| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0210/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/208 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Б.Батцоож
Шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2136000000098 дугаартай, 178/2022/0210/Э/ индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд найрамдах Казахстан улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 57 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16-6 тоотод түр оршин суух, Бүгд Найрамдах Казахстан улсын Ахсу аймаг,Евгенике суманд оршин суух хаягтай, ******* ургийн овогт *******ы *******, регистрийн дугаар:И*******/ гадаад паспорт/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16-4 тоотод байрлах Т.*******гийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 25 кг мах, 4 ширхэг адууны каз/мах/ хулгайлж хохирогч Т.*******д 340000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-14-р хуудас/
Хохирогч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн төрсөн ахын хүүхэд болох Онгорбай руу утсаар яриад “ манай байшин зүгээр биз дээ” гэхэд “зүгээр байна” гэсэн. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би Онгорбай руу яриад “ чамд манай байшингийн түлхүүр байгаа биз дээ, байшингаас мах аваад постон дээр дөхүүлээд өгөөч“ гэж ярьчихаад байж байтал Онгорбай удалгүй дахиж залгаад “ танай байшингийн үүдний амбаарын цонх хагарсан байна, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь би “ороод үз, алга болсон юм байна уу “ гэхэд Онгорбай “ би орлоо, алга болсон юм мэдэгдэхгүй байна, харин хөргөгчин доторх мах чинь дундуур байна” гэж хэлсэн.Тэгээд би гэртээ ирж үзэхэд хөргөгчинд байсан мах алга болсон байхаар цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Гэрч А.Савидханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай хажуу талын хашаанд амьдардаг Т.******* гэх залуу манай ээжид “ танай А.******* манай байшинд орж мах хулгайлсан байна” гэж хэлсэн байсан.Би ах А.*******аас “ та энэ айлын байшинд орж мах авсан юм уу” гэхэд ах “ тиймээ би хөлдөөгчнөөс нь мах авсан” гэж хэлсэн. Манай ах А.******* ээжтэй хамт амьдардаг юм.Хулгайлж авсан махаа хаана тавьсан талаар асуухад “ замын хажуу талын төмөр торон дотор байдаг нурсан шавар амбаарын хажууд тавьчихаад буцаад ирэхэд байхгүй байсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/
Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн... адууны махан каз-4 ширхэг-140000 төгрөг, бог малын гуя-25 кг- 200000 төгрөг, нийт 340000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 34-р хуудас/
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 54-57-р дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 58-59-р хуудас/
Шүүгдэгч А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ээжийнхээ хашааны хойт талд Сайлау гэх хүнтэй нэг шил архи хувааж уусан.Сайлау архиа ууж дуусаад яваад өгсөн. Би дахиж архи уумаар санагдаад мөнгө байхгүй болохоор Т.*******гийн байшингийн үүдний амбаарын жижиг цонхыг хагалж ороод мах хулгайлсан. Уг махаа гэрээсээ авчирсан уутанд хийгээд зарахаар авч явж байгаад замын хойт талын хадлан хийдэг торон дотор тавьчихаад Еркежаны дэлгүүр ороод мах авах хүн хайгаад 30 минут орчим болоод эргээд иртэл ууттай мах алга болчихсон байсан.Тэр хавиар хайгаад олдохгүй болохоор гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16-4 тоот хашаанд байх Т.*******гийн эзэмшлийн байшингийн үүдний амбаарын цонхоор нэвтэрч хөлдөөгч дотор нь байсан 25 кг мах, 4 ширхэг каз хулгайлан авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.******* нь архи авч уух зорилгоор хажуу хашаанд байх эзэнгүй айлын байшингийн цонхоор нь орж мах, каз зэргийг хулгайлж аваад зарж мөнгө олохыг санаархсан үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч А.******* нь архи уух дуршилтайн улмаас мөнгөтэй болж архи авч уух зорилготой байсан ба хажуу хашааны байшин нь эзэнгүй байж таарсан нь хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.******* хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч үйлдлээ дэлгэрэнгүй мэдүүлдэг ба энэ нь хохирогч Т.*******, гэрч А.Савидхан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.******* нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Гадаадын иргэн харьяатын Баруун бүс дэх газрын даргын тодорхойлолт, А.*******ы И******* дугаартай гадаад паспортын хуулбар,гадаадын иргэний талаар интерполын үндэсний товчоонд мэдэгдэх тэмдэглэл / 49-р хуудас/, Гадаадын иргэнийг сэжигтнээр баривчлах, яллагдагчаар татах, цагдан хорих, хилийн хориг тавьсан шийдвэрийн бүртгэл /50-р хуудас/, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, өртөж хохирсон гадаадын иргэдийн талаарх бүртгэл /51-р хуудас/ ,
Шүүгдэгч А.*******ы хувийн байдлын талаар гэрч А.Биеэбатын өгсөн... манай ах А.******* нь даруу төлөв зантай, хүний үг сайн сонсдог.1998 онд эхнэр хүүхдийн хамт Казахстан улсын иргэн болж амьдрахаар явсан.Тэнд амьдарч байхдаа эхнэр нь нас барж 2 хүүхэд нь тусдаа гараад 2018 онд Монгол улсад ирсэн.Одоо дүү нартайгаа ногоо тарьж амьдардаг... гэх мэдүүлэг /хэргийн 28-29-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тхуай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй хязгаарлалт тогтоох, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ы өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: Шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч А.******* нь хувийн байдлын хувьд ам бүл 1, ногоо тарьж амьдардаг. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна.Өршөөлийн хуульд хамруулж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх тайлбар,
Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн болон өмгөөлөгчийн санал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Гурав. Бусад асуудлын талаар:
Хохирогч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..А.******* миний хохирлыг барагдуулж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэх мэдүүлгээс / хх-20/ шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн 2136000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******д тайлбарласугай.
6.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС