Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/824

 

 

2022           11              07                                          2022/ШЦТ/824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч П.Сэргэлэнбаатар

хохирогч ********

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ********* овогт ************* холбогдох эрүүгийн 2205000002142 тоот дугаартай, хэргийг 2022 оны 11 дүгээр  сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Монгол улсын иргэн, ******* оны ****** дүгээр сарын *******-ны өдөр Төв аймгийн ******** суманд төрсөн, халх, эрэгтэй, 65 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, ********* дүүрэг, ****** дугаар хороо, ********* дугаар гудамжны ******** тоотод оршин суух, тэтгэвэрт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********овогт*****************

Холбогдсон хэргийн талаар

 

******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ******** дугаар хороо, ********** ******** дугаар гудамжны ********* тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *********** “яагаа ч үгүй эрт хэвтлээ" гэх үл ялих зүйлээр шалтаглан бөөр, нуруу, зүүн хөлний хэсэгт нь цохиж түүний биед зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *********** мэдүүлэхдээ: “...хэлэх зүйлгүй, мэдүүлгээ өгсөн, эмнэлэгт эмчлүүлсэн баримт байхгүй, эдгэрэлт хэвийн болж байгаа, хөл гэмтсэн, таягтай явж байгаа, гэрээсээ яваад том охиныдоо байгаа. Хүүхдүүдээсээ нуудаг байсан, би 4 хүүхэдтэй байхдаа энэ хүнтэй суусан, 4 хүүхдийг маань үздэггүй, тэр бүрийг би 30 гаран жил өнгөрөөсөн, сая алах шинжтэй болсон, айгаад очихгүй байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст иргэн ********** гаргасан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ***** дугаар хороо, Зүүн Нарангийн ******* тоотод нөхөр намайг зодсон ...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн  1 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч ************* өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би нөхөр *******, үеэл дүү ********** нарын хамт байж байгаад бид 5 ширээ засаад бид нар сууцгаасан. Тэгээд ************* нар орой 22 цагийн үед яваад өгсөн. Тэгээд явсны дараа би орондоо хэвтээд байж байтал **********намайг дуудаж гал тогоонд оруулаад миний дээрээс хүйтэн сүү агсархаар нь би нэг л биш боллоо гээд бодож байтал ********* гараараа миний баруун гарын шуу, зүүн гар сарвуу руу цохиж, зүүн хөлийн эрээн булчин руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би нүүрээ хамгаалаад хэвтчихсэн. Тэгээд ********* бага охин ****** "... би ээжийг чинь алчихлаа шүү, ээжийгээ ирж ав” гэж утсаар дуудсан. Тэгээд манай бага охин ********нөхрийнхөө хамт ирээд нөхөр ****** ярилцаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь ************ нөхөр ****** намайг ирж аваад би тэднийд байх болсон. Би нөхөр ******** 1984 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байгаа бид хоёр гэрлэлтийн баталгаа байгаа. Манай нөхөр ********** нь ер нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уусан үедээ намайг гэрээсээ хөөх, хэл амаар доромжлох үйлдэл гаргадаг. Мөн архи уухаараа намайг зоддог байсан ба гэр бүл болсоноос хойш уусан үедээ зоддог болсон. Мөн өмнө нь манай ах дүү нарыг зодож байсан тэр үед нь цагдаад дуудлага өгч байгаагүй болохоор одоо цагдаад өгсөн гээд манай хүүхдүүдийн гэрээр ирээд намайг болон хүүхдүүдийг маань дахиж зодох болов уу гэдгээс айж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 14 дүгээр хуудас/,

мөрдөн байцбаалтад гэрч ********* өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад манай аав ******** над руу залгаад “гадаа 2 нохойгоо уяж чадахгүй нохой суларчихаад байна, би согтуу байгаа болохоор уяж чадахгүй байна “гэсэн. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад аав ********* гэрт очсон чинь 2 нохой сул байсан чинь манай нөхөр 2 нохойг уяад байж байтал манай аав ********** над руу залгаад “би ээжийг чинь зодчихлоо, ирээд ээжийгээ ав” гэхээр нь би нөхрийнхөө хамт аавын гэрт орсон..., Ээжийн хөлийг харахад нэлээн хавдчихсан байсан. Би ээжийг “явъя” гэтэл ээж “өнөөдөртөө энд хоночихъё, маргааш ээж нь өөрөө очъё” гэхээр нь би аавд үглэж байгаад 02 цагийн үед гэр рүүгээ явсан ...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12449 дугаартай;

********** биед зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гзмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт. / хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ********** дугаартай *********,************ нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа. / хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч ********** өгсөн: “... би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хурдан шийдүүлмээр байна ...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа/ хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

-үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

-үл хөдлөх хөрөнгийн лавлагаа / хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

-тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ********** дүүргийн ******* дугаар хороо, Зүүн Нарангийн ****** дугаар гудамжны ******** тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ****** “яагаа ч үгүй эрт хэвтлээ" гэх үл ялих зүйлээр шалтаглан бөөр, нуруу, зүүн хөлний хэсэгт нь цохиж түүний биед зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  санал, дүгнэлтийг,

 

шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргахгүй байгаа...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ************ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч шүүгдэгч нар нь гэр бүлийн баталгаатай эхнэр, нөхөр болох нь гэр бүлийн баталгаагаар тогтоогдож байна. Хохирогч ********** мэдүүлснээр шүүгдэгч нь урьд нь хохирогчид халдаж гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргаж байсан тул гэрбүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж хүндрүүлэн зүйлчлэх нь хэргийн үйл баримтад нийцэж байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ******** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

  

Хохирлын талаар:      

 

Хэргийн хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

            Хохирогч ********* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ********  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаанд гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ******** Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамааралтай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаанд гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирч байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч ********* Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн бүсчлэлээс 3 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.      

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч *********  сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ