Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0505/3 |
Дугаар | 221/МА2024/0589 |
Огноо | 2024-09-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0589
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тухай А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э/цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0505/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/*** дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эгаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0574 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна. Дараах үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашиглах эрх бүхий Богдхан уулын дархан цаазат газарт байрлах 2,5 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Газрын төлбөрийг төлөхдөө иргэн, аж ахуйн нэгж нь хугацаанд нь төлөх, бүрэн төлөх гэсэн үүргийг хүлээдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан. Энэ нь газрын төлбөр төлөгч этгээдийн хэзээ, ямар хэмжээгээр төлөхийг зааж өгсөн нарийвчилсан заалт. Гэтэл нэхэмжлэгч байгууллага газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2024 орны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/70 дугаар албан бичиг, маргаан бүхий тушаалд дурдсан БХУДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2023 оны 922 дугаар албан бичгийн хавсралтад “М” ХХК нь 2023 оны газрын төлбөрүүд нэхэмжлэх үүссэн, төлөгдөөгүй” гэсэн бодит нөхцөл байдлыг тогтоосон баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх шийдвэртээ “..газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч компани нь 2023 оны байдлаар төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэсэн” нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн зүгээс газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзсэн нь үндэслэл бүхий байж чадаагүй. Мөн маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч газраа ашиглаагүй байгаа нь тогтоогдсон учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0574 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч “М” ХХК-аас “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тухай А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.
2.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар[1] “М” ХХК-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 25266.90м2 буюу 4 га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах эрх олгож, *** дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээг[2] 5 жилийн хугацаатай олгожээ.
Үүний дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дүгээр тушаалаар[3] “М” ХХК-д ашиглалтын 4 га газраас 1.5 га талбайг хэсэгчлэн цуцалж, газрын хэмжээг багасган өөрчилсөн.
Мөн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар[4] “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажил хэрэгжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “М” ХХК-д ашиглалтын газрын хэмжээг 25267 мкв болгон дахин өөрчилсөн байна.
Харин маргаан бүхий А/*** дугаар тушаалаар[5] “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан XIV хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн санал зэргийг үндэслэн “...газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
3.Маргаан бүхий актын “...газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд Газар ашиглагчийн эрх, үүргийг энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”,
40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч компани нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/076 тоот гурван талт гэрээг[6] байгуулсан, уг гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш уг гэрээг сунгасан, дахин байгуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгчээс хариуцагчид шинэчилсэн гэрээ байгуулах, газрын төлбөр тооцуулах тухай удаа дараа албан бичгүүд[7] хүргүүлж байсан гэдэг нь тогтоогдож байна.
Газрын гэрээг шинэчлэн байгуулаагүйгээс шалтгаалж газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлөхөөр хуулийн заалт хэрэгжсэн бөгөөд газрын төлбөрт хичнээн хэмжээний төлбөр төлөх, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь хичнээн хэмжээний төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй болохыг тооцоолох боломжгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Харин хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч талын тайлбараас уг 4 га газар нь 2.5 га газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2.5 га газарт ногдох газрын төлбөрийг нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн газрын албаны /100200100943 тоот дансанд/ удаа дараа төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас[8] тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/70 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “М” ХХК нь 2023 оны байдлаар төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэжээ.[9]
Дээрх албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөр тооцоо нийлсэн актаар “М” ХХК нь газрын төлбөрт 2020, 2021 онд 35,626,470 төгрөг, 2022, 2023 онд 36,384,480 төгрөг тус тус төлсөн байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг ашиглаж буй газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас газрын хэмжээ болон төлбөрийг тодорхой болгож тогтоогоогүй, гэрээгээр тохиролцоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
4.Маргаан бүхий актын “нэхэмжлэгч газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”,
40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно”,
мөн хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ..., 40.1.6, ...-д заасан үндэслэлээр”,
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”,
40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор” тус тус заасан.
4.1. Нэхэмжлэгч компанийн ашиглалтын газар нь “Д” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай болох нь “М” ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүхээр эцэслэн хэлэлцэгдсэн шүүхийн шийдвэрүүдээр[10] тогтоогдож байна.
4.2. Мөн нэхэмжлэгчийн ашиглалтын газрын зарим хэсэг нь УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-ний авто замын трасст орсон үйл баримт[11] тогтоогдож байна.
4.3.Дээрх үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч компани нь хариуцагчаас газар ашиглах гэрээг шинэчлэн батлуулах, гэрээний хугацааг сунгуулах, хашаа барих зөвшөөрөл хүссэн хүсэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[12] тогтоогдож байна.
Үүнээс дүгнэхэд газрын давхцлын маргаан шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд ашиглах боломж байгаагүй, мөн түүний ашиглалтын газрын зарим хэсэг нь авто замын төлөвлөлтөөр авто замын трасст орсонтой холбоотойгоор газрын хэмжээ нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн зэрэг шалтгаанаар нэхэмжлэгч компани нь ашиглалтын газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч “М” ХХК-г газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий акт хуульд нийцээгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 139-140 дэх тал
[2] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас, 16 дахь тал
[3] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 174 дэх тал
[4] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 141-143 дахь тал
[5] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас, 147 дахь тал
[6] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас, 19-21 дахь тал
[7] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 99, 100, 103, 104, 105, 108, 166, 167 дахь тал
[8] Баримтаар авагдсан хэргийн 2-р хавтас 39-47 дахь тал
[9] Хэргийн 160-161 дэх тал
[10] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 66-80, 81-87, 88-92 дахь тал
[11] Баримтаар авагдсан хэргийн 2-р хавтас 55 дахь тал
[12] Баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 47-58 дахь тал