Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
Хэргийн индекс | 170/2022/0173/Э |
Дугаар | 2022/ШЦТ/172 |
Огноо | 2022-11-09 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2223000000173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум, багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Түр ажиллах хөдөлмөрийн гэрээ” байгуулж тус өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 01-нийг дуусталх хугацаанд Завхан аймгийн сум багт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа тус салбарын 2022 оны 09 дүгээр сарын 30, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус салбарын орлогыг банканд тушаахгүйгээр бэлнээр авч хувьдаа завшиж захиран зарцуулж 1,377,103 /нэг сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гурав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Түр ажиллах хөдөлмөрийн гэрээ” байгуулж тус өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 01-нийг дуусталх хугацаанд Завхан аймгийн сум багт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа тус салбарын 2022 оны 09 дүгээр сарын 30, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус салбарын орлогыг банканд тушаахгүйгээр бэлнээр авч хувьдаа завшиж захиран зарцуулж 1,377,103 /нэг сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гурав/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Д.*******ийн “... Би ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбарын менежер хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *******гийн ******* гэх залууг борлуулагчийн ажилд авсан. Ингээд хамтран ажиллаж байгаад би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үдийн цайндаа гарчхаад ирэх хооронд ******* усны аппарат зараад түүний орлого болох 319,900 /гурван зуун арван есөн мянга есөн зуу/ төгрөгийг өөрийнхөө дансаар авсан байхаар нь “одоо буцаагаад шилжүүлчих” гэсэн чинь “надад утас байхгүй байна” гэхээр нь “тэгвэл чи картаараа байгууллагын данс руу шилжүүлчих” гэсэн чинь “мөн карт байхгүй эхнэр аваад явсан” гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл чи эхнэртэй хэлээд шилжүүлчих гэж хэлтэл манай эхнэр хөдөө Отгон сум руу ажлаар явсан орой эхнэрийг ирэхээр нь би бүтэн сайнд хийчихье гэсэн юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надад буяны ажил гараад ажил дээрээ очоогүй юм. ******* 10 дугаар сарын 01-ний өдөр ганцаараа ажиллаад 1,057,203/ нэг сая тавин долоон мянга хоёр зуун гурав/ төгрөгийн бараа зараад орлогыг өөртөө авсныг би мэдээгүй. Учир нь ******* надад энэ талаар хэлээгүй. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ иртэл ******* дэлгүүрээ онгойлгочихсон байсан. Намайг ирэхэд ******* бэлэн орлогоо тушаачхаад баримтаа аваад гэртээ очиж хонь гаргачхаад ирье 1 цаг орчим болох байх гэж хэлээд гарч яваад буцаж ирээгүй. Би *******ыг гарсных нь дараа компьютер дээрээ суугаад тайлангаа хартал 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 319,900 төгрөг, мөн 10 дугаар сарын 1-ний өдөр 1,057,203 төгрөгийг тус тус бэлнээр авсан нь тайлан дээр тусгагдсан байсан. Тэгэхээр нь би *******ыг хүлээгээд ирэхгүй байхаар нь утас руу залгасан чинь ярьж байгаа дохио өгөөд байсан. Мөн фейсбүүк чат руу нь залгаж мөнгө яасан бэ банк хаалаа гэж бичсэн чинь хариу өгөхгүй байсан. Ингээд төв рүү залгаад 2022 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрийн орлогын гүйлгээнүүд байгууллагын данс руу орсон үгүйг лавлаж асуухад ороогүй байсан. Тэгээд *******ыг хайж олоод мөнгөний талаар асуухад дансанд байгаа картаа хайгаад олохгүй байна гэхээр нь интернэт банкаараа хийчих гэсэн чинь интернэт банк блоколчихсон болохгүй байгаа гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад орой 21 цагийн орчимд би байгууллагын мөнгийг үрчихсэн гэхээр нь би цагдаад хандсан. ******* нь Завхан салбарт зарагдсан бараа бүтээгдэхүүний орлогыг захиран зарцуулах эрх бидний хэнд нь ч байхгүй орлого бол шууд л компани данс руу ордог.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
- Гэрч Л.*******гийн “...Би ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбарт салбар хариуцсан менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бэлэн орлого 319,900 /гурван зуун арван есөн мянга есөн зуу/ төгрөг дутаад борлуулагч ******* дээр ******* эгч бид хоёр хамт очиж энэ талаар асуухад мөнгө шилжүүлчихнэ гэж хэлэхээр нь итгээд явсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болоход нөгөө ******* мөнгөө тушаагаагүй байхаар нь дахиж холбогдож асуухад мөн 10 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн орлого болох 1,057,203/ нэг сая тавин долоон мянга хоёр зуун гурав/ төгрөгийг бас аваад үрчихсэн бас төлөөгүй байсан. Ингээд ******* эгч цагдаад хандах болсон. Ер нь Завхан салбарын ажилчид салбарын орлогоос дур мэдэн зарцуулах эрх байхгүй. Бараа бүтээгдэхүүн зарсан орлогыг шууд байгууллагын дансанд оруулдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би тэр мөнгөөр онлайн покер тоглочихсон юм. Тэгээд *******ийг мэдэхээс өмнө буцаагаад олоод байгууллагын дансанд хийчихнэ гэж бодсон чинь амжаагүй мөнгө олдоогүй. ...Би гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Бусдын эд хөрөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 33-34-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлсэн, хариуцуулж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.******* нь ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Түр ажиллах хөдөлмөрийн гэрээ” байгуулж тус өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 01-нийг дуусталх хугацаанд ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа тус салбарын 2022 оны 09 дүгээр сарын 30, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус салбарын орлогыг банканд тушаахгүйгээр бэлнээр авч хувьдаа завшиж захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүгдэгчээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-ийн ХААН банк дахь .... тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,377,103 төгрөгийг шилжүүлсэн баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 37-р хуудас/
Прокуророос шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.
Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ