Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/953

 

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Мд холбогдох 1906000001045 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Мын М, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул Тэнгэр хотхоны 47-128 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 595 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч М.М нь 2019 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 32-858 тоотод үйл ажиллагаа явуулдаг, иргэн Б.Тын “Билэгт-Очир” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдлэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 8 ширхэг оргилуун дарс, 5 ширхэг 0.5 литрийн шар айраг хулгайлж, нийт 79.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/1149 дугаартай шийтгэх тогтоолыг ... Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. М.М нь 2019 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө хадам эгч Б.Тын түрээсэлж, М.Мийн эхнэр Түвшинжаргалын хариуцан ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 32-858 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн гаднах хаалгыг түлхүүрээр онгойлгон орж унтаж байгаад худалдаа хийдэг өрөөний цоожийг эвдэн орж оргилуун дарс, шар айраг ууж, задлаад орхисноо хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан байхыг ойлгодог. Дэлгүүрийн эрх болон барааг Туяацэцэг өмчилдөг боловч дүү Түвшижаргалд хариуцуулан үлдээсэн болох нь дэлгүүрийн түлхүүр цоож Түвшинжаргалд байж дэлгүүрийг онгойлгож, хаадаг байдлаар, мөн Т, Түвшинжаргал, М нарын мэдүүлгүүдээр нотлогддог. М, Түвшинжаргал нар нь гэр бүл бөгөөд 3 хүүхдийн хамт хамтдаа амьдардаг. Хэрэг гарах үед хамт амьдарч, хамт дэлгүүр орж, гарч, орлогыг гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан нь нотлогддог. Иймд Мийн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах санаа, зорилго байгаагүй бөгөөд архи ууж, согтуурсны улмаас өөрийн гэр бүлийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэлж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх тухай заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.М нь 2019 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 32-858 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Тын “Билэгт-Очир” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдлэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 8 ширхэг оргилуун дарс, 5 ширхэг 0.5 литрийн шар айраг хулгайлж, нийт 79.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Тын “...би 2019 оны 1 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Билэгт-Очир” хүнсний дэлгүүрийг түрээсэлсэн. Энэ үеэр Б.Түвшинжаргал, М.М нар муудалцаад тус тусдаа байсан. ... Би Б.Түвшнжаргалд “манай дэлгүүрт ажиллаад өгөөч” гэж хэлсэн. ...Дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ... түрээсийг би өөрөө төлдөг. Б.Түвшинжаргал нь манай худалдагчаар ажиллаж байгаа. М.М энэ дэлгүүрт ямар нэгэн хамааралгүй. М.Мийн гэх хөрөнгө мөнгө энэ дэлгүүрт байхгүй. Хаалга, хаалганы зүүдэг цоож эвдэрсэн. ...” /хх 14/,

шүүгдэгч М.Мийн “...2019 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө дэлгүүрт орсон. ...Би дэлгүүрээсээ юм авах гэтэл түлхүүр байгаагүй учир хаалганы зүүдэг цоожийг өшиглөөд онгойлгосон байсан. ...Өглөө нь 9 цагийн үед сэрэхэд би дэлгүүр дотроо ороод ирсэн шар айраг, оргилуун дарс задалж уусан байдалтай байсан. ...Авсан эд зүйлээ дандаа дотроо задлаад хаячихсан байсан. ...Би эхнэрийгээ дэлгүүртээ ирэхээс өмнө нь гараад явчихсан. ...Тухайн үед эхнэр Түвшинжаргал камераа шүүж хараад намайг орсон гэж мэдсэн байсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /хх 35-36, 50/,

гэрч Гармаагийн: “...Дэлгүүрийн арын хаалганы цоожийг цүүтэй нь хамт хуга татаад ... онгорхой орхиод явсан байсан. ...” /хх 33-34/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/, түрээсийн гэрээ, холбогдох бичиг баримтууд /хх 16-22/, Хаан банкны 5952029599 дугаартай дансны хуулга /хх 24-32/, “Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 41/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох ба “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ.

Хэдийгээр М.Мийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нь шүүгдэгчийн хулгайлах гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй боловч шүүгдэгч М.Мд дэлгүүрийн хаалганы түлхүүр байгаагүй учир зүүдэг цоожийг эвдэж онгойлгосон буюу багаж хэрэгсэл ашиглахгүйгээр түгжээг эвдэн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч улмаар дэлгүүрийн шар айраг, оргилуун дарс зэргийг задлан уусан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж, худалдагчийг дэлгүүрт ирэхээс өмнө М.М гарч явсан ба М.Мийг дэлгүүрт орсон болох нь дэлгүүрийн хяналтын дүрс бичлэгт тусгагдсан байх агаад түүний энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гэмт хэрэг үйлдэгдсэн “Билэгт-Очир” хүнсний дэлгүүрийг иргэн Б.Т түрээслэн ажиллуулдаг нь хохирогч Б.Т, гэрч Гармаа, шүүгдэгч М.М нарын мэдүүлгүүд /хх 14, 33-36, 50/, түрээсийн гэрээ, холбогдох бичиг баримтууд /хх 16-22/, Хаан банкны 5952029599 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Мийг дэлгүүрийн бараа материалыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаас үзвэл уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь хуульд нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, тухайн гэмт хэргийн шинж шалгуурт тохирсон хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...” гэх гомдол үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1149 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ