Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/952

 

Д.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Тгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201525031134 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Дын Т, 1976 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологи хамгаалал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Дашинчилэн сумын Лха 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Д.Т нь “2002 оны сонгуулийн үеэр Сү.Батболдтой хуйвалдаж, тусгай зөвшөөрлөө хууль бусаар сунгуулах шийдвэр гаргуулсан, энэ асуудал чинь хууль бус учраас холбогдох газарт гомдол гаргаж, хүчингүй болгуулна, хүчин төгөлдөр хууль бус үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн худал мэдээллүүдийг ард иргэдэд тараана, төрийн захиргааны байгууллагуудад хандаж гомдол гаргана” хэмээн “А.Д.М” ХХК-ийн төр, байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, ашиг орлогын алдагдалд орох, хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлэн 40.000.000 төгрөгийг өгөхийг шаардаж, улмаар тус компанийн ажилтан Г.Болдбаатараар дамжуулан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 7 дугаар давхарт байрлах хоолны газарт 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Калифорниа ресторанд 10.000.000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж, эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Д.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар 1 хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Тд шүүхээс оногдуулсан 1 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Тгаас нийт 20.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “А.Д.М” ХХК-д олгож, Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхэг, “Үндэсний шуудан” сонингийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 тоот дугаарын 11 дүгээр нүүрний хэсэг, шинжээчийн дүгнэлтээр хавсрагдан ирсэн 1 ширхэг сиди, Д.Таас ирүүлсэн багийн иргэдийн хурлын бичлэг бүхий 1 ширхэг сиди зэргийг тус хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг баримтлан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорих ял оногдуулж, уг хорих ялыг өршөөлд хамруулан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт давж заалдах гомдлын үндэслэлийг тодорхой бичсэн байх шаардлагатай гэж хуульчилсан. Шүүгдэгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй бөгөөд ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар тодорхой дурдаагүй байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь “2002 оны сонгуулийн үеэр Сү.Батболдтой хуйвалдаж, тусгай зөвшөөрлөө хууль бусаар сунгуулах шийдвэр гаргуулсан, энэ асуудал чинь хууль бус учраас холбогдох газарт гомдол гаргаж, хүчингүй болгуулна, хүчин төгөлдөр хууль бус үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн худал мэдээллүүдийг ард иргэдэд тараана, төрийн захиргааны байгууллагуудад хандаж гомдол гаргана” хэмээн “А.Д.М” ХХК-ийн төр, байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, ашиг орлогын алдагдалд орох, хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлэн 40.000.000 төгрөгийг өгөхийг шаардаж, улмаар тус компанийн ажилтан Г.Болдбаатараар дамжуулан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 7 дугаар давхарт байрлах хоолны газарт 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Калифорниа ресторанд 10.000.000 төгрөгийг тус тус авсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дарханбаатарын “...Д.Т нь Болдбаатартай уулзаж компанийн удирдлагаас мөнгө нэхэж, өгөхгүй бол танай компанийн үйл ажиллагааг ямар ч хамаагүй аргаар саатуулан зогсооно гэж заналхийлж байсныг мэдээд цагдаад хандсан. ...Д.Т нь Болдбаатараас 40.000.00 төгрөг нэхэж дарамтлахаар нь Болдбаатар нь ярилцсаар байгаад 20.000.000 төгрөг өгөхөөр болж компаниас 20.000.000 төгрөгийг гаргуулаад өгчихсөн байсан. ...Д.Т нь манай байгууллагыг “хайгуулын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна, тухайн үед ерөнхий сайд асан Батболд гэх хүнтэй хуйвалдаж тусгай зөвшөөрлүүдийг авсан байна, хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна” гэсэн утгатай л мэдээлэл тараасан. ... Д.Тгийн мөнгө авсан үйлдэл нь ... мессежээр харилцсан байдал, түүн дээр юу нэхэж байсан, ямар хэмжээний мөнгө төгрөг ярьж байсан нь тодорхой байгаа. ... Д.Т нь "А.Д.М" ХХК-ийн энэ хэрэгтэй холбоотойгоор “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”-д худал ташаа мэдээлэл бичсэн тэрийг нь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүйгээр баримт материалд тулгуурлаагүй мэдээлэл тараасан болохыг тогтоож, тухайн сонингийн газруудад уг мэдээлэлд залруулга хийхийг үүрэг болгон шийдвэрлэсэн. ... Бид Д.Тд өгсөн 20.000.000 төгрөгөө авмаар байна. ...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэвлэгдсэн “Өдрийн сонин”, “Үндсэний шуудан” сонинд бичсэн нийтлэл, мөн өдрийн “ТВ-9” телевизээр давталттайгаар цацсан 20 минутын нэвтрүүлгийн талаар Д.Тгаар өөрийн биеэр уучлалт гуйлгаж, залруулга хийлгэх арга хэмжээг авахуулмаар байна. ...” /1хх 64-65, Зхх 99, 232-233/,

гэрч Г.Болдбаатарын “...Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Дулам овогтой Т гэх эмэгтэй өөрийгөө сэтгүүлч гэж манай компанийн үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан элдэв худал мэдээллээр тус багийн иргэдийг компанийн эсрэг турхирах үйл ажиллагааг удаа дараа явуулсан. Мөн өөрийн фейсбүүк цахим хуудсаар болон үндэсний олон нийтийн телевизээр удаа дараа мэдэгдэл хийж байсан. ...Тэгэхээр нь ... ярилцаж 20.000.000 төгрөгийг өгөхөөр болж, манай ажилд битгий саад болоорой гэж хэлсэн. ... Д.Т нь дахиж Монгол телевизийн хоёрдугаар сувгаар хэвлэлийн бага хурал хийж компанийн эсрэг худал мэдээллийг тараасан. ...” /1хх 66-67/,

            М.Идэрийн “...Тухайн үед 20.000.000 төгрөгийг өгсний дараа манай байгууллагад гар бичмэлээр танай байгууллагын талаар ямар нэгэн худал мэдээлэл цацахгүй гэсэн утга бүхий бичиг хийж өгсөн байдаг. ...Хэсэг хугацааны дараа дахиж мөнгө төгрөг нэхээд Т нь Байгаль орчны яам, Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтэс зэрэг газруудаар явж манай байгууллагын талаар худал мэдээллийг цацаж эхэлсэн. ... манай байгууллагад ямар нэгэн зөрчил болон хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч зүйл байхгүй. Тийм байхад худал мэдээлэл тараагаад байгаа нь мөнгө олох зорилготой байх гэж бодож байна. ...” /1хх 68-69/,

            Д.Уранчимэгийн "...2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би ... Ганболд даргын цохолттойгоор 10.000.000 төгрөгийг бэлнээр Болдбаатарын ... данс руу шилжүүлсэн. ...Тухайн үед өргөдөл хүссэн баримт дээрээ Доргонт Тд гэж хаягласан байсан. ...Тэрнээс өмнө 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Цогтгэрэл даргын цохолттойгоор Доргонт Т гэсэн утга бүхий бэлэн олгохыг хүссэн өргөдлийн Болдбаатарын дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ..." /1хх 70/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5092 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн "Тодорхойлолт" гэсэн гарчигтай гар бичмэл болон харьцуулах загвараар ирүүлсэн Д.Тгийн гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна. .." /1хх 72-76/,

Криминалистикийн шинжээчийн 4070 дугаартай "...эмэгтэй хүн юүдэнтэй хар цамц, хар өмд, цагаан нимгэн ултай пүүзтэй гартаа цагаан цаас болон хар нийлэг ууттай зүйл барьж орж ирж камерийн харах өнцгийн доор байрлах ширээнд сууж буй эрэгтэй хүний өөдөөс харан сууж ... эрэгтэйн барьж явсан цагаан цаасан дээр ямар нэг зүйл бичиж, эрэгтэйн барьж явсан хар өнгийн нийлэг ууттай зүйлийг барьж явсан цайвар нийлэг ууттай зүйлдээ хийж буй дүрс дүрслэгдэж байна. ..." /2хх 155-159/,

Криминалистикийн шинжээчийн 4654 дугаартай "...restoran гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Дүрс бичлэгт засвар, өөрчлөлт хийгдээгүй байна. ..." /2хх 246-249/  гэх дүгнэлтүүд, Д.Тгийн Г.Болдбаатарын утас руу бичсэн /1хх 97-103/ мессежнүүд, Хаан банкны 5040022259 дугаартай дансны хуулга /2хх 172-173/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Д.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар “өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж, эд хөрөнгө өгөхийг шаардах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч Д.Тгийн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж, эд хөрөнгө өгөхийг шаардсан гэмт үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Тд шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... шүүгдэгч ... нь давж заалдах гомдол ... гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна.” гэж заажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, тухайн гэмт хэргийн шинж шалгуурт тохирсон хууль зүйн дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Тгийн “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэх гомдол нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байх тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ