Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, К106 дугаар байр, 1 дүгээр давхарт байрлах, “Хатан суудал инвест ББСБ” ХХК /РД: 2790424/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27а дугаар байрны 28 тоотод оршин суух, Дарви овогт Нямдоржийн Раднаасэд /РД: ШБ76092371/-д холбогдох,

 

60 906 480 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Цэнгэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “Хатан суудал инвест ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Раднаасэд нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагатай ЗГ17/35 болон  БГ17/35 дугаар дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр Н.Раднаасэд нь 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг 9.6 хувь байхаар зээлж авсан. БГ17/35 дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205028591 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дууссан. Энэ тухай зээлдэгч Н.Раднаасэдэд гэрээ дууссан, нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацаа сунгах тухай болон зөрчил арилгах тухай хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч арга хэмжээ тэрээр аваагүй. Иймд Н.Раднаасэдээс үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 19 227 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 679 380 төгрөг, нийт 60 906 480 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Раднаасэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас 40 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэхдээ мөнгийг бодитоор Г.Батбаяр авсан бөгөөд тэрээр үндсэн зээл, хүүг төлөөд явж байсан. Хамтран зээлдэгч А.Батбаяраас нэхэмжлэгч байгууллагын захирал болох Ш.Цэнгэл нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3 хүний онгоцны билет авсан. Энэ үнэ нь 4 478 800 төгрөг болсон. Мөн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ш.Цэнгэл нь 2 326 300 төгрөгийн онгоцны билет авсан. Эдгээр мөнгө нь уг зээлийн төлбөрөөс хасагдах ёстой. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хатан суудал инвест ББСБ” ХХК нь хариуцагч Н.Раднаасэдэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 906 480 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч зээлийн гэрээг байгуулсан боловч мөнгийг бодитоор хамтран зээлдэгч Г.Батбаяр авч хэрэглэсэн, тэрээр зээлийн төлбөрийг төлж байсан, нэхэмжлэлийн үнийн дүнгээс онгоцны тасалбар худалдан авсан төлбөр хасагдах ёстой” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ЗГ17/35 дугаартай, БГ-17/35 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 40 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 9.6 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205028591 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг барьцаалсан нь зээлийн болон барьцааны гэрээ, мөн талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан, байгуулсан талаар маргаагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэрээнд заасны дагуу 40 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу зээл 40 000 000 төгрөгөөс 39 800 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Эйр экспресс Трэйвал” ХХК-д шилжүүлсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...зээл авсан нь үнэн, ... Г.Батбаяр нь хариуцагчаар зээл авахуулсан” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг гэрээнд заасан зээл 40 000 000 төгрөгөөс 39 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүрэг үүснэ. Хариуцагчийн тухайд гэрээнд заасан төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл, мөн зээлийн төлбөрөөс нэхэмжлэгч онгоцны тасалбар худалдан авсан төлбөр хасагдах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул хариуцагчаас зээлийн үүргийг шаардсаныг буруутгах боломжгүй юм. Учир нь, Г.Батбаяр нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь, мөн зээлийн мөнгийг бодитоор авч, хэрэглэсэн эсэх нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан зээл 40 000 000 төгрөгөөс 39 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн атлаа 40 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү 19 227 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 679 380 төгрөг, нийт 60 906 480 төгрөг шаардсан нь үндэслэл муутай болжээ. Харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл 39 800 000 төгрөг, гэрээгээр тохирсон хүүнд 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 16 397 594 төгрөгийг мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү 9.6 хувь буюу 1 574 169 төгрөгийг мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар, нийт 57 771 763 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна нэхэмжлэгч нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 57 771 763 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 134 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Раднаасэдээс 57 771 763 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хатан суудал инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 134 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205028591 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоотод байршилтай орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 882 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 517 009 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН