Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/351

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Иргэний хариуцагч “Степ голд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул

Шүүгдэгч С.Сугаржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Сүхбаатарын Сугаржавт холбогдох эрүүгийн 2221000170377 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч-менежер мэргэжилтэй, “Степ Голд” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 12-09 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Сүхбаатарын Сугаржав /РД: ................/.

Шүүгдэгч “Степ Голд” ХХК-ийн Аюулгүй ажиллагааны ажилтан Сүхбаатарын Сугаржав нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.3-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”, 27.3.4-д “хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэх заалтыг болон ажлын байрны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Степ голд” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн оператор Ч.Бат-Отгон нь уурхайн тоног төхөөрөмжинд зүүн гарын бугалга дунд 3/1 хэсгээр бүрэн тасарч эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Сугаржав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай компанийн зүгээс тухайн осол гарсны дараа үнэлгээ хийлгэж осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг бүрэн арилгасан. Ч.Бат-Отгонтой үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын гэрээ байгуулсан. Нөхөн олговор олгосон тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Одоогийн байдлаар компаниас 380,860,987 төгрөг зарцуулсан. Үүнд Солонгос Улс руу Ч.Бат-Отгоныг эхнэрийнх нь хамт явуулж, хөдөлдөг хиймэл протез хийлгэж, Дорнод аймгийн Хэрлэн суманд 67 м2 2 өрөө байрны дэмжлэг үзүүлж, 100,000,000 төгрөгийг нөхөн олговор олгоход зарцуулсан. Мөн осолдогч одоогийн байдлаар үндсэн цалингаа авч байна. Компанийн зүгээс ослын дараа осолдогчид амьдралд нь дэмжлэг үзүүлэх бүх зүйлийг хийж байна” гэв.

Хохирогч Ч.Бат-Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө CV5 конвейер төхөөрөмжинд чулуу орж гацахаар нь Батсүх, Нямжаргал, Бүүвэйбат, Гантогоо бид нар төхөөрөмжийг зогсоогоод гацсан төхөөрөмжинд тээглэсэн чулуунуудыг цэвэрлэсэн. Эхлээд би сэрээт өргөгчөөр цэвэрлэгээ хийж байгаад дуусаад шигшүүр нэгийн орчим ирж CV5 конвейер төхөөрөмжийн хойд хэсэг орчмыг шалгахад цэвэрлэгээ сайн дуусаагүй том шаварнууд их байсан. Тэгэхээр нь би бусдын хамт шаврыг цэвэрлэж дуусаад удирдлагын өрөө рүү Гантогоог явуулаад хэсэг хугацаанд ажиллуулаад буцаагаад “зогсоож байгаарай, цаад хөтлөгч барваан цэвэрлэе” гэж хэлэхэд за гэж хэлээд явсан. Ингээд төхөөрөмж ажиллаад 5-6 секунд ажиллахад том чулуу хойд хөтлөгч барваан хэсэгт тээглэхээр нь зогсоогоорой гээд Батсүх рүү бахирч хэлсэн. Ингээд төхөөрөмж хальт зогсохоор нь чулууг зүүн гараараа холдуулах гэхэд төхөөрөмж дахин ажиллаад миний зүүн гар тасарч унасан. ...эхлээд шавар цэвэрлээд CV5 конвейер төхөөрөмжийг ажиллуулж эхлэхэд бол дуут дохио өгөөд ажилласан. Харин 2 дахиа ажиллуулж эхлэхдээ ямар нэгэн дуут дохио өгөхгүй шууд ажилласан...” гэжээ. /хх-ийн 24-28, 37-38/

Гэрч Б.Бүүвэйбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...CV5 төхөөрөмжийг ажиллуулах зөвшөөрөл хэн нэгэн өгөөгүй. Ээлжийн ажлын дүрмээр бол ээлжийн дарга CV5 төхөөрөмж эвдрээд буцаагаад ажиллуулах үед зөвшөөрөл өгөх ёстой байдаг. Тухайн өдөр ээлжийн ахлагч нар өөр газар цээл, уурын зуух орчмыг давхар хянаж ажилладаг учраас CV5 төхөөрөмжийн хажууд байгаагүй болохоор бид нар солиод дууссан юм чинь ажиллах байх гэж бодоод Баянбаатар, Гантогоо нар удирдлагын өрөө рүү, би Нямжаргалын хамт сольсон мотор хэвийн ажиллаж байгаа үгүйг харах гээд, Бат-Отгон шигшүүрээс унасан шороог холдуулах гээд ажлаа хийж байгаа гэж бодоод төхөөрөмжийг Гантогоо ажиллуулж эхэлсэн. Ямар нэгэн хүн ажиллуулж болно гэж зөвшөөрөл өгөөгүй...” гэжээ. /хх-ийн 52-62/

Гэрч Д.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 03 цагийн орчим овоолго болон уусгалтын хэсгийг шалгаад явж байхад CV5 буюу туузан конвейер №3 шороонд дарагдаж гацсан талаар цахилгаанчин Буянбаатар надад гар утсаар мэдэгдсэн. Энэ үед би төхөөрөмжийг салгаж цэвэрлээд ажлаа үргэлжлүүлэх үүрэг өгсөн. ...төхөөрөмж гацсан үед ойр орчмыг цэвэрлээд дахин төөхөрөмжийг  ажиллуулахдаа нэг нэгэндээ гар станцаар ажиллуулах гэж  байгаа талаараа мэдэгдээд удирдлагын өрөөнөөс дуут дохио өгч байж ажиллуулах ёстой байдаг. Тухайн осол болох үед бид нарын аль алинд нь гар станц байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 67-79/

Гэрч Ц.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Бат-Отгоны бэртэл авсан CV5-ийн хойд хэсэгт, эсрэг талд нь ажиллаж байгаад ойр хавьд аюулгүй байдлыг шалгаад байж байхад дуут дохио 3 удаа өгөх ёстой байтал 1 удаа дуугарсан. Ингээд төхөөрөмж ажиллаж Бат-Отгон бэртсэн...” гэжээ. /хх-ийн 81-90/

Гэрч О.Нямжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар хоорондоо одоо ажиллуулъя гэж бөөгнөрч зогсоод ярилцаагүй хоорондоо ойлголцоод ажиллуулж эхэлсэн. Бид нар Бат-Отгоныг шороог холдуулах ажлаа хийж байгаа гэж бодож байтал шороог холдуулагч төхөөрөмжөөс буугаад CV5 төхөөрөмжинд ойртсон байхыг хараагүй. Шороог холдуулагч төхөөрөмж нь тусдаа том техник байгаа юм. CV5 төхөөрөмж ажиллуулж эхлэх гэж байна гэсэн дохио бутлуурын тэрүүхэн хэсэгтээ сонсогддог байсан ба тоног төхөөрөмж бүрэн ажиллаж байх үед сонсогддоггүй. ...CV5 төхөөрөмж орчмыг гэрэлтүүлдэг гэрэл нь шатсан гэрэлт цамхаг буюу зөөврийн гэрэл ажиллаж байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэжээ. /хх-ийн 92-98/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот дүгнэлтэд:

1. Ч.Бат-Отгоны биед зүүн гарын бугалга дунд 1/3 хэсгээрх бүрэн тасрал, шарх цэгцлэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хэрчигдэх таслагдах үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх ба эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2021.12.17-ны өдөр үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар тогтоогдсон зүүн гарын бугалга дунд 1/3 хэсгээрх бүрэн тасрал, шарх цэгцлэх мэс заслын дараах байдал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр 70 хувь тогтонги алдагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 110-111/

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/092/13 тоот “...2. “Степ голд” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандарт мөн “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллаагүйгээс осол гарсан байна. 3. “Степ голд” ХХК-ийн ажил олгогч ажлын байрны онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам баталж мөрдүүлээгүй, тоног төхөөрөмжид тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, ажилчдад аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулаагүй /ажилтнуудад сургалт хийсэн баримт байхгүй/, ажлын байрны аюулгүй байдлын үзлэг шалгалт хийгдээгүй, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна: 28.1.3.хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх; 28.1.6.ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх; 28.1.8.аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, сургалтад хамрагдаагүй, ... шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; 9 дүгээр зүйлийн 9.1. /Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараахь шаардлагыг хангасан байна: 9.1.1. машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх; заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр нь осол гарахад нөлөөлсөн удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл юм. Хэргийн материалд ХАБ менежер гэх С.Сугаржавыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, ХАБ-ын ажилтны мэргэшлийн сертификат аваагүй, түүнийг хяналт тавьж ажиллах чиг үүргээ биелүүлж ажилласан эсэхийг дүгнэх боломжгүй байна. Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.4-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна заасан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан хүнийг томилон ажиллуулсан бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.3.4-д заасан чиг үүргийг ХАБ менежер С.Сугаржав биелүүлэх үүрэг хүлээнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 122-126/

С.Сугаржав мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би “Степ голд” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зохицуулагчаар ажилладаг байсан юм. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 17-ны орой бутлуурын хэсгийн 5 дугаар туузан дамжуурга дээр шөнийн ээлжинд ажиллаж байсан Бат-Отгон нь төхөөрөмжинд гараа тасалсан, эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг рүү очиход Бат-Отгоны гар нь тасарсан байдалтай сууж байхаар нь эмчийн хамт анхны тусламж үзүүлээд аймаг руу Ланд-200 маркийн машинтай Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж эмчилгээ хийлгэсэн. ...Бат-Отгонд 2021 оны 12 дугаар сарын 17-ны орой ээлжийн ахлах ажилтан Д.Баттөмөр нь аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгч өөрөөр нь гарын үсэг зуруулан баталгаажуулсан байсан. Харин миний ажил үүргийн хувьд ээлжийн ахлахууд зааварчилгаа өгсөн эсэхийг шалгах үүрэгтэй хүн байгаа юм. Яг шалгалт аваад сургалт орж байгаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар бол ажилтан нараас ХАБ-н чиглэлээр сургалт орж жил бүр шалгалт авч байх ёстой байдаг юм...” гэжээ. /хх-ийн 171-172/                

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 18/

Г.Мөнхзулын иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43/

“Степ голд” компанийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “С.Сугаржавыг ажилд томилон ажиллуулах тухай” 34 тоот тушаал /хх-ийн 160/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ахлах С.Сугаржавын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 161-164/

С.Сугаржавын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 175-176/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178/

Ч.Бат-Отгоны Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 184/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан бичлэгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Боржигин овогт Сүхбаатарын Сугаржав нь “Степ голд” компанид аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”, 27.3.4-д заасан “хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” чиг үүрэг болон ажлын байрны үндсэн чиг үүргийг биелүүлээгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Степ голд” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн оператор хохирогч Ч.Бат-Отгон уурхайн тоног төхөөрөмжинд зүүн гараа тасалж зүүн гарын бугалга дунд 1/3 хэсгээрх бүрэн тасрал, шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би “Степ голд” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зохицуулагчаар ажилладаг байсан юм. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 17-ны орой бутлуурын хэсгийн 5 дугаар туузан дамжуурга дээр шөнийн ээлжинд ажиллаж байсан Бат-Отгон нь төхөөрөмжинд гараа тасалсан, эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг рүү очиход Бат-Отгоны гар нь тасарсан байдалтай сууж байхаар нь эмчийн хамт анхны тусламж үзүүлээд аймаг руу Ланд-200 маркийн машинтай Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж эмчилгээ хийлгэсэн. ...Бат-Отгонд 2021 оны 12 дугаар сарын 17-ны орой ээлжийн ахлах ажилтан Д.Баттөмөр нь аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгч өөрөөр нь гарын үсэг зуруулан баталгаажуулсан байсан. Харин миний ажил үүргийн хувьд ээлжийн ахлахууд зааварчилгаа өгсөн эсэхийг шалгах үүрэгтэй хүн байгаа юм. Яг шалгалт аваад сургалт орж байгаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар бол ажилтан нараас ХАБ-н чиглэлээр сургалт орж жил бүр шалгалт авч байх ёстой байдаг юм...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ч.Бат-Отгоны “...би сэрээт өргөгчөөр цэвэрлэгээ хийж байгаад дуусаад шигшүүр нэгийн орчим ирж CV5 конвейер төхөөрөмжийн хойд хэсэг орчмыг шалгахад цэвэрлэгээ сайн дуусаагүй том шаварнууд их байсан. Тэгэхээр нь би бусдын хамт шаврыг цэвэрлэж дуусаад удирдлагын өрөө рүү Гантогоог явуулаад хэсэг хугацаанд ажиллуулаад буцаагаад “зогсоож байгаарай, цаад хөтлөгч барваан цэвэрлэе” гэж хэлэхэд за гэж хэлээд явсан. Ингээд төхөөрөмж ажиллаад 5-6 секунд ажиллахад том чулуу хойд хөтлөгч барваан хэсэгт тээглэхээр нь зогсоогоорой гээд Батсүх рүү бахирч хэлсэн. Ингээд төхөөрөмж хальт зогсохоор нь чулууг зүүн гараараа холдуулах гэхэд төхөөрөмж дахин ажиллаад миний зүүн гар тасарч унасан. ...эхлээд шавар цэвэрлээд CV5 конвейер төхөөрөмжийг ажиллуулж эхлэхэд бол дуут дохио өгөөд ажилласан. Харин 2 дахиа ажиллуулж эхлэхдээ ямар нэгэн дуут дохио өгөхгүй шууд ажилласан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Б.Бүүвэйбатын “...CV5 төхөөрөмжийг ажиллуулах зөвшөөрөл хэн нэгэн өгөөгүй. Ээлжийн ажлын дүрмээр бол ээлжийн дарга CV5 төхөөрөмж эвдрээд буцаагаад ажиллуулах үед зөвшөөрөл өгөх ёстой байдаг. Тухайн өдөр ээлжийн ахлагч нар өөр газар цээл, уурын зуух орчмыг давхар хянаж ажилладаг учраас CV5 төхөөрөмжийн хажууд байгаагүй болохоор бид нар солиод дууссан юм чинь ажиллах байх гэж бодоод Баянбаатар, Гантогоо нар удирдлагын өрөө рүү, би Нямжаргалын хамт сольсон мотор хэвийн ажиллаж байгаа үгүйг харах гээд, Бат-Отгон шигшүүрээс унасан шороог холдуулах гээд ажлаа хийж байгаа гэж бодоод төхөөрөмжийг Гантогоо ажиллуулж эхэлсэн. Ямар нэгэн хүн ажиллуулж болно гэж зөвшөөрөл өгөөгүй...” гэх, гэрч Д.Баттөмөрийн “...төхөөрөмж гацсан үед ойр орчмыг цэвэрлээд дахин төөхөрөмжийг  ажиллуулахдаа нэг нэгэндээ гар станцаар ажиллуулах гэж  байгаа талаараа мэдэгдээд удирдлагын өрөөнөөс дуут дохио өгч байж ажиллуулах ёстой байдаг. Тухайн осол болох үед бид нарын аль алинд нь гар станц байхгүй байсан...” гэх, гэрч Ц.Батсүхийн “...Би Бат-Отгоны бэртэл авсан CV5-ийн хойд хэсэгт, эсрэг талд нь ажиллаж байгаад ойр хавьд аюулгүй байдлыг шалгаад байж байхад дуут дохио 3 удаа өгөх ёстой байтал 1 удаа дуугарсан. Ингээд төхөөрөмж ажиллаж Бат-Отгон бэртсэн...” гэх, гэрч О.Нямжаргалын “...бид нар хоорондоо одоо ажиллуулъя гэж бөөгнөрч зогсоод ярилцаагүй хоорондоо ойлголцоод ажиллуулж эхэлсэн. Бид нар Бат-Отгоныг шороог холдуулах ажлаа хийж байгаа гэж бодож байтал шороог холдуулагч төхөөрөмжөөс буугаад CV5 төхөөрөмжинд ойртсон байхыг хараагүй. Шороог холдуулагч төхөөрөмж нь тусдаа том техник байгаа юм. CV5 төхөөрөмж ажиллуулж эхлэх гэж байна гэсэн дохио бутлуурын тэрүүхэн хэсэгтээ сонсогддог байсан ба тоног төхөөрөмж бүрэн ажиллаж байх үед сонсогддоггүй. ...CV5 төхөөрөмж орчмыг гэрэлтүүлдэг гэрэл нь шатсан гэрэлт цамхаг буюу зөөврийн гэрэл ажиллаж байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/092/13 тоот дүгнэлт, “Степ голд” компанийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “С.Сугаржавыг ажилд томилон ажиллуулах тухай” 34 тоот тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ахлах С.Сугаржавын ажлын байрны тодорхойлолт, С.Сугаржавын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч С.Сугаржав нь “Степ голд” компанид аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй улмаас хохирогч Ч.Бат-Отгон уурхайн тоног төхөөрөмжинд зүүн гараа тасалж, зүүн гарын бугалга дунд 1/3 хэсгээрх бүрэн тасрал, шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/092/13 тоот “...“Степ голд” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандарт мөн “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллаагүйгээс осол гарсан байна. ...Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.4-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна заасан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан хүнийг томилон ажиллуулсан бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.3.4-д заасан чиг үүргийг ХАБ менежер С.Сугаржав биелүүлэх үүрэг хүлээнэ...” гэх дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот “Ч.Бат-Отгоны биед зүүн гарын бугалга дунд 1/3 хэсгээрх бүрэн тасрал, шарх цэгцлэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хэрчигдэх таслагдах үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх ба эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2021.12.17-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар тогтоогдсон зүүн гарын бугалга дунд 1/3 хэсгээрх бүрэн тасрал, шарх цэгцлэх мэс заслын дараах байдал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр 70 хувь тогтонги алдагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч С.Сугаржавт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Сүхбаатарын Сугаржавыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Сугаржав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Сугаржавын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Иргэний хариуцагч “Степ голд” компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандарт мөн “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллаагүйгээс тухайн компанийн баяжуулах үйлдвэрийн оператороор ажиллаж байсан Ч.Бат-Отгоны эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учирсан байх бөгөөд иргэний хариуцагч “Степ голд” компани нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт хохирогч Ч.Бат-Отгонд 380,860,987 төгрөгийг зарцуулсан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байхаас гадна хохирогч Ч.Бат-Отгонд шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүгдэгч С.Сугаржавт гомдол саналгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Сугаржав, иргэний хариуцагч “Степ голд” компани нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин хохирогч Ч.Бат-Отгон нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Степ голд” компаниас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Сугаржав нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Сугаржав нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Сүхбаатарын Сугаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Сугаржавын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сугаржавын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сугаржавын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Сугаржав нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Бат-Отгон нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Степ голд” компаниас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Сугаржавын ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Сугаржавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА