Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

 

 

 

   

                                

      2022         11           17                                        2022/ШЦТ/207

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Г.Ш,

         хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эд холбогдох эрүүгийн 2219003620305 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ....суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух, ял шийтгэлгүй, Ж.Э /.../,

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө ... талд хохирогч Г.Штэй гудамж талбайд шээлээ гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар барьцалдан унагаах үйлдэл хийсний улмаас түүний биед зүүн дунд чөмөгний гадна булууны няцрал, холбоосын суналт, урагдал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ж.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой найзындаа пиво уусан. Тэгээд найзынхаасаа гарч ирээд байж байхад  нэг найз маань гудамд шээсэн. Үүнээс болж Билгүүн Штэй маргалдаж барьцалдаж авсан. Ш Билгүүнийг доороо хийчихсэн цохиж байхаар нь би очиж Шийг өргөж босгосон. Намайг цохих байх гэж бодсон байх надтай барьцалдаад байж байхдаа арагшаа 2-3 алхаад эргэх явцдаа унасан. Босоод хөлөөрөө мөр хавьд нь 1 удаа өшиглөсөн. Давхралдаад дээр нь унахдаа би жинтэй учраас гэмтэл учруулсан байх, тэрнээс санаатай ийм гэмтэл учруулаагүй. Би хүзүүг нь ороож бариагүй, Билгүүний дээрээс өргөж босгосон. Маргаан орц, хүүхдийн тоглоомын талбайд ойрхон шээлээ гэснээс болсон. Би хохирогч руу утсаар ярьж биеийн байдлыг нь асууж байсан. Хохирогчид хохиролд 2.041.250 төгрөгийг төлсөн. Ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийн хувьд нотлох баримтыг үндэслэн хариуцаж барагдуулна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Г.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой эхнэр болон эхнэрийн найзтай гэр лүүгээ орох гээд явж байтал хэдэн залуучууд сууж байсан. Нэг нь хүүхдийн тоглоомын талбайн ойролцоо шээж байсан. Тэгэхээр нь би наана чинь хүүхдүүд тоглодог ш дээ болиоч гэсэн шаардлага тавьсан.  Гэтэл нэг залуу над руу дайрч ирэхээр нь унагаачихаад доороо хийсэн. Энэ үед Э ирээд намайг түлхээд би хажуу тийшээ унасан. Би босож ирээд яагаад түлхээд байгаа юм бэ гэхэд намайг толгой ороож боох маягтай болсон. Э миний хүзүүгээр уургалаад барьчихсан байсан,  би гарыг нь салгах гээд түлхсэн, тэр үед бид хоёр барьцалдсан чигээрээ хажуу тийш унахдаа Э намайг дараад унасан. Намайг унасан байхад энэ залуу толгой, чамархай хэсэг рүү өшиглөсөн. Тэр шээж байсан залуу нь над руу томроод чамаар хаана шээхээ заалгахгүй гэсэн. Тухайн залуучууд бүгд согтуу байсан, нэлээн хөөрөлдсөн байдалтай байсан. Би одоо ажилдаа явах боломжгүй байгаа. Хохиролд өнөөдөр өглөө 2.041.250 төгрөг өгсөн. Одоо ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, 

          -Гэрч Б.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...манай нөхөр Ш нь чи наанаа шээгээд байгаа юм уу гэхэд тэгж байна яасан гэхэд нь манай нөхөр Шинэсүх нь наана чинь хүүхэд тоглодог тоглоомын талбай болиоч гэхэд нь нөгөө залуу би гэрийнхээ гадаа шээж байна цагдаа хүн байна яадаг юм гэсэн. Тэгээд тэр залуутай манай нөхөр Ш заамдалцаж аваад байсан. Би голоор нь ороод болиулах гэсэн чинь хамт явж байсан гурван найз нь эр хүн шиг үзчих гээд ...тэр хоёр барьцалдаж аваад манай нөхөр Ш дээр нь гараад сууж байсан. Нөгөө залуугийн найз гэх хамт явж байсан биерхүү өндөр бүдүүн хар өнгийн хувцастай залуу ирээд татаж босгоод заамдалцаж байгаад манай нөхрийг тэр залуу унагаасан. Тэгээд дээрээс нь нэг алгадсан. Би тэр залууг татаад салгасан. ...манай нөхрийн хөл нь болохоор тухайн том биетэй бүдүүн залуу нь унагаахад гэмтсэн, унасных нь дараагаар хөл хөдөлж болохгүй байна гээд бариад байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

          -Гэрч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Э, Идэрбаяр, Гантогтох нартай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд уулзаад Гантогтохын ... байдаг гэрт орж 3 ширхэг том пиво уусан. Тэгээд Гантогтохын гэрээс бөөндөө гараад гадаа сууж байгаад Идэрбаяр дэлгүүртэй байрны хажуу талын байр луу шээж байхад нэг залуу хоёр эмэгтэй ирээд хүүхдийн тоглодог газар ш дээ болиоч гээд байсан. Тэр залуу Идэрбаяр нар нь муудах гээд байхаар нь би салгасан чинь намайг тэр залуу доороо оруулаад байсан. Тэгсэн манай найз Э салгасан. Тэгээд салгасны дараагаар хөл эвгүй болчихсон гээд босож ирэхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 6, 27 ху/,

          -Гэрч Э.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...орой 21 цагийн орчим манай гэрийн гадаа дэлгүүрийн шатан дээр Э, Билгүүн, Идэрбаяр бид дөрөв 1 том пиво хувааж уусан. ...тэгээд гэрээс гараад бид 4 юм яриад сууж байсан. Тэгээд хажуугаар 1 залуу 2 эмэгтэй өнгөрч явж байсан. Тэгээд юунаас болж муудсаныг мэдээгүй ...бужигнаад байсан чинь Билгүүн нөгөө залуугийн доор орчихсон байсан. Тэгээд Э салгаад Билгүүнийг нөгөө залуугийн доороос татаж авч байх шиг байсан. ...Э салгасны дараагаар нөгөө залуу босохгүй хэвтээд байснаа цагдаа дууд гэж эхнэртээ хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 41-42 ху/

        -Гэрч Б.Идэрбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Билгүүн, Э бид 3 гадаа сууж байсан. ...Билгүүн тэр залуу хоёр хоорондоо хэрэлдэж байгаад нөгөө залуу Билгүүнийг доороо оруулчихсан. Тэгээд Э салгахаар очсон. Тэнд болсон тодорхой зүйлийг мэдэхгүй. Би бол цохиж зодоогүй.  ...ойртож очоогүй, холоос хараад зогсож байсан. ...би хараагүй намайг шээх хооронд байсан байж магадгүй гэсэн мэдүүлэг /хх 43-44 ху/

         -Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Шийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж дүгнэлтэд тусгагдсан. Зүүн дунд чөмөгний гадна булууны няцрал, холбоосын суналт, урагдал гэмтэл нь удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байж эсхүл зайлшгүй мэс засалд орж байж эдгэрэх боломжтой гэмтэл юм. Учир нь дунд чөмөг өөрөө тулгуур эрхтэнд оролцдог зузаан яс юм.Тэр ясны гадна булууны няцрал гэдэг нь ясны бүтэц алдагдсан байгаа тул мэс засалд орж хадуулах байх гэсэн мэдүүлэг /хх 47-48 ху/

         -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0445 дугаартай дүгнэлтэнд:

        1.Г.Шийн биед зүүн дунд чөмөгний гадна булууны няцрал, холбоосын суналт, урагдал гэмтэл тогтоогдлоо.

        2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 11-12 ху/,

        -Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх 15 ху/

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29-31, 36-38ху/

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 ху/

         -Хохирлын баримт /хх 55 ху/

         -Яаралтай тусламжийн хуудас /хх 58-59 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө ... талд хохирогч Г.Штэй “гудамж талбайд шээлээ” гэснээс болж маргалдан, улмаар барьцалдан унахдаа хохирогчийн биед зүүн дунд чөмөгний гадна булууны няцрал, холбоосын суналт, урагдал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эы өөрийнх нь “...Ш Билгүүнийг доороо хийчихсэн цохиж байхаар нь би очиж Шийг өргөж босгосон. Намайг цохих байх гэж бодсон байх надтай барьцалдаад байж байхдаа арагшаа 2-3 алхаад эргэх явцдаа унасан. Босоод хөлөөрөө мөр хавьд нь 1 удаа өшиглөсөн” гэсэн, хохирогч Г.Шийн “...нэг залуу над руу дайрч ирэхээр нь унагаачихаад доороо хийсэн. Энэ үед Э ирээд намайг түлхээд би хажуу тийшээ унасан. Би босож ирээд яагаад түлхээд байгаа юм бэ гэхэд намайг толгой ороож боох маягтай болсон. ...тэр үед бид хоёр барьцалдсан чигээрээ хажуу тийш унахдаа Э намайг дараад унасан. Намайг унасан байхад энэ залуу толгой, чамархай хэсэг рүү өшиглөсөн.” гэсэн, гэрч Б.Урангоогийн “...Ш нь чи наанаа шээгээд байгаа юм уу гэхэд тэгж байна яасан гэхэд нь манай нөхөр Ш нь наана чинь хүүхэд тоглодог тоглоомын талбай болиоч гэхэд нь нөгөө залуу би гэрийнхээ гадаа шээж байна цагдаа хүн байна яадаг юм гэсэн. Тэгээд тэр залуутай манай нөхөр Ш заамдалцаж аваад байсан. Би голоор нь ороод болиулах гэсэн чинь хамт явж байсан гурван найз нь эр хүн шиг үзчих гээд ...тэр хоёр барьцалдаж аваад манай нөхөр Ш дээр нь гараад сууж байсан. Нөгөө залуугийн найз гэх хамт явж байсан биерхүү өндөр бүдүүн хар өнгийн хувцастай залуу ирээд татаж босгоод заамдалцаж байгаад манай нөхрийг тэр залуу унагаасан. Тэгээд дээрээс нь нэг алгадсан” гэсэн /хх 29 ху/, гэрч Б.Билгүүний “...Идэрбаяр дэлгүүртэй байрны хажуу талын байр луу шээж байхад нэг залуу хоёр эмэгтэй ирээд хүүхдийн тоглодог газар ш дээ болиоч гээд байсан. Тэр залуу Идэрбаяр нар нь муудах гээд байхаар нь би салгасан чинь намайг тэр залуу доороо оруулаад байсан. Тэгсэн манай найз Э салгасан” /хх 6, 27 ху/, гэрч Э.Гантогтохын “...Э, Билгүүн, Идэрбаяр бид дөрөв 1 том пиво хувааж уусан. ...тэгээд гэрээс гараад бид 4 юм яриад сууж байсан. Тэгээд хажуугаар 1 залуу 2 эмэгтэй өнгөрч явж байсан. Тэгээд юунаас болж муудсаныг мэдээгүй ...бужигнаад байсан чинь Билгүүн нөгөө залуугийн доор орчихсон байсан. Тэгээд Э салгаад Билгүүнийг нөгөө залуугийн доороос татаж авч байх шиг байсан. ...Э салгасны дараагаар нөгөө залуу босохгүй хэвтээд байснаа цагдаа дууд гэж эхнэртээ хэлсэн”  гэсэн /хх 41-42 ху/, гэрч Б.Идэрбаярын “...Би бол цохиж зодоогүй.  ...ойртож очоогүй, холоос хараад зогсож байсан. ...би хараагүй намайг шээх хооронд байсан байж магадгүй” гэсэн /хх 43-44 ху/” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн дунд чөмөгний гадна булууны няцрал, холбоосын суналт, урагдал бүхийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0445 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирлын баримт, яаралтай тусламжийн хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар дээрхи үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ж.Эы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Давхралдаад дээр нь унахдаа би жинтэй учраас гэмтэл учруулсан байх, тэрнээс санаатай ийм гэмтэл учруулаагүй. Би хүзүүг нь ороож бариагүй, Билгүүний дээрээс өргөж босгосон” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Ж.Эы үйлдлийн хувьд болгоомжгүй байдлаар хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан харагддаг. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан субьектив шинжийг агуулаагүй гэж харагдаж байна” гэж тайлбарлан зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас мэтгэлцэж байгааг тус тус хүлээн авах боломжгүй байна.

          Шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь “...Ш Билгүүнийг доороо хийчихсэн цохиж байхаар нь би очиж Шийг өргөж босгосон. Намайг цохих байх гэж бодсон байх надтай барьцалдаад байж байхдаа арагшаа 2-3 алхаад эргэх явцдаа унасан. Босоод хөлөөрөө мөр хавьд нь 1 удаа өшиглөсөн” гэсэн, хохирогч Г.Шийн “...нэг залуу над руу дайрч ирэхээр нь унагаачихаад доороо хийсэн. Энэ үед Э ирээд намайг түлхээд би хажуу тийшээ унасан. Би босож ирээд яагаад түлхээд байгаа юм бэ гэхэд намайг толгой ороож боох маягтай болсон. Намайг унасан байхад энэ залуу толгой, чамархай хэсэг рүү өшиглөсөн. ...тэр үед бид хоёр барьцалдсан чигээрээ хажуу тийш унахдаа Э намайг дараад унасан” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ж.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 10 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг мэдэгдэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Шийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ, хагалгааны зардал 2.041.250 төгрөг, шүүхийн шатанд ажилгүй байсан хугацааны цалин 5.095.848 төгрөг, нийт 7.137.095 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч талаас эмчилгээ, хагалгааны зардал 2.041.250 төгрөгийг төлж барагдуулсан, харин ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримтыг үндэслэн төлнө гэсэн тайлбарыг гаргаж байна.

          Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж нотлох баримтаар УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 57/945 дугаартай албан бичиг, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцоолол, лист илгээгдээгүй талаар бичигдсэн эмчийн тэмдэглэлийн хуулбар, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн эмчилгээ үйлчилгээний талаархи тодорхойлолт зэргийг ирүүлснийг шинжлэн судлахад үнэлэх боломжгүй, нотлох баримт дутуу байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуу/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

        4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Шийн нэхэмжлэлээс 5.095.848 /таван сая ерэн таван мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.БАЙГАЛМАА