| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/03628/И |
| Дугаар | 183/ШШ2019/00235 |
| Огноо | 2019-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2019/00235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А-д холбогдох
10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.Н би Ц.Атай, өөрийнх нь өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 туул гол гудамж, 70 дугаар байр, 29 тоот хаягтай байрыг 105 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 65 000 000 төгрөгийг цаашид сар бүрийн 20-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөөр төлбөрийг төлж дуусгах болзолтой үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний дагуу би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Гэвч бид уг байрыг худалдан авахаас татгалзаж, урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгөө буцаан авсан бөгөөд үлдэгдэл мөнгийг хариуцагч одоог хүртэл буцааж өгөхгүй байна.Гэрээ хийсний маргааш буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр уг байранд очиход Ц.Агийнх нүүсэн байсан. Гэтэл тавилга авсны дараа байрны хана, тааз овойсон, хулганы нүх гарсан, обой хуурсан гэх зэрэг өө сэв харагдаж эхэлсэн. Тиймээс байр таалагдахаа больж хажуу хөршүүдээс нь мэдээлэл авахад. Уг байр Туул голын ойролцоо байдаг учраас граж нь усаар дүүрдэг, бага зэрэг цууралт өгсөн, хулгана, жоом явдаг гэж хэлсэн. Ц.А нь анх байраа зарахдаа 2 ихэр хүүхэдтэйгээ амьдардаг. Сайхан энергитэй гэж хэлсэн. Энэ байрандаа удаан хугацаанд амьдарч байна гэж хэлсэн тул худалдаж авахаар шийдсэн. Гэтэл уг байрыг удаан хугацаагаар түрээслүүлж байсан гэсэн мэдээлэл авсан. Иймд маргааш нь нүүж орохгүйгээр байр авахаа болилоо түлхүүрийг чинь буцааж өгье. Төлсөн 20 000 000 төгрөгөө буцааж авна. Нүүлгэж ажилд нь садаа учруулсан тул нүүлгэлтийн зардал 1 000 000 төгрөг өгье гэж хэлсэн. Гэтэл Ц.А уурлаж би буцаамааргүй байна. Нүүсэн учраас их ядарсан байна. Маргааш ярилцъя гэсэн. Маргааш өдрөөс нь эхэлж 20 гаруй хоног утсаа авахгүй санаатайгаар оргон зайлсан. 20 гаруй хоногийн дараа надтай уулзаад 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр чи надад 20 000 000 төгрөг төлөх ёстой. Энэ гэрээний дагуу 0,5 хувийн алданги тооцохоор чи нэлээдгүй хэмжээний өрөнд орж байна. Би чиний 20 000 000 төгрөгийг өгөхгүй. Чи надад өртэй болж байна гэсэн. Би хуулийн мэдлэггүй байсан тул сүрдүүлгэд автсан гэж үзэж байна. Би байрыг чинь зарахад тусалъя. Чи миний мөнгийг өг гэхэд Ц.А тайвширч надад 10 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Түүнээс хойш би 3 сар уг байрыг зарах гэж зар тавьж, цэвэрлэгээ хийсэн. Олон хүнд байрыг үзүүлсэн. Мөн Ц.Агийн мөнгөөр 2 вакум цонх хийлгэсэн. Би дүүтэйгээ хамт тагтыг нь паркеталсан. 3 сар зар тавьж зарах гэсэн боловч худалдаж авахаар очсон хүмүүст төлбөрийн нөхцөл нь таалагдаагүй тул зарагдаагүй. 3 сарын дараа би утсаар яриад 10 000 000 төгрөгөө авъя гэж Ц.Агаас гуйсан. Гэтэл Ц.А чи өөрөө хүрээд ир, би чамд 2 ихэр хүүхэд хийж өгье гэж намайг доромжилсон. Тоглоом хийгээд байхаар нь би эцэг, эхийгээ дуудаж надаар тоглоод байна. Та 2 учрыг нь олоод өгөөч гэж гуйсан. Дахин 3 сарын турш утсаар залгаж, мессеж бичсэн боловч утсаа аваагүй. Над руу залгаад эцэг, эх 2 чинь залгаад байна гэсэн. Би энэ хүнтэй хэл амаа олохгүй юм гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргаж 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 2018 оны 6 дугаар сараас хойш ямар ч хүүгүй миний мөнгийг хэрэглэчихээд 6 500 000 төгрөг надаас авах гэж байгаад нь гомдолтой байна. Би үүнийг залилан гэж үзэж байна. Байрыг авахгүй гэж буцаасныхаа хариуд 10 000 000 төгрөгийг 6 сар хэрэглүүлсэн. Хэрэв 6 сарын өмнө 10 000 000 төгрөг өгсөн бол би уучлалт гуйгаад 1 000 000 төгрөгийг нүүлгэлтийн хөлс гэж өгөх байсан. Иймд 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь хэсэгт заасан 65 000 000 төгрөгийн 20 хоногийн алданги буюу 6 500 000 төгрөг, нүүлтийн зардал болох 450 000 төгрөгийг, 10 000 000 төгрөгөөс хасуулж, үлдэгдэл 3 050 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирж манай байрыг үзээд, байр таалагдаж, худалдан авахаар гэрээ байгуулсан. Би 2 өдрийн турш нүүлгэлт хийсэн. Шөнөжингөө нүүгээд маргааш нь гэртээ байж байсан. Б.Н байрыг авна гээд харин дүү нь таалагдахгүй байна авахгүй гэсэн. Манай байр ямар нэг доголдолгүй. Шинжээч томилж очиж үзэж болно. Тэр үед яагаад авахаа больж байгаа юм гэхэд охин дүү нь нэг шалтгаан хэлсэн гэсэн. Б.Н би авах гэтэл гэрийнхэн эсэргүүцээд байна гэхээр нь нэгэнт гэрээ хийсэн тул одоо боломжгүй гэсэн. Намайг оргон зайлсан гэж байна. Би оргон зайлаагүй. Манай эмээгийн 90 насны ой болсон тул Эрдэнэт явсан. Гэрийнхэн дургүйцээд байна гэхээр нь тэгвэл чи 2 сарын дотор байр зараад 10 000 000 төгрөгөө ав гэсэн. Гэтэл байр зарагдаагүй. Мөн би 2 сар зар тавиад зарагдаагүй. Б.Нгийн эцэг нь манайд удаа дараа ирж мөнгө өг гэсэн. Би байр зарагдвал мөнгө өгнө. Та нартай юм ярихгүй. Б.Нтай гэрээ хийсэн гэж хэлсэн. Намайг хөдөө явсан хойгуур Б.Нгийн эцэг нь ирж манай гэр бүлийн хүнийг айлгасан байсан. Анх 2 сарын дотор байрыг зараад мөнгөө авна. Зарж чадахгүй бол би алдангиа хүлээнэ гэсэн. Эвлэрье гэхэд үгүй шүүхээр явна гэсэн. Тэгэхээр нь би гэрээнд заасан алдангиа авна гэсэн. Түүнээс хүний мөнгийг ашиглах санаа байхгүй. Би 10 000 000 төгрөгийг нь өгсөн. 9 дүгээр сард байр 10-15 саяын зах зээлийн ханштай байхад нь зарах гэсэн боловч зарагдаагүй. Шүүхэд өглөө гэхэд нь харин би гэрээнд заасан алдингаа авна гэсэн тайлар өгсөн. Нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н, орон сууц худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Агаас гаруулахаар шаардаж, эд хөрөнгийн доголдлын улмаас хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг худалдан аваагүй тул төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж шаардлагын үндэсллэээ тайлбарлаж байна.
Хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд төлөгдсөн төлбөрөөс алдангид тооцож 6 500 000 төгрөг, нүүлгэлтийн зардал 450 000 төгрөгийг тооцон суутгаад үлдэх 3 050 000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзахгүй гэжээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг заримыг хангав.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигч 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206028820 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр-2, Туул гол гудамжны 70 дугаар байрны 29 тоот хаягт байрлалтай, 64.1 м.кв, 3 өрөө орон сууцыг худадах худалдан авахаар тохиролцсон гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.Н 20 000 000 төгрөг төлж, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч орон сууцыг чөлөөлсөн байна.
Үүний дараа Б.Н дээрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар хариуцагч Ц.А урьдчилгаа төлбөрөөс 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Ц.Агийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404193485 дугаар дансны хуулга зэргээр нотлогдох бөгөөд эдгээр үйл баримтад талууд маргаангүй, харин гэрээнээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэгч урьчилгаа төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж, хариуцагч гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд алдани тооцохоор үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заасан тул алдангийг, мөн орон сууцаа худалдсан гэж үзээд чөлөөлсөн тул нүүлгэлтийн зардлын хамт 6 950 000 төгрөгийг суутгах эрхтэй гэж маргадаг.
Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаа гэрээний нөгөө талд мэдэгдэж, хариуцагч саналыг хүлээн авсан болох нь 10 000 000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтаар нотлогдож байх тул гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.
Хариуцагч гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй гэж маргах боловч, гэрээний 2.2-т төлбөр төлөх хуваарийг тохирч, “хэрэв заасан хугацаанд төлбөрөө барагдуулахгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоногийн 0.5 хувийн алданги төлнө” гэж зааснаас үзэхэд гэрээний талууд хариуцлагажуулах заалт болох алдангийг эд хөрөнгийн төлбөр төлөх үүрэгтэй уялдуулан тохиролцсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Харин нүүлгэлтийн зардал 450 000 төгрөгийн тухайд, зохигч худалдах худалдан авах гэрээг байгуулж, худалдагч тал орон сууцнаас тавилгаа нүүлгэсний дараа худалдан авагч гэрээнээс татгалзах санал гаргасан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нүүлгэлтийн 450 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс хасч тооцохоор шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Агаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үр дагаварт 9 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод ногдох хэмжээгээр нь хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар Ц.А-гаас 9 550 000 /есөн сая таван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 175 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ