Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 47б дугаар байрны 30 тоотод оршин суух, Буригууд овогт Хуягбаатарын Мөнхцэцэг /РД: ДЮ87112207/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 49 дүгээр байрны 17 тоот хаягт оршин суух, Их Монгол Мөнхсайхан Жавхлан /РД: ХБ86040311/-д холбогдох,

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 12 472 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Мөнхцэцэг, хариуцагч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд М.Жавхлантай танилцаж, хамтран амьдарсан ба 2013 онд М.Жавхлан нь намайг жирэмсэн байхад өөр хүүхэнтэй гэр бүлийн холбоотой болж бид тусдаа амьдархаа больсон. Бидний дундаас 2014 оны 6 дугаар сарын 148-ны өдөр хүү М.Төрболд төрсөн. Намайг жирэмсэн байхад М.Жавхлан нь хүүхдийг өөрийн хүүхэд биш гэдэг байсан. Иймд хүү М.Төрболдын эцэг М.Жавхлан болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 сарын хугацаанд хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулж 500 000, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш А.Ган-Ундрахтай гэрээ хийн хүүхэд асрагчаар ажиллуулж 1 жил 11 сарын хугацаанд 7 750 000 төгрөг зарцуулсан. Би бас өндөр түрээстэй байрны хөлс төлж байхаар байр авсан нь хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэж бодоод энэ талаар М.Жавхланд хэлтэл “Чи ямар ч аргаар хамаагүй мөнгө зээлээд даруйхан байрандаа орж байгаарай.” гэж хэлсэн тул 2017 оны 9 сард байраа банкны зээлээр авах гэж хувь хүмүүсээс 15 740 000 төгрөг зээлж байранд орсон. Би одоо хүүхдээ тэжээж хувцаслах, ус цахилгааны төлбөр төлөх, хүүхэд асрагчаар харуулах хөлс зэрэг наад захын амьдралын хэрэгцээнээс эхлээд хүмүүст өгөх их хэмжээний өр, банкны зээлийг төлж чадахгүй маш хүнд байдалд ороод байна. Иймд М.Жавхлан нь тухайн үед өөрөө зөвлөж, зөвшөөрч байсан дээрх хувийн цэцэрлэг, хүүхэд асрагчийн төлбөр болох 7 750 000 төгрөг, байрны урьдчилгаанд төлсөн төлбөрийн 30 хувь болох 4 722 000 төгрөг, нийт 12 972 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хүүхдийг өөрийн асрамжинд үлдээнэ гэжээ.

 

Хариуцагч М.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Х.Мөнхцэцэгтэй анх танилцаж улмаар нэг сарын дараагаас 3 жилийн хугацаанд үерхэж байсан. Тухайн үерхэж байх хугацаанд Х.Мөнхцэцэг нь тусдаа байр хөлсөлж, мөн айлийн хажуу өрөө хөлсөлж амьдардаг байсан. Үерхэж байх 3 жилийн хугацаанд Х.Мөнхцэцэг нь намайг удаа дараа хуурч, өөр залуустай уулзаж, мөн гэр бүлтэй хүнтэй хүртэл бэлгийн харилцаатай байдаг байсан. Энэ бүгдийг би удаа дараа уучилж, өөр хүнээс хүүхэдтэй болж тухайн хүүхдээ гаргахгүй гэж эмнэлэг явж байхад нь би хажууд нь асраад явж байсан. 2014 оны 7 сард өмнө нь үерхэж байсан залуутайгаа уулзаж сайхан байсан тухай хоорондоо бичилцсэн чатыг олс уншсанаар Х.Мөнхцэцэгтэй харилцаагаа дуусгах талаар хэлж салсан. Салсаны дараа 3 сарын дараа Х.Мөнхцэцэг жирэмсэн болсон гэж надад хэлсэн ба тухайн үед олон дахин удаа итгэл алдсан учраас би миний хүүхэд гэж итгээгүй бүх зүйлийг дуусгавар болгохоор шийдвэр гаргасан. Үерхэж байсан 3 жилийн хугацаанд би Х.Мөнхцэцэгийг хуурч, өөр хүнтэй уулзаж байгаагүй ба Х.Мөнхцэцэгийг төрсөн цагаас хойш холбоотой байж шаардлагатай үед нь мөнгө санхүүгээр тусалдаг байсан. Х.Мөнхцэцэгийн одоо амьдарч байгаа байрны төлбөр тооцоо болон урьдчилгааны мөнгөнтэй би ямарч хамааралгүй. Хүүхэд миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хуульд заасан хэмжээ хугацаагаар хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдийг эхийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин 12 972 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох байрны урьдчилгаанд төлсөн 4 722 000 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, үлдэх шаардлага болох хүүхэд асрагчийн төлбөрт төлсөн 7 750 000 төгрөгийн 3 745 000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 4 000 000 төгрөгийг хариуцагч сар бүр 200 000 төгрөг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрэв гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Мөнхцэцэг нь хариуцагч М.Жавхланд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхэд асрагчид төлсөн төлбөрт 7 750 000 төгрөг, орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрт 4 722 000 төгрөг, нийт 12 472 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсгийг хангаж, зарим хэсэгт талууды эвлэрсэнийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2011 онд танилцаж, 2013 оныг хүртэл гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарсан, улмаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү Мөнхцэцэгийн Төрболд төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 1110003969 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хүүхэд эхээр овоглодог боловч хариуцагч М.Жавхлан нь хүү М.Төрболдын төрсөн эцэг мөн болох нь шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10901 дугаар дүгнэлтээр тогтоогдож байхаас гадна хариуцагч уг дүгнэлтийг, мөн шүүх хуралдаанд М.Төрболдын төрсөн эцэг М.Жавхлан мөн талаар тус тус хүлээн зөвшөөрч байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2013 оноос тусдаа амьдрах үеэс хүү М.Төрболд эх Х.Мөнхцэцэгийн асрамжинд өсөж байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн өсөж бойжиж байгаа болон ахуй нөхцөл, хүүхдүүдийн насны онцлого, хариуцагч хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар татгалзаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хүү М.Төрболдод эцэг М.Жавхлангаас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12 972 000 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн бөгөөд уг шаардлагаа хүүхэд асрагчийн төлбөрт төлсөн 7 750 000 төгрөг, байрны урьдчилгаанд төлсөн төлбөрт 4 722 000 төгрөг тус тус гаргуулах гэж тодорхойлсон. Гэвч дээрх хоёр төлбөрийн нийлбэр /7 750 000 + 4 722 000/ буюу нийт нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээ 12 972 000 төгрөг биш, харин 12 472 000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа 12 472 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж үзэв.

 

Талууд 12 472 000 төгрөг гаргуулах шаардлагын талаар “...4 722 000 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, үлдэх шаардлага болох хүүхэд асрагчийн төлбөрт төлсөн 7 750 000 төгрөгийн 3 745 000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 4 000 000 төгрөгийг хариуцагч сар бүр 200 000 төгрөг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрэв” гэж эвлэрсэн нь тэдний шүүхэд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Төрболдын эцэг М.Жавхлан мөн болохыг тогтоож, хүүхдийг эхийн асрамжинд үлдээн, эцэгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдэд олгуулж, 12 472 000 төгрөг гаргуулах шаардлагын талаар талууд эвлэрсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулий 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Мөнхсайханы Жавхлан /РД: ХБ86040311/-г 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Буригууд овогт Мөнхцэцэгийн Төрболд /РД: ДЮ87112207/-ын эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Төрболдыг эх Х.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Төрболдод 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг М.Жавхлангаас гаргуулан олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч 12 472 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 8 472 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4 000 000 төгрөгийг хариуцагч сар бүр 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж дуусгахаар эвлэрсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 86 752 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 149 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН