүй байна.

Шинжээч эмч нар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч өнөөдрийг хүртэл MRI, КТГ зураг авахуулахгүй гэж зугтаадаг. Хохирогч яг хэзээ рентген зураг авхуулсан, ямар зураг байгаа, аль эмнэлэгт авхуулсан гэх талаар хэргийн материалд нэг ч баримт байхгүй, дүрс оношилгооны эмчид хохирогч өгсөн гэх зураг, уншуулсан гэх CD-ийг мөрдөгч, прокурор нотлох баримтаар тооцож үзлэг хийсэн, хүлээн авсан тэмдэглэл баримт байхгүй байхад хаанаас хэний өгсөн, дотор нь ямар бичлэг байгаа CD-г ашиглаад байгаа нь тодорхойгүй. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний обьектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ” гэх заалт, мөн Улсын ерөнхий прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А36 дугаар тушаалаар батлагдсан “Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах тухай” журмыг зөрчсөн.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч миний шүүх хуралдаанд хэлсэн өмгөөллийн үгийн хамгийн ач холбогдолтой, прокурорын зөрчлийг нэрлэж заасан, процессын ноцтой зөрчлийг хэлсэн, хэргийг прокурорт буцаах тухай үндэслэл бүхий хүсэлтийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хангаагүй, хүсэлтүүдийг нь шийдвэрлээгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаарх үндэслэлээ хэлсэн...

Иймд Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана”, 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэх ... зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.”, 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан” зэрэг зөрчлүүд, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шийдвэр гаргахдаа мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасныг зөрчсөн тул уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Г.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би зогсоол байгааг хараад нөхрөө оруулах гээд зогсож байхад энэ хүн ямар ч дуу, дохио өгөлгүйгээр намайг мөргөсөн. Шуурхай бүрэлдэхүүн ирээд намайг “Гэмтэл орж үзүүл” гээд явуулсан. Одоо намайг Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээгүй гэдэг. Энх-Амгалан гэх уг хэргийг шалгаж байсан байцаагч 6 сар уг хэргийг дарсан. Гэмтлийн эмнэлгийн эмчээс мэдүүлэг аваагүй. Би өөрөө биеэ эмчлүүлээд, хөл дээрээ босоод Энх-Амгалан дээр очоод уулзахад хэргийг явуулаагүй байсан. Би уг хэрэг хүнийг санаатай мөргөсөн асуудал байгаа гээд дарга дээр нь орж хэлэхэд 14 хоногийн дотор шийдвэрлээд явуулсан. Анх намайг үзсэн эмч маань жирэмсний амралтаа аваад явчихсан байсан. Үүнийг нь ашиглаад шүүгдэгч Б.Б- нь Энх-Амгалан байцаагчтай ярьж тохироод хэргийг дарсан байдаг. Миний хувьд уг хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлээр зүйлчлэгдэх хэрэг биш. Манай нөхөр тухайн үед харсанаа хэлэхдээ “шүүгдэгч машинтайгаа миний ард зогсоод байсан. Намайг ирж байгааг хараад шууд чамайг мөргөсөн” гэж хэлдэг. Хүний амь нас, эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан хэрэг учраас зам тээврийн осол гэх зүйл ангиар зүйлчлэгдэхгүй. Зүйл ангийг өөрчлүүлэх саналтай байна. Зүйлчлэл хөнгөн байна гэж үзэж байна. Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө авмаар байна. Миний бие өмнө нь эмчилгээ хийлгээд эдгэрсэн байсан. Энэ хүн надад маш их чирэгдэл учруулсан” гэв.

 

Хохирогч Г.С-гийн өмгөөлөгч О.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Уг хэрэг маш их маргаантай. Шүүгдэгч Б.Б- хэлэхдээ “миний үзүүл гэсэн эмчид үзүүлээгүй. Би олон удаа гуйсан” гэдэг. Уг хэрэгт шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт гарахдаа ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Хохирогчийн өвчний онош нь хавтас хэрэгт байгаа баримтуудаар оношлогдох боломжтой. Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хохирогчийн худлаа ярьдаг гэж үндэслэлгүй зүйл хэлж байна. Шүүгдэгчийн хувийн байдал гэдгийг ойлгохдоо зөвхөн ажил төрөл, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэдгээр хязгаарлагдахгүйгээр уг хүний сэтгэл, хүн чанар байдаг бол уу гэж боддог. Уг хэргийн улмаас өнөөдөр энэ хүн хохирсон. Анхан шатны шүүхээс нэг ч төгрөг гаргуулаагүй. Яагаад гэвэл уг хэргээс болж гэмтсэн гэж үзээгүй. Хохирогчид учирсан гэмтэл уг ослоос болж хуучин өвчин нь сэдэрсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээдэггүй. Маш их гомдол гаргасан. Фэйсбүүкээр хохирогчийг элдвээр доромжилсон үйлдэл байдаг. Хэрэгт энэ талаарх баримтуудыг хавсаргасан байгаа. Гэтэл шүүгдэгч гэм  буруу дээрээ маргаад байдаг. Маргах эрх нь байдаг л байх. Миний үйлчлүүлэгч хуулинд байх хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна гэдэг дээр маш их сэтгэл зовж байгаа. Анхан шатны шүүх хурал шүүгдэгчээс болж маш олон удаа хойшилж байсан. Өмгөөлөгч сольсон, хэргийн материалтай танилцана гэдэг. Хохирогчийн сэтгэл зүйд маш их өөрчлөлт орсон” гэв. 

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд авагдсан бүх нотлох баримтууд хэрэгт байгаа. Хоёр талаас хэрэгт хавсаргуулахаар өгсөн баримтуудыг хавсаргасан. Хуулийн дагуу хүсэлт гаргасны дагуу дахин шинжээч томилж шинжилгээнүүдийг хийлгэсэн. Ямар нэг байдлаар нэг талыг барьж ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал байхгүй. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлсэн цаг хугацааг тогтоосон. Анхны үзлэг хийсэн эмчийг байцаасан, үзлэгийн хуудсыг эх хувиар нь авч хэрэгт хавсаргасан. Сүүлд нь рентген зураг авахуулсан. Ийм нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон. Рентген зураг дээр шүүгдэгч маргадаг. Шүүгдэгч би рентген зургийг авхуулахад хажууд нь байгаагүй. Ийм бага хэмжээгээр мөргөхөд ийм хэмжээний гэмтэл учрахгүй гэдэг байдлаар ханддаг. Гэтэл шинжээч эмч нар рентген зургийг хараад 12 дугаар нугаламын шахагдсан хугарал. Энэ нь хойшоо савах, гэдийх, цохих доргилтонд үүсэх боломжтой гэмтэл гэж тодорхойлсон. Дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шүүх хуралд дахин шинжилгээ хийхэд оролцсон шинжээч эмчийг оролцуулж шийдвэрлэсэн. Гэмтэлтэй холбоотой шалгалтын ажиллагааг хангалттай хийсэн. Гэтэл “дахин рентген зураг авхуулж байж, итгэнэ” гээд итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд хүсэлт гомдлуудыг удаа дараа гаргасан. Хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэж байна. Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан шийдвэр, тогтоолууд байна. Үүнд компьютер томографик, MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг шалгасны эцэст үүнийг шийдвэрлэх гэсэн байдаг. Гэтэл дахин шинжилгээ хийлгэхэд оролцсон 3 эмчээс дүгнэлтийнх нь талаар мэдүүлэг авахад шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар бид оролцоно гээд хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг нь хангаад өөрсдийг нь оролцуулаад шинжээчээс мэдүүлгийг авсан. Хохирогчийн өвчнийх нь явц эдгэрэлтийг харахын тулд дахин рентген зураг авах шаардлагатай гэхээс биш оношийг тогтооход дахин шинжилгээ хийлгээд байх шаардлага байхгүй байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Хохирогч өөрөө өвчнийхөө явц байдлыг харуулах шаардлагагүй гээд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингэхээр хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэдэг асуудал яригдахгүй гэж үзэж байна. Өөрсдийнх нь хүсэлтээр шинжээчдээс мэдүүлэг авахад шүүгдэгчийг оролцуулсан. Анхны удаа дахин шинжилгээ хийлгэхэд шүүх шинжилгээний эмч, шүүх шинжилгээний хүрээлэн болоод тээврийн цагдаагийн албаны шинжээч нарт 1 ширхэг СD хүргүүлсэн гэж бичээд байдаг. Энэ СD бол шүүгдэгч талаас хүсэлт гаргасны дагуу тухайн осол болсон нөхцөл байдлыг харуулаад “ийм хэмжээгээр мөргөхөд ийм гэмтэл учрах уу” гэж харуулж дүгнэлт гаргуулж өгөөч гэж хүссэний дагуу ослын бичлэгийг хүргүүлсэн байдаг. Үүнийг нотлох баримтаар хурааж аваад бэхжүүлсэн. СD хүргэгдсэн талаар тогтоолд дурдагдаад СD-ийг үзсэн үү гэдэг дээр бүх шинжээчээс мэдүүлэг авчихсан. СD-ний талаар маргалдаад эргэлзээд байх зүйл байхгүй. Хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн шалгагдаж тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн 2 дугаар шүүмжинд шүүгдэгчийн өмгөөлөгч нар торгох ялыг 500 нэгжээр тогтоож өгнө үү, гэм буруутай байдал нь тогтоогдсон гэдэг саналыг 3 өмгөөлөгч нь гаргасан байдаг. Ингэхээр ялыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон гэж ойлгогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэл зүйн байдлаас болоод санаатай гэмт хэрэг, зүйлчлэл хөнгөдсөн гэж ярьж байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй” гэв. 

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хэрлэн плаза” төвийн урд талын замд “Тоёота ланд крузер” загварын 76-95 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 7 дугаар бүлгийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.С-гийн “... Хэрлэн плаза төвийн урд талын зогсоол дээр нэг зогсоол олоод нөхрөө дохиж дуудаад буруу хараад зогсож байтал гэнэт миний өгзөг хэсэг рүү маш хүчтэй мөргөсөн. Би эргээд харахад Т.Ландкруйзер маркийн автомашин байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 44-45/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч зураглал /1-р хх 12-17/, зам тээврийн осол, хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 18-24/,

хохирогч Г.С-гийн биед сээрний 12 дугаар нугалмын хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12618, №2 тоот дүгнэлтүүд /1-р хх 64, 88/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас /1-р хх 48, 189/,

“... Т.Ландкруйзер-100 маркийн 76-95 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7 дугаар бүлгийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсний зөрчсөн ...” гэх шинжээчийн 858 тоот дүгнэлт /1-р хх 97-99/,

Б.Б-гийн жолоодож явсан автомашин хөдөлгөөн эхлэхдээ урдаа зогсож байсан явган зорчигчийг мөргөж байгаа байдлыг харуулсан камерын бичлэг /1-р хх 37, хэрэгт хавсаргасан эд мөрийн баримт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

Б.Б- нь автомашин жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргийн дагуу зам орчны байдлыг биеэр шалгаагүйн улмаас автомашины урд зогсож байсан явган зорчигчийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй байна.  

 

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Б-гийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзлээ.

 

2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 30 минутад хохирогч Г.С- нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзүүлэхдээ рентген зураг авхуулсан талаар эмчийн үзлэгийн хуудаст тэмдэглэгдсэн /1-р хх 48/, энэ талаар тус эмнэлгийн эмч Б.Оюундарь гэрчээр мэдүүлгээ өгсөн. /2-р хх 43/ 2018 оны 10 дугаар сарын 13, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сээр болон бүсэлхий нурууны рентген зургийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулсны үндсэн дээр шинжээч нар №2 тоот дүгнэлтийг гаргасан. /1-р хх 89/ Уг шинжилгээнд тухайн чиглэлээр мэргэшсэн эмч нар оролцсон байх ба тэдэнд хуульд заасан шинжээчийн эрх, үүргийг танилцуулж, санаатай худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулсны эцэст шинжилгээг хийлгэсэн байх тул “... шинжилгээг хууль зөрчиж явуулсан, нурууны зураггүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан ...” гэх гомдол үндэслэлгүй байна.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан замын хяналтын камерын бичлэгт явган зорчигч, Б.Б-гийн жолоодож явсан автомашинд мөргүүлж байгаа нь тодорхой бичигдсэн, уг ослын улмаас хохирогчид нурууны 12 дугаар нугаламын хугарал гэмтэл учирсан болох нь хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул гэм буруугийн асуудлаар маргасан шүүгдэгч болон өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч Г.С- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг гэмт хэрэг санаатай үйлдэгдсэн учраас зүйлчлэл тохироогүй” гэх боловч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Б.Б- “хохирогчийн нөхөр зогсоол руу орох гэж шахаад анхаарал сарниулсан” гэж мэдүүлснийг үгүйсгэх баримт, нотолгоо байхгүй учраас хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчимд нийцжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг дуу-дүрсний бичлэгтэй харьцуулан үзлэг хийхэд шүүгдэгч, өмгөөлөгч нарын хэлсэн зүйл, шинжлэн судалсан нотлох баримтуудыг дутуу бичсэн, өмгөөлөгчийн байр суурийг буруу бичсэн гэсэн гомдлууд үндэслэлтэй байх боловч уг зөрчил нь шүүхээс бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН