| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0196/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/205 |
| Огноо | 2022-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 20.4.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/205
2022 11 10 2022/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ... ХХК-ийн захирал М.Н, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,
Шүүгдэгч Г.О, Б.А, Х.Ж, Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж, Э.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О, Б.А нарт холбогдох эрүүгийн 2219002470250 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ...анд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,Г.О /регистрийн дугаар: ..../,
Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ... ХХК-д нярав ажилтай гэх, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х.Ж /регистрийн дугаар: .../,
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ... ХХК-д тэсэлгээчин ажилтай гэх, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 34 дүгээр гудамжны 828-В тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Б /РД: ...
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, далд уурхайн өрөмдөгч буюу нэвтрэгч мэргэжилтэй, ... ХХК-д нэвтрэгч ажилтай гэх, ам бул 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, одоо ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.А /регистрийн дугаар: .../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ж, Э.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө .... багийн нутаг дэвсгэрт байрлах "..." ХХК-ний тэсрэх материалын агуулахад хууль бусаар,нууцаар нэвтрэн орж, 6.630.000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис эмульс 25 кг, /100 ширхэг/, нонель /тэсрэх хэрэгсэл 100 ширхэг/, цахилгаан бялт /тэслүүр, 100 ширхэг/-ийг авсан. Мөн дээрх эмульс, нонель, цахилгаан бялт зэрэг тэсэрч дэлбэрэх бодисыг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт бусдад борлуулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Г.О, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Э.Б, Х.Ж нараас 6.630.000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис эмульс 25 кг, /100 ширхэг/, нонель /тэсрэх хэрэгсэл 100 ширхэг/, цахилгаан бялт /тэслүүр, 100 ширхэг/-ийг буюу тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 05 сарын 13-ны өдөр А ах надтай жоохон юм авъя, гаргаад өгөх боломж байна уу гэж утсаар ярьсан. Би 05 сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад 16-ны шөнө А ахтай утсаар эмульс 24кг, нонель 100 ширхэг, цахилгаан бялт 100 ширхгийг авъя гэж ярилцсан. 18-ны шөнө 23 цагийн үед уурхай дээрээс очиж аваад Төв аймагт ирсэн. Маргааш нь О, А ах хоёртой уулзсан. 4,500,000 төгрөгөөр худалдсан. Түүнээс цаашаа юу болсныг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надаас О тэсрэх материал олдох уу гэж асуусан. Би орой Э.Бгаас тэсрэх материал олдох уу гэж асууснаас биш гаргаж өгөөч гэж хэлээгүй. Э.Б тэсрэх материал байна, зарах гэсэн юм гэхээр нь Отой холбож өгсөн. 06 сарын 18-ны өдөр О бид хоёр хамт очиж худалдаж авсан. Манай талийгаач ахын бие муу байсан болохоор би Отой ажлын шугамаар өдрийн 100,000 төгрөгөөр ажил хийхээр явахдаа Баянхонгор аймаг руу тээвэрлэж явсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад 100, 100 ширхэг материал байна гэж 17-ны өдөр залгасан. Би Улаанбаатар хотод байхгүй байна гээд 18-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. 18-ны орой А ах, Б, Ж нартай уулзаж, А ах худалдаж авсан материалаа аваад явсан гэв.
Шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэм буруугаа ухамсарлаж, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээсэн. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч: Би Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Би Ти девелопмент ХХК-тай 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс хойш хэрэг болох хүртэлх хугацаанд хамтарч ажиллаж байсан. Манай компанид гэрээгээр тэсэлгээний үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 06 сарын 19-ний өдөр намайг Баян-Өлзий аймагт явж байхад манай нярав утсаар залгаж агуулахаас бараа материал алдагдсан байна гэж мэдээлэл өгсөн. Би тэр даруйд цагдаагийн байгууллагад хүлээсэн үүргийнхээ дагуу мэдээлэл өгч шалгуулсан. би өөрөө 22-ны өдөр ирээд үзэхэд эмульс 25 кг, буюу 100 ширхэг, нонель 100 ширхэг, цахилгаан бялт 100 ширхэг, нийт 300 ширхэг материал дутсан байсан. Материалын үнэлгээ нь 6,630,000 төгрөгөөр тогтоогдсон. Уг хэргийн улмаас Улаанбаатараас Дорноговь аймаг руу ирэх, очих шатахууны зардал 874,310 төгрөгийн зардал гарсан. Нийт 7,514,310 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Г.О, Б.А, Э.Б гэсэн гүйлгээний утгатай нийт 4,972,500 төгрөг миний дансаар орж ирсэн. Үлдэх 2,531,810 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-11 дүгээр тал),
Гэрч Ч.Баатарзоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б надтай уулзаад ах автомашинаа өгчих ойрхон явчхаад ирье миний автомашин болохгүй байна гэсэн. Би хаашаа ямар ажлаар явах гэж байгааг мэдээгүй. Би 7845 УБЗ улсын дугаартай хар өнгийн саното 6 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Бд автомашинаа өгөөд тэр шөнөдөө 01 цагийн орчимд ирсэн. Б манайх 2 нэг хашаанд байдаг. Маргааш өглөө нь би автомашинаа унаад ажилдаа явсан. Тэрнээс хойш автомашинаа өгөөгүй..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
Гэрч Р.Равжихбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2022 оны 06 дугаар сарын 13-нд ажилдаа ирсэн. Манай уурхайн тэсэлгээг хариуцсан компани болох ... ХХК нь Би ти Девелопмент ХХК-тай гэрээний дагуу тэсэлгээний ажил хийдэг. 2021 оны 04 дүгээр сараас хамтран ажиллаж байна. Тэсрэх материалын агуулах нь Алтадын уурхайн баруун хойно 700 м зайд байрладаг. Тэсэлгээний хашаа, тэсрэх материалыг Азийн топ гэдэг харуул хамгаалалтын компани хариуцан ажилладаг. Энхмагнай, Болд гэдэг 2 харуул ээлжээр ажилладаг. Тэсрэх материал ... ХХК-ний эзэмшлийнх. 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс 06 дугаар сарын 19-ний үед тэсрэх материалын хашаанаас тэсрэх бодис, тэсрэх хэрэгсэл алдагдсан. Манай компани хохирогч биш ... ХХК хохирогч гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал),
Гэрч Б.Шинийннэгэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нонель 110 ширхэг, цахилгаан тэслүүр 1 боодол буюу 100 ширхэг дутсан, эмульс 1 хайрцаг буюу 25 кг дутсан гэж өгсөн ба бүртгэл тооцоогоо инженер Цэрэнбаатар, захирал Н нарын хамт тулгаж үзэхэд Нонель 100 ширхэг дутсан, цахилгаан бялт 100 ширхэг, эмульс 25 кг дутсан байна. Дэлгэрэнгүй байдлаар тоолоход 1-10 серийн нонель 1-с 20 ширхэг нонель 2-с 10 ширхэг, нонель 3-с 10 ширхэг, нонель 4-с алдагдаагүй нонель 4 нь 6 ширхэг байсан тоо ёсоороо байгаа, нонель 5-с 10 ширхэг , нонель 6-с 10 ширхэг, нонель 7-с 10 ширхэг, нонель 8-с 10 ширхэг, нонель 9-с 10 ширхэг, нонель 10-с 10 ширхэг нийт 100 ширхэг нонель, цахилгаан бялт нь 100 ширхэг, эмульс 1 хайрцаг буюу 25 кг, эмульс нь 1 ширхэг 250гр. 1 хайрцагтаа 100 ширхэг байдаг нийт 25 кг, тус тус дутсан байна..." гэсэн мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал),
Гэрч П.Магнайбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Азийн топ эхлэл ХХК-ний гэрээт харуул хамгаалалтын алба хариуцсан дарга ажилтай. Тухайн ажилд 2022 оны 06 дугаар сарын 02-ноос ажилд орсон. Энхмагнай, Болд гэх хүмүүс Азийн топ эхлэл ХХК-ний харуул ажилтай. Одоо Дорноговь аймгийн Айраг суманд уйл ажиллагаа явуулдаг Би Ти девелопмент ХХК-ний Алтадын уурхайд харуулаар ажилладаг. Манай байгууллага Би Ти девеломент ХХК-тэй гэрээтэй ажилладаг. Харуулын хувьд 12 цагаар ээлжлэн 2 ээлжээр ажилладаг. Яг хэзээнээс ажилд орсныг нь мэдэхгүй байна. Ажлын байран дээрээ орж гарч байгаа тээврийн хэрэгсэл ажилтны бүртгэлийн мэдээллийг бүртгэж, тэсрэх материалын агуулахын бүрэн бүтэн байдал, лац ломбо, хашааны бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг.Шөнийн цагаар 30 минут шалгах мөн өдрийн цагаар харагдах байдлаасаа шалтгаалж 1 цагийн зайтай тогтмол шалгана..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
Ашид билгүүн ХХК-ний мэргэшсэн үнэлгээчний ТХҮ-621/3991 дугаартай "хулгайд алдагдсан гэх тэсрэх бодис"-ыг 6.630.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дугаар тал),
Г.Оын эзэмшлийн Хаан банкны 5946389845 дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 71-74 дүгээр тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4006 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-174-175/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2428 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 183-192 дугаар тал),
78-45 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар тал)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар тал)
Ашид билгүүн ХХК-ийн 78-45 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 28,35, 40, 41 дүгээр тал)
зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ж, Э.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө .... багийн нутаг дэвсгэрт байрлах "..." ХХК-ний тэсрэх бодис хадгалах материалын агуулахад хууль бусаар,нууцаар нэвтрэн орж 6.630.000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис эмульс 25 кг, /100 ширхэг/, нонель /тэсрэх хэрэгсэл 100 ширхэг/, цахилгаан бялт /тэслүүр, 100 ширхэг/-ийг хулгайлан авч, хулгайлан авсан эмульс, нонель, цахилгаан бялт зэрэг тэсэрч дэлбэрэх бодисыг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт бусдад борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 06 сарын 19-ний өдөр намайг Баян-Өлгий аймагт явж байхад манай нярав утсаар залгаж агуулахаас бараа материал алдагдсан байна гэж мэдээлэл өгсөн. 22-ны өдөр ирээд үзэхэд эмульс 25 кг, буюу 100 ширхэг, нонель 100 ширхэг, цахилгаан бялт 100 ширхэг, нийт 300 ширхэг материал дутсан байсан. Материалын үнэлгээ нь 6,630,000 төгрөгөөр тогтоогдсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Баатарзоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” 78-45 УБЗ улсын дугаартай хар өнгийн Саното 6 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 сарын 16-ний өдөр Бд автомашинаа өгөөд тэр шөнөдөө 01 цагийн орчимд ирсэн” гэсэн мэдүүлэг, гэрч П.Магнайбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэсрэх материал ... ХХК-ний эзэмшлийнх. 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс 06 дугаар сарын 19-ний үед тэсрэх материалын хашаанаас тэсрэх бодис, тэсрэх хэрэгсэл алдагдсан гэсэн мэдүүлэг, гэрч Э.Цэрэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “агуулахын нөөц 3 ширхэг түлхүүр алдагдсан. ...6 сарын 17-ноос 6 сарын 19-ний өдрийн хооронд алдагдсан гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бусад нотлох баримтаар
Шүүгдэгч Г.О, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Э.Б, Х.Ж нараас 6.630.000 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис эмульс 25 кг, /100 ширхэг/, нонель /тэсрэх хэрэгсэл 100 ширхэг/, цахилгаан бялт /тэслүүр, 100 ширхэг/-ийг буюу тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн нь Г.Оын эзэмшлийн Хаан банкны 5946389845 дугаартай дансны хуулга 500000 төгрөг шилжүүлсэн баримт, шүүгдэгч Х.Ж, Э.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Х.Ж, Э.Б нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдаж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж тэсрэх материалын агуулахаас тэсэрч дэлбэрэх бодис авах талаар ярилцаж тохиролцсон үйлдлээрээ бүлэглэн, уг агуулахаас 6,630,000 төгрөгийн тэсэрч дэлбэрэх бодисыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа 78-45 УБЗ улсын дугаартай хар өнгийн Саното 6 маркийн тээврийн хэрэгслийг буюу машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж,
үйлдлээ хялбарчлах зорилгоор машин механизмыг зориуд ашигласан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь учрах саадыг арилгах зорилгоор “машин механизм ашиглаж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хуульчилсан.
Шүүгдэгч нар нь авсан тэсэрч, дэлбэрэх бодисоо зөөвөрлөн Улаанбаатар хотод аваачиж зарахад иргэн Ч.Баатарзоригтын тээврийн хэрэгслийг ашигласнаар хулгайн үйлдэлд учрах саадыг арилгах зорилгоо биелүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан байна.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “тэсэрч дэлбэрэх бодис “ гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж,өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг хэлнэ гэж заасан ба 13 дугаар зүйлийн 13.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй этгээд тэдгээрийг зөвхөн энэ хуулийн 15.1, 16.1-д заасан хуулийн этгээдэд худалдана гэж заасан нь иргэн ямар ч байдлаар олж авах, эзэмших, хадгалах, худалдах боломжгүй болохыг холбогдох хуулиар зохицуулжээ.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, зам, барилгын үйлдвэрлэлийн зориулалтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.4-т заасан эрх бүхий
хуулийн этгээд ашиглах тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, борлуулсан үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдлыг бий болгосон, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл болох нь тогтоогджээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Ж, Э.Б нарыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч нар нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хуулийг зөрчин тэсэрч дэлбэрэх бодисыг бусдад борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Г.О, Б.А нар нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар журам болон нийгмийн аюулгүй байдал түүнийг хамгаалах талаар тогтоосон журмыг зөрчин эмульс , нонель , цахилгаан бялт зэрэг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж аван ашигласан үйлдэл нь тогтоогдсон тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Тухайн үед Дорноговь аймгийн Айраг сумын Алтадын уурхайд тэсэлгээний ажил үйлчилгээг гэрээний дагуу явуулж байсан ... ХХК нь Тэсэрч Дэлбэрэх Бодис , Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт тавих тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хамгаалахад тавих шаардлага, 18 дугаар зүйлд заасан “тэсэрч дэлбэрэх бодис,тэсэлгээний хэрэгсэл хадгалах, хамгаалахад тавих шаардлагыг хангаж ажилласан, хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчөөгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайжаваас, “Шударга ёсны буюу тэгш эрхийн зарчим алдагдаж байна. Гэмт хэргийг хэн өдөөсөн юм, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь маш тодорхой харагдаж байна. Г.Оын ажиллаж байсан уурхайд тухайн бодис дутахаар Аээр хатгуулж, А Э.Бг хатгаж, Э.Б Х.Жыг хатгасан байна. Энэ нь гэмт хэрэгт 100 хувь хамтран оролцсон нь харагдаж байна. Үүнд шүүхээр дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Гэм буруугийн талаар Г.О, Б.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн гэж зүйлчлэх ёстой” гэж гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан болно. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч” гэнэ гэж тодорхойлжээ.
Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хатгагч гэдэг нь тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлнэ. Хатгагч гол төлөв бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөхдөө ятгах аргаар өөрийн санаа бодлыг итгүүлж, үнэмшүүлэх, тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдэх, эсэх тухай эргэлзээ тээнэгэлзлийг арилган, гэмт хэрэг үйлдэхэд эргэлт буцалтгүй болгоход чиглэсэн ухуулга хийсэн байх, заналхийлэх бусдыг айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамтад оруулах зэргээр өөрийн санаа бодлыг тулгах, гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд оруулах зэрэг бүх аргыг хэрэглэнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Ж, Э.Б нарыг Г.О, Б.А нар нь аргагүй байдалд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь тэсэрч дэлбэрэх бодис олж өгөхгүй байх боломжтой байсан ба шүүгдэгч нар нь өөрсдийн шунахайн сэдлээр энэ хэрэг үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “ 6,630,000 төгрөгийн хохирол учирсан. Үүн дээр шатахууны төлбөр 874,310 төгрөг, нийт 7,504,310 төгрөгийн бодит хохирол компанид учирсан. Үүнээс 4,972,500 төгрөгийн хохирол төлбөрийг авсан. Үлдэгдэх 2,531,810 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа шүүгдэгч Б.А, С.О, Э.Б нар нь тус бүр 1,657,500 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч М.Нид төлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Ж болон түүний өмгөөлөгчөөс 1,657,500 төгрөгийг, шүүгдэгч С.Ооос шатахууны төлбөр 874,310 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч нар нь хохирогч байгууллага болох Голдвун бласт ХХК-д төлөх төлбөргүй болно.
Харин шүүгдэгч Х.Ж, Э.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын хэн алины эзэмшлийнх бус, хураан авч улсын орлого болгох үндэслэлгүй байх тул шүүгдэгч нараас уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн /3.500.000:2=1.750.000/ шүүгдэгч тус бүрээс 1.750.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Х.Ж, Э.Б нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4,500,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Жаас 2,000,000 төгрөг, шүүгдэгч Э.Бгаас 2,500,000 төгрөг гаргуулж тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.
Ү Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас, шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.О, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т зааснаар шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт оногдуулсан 2 жил 6 сар, 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг тогтоох,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс, шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт улсын яллагчийн оруулсан саналд ямар нэгэн санал байхгүй. Шүүгдэгч Г.О, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг дэмжиж байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.О, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга авч өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн Э.Б, Х.Ж нарын хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж эдгээр ялыг хуульд заасны дагуу нэмж нэгтгэн 2 жил 6 сараар тогтоож, уг ялыг Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах үндэслэл болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 3 жилээр тогтоож,
Шүүгдэгч Г.О, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг хэрэг авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Ж, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн,
эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис ...-ийг хууль бусаар борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Г.О, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис ...-ийг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж, Э.Б нарт тус бүр 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Б.А нарыг тус бүр 15000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Ж нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 3 жилээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.О нарт оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Шүүгдэгч нар нь хохирогч байгууллагад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Ж нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1.750.000 төгрөг гаргуулан улсын орлогод, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Э.Бгаас 2,500,000 төгрөг, шүүгдэгч Х.Жаас 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Б, Х.Ж нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН