Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2021/0350

 

 

 

 

 

   2021               5              19                                             128/ШШ2021/0338

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.О

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээд “П” СӨХ-ны төлөөлөгч Б.З, “А” СӨХ-ны төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.М, иргэдийн төлөөлөгч Ө.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/77 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 5,0 га газрыг буудаллах, отоглох зориулалтаар ашиглаж байсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалаар манай газар ашиглах гэрээг цуцалсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар ашиглах газрын хэмжээг 2,041 га болгон багасган, газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сэргээн, 0171216 дугаартай гэрчилгээ олгож, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Э.С*******, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Б******* нартай 2019/216 дугаартай гурван талт гэрээг байгуулж, уг гэрээний 7 дугаар зүйлийн 2-д гэрээг дараа оны 02 дугаар сарын 25-ны өдөр дүгнэх-ээр тогтсон бөгөөд би газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж, газрын хилийн заагийг мэдээллийн санд бүртгүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэ сурвэй ХХК-иар кадастрын зураглал үйлдүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн болно.

Газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн ба газар ашиглах эрхийн хүчинтэй хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр О ХХК-тай уг газар дээр аялал жуулчлалын зориулалтаар барилга барихаар Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах тухай гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу барих манай барилгын зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталж, уг газар дээр барилгажилтын ажил явагдсан.

Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Н*******, Ө.М******* нар нь миний ашиглаж байгаа газарт хяналтын шалгалт явуулж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний газар ашиглалтын байдлын эрсдэл 67 хувьтай гэж, зөрчил байгаа мэтээр 01-04-014/267 дугаартай албан шаардлага, дүгнэлт гаргаж ирүүлжээ.

Уг албан шаардлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын хүрээнд газар ашиглах гэрээ байгуулах, гэрээнд заасан болзол, нөхцөлийг хангаж ажиллах, 206/А байранд тулгаж ухсан нүх болон А хотхоны баруун талд ухсан нүхүүдэд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхээр дурдсан байсан.

Би Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Н*******, Ө.М******* нарын албан шаардлагын хариуг тогтоосон хугацаанд нь ашиглаж буй газарт ухсан нүхнүүдэд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, налуу газрыг хөрсний нурангаас хамгаалж, нөхөн сэргээж, барилгажиж буй талбайн хашааг засан шинэчлэх зэргээр оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажлыг хийж, улсын байцаагчдын дүгнэлт болон шаардлагаас зарим нь илт үндэслэл муутай байсан тул холбогдох тайлбар болон хийсэн ажлынхаа талаар баримт нотолгоог 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичгээр болон фото зургаар гаргаж, мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмж бичгээр тайлбар гаргаж, тус тус хүргүүлсэн болно.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалаар манай газар ашиглах 2,041 га газраас улсын хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэн, 0,55 га газрын ашиглах эрхийг цуцалсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас удаа дараа үндэслэлгүйгээр миний газар ашиглах эрхийг цуцалж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24,25,26,27 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй хууль зөрчсөн бөгөөд газрыг ашиглахдаа маргаан бүхий актад тусгасан хязгаарлалтын бүсийн дэглэмийг хэрхэн, яаж зөрчсөн, ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг нь тодорхойгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалаар цуцалсан гэх 0,55 га газар дээр одоо 95 хувийн гүйцэтгэлтэй 1 барилга, суурийн давхрыг цутгасан нэг барилга байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 5.230.000.000 /таван тэрбум, хоёр зуун гучин сая/ төгрөг болсон, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, дүүргийн Засаг дарга, Газрын алба зэрэг хяналт, шалгалтын байгууллагууд байнгын хяналт шалгалт явуулж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний баталсан зураг төслийн дагуу явагдсан барилгын ажил хийгдэж байгаа тул ямар нэг байдлаар зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь миний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргах тохиолдолд сонсох ажиллагаа заавал явуулах, иргэний тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалах боломжоор хангах үүргүүдийг тус тус хүлээсэн байна. Нэхэмжлэгч О.О би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал болон улсын ахлах байцаагч нарын дүгнэлтэд дурдсан ноцтой зөрчлүүдийг гаргаагүй.

Тодруулбал, миний ашиглах газрын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалыг үндэслэн эрх бүхий этгээдтэй гурван талт гэрээ байгуулсан, газрын хил, байршлыг тогтоосон кадастрын зургийг Кадастрын зураглал ба газрын кадастрын зураглалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн аж ахуйн нэгж болох Эрдэнэ сурвэй ХХК-иар хийлгэж, ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгсөн байгаа болно.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 10.2.2-т газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах , 10.2.4-т газрын кадастрын зураг захиалах, хүлээн авах, 10.2.6-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудын дагуу өөрийн ашиглаж буй газрын кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар үйлдүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, дүүргийн Газрын албанд хүргүүлсэн. Хэрэв миний ашиглаж байгаа газар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй бол захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тул миний зүгээс хууль зөрчөөгүй болно.

Улсын байцаагчийн дүгнэлтэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг газар ашиглах шийдвэр гаргаагүй байхад баталсан гэжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг урьдчилан хийлгэхийг хориглоогүй байна. Хяналт шалгалтаар тухайн газар дээрх барилга 67 хувийн эрсдэлтэй байна гэж хэлсэн. Эрсдэлийг тодорхойлохдоо юуг яаж тооцож гаргасан талаар байдаггүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн 38 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүрэг байгаа. Энэ хуульд заасны дагуу эрхээ эдэлж, үүргээ хүлээж байсан. Газрыг гэрээний дагуу ашигласан бөгөөд хориглосон үйл ажиллагаа явуулаагүй.

Хөрс нурах аюултай байгаа учраас сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан бөгөөд хөрс нурах гарцаагүй байдлын талаар одоо хүртэл арга хэмжээ аваагүй. Миний үзэж байгаагаар бол адилхан хэмжээний барилга барьсан тохиолдолд газрын нуралт үүсэхээс сэргийлж чадна. Иргэн О.О тухайн барилгад 100 хувийн хөрөнгө оруулсан гэж тайлбарлаагүй бөгөөд ашиглах эрхтэй гэж тайлбарласан. Маргаан бүхий актаар хөндөгдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн. Уг тушаал нь О.Огийн гаргасан хүсэлтийг үндэслэж, 2041 га газрыг сэргээж олгосон байдаг. Уг газрыг сэргээж олгохдоо холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн байдлаар олгосон. Гэтэл тухайн маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг судлан үзэж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаал гарсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд эрсдэл 67 хувь байна гэж дурдсан. Зөрчилтэй холбоотой мэдэгдлийг О.Од хүргүүлсэн бөгөөд мэдэж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж заасан. 67 хувийн эрсдэлтэй байсан бөгөөд хөрсний гулгалт үүссэн зэрэг маш олон нөхцөл байдал дурдагдсан. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж байна. Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд нь зарим нэг талаараа үндэслэлгүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна. Гуравдагч этгээд нарын хүсэлтээр уг тушаал гарсан гэж тайлбарлаж нь байгаа үндэслэлгүй юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй.

Дүгнэлтийг хууль бус талаар ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд тухайн акт хүчин төгөлдөр болсон байгаа. Байгаль орчин, аялал жуулчлал яамнаас Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээ олгоход хаана байршилтай, ямар газар, ямар тушаалыг үндэслэж гарч байгаа, буудаллах, отоглох зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглахыг зөвшөөрч энэхүү гэрээг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, О.Од 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэгжүүлж, зориулалтын дагуу ашиглах тухай харилцан тохиролцож тухайн гэрчилгээг олгосон. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/751 дүгээр тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.О газар ухсанаас үүссэн бохирдол үүссэн гэж хэлж байна. О.О барилга бариулж байгаатай холбоотойгоор хөрсний ус бохирдсон талаар баримт байхгүй. Энэ хоёр нэг өдөр гарсан захиргааны акт. Албан шаардлага нь О.О руу чиглэсэн дүгнэлт биш харин Байгаль орчин аялал жуулчлалын яам руу чиглэсэн байдаг. Мэдэгдээд зөрчлөө арилгасан ба зөрчил арилгах хугацаа тогтоож өгсөн. Албан дүгнэлтээрээ огт өөр зүйл ирсэн байсан. О.Од албан шаардлага гаргасан дээр маргаагүй. Хогоо түү гэхэд хогоо түүсэн. Зөрчлөө арилгасан юм чинь захиргааны шүүхэд гомдоод байх учир байхгүй байсан болохоор гомдоогүй. Маргаан бүхий акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, 12.6, 12.1 дэх хэсэгт заасан байгаа. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зохих журмын дагуу үйл ажиллагааг явуулж болно гэж хэлдэг. Гэтэл яаж зөрчсөн талаараа тодорхой тайлбарладаггүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд О.Огийн газрыг цуцалж байгаа нь үндэслэлгүй, О.Од гаргаж өгөөгүй, мэдэгдээгүй. Хариуцагч талаас газар ашиглах гэрээг зөрчсөн гэж байгаа. Маргаан бүхий актад тийм үндэслэл байхгүй. Зам эвдэрсэн талаар нотлох баримт байхгүй, 0.55 га газар нь ингэсэн гэх баримт байхгүй, төвлөрсөн цахилгаангүй газар оччоод О.Ог буруутгаж болохгүй. Ус бохирдсон нь борооны уснаас болсон болохоос биш О.Од тухайн газар луу бохироо хийсэн зүйл байхгүй. Ухсанаас үүдэлтэй бохир үүссэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Зайсангийн ойр орчимд 400 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж барилга барьж байгаа. Маргаан бүхий актын хүрээнд яриад байгаа зөрчил нь шүүхэд тогтоогдохгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаартай тушаалаар иргэн О.О 2.041 га газар ашиглах мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргасан. Энэ тушаалыг үндэслээд 2.041 га газрыг 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах гэрчилгээг олгосон. Ингээд иргэн О.О тухайн газрыг ашиглаж байх явцад мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгал орчин аялал жуулчлалын яаманд хандаж мэргэжлийн хяналтын дүгнэлт ирүүлсэн. Уг дүгнэлтээр Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/108 дугаартай тушаалаар иргэн О.Од газар ашиглах шийдвэр гаргахдаа отголох зориулалтаар олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг баримталсан. О.Огийн газар ашиглах 1051 га газарт барилга бариулах зориулалтаар 2 хэсэг газарт борооны ус хог хаягдал цугларсан, орчныг бохирдуулсан зэрэг дархан цаазат газар хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх дүгнэлт  Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг зөрчлүүдийг арилгуулахаар иргэн О.Од мэдэгдэл ирүүлсэн, уг мэдэгдэлд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Байгал орчин аялал жуулчлалын яаманд хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Байгал орчин аялал жуулчлалын яамнаас тухайн зөрчлийг арилгасан эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2019 оны 10 оны 16-ны өдөр 05/7190 дугаартай албан бичгээр хандсан боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэн О.О нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан шаардлагын хариуг ирүүлсэн боловч улсын ахлах байцаагчийн албан шаардлагад дурдсан асуудлыг бүрэн хангаж ажиллагаагүй тул Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах талаар мэдэгдэж албан бичиг ирүүлсэн байдаг.

Иргэн О.О нь газар ашиглах гэрээнд зааснаар Газрын тухай хуульд заасан үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл О.О 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хэрэв энэ үүргийг биелүүлээгүй бол газар ашиглах эрх нь дуусгавар болох зохицуулалт байгаа. Байгал орчин аялал жуулчлалын сайдын 12 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй тушаалыг хүчингүй болгох үндэслэл бүрдэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд “П” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З: “...Иргэн О.Од холбогдуулан иргэний маргаан гарахад иргэн О.О Монгол Улсад байдаггүй. Удаа дараагийн хурал дээр газар луйвардсан гэж хэлээд байдаг. Тэр ухсан нүх рүү дугуйтай хүүхэд унасан. Хан-Уул дүүрэг цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа. Тэнд байгаа хашаа удаа дараа салхинд нурж унадаг. Бид хүүхдийн тоглоомын талбай барих талаар ярьсан. Хэргийн материалд авагдсан машины замыг эдний газарт оруулж өгсөн. Цуцалчхаад буцаагаад 7 газар олгосон талаар шалгагдаад явж байгаа. Одоо энэ газарт тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн хийх, 1000 орчин цэцэг тарих талаар оршин суугчдаас төсөв цугларсан байгаа. Энэ зөрчил дутагдал нь 4 жилийн хугацаанд маш олон удаа гарсан. Түүний дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр очоод шийдвэр гаргаж өгсөн. Бид нар бас хүүхдээ айх аюулгүй газар тоглуулах саналтай байна.” гэв.

Гуравдагч этгээд “А*******” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад нэхэмжлэгчийн хэлснээр “А*******” ХХК гэж компани байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрээг бид нар мэдэхгүй. Ашиглалтад орсны дараа байрандаа орсон нь бид нарын эрх. Удаа дараа яах гэж энд орон сууц авсан юм гэж хэлж болохгүй. Бид нар эрүүл аюулгүй газар амьдрах эрхтэй. Энэ эрхэд минь халдахгүй байхыг хүсье. Өмнөх байртайгаа адил аялал жуулчлалын гэчихээд нүх ухаад тэрбумаар зарж болохгүй. О.О ДП-гээ хүлээлгэж өгөөгүй, өмчлөл нь О.Од байдаг. Хотын дарга шуурхай арга хэмжээ авч нүхийг нь дүүргэсэн.” гэв.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орон сууц баригдсанаас хойш 2017, 2018 онуудаас орц гарц бэрхшээлтэй зам эвдрэлтэй болж ирсэн, зам эвдэрч байгаа шалтгаан нь ухсан нүхнээс болдог. Ухсан нүхэнд нь борооны ус хуримтлагдсан. Мөн газар ухах үйл ажиллагаа явагдсанаас үүдэлтэй бохирын шугам дайрснаас метр гарангийн гүнтэй ус хөрсөнд шингэж чадахгүй хэмжээнд хүрч хуримтлагдсан. Үүнээс болж цэвэр ус бохирдож эхэлсэн. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад хүртэл хандсан. Харин О.Огийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар анхнаасаа гуравдагч этгээд нар хандаагүй. Бид нарын зүгээс таны ухсан нүхнээс болж ийм ийм байдал үүсээд байгаа болохоор арга хэмжээ авах талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын хүмүүс ирж дээж аваад дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр их хэмжээний савханцар үүссэн байна. Энэ уснаас хүн хэрэглэж болохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн орчны хог шороо, цэвэр усны бохирдол, өмхий үнэр зэргээс хүүхэд байлгаж болохооргүй болсон. Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 010465365 дугаартай дүгнэлт байна. Маргаан бүхий акт нь өөрөө 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Ойролцоогоор 3 сарын хугацааны дараа акт гарч байгаа. Энэ хугацаанд саяны дурдаж байгаа албан бичгүүд гарсан. 9 дүгээр сарын 02-ны өдөр О.Од гэж хаяглаад 267 дугаартай нэг акт гарсан. Энэ актад үүрэг даалгаврыг өгсөн. Энэ үүрэг даалгаврыг нэхэмжлэгч тал биелүүлсэн гэх боловч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэргэжлийн хяналтын улсны ахлах байцаагчийн 1763 дугаартай дүгнэлтэд уг акт дээр дурдаж байгаа зөрчлүүд 11 дүгээр сарын байдлаар арилаагүй гэж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7190 дугаартай бичиг явуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан хариу тайлбар дээр “...О.О гэдэг хүн зөрчлүүдээ арилгаагүй байна. Тийм учраас улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 010465356 дугаартай дүгнэлтэд тусгасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж байна. Та нар эрх хэмжээний дагуу газраа цуцална уу, хугацаатай үүрэг даалгавар өгөх талаар өөрсдөө шийдвэрлэ” гэсэн байдаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлттэй нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл маргаагүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж эрхийг нь хэсэгчлэн цуцалсан. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Ө.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй” гэв.                              

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч О.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь  хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэн О.О тус шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагад заагдсан ажлуудыг хийж тайлбараа хүргүүлсэн байхад манай компанийн эзэмшил 2,041 га газраас 0,55 га газрын ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус, газрыг ашиглахдаа хязгаарлалтын бүсийн дэглэмийг хэрхэн, яаж зөрчсөн, ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, цуцлах үндэслэл бүрдээгүй...” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэсэн, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс тухайн газар ашиглах эрхийг цуцалсан, нийтийн эрх ашигт нийцсэн...” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас...“А” СӨХ, “П” СӨХ-ийн оршин суугчид амрах талбай, хүүхдийн тоглоомын талбай байхгүй учраас уг газрыг энэ зориулалтаар нийтийн эзэмшилд үлдээх нь зүйтэй...” гэж тайлбарлан маргаж байна. 

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” тушаалаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.6, 27.1, 38 дугаар зүйлийн 38.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/365 дугаар дүгнэлтийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар иргэн О.Од аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зөвшөөрөл олгосон 2.041 га газраас Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан хавсралтад дурдагдсан солбицол бүхий 0.55 га газрын ашиглах эрхийг цуцалж, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь дуусгавар болсон хуулийн этгээдийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хураан авч шинэчлэн олгох, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох газруудад чиглэл хүргүүлэн ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, буруутай этгээдээр тухайн газрыг нөхөн сэргээлгэх ажил зохион байгуулахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, Кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст тус тус үүрэг болгожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно” гэж, 11.7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 12.1 дэх хэсэгт “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;” 12.5 дахь хэсэгт “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” 12.6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;” түүнчлэн хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 27.1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн “Газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх” хэсгийн 40.2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан.

Түүнчлэн тушаалын үндэслэл болгосон, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/356 дугаар бүхий “Зөрчил арилгуулах тухай” дүгнэлтэд “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ам, иргэн О.Огийн газар ашиглалтын байдалд шалгалт хийж 2.12 кодтой Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах хяналтын хуудсаар эрсдэл үүсэх магадлалыг үнэлэхэд “67 хувь буюу их эрсдэлтэй” байна... “П” хотхоны 206/А байрны урд талын хананд тулган суурийн давхрыг гартал 48.2х25 м орчим газар ухсан, шороог зайлуулсан, тус байрны зүүн урьд талын булангаас хөрсний нуралт үүссэн, барьсан түр хашаа нурсан, борооны ус тогтсон, хог хаягдал цугларсан, үнэр орж орчныг бохирдуулсан байдалтай байна...”А” хотхоны байрны баруун талд 23.5х32.6 м орчим барилгын суурийн нүх ухсан, шороог зайлуулсан, ухсан нүхэнд үүссэн нуралтыг машины дугуй, шуудайтай элсээр далан барьж хамгаалалт хийхсэн, борооны ус тогтсон, хог хаягдал цугларсан, үнэр орж орчныг бохирдуулсан, хамгаалалтын хашаа барьсан...батлагдсан эскиз зураг нь иргэн О.Огийн ашиглах 0.55 га газарт 6, 12 давхар барилга баригдахаар төлөвлөгдсөн боловч Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан 2 давхар барилгын зурагтай тохирохгүй...дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж батлагдсан байна, иргэн О.Огийн ашиглаж байгаа 0.55 га газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, нэгж талбарын дугаар аваагүй, гэрчилгээнд нэгж талбар бүрийг тэмдэглээгүй.” Гэж дурдаад,

 “...Иргэн О.О нь Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй...Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаал гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үнэлсэн, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар иргэн О.Од газар ашиглах шийдвэр гаргахдаа Ахотхоны 12 давхар орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа барилгыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдийг, Газар ашиглах шийдвэр гаргаагүй байхад...байгал орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг,...Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.7 дэхь хэсгүүдийг, иргэн О.Огийн газар ашиглах 0.55 га газарт барилга барих зориулалтаар 2 хэсэг газарт суурийн нүх ухсан, ухсан газарт борооны ус, хог хаягдал цугларсан, орчныг бохирдуулсан зэрэг дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 5, 12 дугаар зүйлийн 6 дах хэсгүүдийг тус тус зөрчсөн байна, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдаас... 0.55 га газрыг сэргээж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 12 давхар орон сууцны барилгыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчсөн иргэн О.Огийн хуль бус үйлдлийг дэмжсэн үйл ажиллагаа болсон байна...” гэж тус тус дүгнэсэн байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/1789 дугаар албан бичгээс үзвэл, Иргэн О.Огийн захиалгаар баригдаж буй барилгын суурь ухсанаас шалтгаалан “А” хотхоны авто замын зарим хэсэг ашиглалтын шаардлага хангахгүй болсонтой холбогдуулан уг зөрчлийг арилгахыг  О.Од үүрэг болгосон,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/210 дугаар төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийн хүрээнд хийгдсэн, Улсын байцаагчдын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/210 дугаар хяналт шалгалтын танилцуулгад “...газар ашиглуулах эрхийг сэргээсэн Сайдын тушаал хуульд нийцээгүй талаар болон иргэн О.Огийн хууль бус үйл ажиллагааг дэмжсэн байгааг болон үүнтэй холбоотой иргэн О.Огийн ашиглаж байгаа 0.55 га газарт А хотхоны 12 давхар барилгын баруун талд 23.5х32.6 м орчим, Пхотхоны 206/А дугаар байрны урд талд залгаад 48.2х25 м орчим нүх ухсан, борооны ус, орчны хог, хаягдал цугларч бохирдуулсан нь дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулсан зөрчил байгааг дүгнэсэн, 

Мөн “П” болон “А” хотхоны оршин суугчдын төлөөлөл “А” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Д.Гаас  Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргад 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18/47 тоот албан бичгээр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18/76 тоот албан бичгээр, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19/31 тоот албан бичгээр, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/38 тоот албан бичгээр тус тус үүссэн нөхцөл байдлыг арилгуулах талаар хандаж байсан,

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/970 дугаар захирамжаар иргэн О.Огийн аялал жуулчлалын зориулалттай барилга угсралтын ажилтай танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж байснаас гадна 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 02-03/5247 албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж маргаан бүхий тушаалын үндэслэл болсон, Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг ажлын хэсэгт ирүүлэхийг хүсч байсан нь тогтоогдсон,

Мөн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-07-094/1763 дугаар дүгнэлтээр “…“А” хотхон руу өгсдөг авто замын урд талд тулгаж ухсан нүхнээс шалтгаалан авто замын далан, сууринд суулт үүссэн, их хэмжээний бороо орсны улмаас авто замын зорчих хэсгийн доогуур ус орж, зорчих хэсгийн хучилт хөндийрч нурж, цөмрөх нөхцөл байдал үүссэн, авто замын зорчих хэсэг дагуудаа цууралт өгч хагарсан нь Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахгүй байна” гэж үзсэнээс гадна авто замын урд талд олгосон газрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар шийдвэрлүүлэх, барилга барих зөвшөөрлийг эргэн харах, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан суурийн ажил нь хийгдэж байгаа 15 давхар барилгын газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох эсэхийг Яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар шийдвэрлэх, одоо баригдаж буй барилгыг батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс хасч, тухайн газарт хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөх, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах эсэхийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар шийдвэрлэх, эдгээр зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэн арилгуулж ажиллахыг захиалагч О.О, гүйцэтгэгч “О” ХХК нарт хариуцуулахаар тус тус шийдвэрлэн, уг дүгнэлтээ хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн,

Мөн Иргэн О.Огийн захиалгаар баригдаж буй барилгын суурь ухсанаас шалтгаалан “А” хотхоны авто замын зарим хэсэг ашиглалтын шаардлага хангахгүй болсонтой холбогдуулан мөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/1789 дугаар албан бичгээр уг зөрчлийг арилгахыг  О.Од үүрэг болгосон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/210 дугаар төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийн хүрээнд хийгдсэн улсын байцаагчдын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/210 дугаар хяналтын шалгалтын танилцуулгад “...газар ашиглуулах эрхийг сэргээсэн Сайдын тушаал хуульд нийцээгүй талаар болон иргэн О.Огийн хууль бус үйл ажиллагааг дэмжсэн байгааг буруутгаж, улмаар зөрчил тус бүрд дүгнэлт гаргасан нь тус тус тогтоогдсоноос гадна иргэн О.Од өгсөн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/3298 тоот өргөдлийн хариунд “…“А” хотхоны баруун талд ухсан нүхийг...газар эзэмшигч иргэний хуулиар хүлээсэн үүргийн дагуу нөхөн сэргээх хугацаатай үүрэг даалгаврыг улсын байцаагчаас өгсөн байхад арга хэмжээ аваагүй байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар ашиглаж байгаа иргэн нь тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан…”-ыг мөн дурдсан байна.

Түүнчлэн тухайн газар дээр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлүүд тухайлбал 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь Улсын байцаагчийн дүгнэлтэнд дурдсанчлан уг газар дээр нүх ухсан байсан боловч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь тухайн газар дээр ухсан нүхийг дарж булсан болох нь тогтоогдсон, мөн уг газар дээр аялал жуулчлалын отоглох, буудаллах зориулалттай сууц байхгүй, харин 12 давхар барилга баригдсан байгаа нь тогтоогджээ.

Дээр дурдсан үйл баримтууд болон нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Захиргааны байгууллага нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, албан шаардлага, танилцуулгад тусгагдсан зөрчлүүдийг үндэслэн нэхэмжлэгч О.Огийн ашиглах эрх бүхий газрын тодорхой хэсэг буюу 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 0171216 тоот газар ашиглах гэрчилгээний хавсралтад тэмдэглэгдсэн  “Б” талбайн 5511.68 м.кв-д хамаарах хэсгийг маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” тушаал нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр болох нь дараахь үндэслэлүүдээр тогтоогдож байна.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/158 дугаар тушаалаар иргэн О.Огийн, өмнө ашиглах эрхийг нь дуусгавар болгосон газруудаас үл хөдлөх эд хөрөнгө баригдсан хэсэг болох 2.041 га-д хамаарах хэсгийн ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгохыг зөвшөөрсөн байна.

Энэхүү, хариуцагчийн гаргасан А/158 дугаар тушаал нь Богдхан уулын Зайсангийн аманд байрлах 7 тусдаа газарт нэгэнт баригдсан барилгуудыг цаашид эзэмших, ашиглахыг л хууль зүйн хувьд нэхэмжлэгчид зөвшөөрсөн асуудал бөгөөд харин энэ тушаалаар нэхэмжлэгчид барилга байгууламж нэмж барих зөвшөөрөл олгосон гэж үзэхгүй.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08/771 дүгээр албан бичгээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т иргэн О.Огийн ашиглах эрх бүхий газар нь дунд давхрын орон сууцны болон цэцэрлэгт хүрээлэнгийн бүсэд хамаарч байгааг тодорхойлсон байх боловч энэ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч О.Од 2008 онд аялал жуулчлалын бааз барих зориулалтаар анх газар ашиглах эрх олгосон боловч уг газраа энэ зориулалтаар огт ашиглаагүй, тухайн газрын эргэн тойронд нь хотхон, хорооллын хэлбэрээр нийтийн болон хувийн орон сууц, тухайлбал “П”, “А” хотхонууд баригдсанаар эдгээр орон сууцанд оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, “П”, “А” хотхонуудад оршин суугч иргэдийн нийтлэг эрх ашигт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь хяналт шалгалт эрхэлсэн байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон, энэ тохиолдолд “улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан, ухсан нүхийг буцааж нөхөн сэргээж зөрчлөө арилгасан...уг газар дээр 12 давхар барилга баригдсан тул газар ашиглах эрхийг цуцлах боломжгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй,  маргаан бүхий тушаалаар 0.55 га газрын ашиглах эрхийг цуцалснаар уг 12 давхар барилгыг цаашид ашиглах, эзэмших аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч О.О нь маргаан бүхий актын үндэслэл болсон, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/365 дугаар дүгнэлтийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар бие даасан захиргааны байгууллагаас гаргасан, захиргааны акт болох 01-04-065/365 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон хэдий ч тухайн захиргааны акт гарахаас өмнө төрийн захиргааны байгууллагуудаас хяналт шалгалт, албан шаардлага гаргах явцад нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар гаргуулж байсан, нөгөө талаар мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “П” СӨХ-ийн удирдах зөвлөлтийн 19/1202 дугаар тогтоолоор Б******* овогтой З*******г 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “П” СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар томилон 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “П” СӨХ-ны нэр бүхий иргэдээс Б.Зд итгэмжлэл олгосон, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “А” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 3 дугаар тогтоолоор УЗ-ын дарга Ч.А, Ц.Т, Б.Б, С.А, Б.Т, Б.Пнараас гүйцэтгэх захирал Д овогтой Г /РД:.../-т оршин суугчдыг төлөөлөн шүүх хуралд оролцох итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар тус тус олгосон байх ба дээрх итгэмжлэлийн хугацаа дууссан дахин “П” хотхоны нэр бүхий иргэдээс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Зд 3 жилийн хугацаагаар, “А” хотхоны нэр бүхий иргэдээс Д.Гт тус тус итгэмжлэл олгосон болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгчөөс “...нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул уг шийдвэрийн үндэслэлүүдээр Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хангагдсан болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/, 12 дугаар зүйлийн 1/, 5/, 6,  27 дугаар зүйлийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Огээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчилэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй, 

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ              Н.ДУЛАМСҮРЭН

                              ШҮҮГЧ                 Г.МӨНХТУЛГА

                             ШҮҮГЧ              Н.ДАМДИНСҮРЭН