Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Н.*******,

Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.*******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн. 37 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр. 3 хүүхдийн хамт хот, дүүргийн 25 дугаар хороо 9-10 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн сумын баг 4-400 тоот байрлах Ц.*******гийн гэрт хохирогч Д.*******гийн нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж биед нь хамрын таславчны муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ш.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн сумын баг 4-400 тоот байрлах Ц.*******гийн гэрт хохирогч Д.*******гийн нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж биед нь хамрын таславчны муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:1. Хохирогч Д.*******гийн “...2022 оны 08 дугаар сарын 14-ний 21 цагийн орчимд Завхан аймгийн сумын баг 05 дугаар гудамжны 01 тоотод байрлах өөрийн гэртээ ээж Ц.*******, авга эгч Ш.******* нарын хамт байж байхад гаднаас авга ах Ш.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд ээж Ц.*******г “янхан” гэх мэтээр элдэв бусаар хэлж доромжилж орон дээрээс босоход нь ээж Ц.******* уурлаж урдаас нь очиход ээжийг цохихоор гараа далайх үед нь болиулахаар дундуур нь ороход үед зүүн шанаа хэсэг рүү цохиж авсан ба гараас нь барьж орон дээр суулгаад ээжийг зодож байхаар намайг зод гэж хэлэхэд “ээждээ гомдоорой” гэж хэлээд нүүр хэсэг рүү хүчтэй цохиж манарлын байдалтай болгож хамраас цус гаргачхаад ээжийг зодохоор дайрахад нь Ш.******* салгаж холдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

2. Гэрч Ш.*******гийн “...2022 оны 08 дугаар сарын 14-ний 21 цагийн орчимд төрсөн дүү Ш. гэрт түүний эхнэр Ц.*******, охин Д.******* нарын хамт байж байхад гаднаас дүү Ш.******* нь бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд Ц *******д хандаж одоо санахгүй байна. Хүмүүсийн нэрийг хэлж унтаж хэвтсэн талаар хэлж ахын минь нэр хүнд, сүлд хийморийг унагаж байна гэхэд Ц. салаавч гаргаж элдэв бусаар хэлж маргалдахад нь айж сандраад ширээ зуухан дээр байсан хутга заазуурыг гал тогооны тавиур дотор хийчхээд иргэж харахад бэр Ц.*******, дүү Ш.******* нар заамдалцсан хажууд нь Д.*******гийн хамраас цус гарчихсан байдалтай уйлж байхаар нь Ш.*******, Ц.******* нарыг салгахад Ц.******* нь охин Д *******гийн хамраас цус гарсан байдлыг өөрийн утсаар зургийг дарж авчхаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд удалгүй цагдаагийн байгууллагын хоёр алба хаагч ирж дүү Ш.*******ыг авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

3. Гэрч Ц.*******гийн “...2022 оны 08 дугаар сарын 14-ний орой манай хадам дүү Ш.******* нь манай гэрт ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед манай охин Д.******* нь Ш.*******т “та манай ээжийг хэл амаар доромжлохоо боль” гэхэд Ш.******* намайг цохих гээд дайрах үед манай охин Д.******* дундуур орж ирээд цохиулчихсан. ...Тухайн үед Ш.******* нь Д.*******гийн нүүрэн тус газар 2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.*******гийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай “...Иргэн Д.*******гийн биед гэмтэл учирсан байна. Иргэн Д.*******гийн биед хамрын таславчны мурийлт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Д.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,

5. Шүүгдэгч Ш.*******ын “...Би Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.*******ын гаргасан яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцаж, тогтоолын агуулгыг ойлгосон. ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч Д.*******гийн зүгээс ямар нэгэн санал, гомдол байхгүй гэсэн тул миний асуудлыг түргэн шийдвэрлэж өгнө үү. ...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ш.******* нь хохирогч Д.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндлэх хүндлэл, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ш.******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Энэ нь Төрийн банкны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1009... тоот хохирогч Д.*******гийн дансанд 138,000 төгрөг төлсөн төлсөн баримт /хх-ийн 66-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ш.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 58-р хуудас/

Прокуророос шүүгдэгч Ш.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ш.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ш.*******ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ