Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 29

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Булгантамир,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Г.Отгонбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Н.Балжинням, Г.Отгонбаяр нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямцэндийн Балжинням, Хас овогт Гомбожавын Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 201613010023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд  аймгийн  суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх,  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эгч дүүгийн хамт Завхан аймгийн сумын  багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй,***  регистрийн дугаартай, Боржигон овогт Нямцэндийн Балжинням,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны дүгээр сарын -нд  аймгийн  суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, , мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн  сумын  багт оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, **** регистрийн дугаартай, Хас овогт Гомбожавын Отгонбаяр,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Н.Балжинням нь С.Пүрэвдоржтой бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн 5-15 тоотод оршин суудаг иргэн Ц.Түмэндэмбэрэлийн монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшин нэвтрэн орж, хэт хутга хулгайлж 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Г.Отгонбаяр нь Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн 5-15 тоотод оршин суух иргэн Ц.Түмэндэмбэрэлийн гэрээс Н.Балжиннямын хулгайлсан эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө шүүгдэгч Н.Балжинням нь С.Пүрэвдоржтой бүлэглэн Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн 5-15 тоот хаягаар оршин суудаг иргэн Ц.Түмэндэмбэрэлийн монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшин нэвтрэн орж, авдар дотор байсан хэт  хутгыг хулгайлж 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч  Г.Отгонбаяр нь Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн 5-15 тоот хаягаар оршин суудаг иргэн Ц.Түмэндэмбэрэлийн гэрээс Н.Балжиннямын хулгайлсан хэт хутгыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ байдал нь:

Хохирогч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожны даруулга тэнийсэн байдалтай байсан. Гэрт ороод  авдраа онгойлгох гэтэл авдарны цоож онгойхгүй байхаар нь харсан чинь цүүг нь мушгичихсан байсан. Тэгээд би цагдаа дагуулж ирээд хэт хутга байсан авдрыг онгойлгож үзэхэд ногоон өнгийн цамцанд боож хийсэн хэт хутга байхгүй байсан. Манай гэрээс өөр зүйл алдагдаагүй, хулгайд алдагдсан хэт хутгийг манай хадам аав 1998 онд Доржсүрэн гэх хүнээс 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдан авч байсан гэсэн. 2006 онд манайхыг айл болоход өвлүүлж өгсөн юм ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай эхнэр Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ очсон. Тэр үед хэт хутга алга болсон байна гэдгийг мэдсэн. Манайхыг Тэсийн голд байхад Г.Отгонбаяр 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, Н.Балжиннямын хүргэн ах 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг тус тус бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Түмэндэмбэрэл манай гэрээс эд зүйл алдагдсан байна гэхээр нь сумын цагдаа н.Эрдэнэчулуунд хэлсэн. Хулгайд алдагдсан хэт хутгийг 1998 онд манай аав Доржсүрэн гэх хүнээс 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдан авч байсан. Манай дүүг гэр бүл болоход нь өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Цэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2006 онд би хүүдээ айл гэр болоход нь хэт хутга өгч байсан. Тэр хутгийг 1998 онд өөрийн төрсөн дүү Доржсүрэнгээс 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж авсан. Манай дүү Доржсүрэн тэр хэт хутгийг Орхон аймгийн барааны зах дээр явж байгаад худалдаж авч байсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Батбаярын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Г.Отгонбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр сумын төв рүү яваад маргааш өглөө нь ирсэн. Тэгээд 3 дугаар сарын 27-ны өдөр хот явна гээд Н.Балжиннямын хамт  Түдэвтэй сум руу сургуулийн хүүхэд хүргэдэг автомашинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Гантулгын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хийгээд байж байтал танихгүй 2 залуу  орж ирээд хэт хутга зарах гэсэн юм гэж үзүүлсэн. Би үзээд үнийг нь асуусан чинь 5-6 сая гэж хэлсэн. Тэгээд үнээ тохироогүй тул тэр хоёр залуу гараад явсан. Тэгтэл үд өнгөрч байхад дахин орж ирээд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдмаар байна гэхээр нь би тийм үнэтэй авахгүй гэсэн чинь дахиад гараад явсан. Тэгээд цаг орчим болоод дахин орж ирээд 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр зараад явсан. Тэр хоёр залуу “бид нар хөдөөний хүмүүс буцах зардлын мөнгө байхгүй, хулгайн эд зүйл биш” гэж надад баталгаа бичиж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Батбаярын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баттулга гэгч хүний лангуун дээр байж байтал танихгүй хоёр залуу орж ирээд хэт хутга  зарна гэж байгаад гараад явсан. Тэгээд үд өнгөрч байхад дахин ирээд  2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр зараад мөнгөө аваад явсан. Хэт хутга зарахдаа  хулгайн эд зүйл биш гэж баталгаа бичиж өгч байсан. Тэр хоёр залуугийн нэг нь дээлтэй, 20-25 насны орчим залуучууд байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ариунаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3 цагийн үед хөдөөний гэмээр хүмүүс орж ирээд энд эртний эдлэл авдаг юмуу гэж хэлэхээр нь би “Авдаг, Харин авдаг хүмүүс нь ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүсээс “Хэт хутга авах уу” гээд зарах үнээ өндөр хэлээд байсан. Тэгээд эргэлдэж байгаад Баттулгын лангуун дээр 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр зарсан. Би тэр хутгыг харсан. Богинохон хутга байсан. Тэр хүмүүс холын аймгаас шуудангаар ирсэн мөнгөний хэрэгцээ гараад зарах гэж байгаа, хулгайн эд зүйл биш гээд байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 20-ны үед Пүрэвдоржийн хамт нэг дунд оврын машинд суугаад Завхан аймгийн Асгат сумын төв орсон. Тэгээд Цогоо гэх айлын дэлгүүрээс архи авч саравчтай толгой дээр гарч  уугаад дууссан. Бид хоёр Дүнхэр ахынд унтахаар очсон чинь гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь Дүнхэр ахынхтай нэг хашаанд байдаг айлынх нь гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшиж байгаад хаалгыг нь онгойлгож, гэрт нь бид хоёр орж архи хайж бүх авдрынх нь цүүг мушгиж онгойлгож үзсэн. Тэгтэл зүүн талын 2 дахь авдар дотроос ногоон цамцанд боочихсон хуйтай, цахиуртай хутга байсныг Пүрэвдорж авдар дотроос гаргаж ирэхээр нь би өвөртөө хийгээд гэрээс авч гарсан. Тэгээд дутуу баригдсан байшинтай хашаанд оруулж байшингийн буланд нууж, чулуугаар далдалж орхисон. Маргааш нь Г.Отгонбаяртай хулгайлсан хэт хутгаа нуусан газраа очиж хэт хутгаа үзүүлэхэд хэт хутгыг хамт  хот ороод зарчихъя гэж хэлсэн. Тэгээд хөдөө гэртээ хэд хоноод Г.Отгонбаярын хамт Улаанбаатар хот явсан. Хот ороод хэт хутгаа урт цагаан гэх газар нэг хүнд гуйсаар байгаад 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хөдөө гэр лүүгээ явах гэж байсан чинь Н.Балжинням хөдөө явах унаагүй болчихлоо цуг явъя гэхээр нь авч явсан. Бид хоёр мотоциклиор сумаас гараад явж байтал Н.Балжинням надад 10000 /арван мянга/ төгрөг байгаа архи авч ууя гэхээр нь дэлгүүр орж нэг шил архи, нэг пиво аваад сумын төвийн урд талд байрлах дутуу баригдсан байшинтай хашаанд орж пивоо ууж байтал Н.Балжинням “Би айлаас хэт хутга хулгайлаад энд нуучихсан. Хоёулаа үүнийг заръя” гэж хэлсэн.Тэгээд байшингийн буланд байсан чулуун дороос ногоон өнгийн цамцанд боосон мөнгөн тоногтой, 30 см орчим урттай, 2 мөнгөн гинжээр хэт нь холбогдсон мөнгөн ембүүтэй хутга гаргаж ирээд надад үзүүлсэн. Би Н.Балжиннямаас “Чи үүнийг хаанаас авсан юм “ гэж асуусан чинь Дүнхэр ахын хашаанд байдаг Ц.Түмэндэмбэрэл гэх айлаас авсан. Хамт хот явъя хүнд битгий хэлээрэй, хэрэв баригдвал хариуцлагаа ганцаараа үүрнэ, чамд зарсан мөнгөнийхөө талыг өгнө” гэхээр нь би зөвшөөрч хот руу хамт явсан. Хот орж такси барьж урт цагаан орж, эртний  эдлэл зардаг дэлгүүрт хэт хутгаа 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдсан. Тэр хэт хутгыг зарахдаа Балжинням манай өвөөгийн хутга гэж хэлсэн. Мөн хулгайн эд зүйл биш гэж Балжинням регистрийн дугаар, нэрээ бичиж өгсөн. Хулгайн эд зүйл хамт зарж борлуулсандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын хуйтайгаа 40 см урттай, цахиуртай, ембүүтэй, 3 мөнгөн гинжтэй, бариул нь мөнгөн тоногтой хэт хутгыг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Мөн Н.Балжинням нь иргэн Ц.Түмэндэмбэрэлийн монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшин нэвтрэн орж, хэт  хутга хулгайлсан үйлдэл нь хохирогч Г.Отгонбаярын эд хөрөнгөнд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Балжиннямыг 2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө С.Пүрэвдоржтой бүлэглэн Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн 5-15 тоотод оршин суудаг иргэн Ц.Түмэндэмбэрэлийн монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшин нэвтрэн орж, авдар дотор байсан хэт  хутгыг хулгайлж 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Отгонбаярыг Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн 5-15 тоотод оршин суудаг иргэн Ц.Түмэндэмбэрэлийн гэрээс Н.Балжиннямын хулгайлсан хэт хутгыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Балжинням, Г.Отгонбаяр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын “лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх,  шүүгдэгч Н.Балжиннямыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, хохирлоо барагдуулсан болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Балжинням, Г.Отгонбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Балжиннямын өмчлөлийн нийт 10 тооны 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн, Г.Отгонбаярын өмчлөлийн нийт 10 тооны 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар саарал өнгийн монгол цоож 2 ширхэг, ногоон өнгийн нүүр хэсэгтэй саарал дэвсгэр дээр хятад үсгээр бчисэн цоож 2 ширхэг, дөрвөлжин нүхтэй цоожны даруулга 1 ширхэг, дугуй хэлбэртэй улаан өнгийн даруулга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Отгонбаярт буцаан олгож, Одбаяр ИВ94041517 гэсэн А4 хэмжээтэй цаасан дээр бичсэн 1 хуудас цаасыг эрүүгийн хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294 дүгээр зүйл, 295 дугаар зүйл, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйл, 298 дугаар зүйл, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямцэндийн Балжиннямыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хас овогт Гомбожавын Отгонбаярыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Отгонбаярт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй бологож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Отгонбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Балжиннямыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар саарал өнгийн монгол цоож 2 ширхэг, ногоон өнгийн нүүр хэсэгтэй саарал дэвсгэр дээр хятад үсгээр бчисэн цоож 2 ширхэг, дөрвөлжин нүхтэй цоожны даруулга 1 ширхэг, дугуй хэлбэртэй улаан өнгийн даруулга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Отгонбаярт буцаан олгож, Одбаяр ИВ94041517 гэсэн А4 хэмжээтэй цаасан дээр бичсэн 1 хуудас цаасыг эрүүгийн хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Балжиннямын өмчлөлийн нийт 10 тооны 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн, Г.Отгонбаярын өмчлөлийн нийт 10 тооны 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Н.Балжиннямд өмнө авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Шүүгдэгч нар нь урьд өмнө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх өр төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Г.Отгонбаярт өмнө авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.УРТНАСАН